Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

2024 оны 7 сарын 192024-07-19
Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

Д.Сарантуяа

Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Ч.Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм. Монголын спортын түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөгч түүн шиг өвөл, зуны 5 олимпын наадмыг сурвалжилсан гэрэл зурагчин байхгүй. СГЗ Ч.Ганбат өдгөө 6 дахь олимпдоо буюу “Парис 2024” рүү хүлгийн жолоо залах гэж байна.  

-Зуны 33 дугаар олимпын наадам Парис хотноо хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Таны хувьд 6 дахь олимпын наадмаа сурвалжлахаар боллоо. Энэ талаарх сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?

Олимпын 6 дахь наадамдаа ажиллахаар 7 дугаар сарын 21-нд явах гэж байна. “Парис 2024” олимпод Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 2 сэтгүүлч, зурагчин Д.Нямбилэг, би гээд 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах гэж байна. Олимп бол спортын хамгийн дээд цэг. Энэ торгон агшин, спортын амжилтуудыг гэрэл зургийн хальсанд буулгах хариуцлагатай ажилд оногдсон тул маш их хичээж ажиллах болно. Би спортын гэрэл зураг авч эхэлсэн цагаасаа зуны 3 олимп, өвлийн 2 олимп гээд одоо 6 дахь олимпдоо явах гэж байна.

-Квотын тоо цөөн байна. Ачаалал их байх. Ер нь олимпын наадамд ажиллах хэр ачаалалтай байдаг вэ? Уншигчид маань тэр бүр сайн мэдэхгүй байх.

Урьд, урьдын олимпод гэрэл зурагчнаар ганцаараа ажилласан учраас ачаалалтай байсан. Токиогийн олимпод 3 гэрэл зурагчин явсан болохоор ачаалал харьцангүй гайгүй байсан. Хоорондоо спортуудаа хувааж аваад ажилласан. Харин энэ удаа өгсөн квот цөөн учраас бүх спортыг сурвалжлах хэсэгт голлож ажиллана. Ялангуяа эхний 3 өдөр олон тэмцээн давхцаж байгаа. Хариуцлагатай ажилд улсаас томилсон учир торгон мөч болгоныг авах ёстой. Өндөр хариуцлага, үүрэг хүлээсэн. Үүнийгээ биелүүлэхийн төлөө явна.

Медалийн найдлагатай топ спортууд болох жүдо, чөлөөт болон бусад төрөл ч медаль авчих бололцооны хүүхдүүд байгаа. Тамирчин хүний хувьд спортын хамгийн том ноён оргил болох олимпод оролцож байгаа, мөн спорт залуу насных учраас тухайн агшинг авч үлдэж, монголчууддаа сурталчилна. Манай сэтгүүлчид маань ч уралдаж бичнэ. Спортын гэрэл зураг өөрөө маш хурдтай ажиллахыг шаарддаг. Сайн техниктэй, мэдрэмжтэй байхаас гадна авьяас хэрэгтэй. Спортын хамгийн том арга хэмжээ учраас Дэлхийн хэмжээний зураг авахыг бодож, төлөвлөсөн юм байгаа.  

-Таныг гэрэл зурагчин, Соёлын гавьяат зүтгэлтэн гэдгээр л хүмүүс мэддэг. Гэтэл та мастер гэрэл зурагчин шүү дээ.

 Монголд гэрэл зургийн салбар үүсэн хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Мастер гэрэл зурагчин бол Монголын гэрэл зурагчдын холбооны тэргүүн дээд шагнал. Чи бас мэдээлэлтэй байна. Хүмүүс сайн мэддэггүй юм. Монголд 6 мастер гэрэл зурагчин байдгийн 2 нь бурхны орон руу явсан. Одоо амьд байгаа 4 мастер гэрэл зурагчин бий. Мастер гэрэл зурагчин бөгөөд Соёлын гавьяат зүтгэлтэн 2 хүн байгаа. Нэг нь би, нөгөө нь миний багш Д.Октябрь, бид хоёр.

-Спорт хүний бүх төрлийн сэтгэл хөдлөлийг гаргаж чаддаг. Тамирчдын гаргаж буй сэтгэл хөтлөл, эмоцыг гэрэл зурагт үлдээнэ гэдэг амаргүй ажил гэж бодож байна. Сайн зураг дарахын тулд та хэрхэн ажилладаг вэ?

