Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

2022 оны 6 сарын 132022-06-13
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газраас өргөн барьсан, боловсруулсан хуулийн төслүүд, төрийн байгууллагуудын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн байдал болон хууль сахиулагчдын үйл ажиллагааны улмаас Монголын Хэвлэлийн эрх чөлөөний индекс дэлхий нийтэд ганцхан жилийн дотор 22 байр ухарлаа.

Сарын өмнө болсон энэ үйл явдал Монголын хэвлэл мэдээллийн салбарын нийт ажиллагсад, олон улсын байгууллагынхныг цочирдуулсан харамсалтай үйл явдал. Харин энэ явдлыг Засгийн газар, УИХ огтхон ч хэрэгсээгүй бөгөөд, олон улсын энэ индексийг хэрхэн сайжруулах талаар авах арга хэмжээгээ танилцуулаагүй, ямар ч дүгнэлт хийгээгүй.

Цар тахлын жилд Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын албан хаагчдын зүгээс хүний эрхийг зөрчсөн олон үйлдэл гаргасны нэг бол хэвлэлийн эрх чөлөө буюу олон нийтэд мэдэх эрхэнд халдсан явдлууд. Тахлын халдвар Монголд харьцангуй саарсан боловч цагдаагийн ажилтнуудын зүй бус явдал дуусаагүйг гэрчилсэн нэгэн үйл явдал саяхан болсон нь хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнуудыг тэсэхээ байн нэгдэхэд хүргэлээ.

Тодруулбал, Богд уулын Дугуй цагаан орчимд газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын бусаар газар эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн хөрөнгийг албадан буулгах явцыг сурвалжилж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаагийнхан халдаж, тухайн бичлэгүүдийг устган, сэтгүүлчийг "согтуу" хэмээн хэлмэгдүүлэн баривчилж, машинд суулгасан хойноо харгис авирласан байдаг. Энэ явдлын дараа сэтгүүлчид тухайн gerelnews сайтын залуу сэтгүүлчид тохиолдсон явдлыг буруушааж, ийм явдал дахин давтагдах ёсгүй хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудаас уучлал гуйж, ЦЕГ-ын өөрийн албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон асуудлын хүрээнд зарим удирдах албан тушаалд цалингийн болон албан тушаалын хариуцлага тооцсоноо цахимаар илэрхийлсэн. Гэвч удалгүй сэтгүүлч Гэрэлмаад холбогдох цагдаагийн энгэрийн бичлэгүүдийг цагдаагийнхан өөрсдөө цахим орчинд олноороо түгээж, сэтгүүлчийг гутаан доромжилсон үйл явдал болсон. Нэг талаараа уучлал гуйсан боловч, нөгөө талаараа цахим дайралт хийсэн нь Засгийн газар, ХЗДХЯ, ЦЕГ дээрх үйл явдалд сургамж авсан үйлдэл биш байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн сэтгүүлчид өчигдөр Сүхбаатарын талбайд тайван цуглаан хийсэн.

Цуглаанд ирсэн зарим сэтгүүлч сүүлийн 2 жил үргэлжилсэн хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хүчирхийлэлд буруутай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарыг огцрох ёстой гэж үзэж байв. Харин цугласан олонхийн зорилго Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарсан явдлыг олон улсын байгууллагууд анхаараасай, Монголын Засгийн газар энэ явдалд дүгнэлт хийж, ажлаа сайжруулаасай гэдэг дээр нэгдэж байв.

Цуглаанд ирсэн зарим сэтгүүлчийн байр суурийг хүргэе.

Сэтгүүлч С.Будрагчаа: Би сэтгүүлч Гэрэлмаагийн  нүүр номондоо бичсэнийг уншаад маш их цочирдлоо. Ажлаа хийж байсан сэтгүүлчийн гар утсыг шууд булаан авч, шууд дамжуулалтыг зогссосон. Зургаан цагийн турш гар утсыг нь хураасан байна. Энэ хугацаанд тэр сэтгүүлчийн гар утсан дээрх бүх мэдээллийг авсан байх, хүний хувийн нууцад халдсан байж болзошгүй. Глоб интернэйшнл төвөөс нийт 27 хуульд сэтгүүлчийн үйл ажиллагааг хязгаарласан заалтууд оруулсныг судалгаагаар баталсан. Сэтгүүлч Г.Гэрэлмаа төрийн тусгай хамгаалалттай газар руу нэвтрээгүй. Хэвлийн тус газар руу нь хэд хэдэн удаа цохисон. Согтуу байна хэмээн худлаа шалтгаанаар баривчилсан. Эрүү шүүлтийн асуудал яригдана. Цагдаа нар яагаад ийм муухай харгис болов? Энэ бүхэн ямар сайдын үед болж байгааг та бүхэн мэднэ. 13 мянган цагдаагаас ажлаа шударгаар хийдэг хүмүүс ч бий. Тэд бага цалингаар хүнд нөхцөлд ажилладгийг би сайн мэднэ. Сэтгүүлчид цагдаа нарт үргэлж хүндэтгэлтэй хандан, хамтран ажиладаг.

