Д.Ундраа: Дэлхийн улсуудын номер 1 асуудал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал байдаг

2024 оны 8 сарын 232024-08-23
Д.Ундраа: Дэлхийн улсуудын номер 1 асуудал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал байдаг

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.

---------------------------------------------------------------------------------------------------------

-Сүүлийн жилүүдэд хүүхэд хамгааллын чиглэлд төрөөс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?  Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Төрийн туслалцаа, дэмжлэг эзэндээ хүрч чадаж байна уу?

-Манай улс нийт 3.5 сая хүнтэй. Үүний 38 хувь нь буюу 1.3 сая нь хүүхэд. Монгол Улсын нийт хүүхдийн 25-30 орчим хувь буюу  370.000 мянга гаруй хүүхдүүд зайлшгүй төрийн туслалцаа, дэмжлэг, хамгаалал шаардлагатай  нөхцөлд амьдарч байна. Жишээ нь: Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 138,000 хүүхэд байгаагаас 58,380 хүүхэд нь аюултай хөдөлмөр эрхэлж байна.

Төрөөс олгодог хүнсний талонд хамрагддаг 47,530 хүүхэд /сар бүр 8000 төгрөг/ халамжаас олгодог мөнгөн тусламж авдаг 13,000 мянган орчим хүүхэд байна.

Монгол улсад хүүхдийн ядуурал нэмэгдэж 5 хүүхэд тутмын 2 нь хоол шим тэжээл, боловсролын доройтол, хүүхдийн ядууралд өртсөөр  байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан 5 дугаар сарын 23 ны өдөр мэдээлсэн.

Засгийн газар хүүхдийн салбараар сүүлийн жилүүдэд тоглож намынхаа цүнх баригчдын даргын дамжаа болгож 6 жилийн дотор 6,7 даргын түр орлон гүйцэтгэгчийн нүүр үзэж буй нь ил болсон асуудал. Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн мөнгийг хамгаалал шаардлагатай хүүхдэд зарцуулдаггүй зөвлөгөөн, семинар, сургалт, цугларалт нэрээр үргүй зарцуулдаг. 2020-2023 онд 8 тэрбум, 2024 онд Хүүхэд хамгааллын зардалд 14,3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн боловч зориулалтын бусаар үр дүнгүй зарцуулж одоо 8 тэрбум төгрөгийг зарцуулсан талаарх мэдээлэлтэй байна. 2024 оны 3 дугаар улирал дундаа ороод явж байхад Улсын хэмжээнд гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэж ажилладаг сум, баг, хорооны 830 гаруй Хамтарсан багт кейс шийдвэрлэлтийн зардлыг нийслэл, дүүрэг, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас журмын дагуу  олгоогүй байна.

2024 оны 1-4 дүгээр сард цас зуд, 5 дугаар сараас төрийн албан хаагчид нэр дэвшигчийг сурталчлах ажилд аймаг, дүүрэг, сум, хороо, баггүй явж ажилласныг хэн хүнгүй мэдэж байгаа.

Монгол улсад Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, охидын хүсээгүй төрөлт, жирэмслэлт, үр хөндөлт, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, бэлгийн, хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл нэмэгдэж, өдөр болгон хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил гарсаар байвч дорвитой урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хохирогч хүүхдүүдийг хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг хийлгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх, эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүй, сэтгэл заслын эмчилгээг нэг дороос үзүүлдэг Төрийн ганц төв одоо болтол байгуулаагүй, хохирогч хүүхдэд үзүүлэх хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар, хүртээмж, салбар хоорондын уялдаа холбоо гэж ярихаас ч ичмээр байна.

Нэгдүгээрт Хүүхэд, Бүхнийг Хүүхдийн Төлөө

ХООСОН ЛООЗОНГОО ХЭЗЭЭ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЮМ БОЛ ДОО ТӨР МААНЬ.

12 насандаа 2 дахь удаагаа үр хөндүүлэх гээд явж байгаа охины талаарх эмэгтэйчүүдийн эмчийн яриаг энэ хаваржин хэн хүнгүй сонссон боловч Төр ч тэр хэн ч юу хийгээгүй шагшраад л өнгөрцгөөсөн.

2022 онд 626 өсвөр насны охид,

2023 оны 9 сарын байдлаар 435 өсвөр насны охид үр хөндүүлсэн.

2022 онд 10-14 насны 22, 15-19 насны 2386 охин

2023 оны 9 дүгээр сарын байдлаар  10-14 насны 18, 15-19 насны 1588 охид төрсөн байна. Энэ бол албан ёсны тоо.

Нууцаар бүртгэлгүй, үр хөндүүлсэн бага насны хичнээн охид байгааг хэн ч мэдэхгүй байна.  Жил бүр өсвөр насны 7000-8000 охид жирэмсэлдэг.  Үүний 60 гаруй хувь нь үр хөндүүлж, үлдсэн охид хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хүүхдээ төрүүлж бага насандаа ээж болдог. Тэгэхээр жил бүр 10-19 насны 3500-4000 охид үр хөндүүлж байгаа нь Дэлхийд гайхагдах  ЭМГЭНЭЛТ ҮЗЭГДЭЛ биш гэж үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2024 оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ чуулган дээр энэ бодит асуудлыг сөхөж тавьж ярих хэрэгтэй гэж бодож байна.