Олимп бол хамгийн хариуцлагатай бөгөөд хамгийн хором алдаж болохгүй мөч, том цэг нь. Спортын гэрэл зургийн онцлог нь тухайн спортоо мэдрэх байдаг. Тамирчнаас ямар үед ямар эмоц гарах уу, дараагийн алхам нь юу байх вэ гэдгийг мэдрэх нь чухал. Мөн спорт дахин давтагддаггүй. Ахиад нэг явчихъя гэсэн юм байхгүй шүү дээ. Анхны гараа, медалийн төлөө ч бай, алинд нь ч тухайн тамирчнаас ямар ч характер гарч магадгүй учраас спортоо сайн мэдрэх ёстой. Бүх юмыг хүлээж, олон кадр даран, шүршиж аваад, тэндээс гоё агшныг буулгадаг. Устгах бол амархан. Авах нь ахиж давтагдахгүй учраас сонголт ихтэйгээр авдаг. Тэдгээрээс сонгож, хэвлэл мэдээлэлд тавина. Яг тэр агшны төлөө уралдаж ажилладаг болохоор спортын гэрэл зурагчдын дунд уралдаан сорил болдог.

449440134_7182050828564146_4303500585909843191_n.jpg

Мөн тамирчны ялж байгаа агшинд нь гоё кадр авахын тулд Дэлхийн олон улсын гэрэл зурагчидтай уралдаж авна, уралдаж тараана. Монголчууд маань хамгийн түрүүнд ялсан, ялагдсан гэх мэдээг авахын тулд хүлээдэг. Сэтгүүлчдийн бичсэн мэдээ, нийтлэлийг амьд болгоход гэрэл зураг байх ёстой. Ингэж хоёр талаасаа нийлэн, бүтэн бүтээл болдог. Бүтэн болох тал нь гэрэл зураг гэж боддог. Тиймээс сонголттой, чадвартай гэрэл зургаар хангахын төлөө ажиллана.

-Олон жил спортоор дагналаа. Маш олон зураг, кадр байгаа. Тэдгээрээс хамгийн хайртай зураг аль нь вэ?

Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д өрсөлдсөн 1800 гаруй бүтээлээс эхний 30 байрт шалгарсан зураг байдаг. Уг зураг Дэлхийн спортын гэрэл зурагчдын анхаарлыг хамгийн их татсан. Үүний өмнө миний зураг 3 дугаар байрт шалгарсан. Гэхдээ тэр 3-д орсон зургаасаа илүү 30-д орсон зургандаа хайртай. Тэр зураг бол “Токио 2020” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд 63 кг-ийн жинд алтан медаль хүртсэн Францын жүдоч Клариссе Агбегненугийн шагналын тавцанд гарч ирэн, медалиа авах үеийн зураг. Түүний нүдний цөцгийнд буусан таван цагаригны дүрстэй зураг байдаг. Би энэ зургандаа их хайртай. Энэ зургаа Дэлхийн хэмжээний зураг байсан гэж боддог. Зургаа дахь олимпдоо явах гэж байна, олон жил спортын гэрэл зураг авлаа. Энэ олимпоор олон улсын гэрэл зурагчидтай өрсөлдөхүйц Дэлхийн хэмжээний зургийн төлөө явна. 

733C57AD-1270-4FBD-811F-45F7DECA3936.jpeg

-Энэ л агшныг буулгаж чадсангүй дээ гэсэн үе тохиолдож байсан уу? Ялангуяа олимпын үеэр.

Ганцаараа явсан нөхцөлд байнга тохиолддог л доо. Жүдо дээр гэхэд тамирчин гоё барилдаад, ялах үедээ цаашаа хараад орилдог. Би наад талд нь байгаа учраас цаашаа гүйж амжихгүй шүү дээ. Гэтэл Дэлхийн томоохон агентлагууд заавал 3-4 өнцгөөс авдаг. 2021 онд Ташкент Гранд Сламд 4 гэрэл зурагчин багаараа явсан. Тэндээс манай Цогоо алтан медалийн төлөөх барилдаандаа ялсныхаа дараа цаашаа ч харж, нэг үсрээд, орилоод, уйлсан. Дөрвүүлээ байсан болохоор тухайн үеийн сэтгэл хөдлөлийнх нь кадрыг 4 талаас нь тэнцүүхэн авсан. Дараа нь хоорондоо над руу харж инээсэн, над руу харж орилсон гээд жижигхэн яриа өрнүүлж билээ. Гоё кадр авъя гэвэл багаар л ажиллах хэрэгтэй. Их спортын орон Япон, Америк, ОХУ-д гэрэл зургийн томоохон агентлагууд ажилладаг.

