Хуулийн хулгай: Хөгжлийн банк, Сангийн хэрэгтнүүдийг өршөөх хууль хэлэлцэх гэж байна

3
2022 оны 6 сарын 162022-06-16
Хуулийн хулгай: Хөгжлийн банк, Сангийн хэрэгтнүүдийг өршөөх хууль хэлэлцэх гэж байна

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 54.5 хувийн саналаар буюу 1 гишүүний саналын илүүгээр хэлэлцэхийг дэмжлээ. Өнөөдөр УИХ-ын чуулганаар үзэл баримтлалыг нь дэмжих эсэхийг хэлэлцэх гэж байна.

ХЗДХЯ-наас өргөн барьсан энэхүү төслөөр бол “Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах” хэмээх гэмт хэргийг шинээр томъёолж, Эрүүгийн хуулийн 17.13 дугаар зүйл болгож байгаа юм байна.

Шуудхан хэлэхэд, энэ бол Хөгжлийн банкныхан, ЖДҮХС зэрэг Засгийн газрын сангаас зээл авсан, зээл гаргахад албан тушаалаараа нөлөөлсөн нөхдөд зориулж бичсэн өршөөлийн хууль байна.

Үйлдлийг нь, “Санхүүгийн нөхцөл байдал, мэдээлэл, тайланг худал мэдүүлж, эсхүл хуурамчаар үйлдэж тусгай сангаас, эсхүл зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан, баталгаа, батлан даалт гаргуулсан, хөнгөлөлт эдэлсэн, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зарцуулсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” байхыг заажээ. Хөгжлийн банк болон Засгийн газрын сангуудад тохиолдож, улсын төсөвт хохирол учруулсан үйлдлүүд.

ХЗДХЯ.PNG
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс

Мөн “Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хоёр дахь заалт анхаарал татлаа. Энэ бол УИХ-ын гишүүд, сайд, дэд сайдууд өөрсдийн компанидаа, хамаарал бүхий этгээдийнхээ компанидаа Хөгжлийн банкинд нөлөөлөх замаар зээл гаргуулсан үйлдлийг хэлж байна. Ингэж албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн шалгадаг залилах гэмт хэргийн дотор томъёолсноос гадна 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд багтаав.

Учир нь, одоогийн Эрүүгийн хуульд ялын доод хэмжээг 1 жилээс дээш 8 жилийн ялтай гэмт хэргийг үйлдсэнээс 5 жил өнгөрсөн бол яллагдагчаар тооцож болдоггүй хөөн хэлэлцэх тогтоосон байдаг.

Хөөн хэлэлцэх хугацаа.PNG
Эрүүгийн хуулиас

Хуулийг баталсан өдрөөс нь мөрдөнө гэж тооцвол 2022 оноос 5 жилийг хасахад 2017 оны хоёрдугаар хагасаас эхлэн Хөгжлийн банкинд хэрэг үйлдсэн нөхдийн гэмт үйлдлүүдийг багтаах нь ээ. МАН 2016 онд УИХ-ын сонгуульд ялсан, 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүд, сайд нарт ЖДҮХС тэргүүтэй Засгийн газрын сангуудаас зээл өгч авлигадсан, 2017 оноос эхэлсэн Хөгжлийн банкны хулгай одоо л илэрч байгаа зэргийг харвал энэ бол “хуулийн хулгай” байна.

Хөгжлийн банкны хэрэгтэй тэмцэнэ, авлигатай тэмцэнэ гэж байсан Засгийн газар ХЗДХЯ-аар Хөгжлийн банк, Сангуудын хэрэгтнүүдийг өршөөх хууль бичүүлж, өчигдөр УИХ-ын мэргэжлийн байнгын хороо болох Хууль зүйн байнгын хорооныхон дэмжив.

2017 оноос эхлэн үйлдэгдсэн хэргүүд, үүнээс цааш илрэх хэргүүд ийн зүйлчлэл мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд УИХ-ын өнөөдөр хэлэлцэх Эрүүгийн хуулийн 17.13 буюу Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах зүйлээр зүйлчлэгдэнэ. Энэ хэргийн хам хэрэгтнүүд болох албан тушаалтнууд хэрэг үйлдэгдсэн хугацаанаас 5 жил өнгөрсөн хэмээн хэрэг нь хэрэгсэхгүй болж, ял завших нь ээ.

Уг нь Эрүүгийн хуульд, "Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно" гэсэн заалт бий.

Гэхдээ "Үйлдэл, эс үйлдэлхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэсэн заалт бий.

Г.Улсболд

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө