Цэцийн цагийн хуваарь-улс төрийн цаг агаар

2021 оны 9 сарын 152021-09-15
Цэцийн цагийн хуваарь-улс төрийн цаг агаар

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр насны хувьд COVID-19 тахлын "эрсдэлт бүлгийнхэн" ажилладаг. Үүнээс болдог уу, Үндсэн хууль зөрчсөн тухай иргэдээс очсон олон өргөдөл, хүсэлт “Цар тахлын эрсдлээс сэргийлж хуралдах боломжгүй” гэдэг шалтгаанаар Цэц дээр дарагдаж байна. Гэтэл Үндсэн хуулийн шүүхийн танхим Монголын аль ч шүүхийн танхимаас том, хүн холхиод байдаггүй байршилтай. Шүүхүүд ажлаа хийгээд, дэглэмээ сахиад болоод байхад Монголын Цэц л үндсэн ажлаа хийхгүй байна. Хурлаа хийж маргаан шийддэггүй мөртлөө олон улсын хурал, хүлээн авалтад оролцож хүмүүстээ холилдохдоо тахлаас айдаггүй нь сонин. Ийм байдал хэд хэд давтагдсан учраас л бичиж байгаа юм, үндсэндээ хоёр жил энэ байдлаар явлаа шүү дээ.

Цэцийн цагийн хуваарь улс төрийн цаг агаартай их уялдаатай. Жишээ нь, УИХ-аас баталсан Шүүхийн хууль, Авлигын эсрэг хууль Үндсэн хууль зөрчсөн тухай хүсэлтийг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Цэцэд өгсөн. Бас өөрийгөө нэр дэвших эрхтэйг тогтоолгохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Цэцэд өгснийг санаж байгаа. Манай Цэц яасан бэ гэхээр, Х.Баттулгыг дахин сонгогдох эрхгүйг тогтоосныхоо дараа л Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг нээлттэй сонсголоор УИХ томилох нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа юм. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувиар өмнөх Ерөнхийлөгчийн гаргасан гомдлыг татаж авна гэж Тамгын газрын дарга нь мэдэгдсэн. Татаж авахаар ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг илэрхийлсэн, шийдсэн ямар нэг үйлдэл Цэцээс гараагүй л байна. Их суудлын хурлаа одоо хүртэл хийгээгүйгээс бөөн эргэлзээ, хардлага. 10 дугаар сард Монголын шүүгчид зөвлөлгөөнөө биечлэн хийж ШЕЗ, ШСХ-ны гишүүнд нэр дэвшигчдээ тодруулах гэж байхад л таг шүү.

Дахиад нэг жишээ. Хэсэг УИХ-ын гишүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж гэм буруугийн асуудлыг нэг л удаа шийдвэрлэх зарчмыг хэвшүүлэхээр зорьж байгаа. Хэлэлцүүлэг болохоор шүүхээс эсэргүүцдэг, прокуророос дэмждэг энэ зарчмыг хууль болгон батлахаас өмнө хэсэг хуульчид Цэцэд ханджээ. Тавдугаар сард очсон өргөдлийг өнөө хэр Цэц хэлэлцээгүй, бүх өчигдөр тов тогтоон хэлэлцэх байсныгаа хойшлуулсан гэдгээ ч албан мэдээгээр нийтэд зарласангүй. Өөрөөр хэлбэл, Цэц энэ гомдлыг олны анхааралд орохоос сэргийлж байгаа юм уу, бүү мэд. Чимээгүй хэлэлцээд өнгөрдөг, хэлэлцсэн хойноо бүдэг мадаг тайлбарлаад өнгөрдөг асуудал биш дээ уг нь. Олон хэргийг шүүхээс буцааж хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж хохирогчийг хохироодог, зүй ёсны гомдол, эсэргүүцлийг хугацаагаар боож эрхийг нь зөрчдөг асуудал байсаар л байна.

Цэцтэй шууд холбоогүй өөр нэг зүйлийг энд бичье. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд бичиж олгосноос бусад эрх олгож болохгүйг Үндсэн хуульд 2019 онд бичсэн. УИХ одоо хэр нь Үндсэн хуульд нийцүүлж Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлээгүй байна. Шинэчлээгүй учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдоогүй ч Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон томилгооны эрхээ эдлээд явж байгаа. Саяхан, АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ямар эрээвэр хураавар хүмүүсийг томилсныг нийтээрээ шүүмжиллээ. Дунд нь, улс төрийн намын дарга ч байна, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн ажилтан ч байна, ял шийтгүүлсэн нөхөр ч байна, авлигатай тэмцэх үйлсэд ёс зүйн хувьд тэнцэхгүй нөхөд ч байна. Тийм тааваараа аашилж байгаа нь манай Ерөнхийлөгчийн авлигын гэмт хэргийн эсрэг ямар хүсэл сонирхолтой байгааг бэлхнээ илтгэнэ. Жишээ нь, эрх зүйч Х.Бат-Ялалт Иргэдийн шударга шүүх, Сахигтун эвсэл, Худалдаачдын холбоо, Монгол хүний төлөө нам гэдгээрээ олон жил гудамжны улстөр хийсэн. Мань эрийг УИХ-ын нөхөн сонгуульд СХД-т нэр дэвшихээр материалаа өгсөн байхад л Ерөнхийлөгч зарлигаараа АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилчих юм. Энэ албанд улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон хүн ажиллаж болохгүй хуультай. Хандиваа цуглуулаад эхэлчихсэн Х.Бат-Ялалт СХД-ээс УИХ-ын гишүүн болох гээд байгаа юм уу, АТГ-ын ОНЗ-ийн гишүүнээр байх гээд байгаа юм уу, мэдэгдэхгүй байна. Гэтэл МАН СХД-т Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлсэн. Харин “Би МАН-ын Ерөнхийлөгч биш ээ, Ард түмний Ерөнхийлөгч байна” гэж индэр дээрээс мэдэгдсэн У.Хүрэлсүх Э.Батшугарын өрсөлдөгчийг АТГ-ын ОНЗ-д томилж байх жишээтэй. Энэ нь шуудхан хэлэхэд ОНЗ-ийн гишүүнээр Х.Бат-Ялалтыг авлигадаж Э.Батшугарын замыг шулуутгаж байгаа хэрэг буюу намын гишүүнчлэлээс татгалзсан хэрнээ албан тушаалын авлигаар МАН-даа тус хүргэж байгаа үйлдэл гэж болно. Жишээ нь, ийм явдлыг манай Үндсэн хуулийн цэц тогтоож тасалж чадах болов уу.

Гэх мэт эргэлзээ, ажил хэрэгч олон асуудлаар сэтгүүлчид Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс ярилцлага авах, үйл явдлыг нь сурвалжлах сонирхолтой. Харин манай Цэц хэзээнээс хаалттайн дээр “Цар тахлаас сэргийлэх түр журам” баталсан шиг улам л “амгалан орших” арга замыг эрэлхийлжээ. Нэг асуудлаар олон иргэн гомдол, мэдээлэл гаргавал хуралдаанд нь нэг л иргэнийг оруулна гэж журамласнаас гадна хуралдаанд оролцогчдын алийг ч дуу, дүрс бичлэг хийх, тэнд ийм төрлийн төхөөрөмж авч орохыг хориглочихсон. Цар тахал дуу хураагуур, камертай ямар холбоотой байж болох вэ.

Г.Улсболд

Санал болгох

Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

Гуравдугаар сарын 8 бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийн үүсэл ажилчин эмэгтэйчүүдийн жагсаалаас, дарлагдсан эмэгтэйчүүдийн тэмцлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд нийгэмд эрчүүдийн адил тэгш боломжийг эдлэх гэж, шийдвэр гаргалтад оролцох гэж, улиг хоцрогдсон хандлагыг өөрчлөх гэж тэмцэж ирсэн өдөр.

1 жилийн өмнө
ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

2 жилийн өмнө
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

2 жилийн өмнө
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө дэлхийд 22 байраар ухраад байна. Үүнд тэд ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байгаа юм.

2 жилийн өмнө