НҮБ-ын шинжээчийн сануулга ба сэжиг, таамгаар хорьдог Монгол

1
2022 оны 10 сарын 242022-10-24
НҮБ-ын шинжээчийн сануулга ба сэжиг, таамгаар хорьдог Монгол

Хүний эрхийн олон улсын индексээр Монгол Улс 2021 онд нэг байр ухарчээ. Араас нь Монголд хэд хоног ажилласан HҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсэг муу дүн тавиад буцлаа. Ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте “Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь нь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүй хийгджээ. Энэ дүгнэлтийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулганд танилцуулна” гэв.

Харин цагдан хорих асуудал дээр хуулийн ямар ноцтой асуудал байгааг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Галбадар өнгөрсөн баасан гарагт Хуульчдын форум хэлэв.

309847393_1461485274357072_2020134103365527094_n.jpg

Тэрээр, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүнийг цагдан хорих 4 үндэслэл бичигдсэн. Хуулийн 14.9.1.1-т оргон зайлж болзошгүй гэж байдаг бол 14.9.1.3-ыг 2020 оны 1 сарын 10-нд “гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэдэг таамаг болгоод бичсэн өөрчилсөн. Энэ заалтыг хөнгөн, хүнд, бүр хорих ялгүй хэрэг дээр ч хэрэглэх боломжтой. Хамгийн энгийн жишээ гэхэд, Эрүүгийн хуулийн 11.6-д заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг дээр ч хүнийг цагдан хорих боломжтой байдлаар хуульчилсан.

Мөрдөх албадын зүгээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хамгийн нэн тэргүүнд авах ёстой таслан сэргийлэх арга хэмжээ мэтээр ханддаг хандлага түгээмэл байна.

Гэтэл бид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед үнэхээр болохгүй, хамгийн сүүлд авах арга хэмжээ байя гэж ойлгодог. Үүнээс наана барьцаа авах, хувийн баталгаа авах, хязгаарлалт тогтоох зэрэг бусад таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдаг. Гэтэл прокуророос хамгийн түрүүнд цагдан хориулъя гэдэг саналаа түрүүлж өгдөг. Дуудсан цагт ирээгүй юм уу, өөр хэрэгт холбогдсон юм уу, оргон зайлсан юм уу гэхээр үгүй байдаг. Үндэслэл нь тодорхойгүйн дээр цагдан хорионы хурлын цаг тулгаад хавтаст хэргээ бөөнд нь авчраад өгчихдөг. Цагдан хорих хугацаагаа сунгахдаа “ээдрээ түвэгтэй байдал” гэдэг хуульд бичигдсэн хэмжих боломжгүй үндэслэл хэлдэг. “Ээдрээ түвэгтэй байдал” гэдэг нь олон үйлдэлтэй гэмт хэрэг юм уу, нотлогдохгүй байгаа хэрэг юм уу, нөгөө хүн нь хэргээ хүлээхгүй байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй.  Хуулийн тайлбаргүй бүрхэг ойлголт учраас өөр өөрөөр, үзэмжээр хэрэглэгдэх эрсдэлтэй” гэсэн юм.

2017 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсноос хойш 2018 онд 3747, 2019 онд 3162, 2020 онд 2969, 2021 онд 2351 хүнийг шүүхээс цагдан хорихыг зөвшөөрчээ. 2020 онд нийт цагдан хоригдсон иргэний 30.8 хувь нь оргон зайлахыг завдсан, 17.8 хувь нь гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн шалтгаанаар хоригдсон байна.

Өөрөөр хэлбэл, манай цагдаа, тагнуул, АТГ-ынхан “хойшлуулшгүй” ажиллагаа нэрээр гэмт хэрэгт, сэжиглэсэн болгоноо 48 цаг далд хийдэг, 30 хоногоос сунгаж явсаар 18 хүртэл сар цагдан хорьдог, энэ хооронд нөгөө хүн нь “хялбаршуулсан журмаар” хэргээ хүлээе гэдэг саналаа прокурорт гаргаж “ухаардаг” болж таарав. Сэжигтнээ юуны түрүүнд хорьж байгаад шалгадаг, айлгаж байгаад хэргийг нь хүлээлгэдэг энэ явдал манай мөрдөх албадын ажлаа амарчлах бодлого болтлоо хэвшсэн бөгөөд олон жил хуулиас арчигдахгүй байна даа.

2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатар ажиллаж байжээ. УИХ-ын 2020 оны 1 сарын 10-ны болон Хууль зүйн байнгын хорооны хурлуудаас харахад, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сэжиг таамгаар авахуулах заалт оруулах гэж байгаа тухай асуусан, ярилцсан, үг хэлсэн нэг ч УИХ-ын гишүүн алга. Харин анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэдэг саналыг одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар тэр үед гаргаж, тэр чигээр нь баталсан хууль байна. Засгийн газар одоо Эрүүгийн болон түүний процессын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. Энэ алдааг засч байгаа заалт ч мөн харагдахгүй байна.

Уг нь аль ч нийгмийн үнэт зүйл болсон хүнийхээ эрх, эрх чөлөөнд халдах гэж байгаа бол мухарласан баримт, хөдөлшгүй нотолгоо хэрэгтэй. Цагдан хорих анги бол ноцтой баримтаар зайлшгүй хүнээ түр хугацаагаар төрийн хамгаалалтад тусгаарладаг газар. Тэрнээс биш хууль хяналтынхны ажлаа хялбарчлах зорилгоор бусдыг мартаад үлдээдэг, эрүүддэг, хэрэг хүлээлгэдэг шорон биш. Монгол Улс иргэнээ хүнд, бүр онц хүнд гэмт хэрэгт сэжиглээгүй л бол заавал цагдан хорьж эрүүдэн шүүдгээ зогсоох цаг болжээ. Бусад улс орнууд энэ жишиг рүү явж байна.

Г.Улсболд

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө