Ерөнхийлөгчийн хуулийг өргөн бариулдаггүй захиалагч

2022 оны 3 сарын 232022-03-23
Ерөнхийлөгчийн хуулийг өргөн бариулдаггүй захиалагч

Хүсвэл хоногт нь хууль гаргаж чаддаг Монголын парламентад Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирдэггүй ээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш гурван жил өнгөрлөө. Үндсэн хуульд нийцүүлж 40 хууль өөрчилнө гээд жагсаалт гаргаад ийм хугацаа боллоо. Тэдгээр хуульд ямар өөрчлөлт хийх концепц нь тэгэхэд тодорхой л байсан. Ямар банк, боловсрол, нийгмийн даатгал, газар, төрийн өмч, шүүхийн реформ биш дээ, Ерөнхийлөгчийн хуулийн төслийг яагаад УИХ-д өргөн барихгүй байна вэ.

Засгийн газар буюу Хууль зүй, дотоод хэргийн яам төслөө боловсруулаад дуусгачихсан. Веб сайтдаа 2021 онд байршуулаад бүтэн жил үдэж байна. Харин тэр цаасыг УИХ-ын даргад өргөн барихгүй байгаад учир байна. Өргөн бариагүй учраас жишээ нь, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтах эсэх нь ч эргэлзээтэй байна.

Монгол түмний эв нэгдлийг илэрхийлдэг, эх орноо гадаадад төлөөлдөг, зэвсэгт хүчнийг ерөнхийлөн командалдаг, ҮАБЗ-ийг тэргүүлдэг, нэгдүгээр түвшний мэдээлэлтэй танилцдаг Төрийн тэргүүн ажлаа өгснөөсөө хойш бүх насаараа Ерөнхийлөгч нэр зүүдэг. Улсын онц чухал нууцыг мэддэг хүн бүрэн эрхээ дуусгаснаасаа хойш элдвийн улс төрийн үйл ажиллагаа явуулаад, гадаадын хөрөнгө оруулалттай компанид алба хашаад, элдэв үйл хөдлөл хийгээд байх нь зохимжгүй. Улсын нэгдүгээр хүн байсан төрийн зүтгэлтэн эргээд улстөр хийж тэмцээд, мэдээллээ ашиглан хувийн бизнесээ цэцэглүүлээд байх нь ёс зүйн хувьд ч таарамжгүй. Үүнээс сэргийлж шинэчлэн найруулах гэж байгаа Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд тодорхой хязгаарыг бичжээ.

Ерөнхийлөгчийн хуулийн төсөл.JPG
Ерөнхийлөгчийн хуулийн төслөөс

Төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барина гэвэл яамны барилгаас Төрийн ордон хүртэл 500 метрийн зай байна. Харин 500 метр алхах зайнд 500 хоног удаж байна даа. Үүнд улс төрийн шалтгаан байгаа гэж хардаж байна.

Бид уржигдар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс “Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл хэзээ орж ирэх вэ. АН-ын даргын сонгуулийн үйл явцыг хүлээгээд байна уу, одоогийн Төрийн тэргүүн гацаагаад байна уу” хэмээн асуухад тэрээр “Энэ хуулийг боловсруул гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд нэлээд хэмжээний өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан дагуулж 56 хуульд өөрчлөлт оруулах юм билээ. Эдгээрийг Засгийн газар боловсруулж байгаа. УИХ шаардаад л байгаа. Хаврын чуулганаар хэлэлцчих л болов уу гэж бодож байна. Бид Засгийн газрыг шахаж байгаа” хэмээн хариулсан юм.

У.Хүрэлсүх байтугайг булгидаг нам

Анх л өнөө, маргаашгүй өргөн бариад, хэлэлцээд, баталчихна гэж байсан хуулийн төсөл одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “таалагдаагүй” байж болох юм. Учир нь, тэрээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хувилбарыг Үндсэн хуульд тусгуулан 6 жилийн бүрэн эрхээ дуусангуут үргэлжлүүлэн 4 жил сонгогдож 10 жил Төрийн тэргүүнээр ажиллахыг хүсч байгаа. Гэтэл тэр хүртэл улс төр яаж ч өөрчлөгдөж, намын нөхөд нь ч зангаа хувиргаж болно.

МАН бол даргадаа халтай улс төрийн хүчин. Хаан явсан Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд нар үр могойдоо бариулж дууссан шиг Ерөнхийлөгчийн 6 жилийн хугацаа нь дуусах дөхөх үед У.Хүрэлсүх хэн ч биш болох юм билүү, хаврын тэнгэр шиг улстөрчдийн ааш аягийг хэн таах билээ. Тэр үед Ерөнхийлөгчөөр сунаж ажиллах боломж У.Хүрэлсүхэд тохиохгүй бол “Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахиж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй” гэдэг комбинац захиалсан шигээ тэрээр үлдсэн насандаа иргэнээрээ үлдэнэ. Төрийн тэргүүний ажлаа ёс төртэй хийгээд, үлдсэн амьдралаа нэр төртэй аваад явах бодол У.Хүрэлсүхэд байхгүй л байх Ерөнхийлөгчийн хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдахгүй. Ямар өөрт нь хамааралтай хуульд хориг тавьж жижгэрэлтэй биш дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн парламентаас сонгох, ингэхдээ одоо ажиллаж байгаа У.Хүрэлсүхэд давуу байдал олгохгүй бол Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын гацаа тээг арилах болов уу.