-Та ер нь яаж яваад гэрэл зураг авах болсон юм бэ? Энэ салбарт дурлан орсон түүхээсээ хуваалцаач.

Би хүүхэд байхаасаа л спортын нэвтрүүлэг үзэх дуртай байсан. Монгол хүн болсон хойно ялангуяа үндэсний спортын домгууд болсон бахархалт аварга, арслан, заануудын барилдааныг их үздэг. Тэдний зургийг аваад, бөөн баяр болоод, оюутан байхдаа ханандаа өлгөдөг байлаа. Тухайн үед хөлбөмбөгийн сэтгүүл гардаг байсан. Голын хуудсыг нь хайчилж аваад, яаж ингэж гоё зураг авдаг байна аа гэж их бодно. Тэгж л гэрэл зургийн хоббитой болсон. Хоббигоо хөөж, үндэсний бөхийн зураг авдаг байж байгаад, их спорт руу орсон. Анх жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дараа нь Азийн наадамд явсан. Ингэж явсаар 6 олимп, 5 Азийн наадам 7,8 Дэлхийн аваргад ажиллажээ.

621B5704-91E3-4C73-8C8B-9CEF66421AD5.jpeg

Нэг талаасаа азтай. Дэлхийн томоохон тэмцээн, уралдааныг ажлаа хийнгээ ойроос үздэг. Нөгөө талаас сонирхлоо ажил болгож, амжилтад хүрээд, төр засгаасаа Гавьяат шагнал авсан. Дэлхийгээс ч шагнал авсан. Гэхдээ гэрэл зураг өндөр өртөгтэй. Хүмүүс 6н олимпод улсын зардлаар, санаа амар зугаалаад явдаг байх даа гэж боддог юм шиг байгаа юм. Улсаас зөвхөн квот л өгдөг. Бусад бүх зардал, техник хэрэгслээ өөрөө зохицуулдаг. Сайн хань, сайн хамт олонтой учраас би амжилттай яваа. Миний эхнэр Оюунчимэг ард талын аж ахуйн ажлыг минь авч явдаг. Манайх тавилгын үйлдвэртэй. Хэрэглээ, өртөг өндөр учраас давхар бизнестэй байж тэндээсээ тэмцээний зардал, техник хэрэгслээ шинэчлэх зэрэг асуудлаа зохицуулдаг. Мөн спортыг дэмждэг ивээн тэтгэгч компаниуд, спортод дуртай монголчуудынхаа буянаар явж байгаагаас биш, улсаас мөнгө авдаггүй. Одоо Парисын олимп руу явахад манай Зоригоо гээд дүүгийн “Роял хаус констракшн" ХХК-ийн "Agarta residence" төсөл, манай найз Хосоогийн "Deutsche Welle" ХХК ивээн тэтгэж, дэмжиж байгаа. “Ах минь яваад л байх юм. Дэмжлэг туслалцаа байвал хэлээрэй. Тугаа өгөөд явуулъя. Ах нэрэлхэхгүй шүү. Кофены мөнгө аваарай” гэдэг найзууд, спортод дуртай хүмүүсийнхээ ачаар л явж байгаа.

-Өртөг өндөртэй, өөрсдөө зохицуулдаг гэж та сая хэллээ. Техник хэрэгслийн тухайд гадаадын гэрэл зурагчдын аппарат бусад хэрэгсэлтэй хэр дүйцдэг вэ?

Өмнө нь бол хэцүү л байсан. Гадаадынхан лаг лаг хэрэгсэлтэй. Бид тааруухан камертай. Тэд нартай адилхан зураг авч чаддаггүй байсан. Харин одоо энэ асуудал байхгүй. Яг л адилхан. АНУ-ын топ зурагчин юу хэрэглэж байна, бид нар адилхан хэрэгсэл ашигладаг. Манай залуучууд чанартай сайн техниктэй болсон. Өөрсдөө ч сайн хөгжиж байна. Аппарат, дурангийнхаа хүчин чадлыг 100% ашиглаж чадаж байна. Мянга сайн техниктэй байгаад, хүчин чадлыг нь ашиглаж чадахгүй бол сайн зураг авч чадахгүй шүү дээ. Үүн дээр нэмээд, мэдээж авьяас хэрэгтэй. Дуртай байх ёстой. Спортоо мэдэрч чадахгүй бол сайн бүтээл гарахгүй.

