З.Хосбаяр: Монгол төр Морин хуур хөгжимдөө өгч буй шагнал гэж харж байгаа

1
2023 оны 11 сарын 152023-11-15
З.Хосбаяр: Монгол төр Морин хуур хөгжимдөө өгч буй шагнал гэж харж байгаа

Монгол Бахархлын өдрөөр төрийн дээд “Чингис Хаан” одонг хүртсэн морин хуурын чуулгыг бид онцолж байна. Энэ удаад Монгол Улсын Филармонийн уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяртай одон хүртсэний дараа ярилцлага хийсэн юм.

-Монгол Улсын Филармони за тэр дундаа Морин хуурын чуулга “Чингис Хаан” одонг хүртсэн түүх болж үлдэх өдөр тохиож байна. Яг энэ цаг мөчид төрж байгаа мэдрэмжээ илэрхийлбэл?

Цочирдоод гэдэг юм уу юу гэдэг юм. Хүн чинь нэг төсөөлөх юм байдаг шүү дээ. Морин хуурын чуулга маань ийм юм хийсэн дээ гээд л. Тэр төсөөллийг давахаар баяртай ч юм шиг аймаар ч юм шиг үйл явдал болж байна л даа. Үнэхээр бахархлын өдөр бахархалтай байна. Төрийн дээд “Чингис Хаан” одонг хүртсэн нь магнай тэнийсэн сайхан үйл явдал боллоо.

-Морин хуурын чуулга өмнөх жилүүдээс илүүтэйгээр энэ жил олон орны том тайзан дээр очиж өөрсдийн тоглолтоо тавилаа. Дэлхий мэддэг болтол нь та бүгд хичээж явсан. Орон орон өөрөөр хүлээж авч байсан байх?

Энэ жил харьцангуй онцлог жил байлаа. Алдарт Сиднейн дуурийн театрт, Францын хааны ордонд тоглолоо. Одоо удахгүй 12-р сарын 26-нд Шанхайд тоглох гэж байна. Ер нь бол морин хуурын чуулга байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн мэргэжлийн хөгжмийн байж болох бүх л тайзан дээр уран бүтээлээ хүргэсэн. Хэсэг хугацаанд байхгүй байж байгаад бий болсон Соёлын яам бодлогын төвшинд Монгол үндэсний өв уламжлал, соёл урлагийг гадаадын ертөнцөд илүү далайцтайгаар хүргэе гэсэн үйл ажиллагааны дагуу морин хуурын чуулгын тоглолтуудыг дэмжиж ажиллаж байна. Ер нь морин хуурын чуулга хаа ч очсон үзэгчдийн халуун алга ташилт, баяр бахдал дунд болж өнгөрдөг.

-Морин хуурын чуулга аливаа нэг оронд очиж тоглохдоо тухайн орны соёл, уламжлалд тааруулж тоглож байна уу?

Мэдээж орон орны үзэгчдийн хүлээж авах аливаа зүйлд хандах хандлага янз бүр. Уран бүтээлийн бодлого, тоглох зохиол агуулга бодно. Гэхдээ ямар ч тохиолдолд Монгол үндэснийхээ өв уламжлал, хөгжмийг илүү түлхүү харуулдаг. Бид нар чинь тухайн оронд түүнийг л харуулах гэж очиж байгаа шүү дээ.

-Өнөөдрийн энэ хүртсэн “Чингис Хаан” төрийн дээд одон өнгөрсөн 31 жилийн түүхтэй салшгүй холбоотой. Төдийгөөс өдий хүртэл энэ зэрэгтэй амжилттай эхлүүлж, авч явсан үе үеийн эрхмүүдийг дурсахгүй байх аргагүй.

