Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт орууллаа

2024 оны 8 сарын 302024-08-30
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт орууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 39 дүгээр хуралдаан өчигдөр (2024.08.29) болж, тус зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт оруулав. Журмын өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагыг хангасан бол нэр дэвшигч аль нэг танхимд биш Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр боллоо. 

            Мөн хяналтын шатны шүүхийн шүүгчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын “хууль тайлбарлах мэдлэг, чадвар” болон “шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадвар”-ын шалгалтын салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөлсугалаагаар тодорхойлохоор өөрчлөлт оруулсан юм. Тус журамд өөрчлөлт оруулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс дагаж мөрдөх юм. 

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн цахим аудитын нэгдсэн дүн мэдээтэй танилцаж, холбогдох шүүхийн Тамгын газруудад зөвлөмж хүргүүлэхийг чиглэл болгов.

        Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцсэн эвлэрүүлэн зуучлагчийг эрэмбийн дагуу санал болгосныг хэлэлцэж, эвлэрүүлэн зуучлагчаар сонгон бүртгэх тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Санал болгох