450623395_7248415555261006_497768047618861_n.jpg

-Гэрэл зураг түүхийн баримт болдог. Таны авсан зураг дотор өөр хэн ч аваагүй түүхэн зураг хэр олон байдаг бол?

-Спорт залуу насных. Ид насандаа барилдаж, тэмцээн, олимпод оролцож байсан тамирчдын үе өнгөрч, дараагийн үе гарч ирдэг. Тэд өөрсдөө багш, дасгалжуулагч болдог. Тэд нарын залуу нас, ид үеийн зургуудыг бид нар үлдээж байгаа юм. Миний өмнө сайхан гэрэл зурагчин ах нар тухайлбал Даваасамбуу ах бөхийн үе үеийн зургуудыг дарж үлдээчихсэн байна шүү дээ. Тэд байгаагүй бол домог болсон бөхчүүдийн зураг байхгүй байсан. Хоёр Мөнх аваргын Цэдэнбал даргаас шагналаа авч буй, мэхээ хийж байгаа зураг маш ховор. Гэхдээ тухайн үед байхгүй биш байсан болоод зурагнууд нь одоо үлдчихсэн. Социализмын үед ОХУ-д мэргэжилтнээ бэлтгэдэг, улсын том хэвлэлийн байгууллагууд байсан учраас тухайн үеийн зураг үлдсэн. Ингэж бидний өмнөх үеийн ах нар маань бурхны оронд очсон болон одоо амьд байгаа сайхан домгуудын зургийг нь үлдээсэн.

449727372_7207594306009798_4456260326615789730_n.jpg

Би өөрөөрөө бахархдаг. Зургаан зааны ид үеийн зургийг авч байлаа. Тэрний өмнө Дамдин аваргатай ярилцлага хийж байгаа үеийн зургийг, хоёр Мөнх аварга, Цэрэнтогтох аваргын зургийг авсан.

Тухайн үед радио, телевизийн нэрэмжит аваргуудын барилдаан болоход тэр аваргуудын хөөрөлдөж байгаа үеийн зургуудыг авч байсан юм. Одоо барилдаж байгаа бөхчүүдээс “Дамдин аваргатай уулзаж байсан уу?” гэхээр “Үгүй. Домог шүү дээ” гэдэг.” Би Дамдин аваргын зургийг авч байсан” гэхээр “Өө тийм үү” гэдэг. Би гэхэд Жамъян аварга, өөр томчуудыг мэдэхгүй шүү дээ.

Тэгэхээр “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг шиг түүхийн агшныг аргамжаад үлдээж байгаа энэ гоё хобби, энэ гоё мэргэжлээрээ маш их бахархаж явдаг.

-Та 20 гаруй жилийн турш спортын олон сайхан зураг авч, түүхэнд мөнхөлж байна. Шавь бэлтгэж байна уу. Гэрэл зургаар дагнан ажиллаж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?

Олон залуучуудыг бэлтгэж байна. Сайхан, гоё зураг авдаг дүү нар зөндөө. Спортоо дагнаад нэг нь сагс, нэг нь волейболоо, нэг нь бөхөө авч байна. Жаахан мэдэгдэхүүнтэй болоод ирэхээр өөр бусад спортын зургийг аваад явдаг. Азийн наадамд квотын тоо харьцангуй гайгүй. Гэхдээ улсаас мөнгө өгдөггүй учраас зардал олох зэргийн асуудал гарна. Спортын гэрэл зураг хэрэглээ өндөр, мөнгө олдоггүй. Тиймээс ажилдаа дуртай байх ёстой. Дуртай хүмүүс нь аандаа шалгараад үлддэг юм. Нэг хэсэг нь зураг авч байгаад мөнгө олохгүй, дурангаа сайжруулж чадахгүй байна гээд өөр төрлөө хөөгөөд явчихдаг.