Тэгэлгүй яах вэ. Морин хуурын чуулга өөрөө байгуулагдах болсон түүхэн шалтгаан нь юу юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхлээр морин хуурын чуулгаас гадна морин хуур хөгжимтэй шууд холбогдоно. Магадгүй морин хуур гэдэг хөгжим маань морин хуурын чуулгын түүх байж болох талтай. Морин хуур гэдэг хөгжмийн зэмсгийн түүхийг харах юм бол ахуйн шинжтэй хөгжим. Монгол гэртээ, найр наадамдаа тоглож л байдаг. Энэ хөгжмийн зэмсэг хэзээ тайзан дээр гарч ирсэн юм. Яг мэргэжлийн сургалт нь хэзээнээс бий болсон юм гэдэг ч юм уу. Бүх түүхийг харах юм бол эцсийн зангилаа нь хуурын чуулган дээр ирж байгаа юм. 1937 онд Монгол Улсад уран сайхны зөвлөл гэж байгуулагдаад сургалт явуулж эхэлсэн. Энэ сургалтаас гарч ирсэн хүн бол бидний бурханчлан шүтдэг Ардын жүжигчин Г.Жамьяан багш юм. Тэгээд явсаар байгаад 1992 онд яг хоёр нийгэм солигдож байх үед морин хуурын чуулга байгуулагдах түүхэн шийдвэр гарч байсан. Үүнийг гардан хийж санаачлан, гүйцэтгэж байсан хүн бол миний багш Ардын жүжигчин Ц.Батчулуун гэж хүн. Хүнд хэцүү цаг, нийгэм хувьсаж байсан цаг үед морин хуурын чуулгыг яагаад байгуулсан юм болоо гээд одоо бодоход хүн болгонд оюун санааны хувьд эрх чөлөөтэй сэтгэн бодох тэр цаг хугацаанд бидний гол барьж явах зүйл нь юу юм бэ гэдэг дээр л гол ач холбогдлоо өгөн тухайн үеийн эрхмүүд нэгдсэн байх. Морин хуурын чуулга байгуулагдсанаар хавсарга маягаар явж байсан хөгжим тайзны урд буюу анхаарлын төвд орж ирсэн. За тэгээд чуулга байгуулагдчихлаа урын сан яах уу, цааш яаж оршин тогтнох уу гээд бүх асуудал ургаад гараад ирнэ. Энэ бүхэн дээр тухайн үедээ зүтгэж байсан болон анхлан байгуулж байсан эрхмүүд цуцалтгүй зүтгэсэн учраас өнөөдрийн энэ төвшинд хүрсэн. Тийм ч учраас 30 жилийн зүтгэлийг ганцхан морин хуурын чуулгад олгож байгаа юм шиг болов ч энэ бол Монгол төр морин хуур хөгжимдөө өгч байгаа шагнал. Задлаад бодох юм бол Монгол төр монголынхоо үндэсний өв соёл, мэргэжлийн урлаг, хөгжмийн урлагийг маш өндрөөр үнэлж энэ шагналыг өгч байна гэж харж байна даа.

-Монголчууд бид морин хуурын аялгуугаа сонсоод огшдог, уярдаг. Гадаадад ч гэсэн очиж тоглох үед хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж танхим дүүрэн алга ташилт авдаг. Энэ морин хуур гэж хөгжим яг яагаад хүний тэр сэтгэлийг гогцоолдоод байдаг хөгжим юм. Мэргэжлийн хүнтэй уулзсаных яаж бодож явдгийг нь асуух нь зүйтэй байх?

Үлгэр домог, угсаатны талаас нь бодох юм бол монголчууд морьтой салшгүй холбоотой. Тийм учраас үндсэн бахархлыг байнга төрүүлж байдаг морь гэсэн зүйлтэй холбоотой байгаад байгаа. Нөгөө талаас Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай яг голыг нь олоод хэлчихсэн байдаг. Морин хуур бол амьтай хөгжим гэж. Яагаад амьтай хөгжим бэ гэхээр морин хуурын хөгжмийн зэмсгийг хийж байгаа урлаж байгаа бүх зүйл нь байгалийн зүйлүүд байдаг. Өөрөөр хэлбэл хялгасыг хялгасаар нь хөрөөдөж дуу гаргаж байна гэдэг бол амьтай зүйлээс амьд дуу гарч байгаа учраас хүний сэтгэлийг хөндөхгүй байх аргагүй гэж хэлж байсан. Би бол үүнээс илүү тодорхойлолт гэж байхгүй байх.

-1992 оноос хойш морин хуурын чуулгыг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл саяын хэлдгээр амьтай авч ирсэн таны багш болон гавьаятай бүх эрхмүүдэд хүндэтгэл үзүүлье. Мөн үйл хэргийг нь бахархалтайгаар авч яваа та бүгдэд цаашдын замд нь амжилт хүсье. Ирж ярилцсанд танд баярлалаа.

-Танд ч гэсэн баярлалаа.

 

Санал болгох

Д.Ундраа: Дэлхийн улсуудын номер 1 асуудал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал байдаг

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.

16 өдрийн өмнө
Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

Тамхичин хүн тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад, хавдраар 5-25 дахин илүү өвддөг. Мөн умайн хүзүүний хавдар үүсгэгч хөхөнцөр вирус ам, залгиурын хавдар үүсгэдэг.

1 сарын өмнө
Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Ч.Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм. Монголын спортын түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөгч түүн шиг өвөл, зуны 5 олимпын наадмыг сурвалжилсан гэрэл зурагчин байхгүй. СГЗ Ч.Ганбат өдгөө 6 дахь олимпдоо буюу “Парис 2024” рүү хүлгийн жолоо залах гэж байна.

2 сарын өмнө
Нийслэлийн хэмжээнд тарьж  буй Лили, Алтанзул цэцгийг иргэд хулгайлах болжээ

Хотын менежер Ц.Төрхүү олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлжээ. Тэрээр “Сүхбаатарын талбайд үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна. Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юмаа.

3 сарын өмнө