Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

1
2022 оны 10 сарын 252022-10-25
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Архангай, Дундговь, Төв аймгийн төвийг дулааны станцтай болгож, төвийн дулааны шугамыг нь шинэчилнэ. “МОН-14” гэх энэ төсөл олон жил хүлээгдсэн, багагүй саад бэрхшээлийг туулж байж эхэлсэн үр ашигтай төсөл юм.

Төслийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болж, 737 аж ахуйн нэгж, 437 төсөвт байгууллага, 547 нийтийн орон сууц, 1086 амины орон сууц, 50 м2 талбайтай 6189 айл өрх шинээр дулааны эрчим хүчээр хангагдах үр дүнг хүлээж байгаа.

Аливаа ажил эхлэхдээ зөв замаар, зөв шударгаар явбал элдэв хууль бус үйлдэл, хулгайгаас хол байдаг. Гаднын зээл, тусламжаар Монголд хэрэгжсэн олон төсөл дээр манайхан л нугалаа гаргаж хулгай хийснээр төсөл, хөтөлбөрийн үр өгөөж авлигачдын мөнгөний хүүдий болсныг Улаанбаатар-Дарханы замын жишээ харуулдаг. Энэ бүхнийг улиглах болсон шалтгаан нь Өглөөний сонины 10 сарын 18-ны дугаарт хэвлэгдсэн “Сонгон шалгаруулалтын зар”-аас эхтэй.

307109306_645175273856211_5200072169143450298_n.jpg

Эрчим хүчний яамныхан дээрх 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийнхөө Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагаа хариуцсан 1 хүн сонгон шалгаруулах зар тавьжээ. Улсад хэрэгтэй тендерүүдийг Солонгосын талтай харилцаж явуулах ёстой мэргэжилтэн. Гэтэл шалгуур дээр нь “Орос хэлний ярианы болон бичгийн чадвартай, гадаадад боловсрол эзэмшсэн хүн” авна гэдгээ ил тод биччихсэн байх юм. Өөрөөр хэлбэл, авах хүн нь тодорхой, тэр хүндээ зориулж сонгон шалгаруулалт зарлан жүжиг тавьж байгаа гэсэн үг.

Эрчим хүчний шинэ сайд Б.Чойжилсүрэн доод албан тушаалтнуудынхаа энэ гажуудлыг анзаарч, эртхэн засах хэрэгтэй. Манай албан тушаалтнуудын хулгай хийдэг үндсэн арга ингэж эхэлдэг. Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

Монгол Улстай 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, БНСУ-ын Экспорт импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, “Бюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон, БНСУ-ын “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ”KDHEC-KDHC-GEI” түншлэл энэ бүхнийг анзаарч залруулах талаар ярих хэрэгтэй байх аа.

Г.Улсболд

 

Санал болгох