Х.Баттулгын улстөрийн карьерт цэг хатгах уу

Ерөнхийлөгчийн хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын АН-ын дарга, МоАХ-ны тэргүүнээр байх улстөр автоматаар зогсоно. АН удирдлагын маргаантай, хөл толгой нь олдохоо байсан үед Х.Баттулгын улстөрийг одоогоор Ерөнхийлөгчийн хуулиар зогсоохгүй байх нь МАН-д ашигтай л байх. Хэрэлдээд, талцаад явж байна биз, гэх маягтай. Нэг толгойтой байснаас хоёр толгойтой байх нь МАН-д ашигтай гэдэг өнцгөөр харвал шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “хуурай ах”, зөвлөх нь АН-ын дарга болохоор сонгуульдаж байхад Засгийн газар хуулийн төслөө УИХ-д өргөн барина гэж үү.

Нөгөө талаар, Х.Баттулга АН-ын даргаар сонгогдсоны дараа Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг шинэчлэн батлах нь адилхан л маргаан үүсгэнэ. Эхлээд Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг хаасан, дараа нь АН-ын даргаар ажиллах эрхийг хаалаа гэж. Эрх баригч нам сөрөг хүчнийхээ даргын улс төрийн карьерт цэг тавилаа гэсэн шүүмж явна. Тэгэхээр нэгэнт л Ерөнхийлөгчийн хуулийн төсөлдөө Засгийн газар, УИХ итгэл үнэмшилтэй байгаа бол эрт, орой гэлтгүй яаралтай оруулж ирж батлах нь чанарын ялгаагүй юм даа. АН, МАН-ын алиных нь ч үндсэн дүрэмд нам нь ялбал Ерөнхий сайд болох заалт бий.

Ерөнхийлөгч нар төрд зөвлөх дургүй

Төрийн өндөр дээд албан тушаал хашсан хүний уураг тархийг улсын хөгжилд ашиглах ёстой гэдэг зөв л өнцөг. Ерөнхийлөгч байсан хүмүүсийг төр, засгийн тэргүүнүүд дэргэдээ зөвлөхөөр урьж ажиллуулж болно. Харин манай Ерөнхийлөгч нар зөвлөх дургүй. Бүгд л сайд болъё, ядаж Шадар болъё, намаа авцгаая, бизнесээ бодъё гэнэ. Уг нь улсын нууцтай харилцаж, эрх мэдлийн оргилд байсан хүмүүст эрдэм шинжилгээ, судалгаа, багшлах, тухайлсан мэргэшлээрээ төрд зөвлөх зэрэг эрх олгохоос бусдыг нь хориглодог юм билээ.

Жишээ нь, шүүгч хүн хуульчдын карьерын оргилд хүрсэн тул тэтгэвэрт гарсан, огцорсон бол өмгөөлөгчөөр ажиллах, хуулийн фирм байгуулж зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглодог. Хонгил угсрах, хамтран ажиллаж байсан шүүгч нартаа нөлөөлөх, энд тэнд хуулийн зөвлөгөө өгөөд, хүн өмгөөлөөд явах нь эргээд шүүхийн нэр хүндэд халтай тул хориглосон. Үүн шиг тагнуулд ажиллаж байсан хүмүүст хязгаарлалт тавьдаг. Д.Сандаг, Н.Нямтайшир, Д.Гэрэл, Б.Хурц гээд тусгай албыг удирдаж байсан нөхдийн хөрөнгөжсөн түүх нууцтай ойрхон байсных уу, сийрэг бизнесмэн учраас уу гээд яриа гардаг. Энэ мэтээр хориг, хязгаар байдаг хэрнээ улсын Ерөнхийлөгчид байдаггүй. Уг нь Ерөнхийлөгч хүн үлдсэн насандаа Засгийн газрын гишүүн-сайдын цалин авч амьдардаг хүмүүс. Үнэхээр төрд зүтгэж, мэдлэг туршлагаа хуваалцмаар байдаг юм бол зөвлөхөөр ажиллуулбал яадаг юм бол.

Г.Улсболд

Санал болгох

Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

Гуравдугаар сарын 8 бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийн үүсэл ажилчин эмэгтэйчүүдийн жагсаалаас, дарлагдсан эмэгтэйчүүдийн тэмцлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд нийгэмд эрчүүдийн адил тэгш боломжийг эдлэх гэж, шийдвэр гаргалтад оролцох гэж, улиг хоцрогдсон хандлагыг өөрчлөх гэж тэмцэж ирсэн өдөр.

1 жилийн өмнө
ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

2 жилийн өмнө
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

2 жилийн өмнө
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө дэлхийд 22 байраар ухраад байна. Үүнд тэд ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байгаа юм.

2 жилийн өмнө