Намаасаа түдгэлзэх ДҮРМИЙН ШААРДЛАГА хангасан 4 яллагдагч

2
2022 оны 5 сарын 232022-05-23
Намаасаа түдгэлзэх ДҮРМИЙН ШААРДЛАГА хангасан 4 яллагдагч

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарыг авлигын хэргээр яллагдагчаар татсан тогтоол танилцуулаад 30 хоног, Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаад 2 жил өнгөрч байна. 

МАН-ын Үндсэн дүрмийн 4.3-т Намын гишүүн нь дараах тохиолдолд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүдээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана. Үүнд:
4.3.1. илтэд ёс зүйн зөрчил гаргасан;
4.3.2. ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан;
4.3.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон" гэжээ.

Эдгээр заалт өнгөрсөн 12 дугаар сарын 7-нд Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын 30 дугаар Их хурлаар Үндсэн дүрэмд нь туссаныг Улсын Дээд шүүх бүртгэж авсан нь хүчинтэй.

Их хурлынхаа дараахан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Syndicate talk exclusive ярилцлагад "Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан бол авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг байдаг. Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж, 30 дугаар их хурлаараа намын дүрмээрээ баталгаажуулсан.

Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэдэг заалтыг намын хөтөлбөртөө батлаад Улсын дээд шүүхээр батлуулсан.

Илтэд ёс зүйн зөрчил гаргасан этгээд намаас гарсанд тооцно гэсэн заалтыг баталсан. Энэ хөтөлбөр дүрмээрээ нам өөрөө аливаа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй гэдгээ зарлаж байна гэсэн үг" хэмээн ярьж байлаа.

Эрх баригч МАН үнэхээр авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан 4 гишүүнээ намаас түдгэлзүүлэх дүрмээ мөрдөх цаг болжээ.

Учир нь, АТГ-т Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарыг Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татаад, тогтоолтой танилцуулсан өдөр нь яг 30 хоног боллоо. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг албан тушаалын хэргээр яллагдагчаар татаад 2 жил өнгөрлөө. УИХ тэднийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн хамгаалж үлдсэн. Нам тэдэнд ажлыг нь заахгүй ч нам өөрөө улстөрийн хариуцлагаа тооцож, түдгэлзүүлэх боломж нь Үндсэн дүрмээрээ байна. Хэрэв үхмэл дүрэм баталсан юм бол МАН-ын удирдлагууд "нам дотроосоо авлигатай тэмцэх ажлаа эхлүүлнэ" гэж хэлсэн нь худлаа бөгөөд иргэд, сонгогчдыг хуурсан үйлдэл болох юм.

Тэгэхээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан, Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нарын авлигатай тэмцэх хүсэл зориг үнэн үү, худлаа юу гэдгийг харах л үлдлээ.

Ташрамд, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас 33.15 тэрбум төгрөгийн зээл авсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудал өнгөрсөн оноос эхлэн яригдсан. Тус компани нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгчийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд Г.Дамдинням гишүүн мөн бүртгэлтэй байгаад хасуулсан юм. Гэтэл 33 тэрбумын 3 гишүүн гурвуулаа шалгуулъя гээд өөрсдөө бичгээ өгсөн байхад 2-ынх нь л нэрийг оруулж ирсэн нь хачирхалтай.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд Өнөөдөр сонин, “Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг. Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл аваад зориулалт бусаар зарцуулсан, авсан мөнгөө хугацаанд нь төлөөгүй гэх хэрэгт холбогдсон дээрх компанийн захирлаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг их хэмжээний хахууль авсан нь тогтоогдсон аж. Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг 100 сая төгрөг жолоочоороо дамжуулж авсан хэмээн бичиж буй. Бидэнд олдсон мэдээллээр 100 000 ам.долларын хахууль авсан нь тогтоогдсон бөгөөд уг мөнгөөрөө Баянгол дүүргийн нутаг Төмөр замын төв буудлын ойролцоох орон сууцын хороололд байр авсан аж. Улмаар түүнийгээ авсан үнээсээ нэг дахин өндөр ханшаар борлуулаад, өөр нэг хороололд 350 сая төгрөгөөр орон сууц авсан үйлдэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн яллагдагчаар татах гол нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэж бичжээ.

Мөн Нийслэлийн прокурорын газраас гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд, “Улсын Их хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Засгийн газрын 256 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газарт авсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, тосон бумбын нурууны хилийн заагт давхцалтай тусгай зөвшөөрлийг цуцлах, нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгохдоо стратегийн ач холбогдол бүхий орд газрын талбай үнэлгээг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын босго үнэ буюу 1 га талбайг 4500 төгрөгөөр бодож нийт 6,587,190 төгрөгөөр үнэлж “Элбэг-Орд” ХХК-д олгуулах, нөхөх олговор олгохдоо 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн үйлчлэлд орсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай дээрх асуудал огт хамааралгүй журмыг үндэслэл болгосон улмаар стратегийн ач холбогдол бүхий орд газарт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс 69 хувь, өөрөө 31 хувь эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч, найз нөхдийн хамааралтай “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шинээр үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д шилжүүлэн, тухайн талбайгаас гарсан ашигт малтмалыг хувааж авахаар тохиролцож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэсэн байдаг.

Г.Улсболд

 

Санал болгох

Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

Гуравдугаар сарын 8 бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийн үүсэл ажилчин эмэгтэйчүүдийн жагсаалаас, дарлагдсан эмэгтэйчүүдийн тэмцлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд нийгэмд эрчүүдийн адил тэгш боломжийг эдлэх гэж, шийдвэр гаргалтад оролцох гэж, улиг хоцрогдсон хандлагыг өөрчлөх гэж тэмцэж ирсэн өдөр.

1 жилийн өмнө
ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

2 жилийн өмнө
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

2 жилийн өмнө
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө дэлхийд 22 байраар ухраад байна. Үүнд тэд ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байгаа юм.

2 жилийн өмнө