Яг чиглэлээ барьж аван ажиллаж байгаа залуучуудтай миний бие хамтарч ажиллахад бэлэн. Миний техник хэрэгслээс хүмүүс аваад ашигладаг. Үнэхээр асуусан хүмүүст том дурангаа өгөөд л явуулдаг. Дараа нь том том спортын тэмцээнүүдэд дагуулж явах боломжийг нь олгож байгаа. Тухайн спортдоо л  үнэнч явах ёстой. Тэгж байж л амжилтад хүрнэ.

451024041_7252476504854911_6256793858081386017_n.jpg

-Монголд гэлтгүй ер нь аль ч улс оронд оюуны өмчийн асуудал их гардаг. Авсан зургийг тань зөвшөөрөлгүй ашиглах тохиолдол хэр гардаг вэ. Энэ тал дээр таны ямар бодолтой байдаг вэ?

Спортын оддын тухай ямар нэг сенсаац гарахад тэр чигтээ миний зурагнуудыг ашигладаг. Тэр болгонтой заргалдаад явалтай нь биш, заргалддаггүй. Хамаагүй аваад өгчихдөг. Гэхдээ нэг зургийн ард түүнийг босгосон түүх, зардлыг харвал асар том бүтээл байдаг. Зардлаа гаргаад, яваад аваад, өчнөөн хөдөлмөрлөж дарсан гоё кадрыг бүгд аваад “Сүртэй юм бэ! Фэйсбүүкээр явж л байдаг шүү дээ” гэдэг. Үүний цаана байгаа хичээл, зүтгэл, хөдөлмөрийг үнэлдэг, ойлгодог байгаасай гэж боддог.

Нэг үеэ бодвол бас өгдөг, авдаг нэр, авторыг нь дурддаг болжээ. Зөв голдиролдоо харьцангуй орж байгаа. Энэ тал дээр Монголын гэрэл зургийн холбоо, Спортын сэтгүүлчдийн холбоо маш сайн ажиллаж буй. Монгол Улс маань хөгжиж байна. Залуучууд маань энд тэнд сураад, толгойгоо цэнэглээд ирж байгаа учраас хүний бүтээлийг хамаагүй ашиглаж болохгүй гэдгийг ойлгож байгаа юм. Саитууд болон хэвлэл мэдээллийнхэн үүнийг ухамсарлах хэрэгтэй.

383090022_6049246678511239_8999675759191971943_n.jpg

Гэрэл зурагчид өөрсдөө зардлаа гаргаад явж байгаа учраас жижиг гэрээ хэлцэл хийгээд, ивээн тэтгэгч байгууллага, компаниудыг дурдаж байх хэрэгтэй. Дэлхийн аварга, хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр компаниудын реклам явдаг шүү дээ. Тэдний буянаар спорт хөгжиж байдаг. Тиймээс миний бие 33 дахь олимпод явахад дэмжиж байгаа ивээн тэтгэгчдийнхээ логог дарсан зургандаа тавина гэж бодож байгаа. Зурган дээрээ дурдахгүй бол өөр дурдах боломж надад байхгүй. Спортыг дэмжиж байгаа байгууллага, залуучуудыг алдаршуулж, дурсах ёстой.

193328871_3542149142554351_9074989702311304075_n.jpg

Бичлэг үзэх:

Санал болгох

Д.Ундраа: Дэлхийн улсуудын номер 1 асуудал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал байдаг

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.

16 өдрийн өмнө
Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

Тамхичин хүн тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад, хавдраар 5-25 дахин илүү өвддөг. Мөн умайн хүзүүний хавдар үүсгэгч хөхөнцөр вирус ам, залгиурын хавдар үүсгэдэг.

1 сарын өмнө
Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Ч.Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм. Монголын спортын түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөгч түүн шиг өвөл, зуны 5 олимпын наадмыг сурвалжилсан гэрэл зурагчин байхгүй. СГЗ Ч.Ганбат өдгөө 6 дахь олимпдоо буюу “Парис 2024” рүү хүлгийн жолоо залах гэж байна.

2 сарын өмнө
Нийслэлийн хэмжээнд тарьж  буй Лили, Алтанзул цэцгийг иргэд хулгайлах болжээ

Хотын менежер Ц.Төрхүү олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлжээ. Тэрээр “Сүхбаатарын талбайд үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна. Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юмаа.

3 сарын өмнө