Сэтгүүлч Ш.Оюунчимэг: Бид өнөөдөр ямар нэгэн албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Гагцхүү олон нийтэд бодит мэдээлэл хүргэх эрхээр хангаж өгөөч гэдгийг хүсэж байна. Дараах шаардлагыг тавьж байна. Сэтгүүлч Г.Гэрэлмаа болон тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын зураглаачийн бичсэн видеог яагаад устгасан гэдгээ хуулийн байгууллагынхан тайлбарлах ёстой. Ганц, хоёр албан тушаалтанд хариуцлага тооцож, чөлөөлснөөр сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдлыг орхимооргүй байна. Хууль зүй дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын дарга өөрийн биеэр сэтгүүлч Г.Гэрэлмаа болон бусад хэвлэл мэдээллийнхнээс уучлалт хүсэх шаардлагыг тавьж байна. Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр яагаад 22 байр ухарсанд Засгийн газар дүгнэлт хийх цаг нь болсон. Хэвлэл мэдээллийн болон цагдаагийн байгууллагын хооронд цаашид үл ойлголцол гаргахгүй байх тал дээр цагдаагийн байгууллагаас зөвлөмж гаргах нь зүйтэй".

Сэтгүүлч Г.Улсболд: Сэтгүүлчийн биед халдаж, хэвлэн нийтлэхээр бэлтгэсэн материалыг нь устгаснаас үүдэн өмнө нь гарч байсан олон удаагийн үйл явдлуудыг хэлж сануулахаар сэтгүүлчид нэгдэж байна. Сэтгүүлчид өмнө нь бусдын төлөө мэдээлэл бэлтгэдэг байсан бол энэ удаа өөрсдийнхөө төлөө мэдээлэл хийж, цуглаан хийж байна. ХЗДХЯ хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд халдсан олон хуулийн төсөл өргөн барьсан. Харьяа агентлагийнх нь албан хаагчид олон удаа хэвлэл мэдээллийн ажилтны хууль ёсны ажиллагаанд саад хийлээ. Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөгөөр өмнө нь 1-2 байр урагшилдаг, ухардаг байсан. Гэтэл ганцхан жилийн дотор 22 байр ухарсан байхад энэ явдалд Засгийн газар өнөө хэрнэ дүгнэлт хийгээгүй, ямар арга хэмжээ авч иргэдийнхээ мэдэхийн эрхийг хангах тухайгаа тайлагнаагүй байна. Энэ хэвээр байвал улам л дордох учраас бид олон улсын байгууллагуудыг анхаарч өгөөч гэж өнөөдрийн цуглааныг нийтийн өмнө хийж байна. Тэрнээс бид цагдаатай талцаагүй. Цагдаа, сэтгүүлч хоёрын зорилго нэг.

Сэтгүүлч М.Отгонбаяр: Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон үйл явдал бол Монголын сэтгүүл зүйд тулгамдсан асуудал. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-гийн 17-д "Монгол Улсын иргэн төрийн нууцад үл хамаарах мэдээ мэдээллийг хайж олох мэдэх эрхтэй" гэж заасан байдаг. Төрийн нууц гэдэг бол төрийн нууцийг хамгаалах ёстой субьектүүддээ л байдаг. Бид үүнээс бусад мэдээллийг иргэдэд хүргэх үүрэгтэй. Зайсанд болсон үйл явдал бол Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн, хувь хүний эрх эрх чөлөөнд ноцтой халдсан үйлдэл. Монголын нийгмийн тогтолцооны гол үнэт зүйл нь иргэдийн мэдэх эрх хэвлэн нийтлэх эрх чөлөө.

Өмгөөлөгч н.Балжидмаа: Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уучлал гуйсан нь сэтгүүлчийн биед болон сэтгэл санаанд нь учруулсан хохиролтой харьцуулшгүй юм. Г.Гэрэлмаад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Хүн бүр шууд дамжуулалт хийх эрхтэй болчихсон өнөө үед цагдаа нар нийгмээ мэдрэхгүй байна. Энэ байдлыг зарим улс төрч ашиглаж байна. Г.Гэрэлмаагийн ээж, охиныг цахимаар дайрч доромжилсон тохиолдлууд бий. Өмнө нь сэтгүүлчдийн биед халдсан тохиолдол олон гарсан. Бид тухай бүрд нь дуугүй өнгөрснөөрөө буруутай. Мөн цагдаа нар дээрээс өгч буй тушаалыг хууль ёсных уу гэдгийг бодож, ялгаж салгах шаардлагатай. Г.Гэрэлмаа нууц үйл ажиллагааг шууд сурвалжлаагүй.

Санал болгох

Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

Гуравдугаар сарын 8 бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийн үүсэл ажилчин эмэгтэйчүүдийн жагсаалаас, дарлагдсан эмэгтэйчүүдийн тэмцлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд нийгэмд эрчүүдийн адил тэгш боломжийг эдлэх гэж, шийдвэр гаргалтад оролцох гэж, улиг хоцрогдсон хандлагыг өөрчлөх гэж тэмцэж ирсэн өдөр.

1 жилийн өмнө
ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

2 жилийн өмнө
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

2 жилийн өмнө
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө дэлхийд 22 байраар ухраад байна. Үүнд тэд ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байгаа юм.

2 жилийн өмнө