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа бэлгийн хүчирхийлэл ихээр үйлдэгдэж байна. Энэ талаар?  

-Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оноос 30 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Үүний нэг жишээ нь дээр дурдсан насанд хүрээгүй охидын жримслэлт, үр хөндөлт, төрөлтийн хэд нь бэлгийн хүчирхийллийн золиос гэдгийг хуулиар үүрэг хүлээсэн салбар агентлагууд, асуудал хариуцсан Төрийн албан хаагчдын хэн нь ч мэдэхгүй байна.

2018 - 2024 оны 7 дугаар сарын байдлаар Монголд улсад хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4220 үйлдэгдсэнээс Эрүүгийн хуулийн 12.1 заасан гэмт хэрэг 3365 бүртгэгдсэн ба 2024 оны хувьд 29.6% өссөн үзүүлэлттэй байна.

Насанд хүрээгүй охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, шүүхийн шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлтэй холбоотой 2018 оны 12 дугаар сард Улсын ерөнхий прокуророос энэ асуудал гарахад заавал хэрэг үүсгэж шалгаж байх чиглэлийг ЦЕГ, аймаг, дүүргийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байдаг боловч энэ асуудалд төдийлөн ахиц дэвшил гарахгүй зарим аймаг, дүүрэгт хэрэг үүсгэж шалгахгүй хөрсөн дээрээ салбар хоорондын уялдаа холбоо байхгүй сэтгэл хандлага, зүтгэл ч алга байна даа.

Илрээгүй нуугдмал хичнээн хэрэг байгаа бол охидын хүсээгүй жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчтэй хүүхэд гээд бүгдийг нь хэн шалгах, хянах үүрэгтэй вэ, тухайн жирэмсэн охиныг үзэж байгаа эмч яагаад хуулинд заасан мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна вэ мэдсэн мөртлөө мэдээлэхгүй байна уу эсвэл өөр шалтгаан байна уу. Охидын үр хөндөлтөнд хэн хяналт тавьж ажиллах вэ? гээд асуудал маш их байна. Эдгээр хохирсон хүүхдийн хэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадсан бол, хэдэн хүүхдэд кэйс нээгээд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байгаа бол?  Хохирогч хүүхдэд үзүүлсэн үйлчилгээг хангалттай, үр дүнтэй гэж хэлэхэд хэцүүхэн л байна.

Тиймээс төр засгийн зүгээс насанд хүрээгүй охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэл, цахим бэлгийн дарамт, шүүхийн шинжилгээ, цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хүүхдийн тусламжийн 108, 102, 103 утасны дуудлага, судалгаа, нотолгоонд суурилсан төлөвлөлт, хяналт үнэлгээ, дүн шинжилгээ хийж анхаарч ажилласнаар бэлгийн хүчирхийллийн эсрэг үр дүнтэй ажил хийж чадах юм.

Мөн сүүлийн жилүүдэд хүйс харгалзахгүй бэлгийн хүчирхийлэлд өртөж, эрэгтэй хохирогч хүүхдийн тоо нэмэгдсэн. Жишээлбэл, нийгмийн анхаарлыг татсан асрамж, халамжийн төвд гарсан хөвгүүдийн хэрэг болон ламхай хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн дуулиант гэмт хэрэг. Илрээгүй маш олон гэмт хэрэг байсаар байна. Манай бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв” - д үйлчилгээ авах хүсэлтэй хамгаалах байранд амьдрах хүсэлтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэд хэдэн эрэгтэй хүүхэд хандаж ирсэн. Заримыг нь хамгаалах байрандаа хүлээн авч үйлчилгээ, зөвлөгөө өгч ажилласан.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлдэг ба хүүхдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээх, эдийн засаг, сэтгэл зүй, бие махбодийн хохирлыг тооцох, нөхөн сэргээх цогц үйл ажиллагаа явуулдаггүй, хохирогч хэвээр нь үлдээж байгаа нь одоо ч үргэлжилсээр байна.

Ялангуяа хүчингийн гэмт хэрэг илэрсэн даруйд хохирогч хүүхдийг буруутгах, доромжлох, гутаах, шоолж дээрэлхэх, сонирхож сонжих зэрэг сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нутаг орныхны зүгээс олон гарч ирдэг учир, байгаа орчноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хувьд дэмжих, буруутгахгүй байх, аюулгүй газар, хамгаалалтанд байгаа гэдгийг итгүүлэн, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, мөн энэ хугацаанд гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн хямралаас гаргах үйлчилгээ, дам хохирогч болсон нутаг дэвсгэрийн хүн амд нөхцөл байдлын учир шалтгааныг ойлгуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх чадавхийг бэхжүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бусдын эрхшээлд орж, бие махбодийн хувьд бүрэн бүтэн байдлаа алдаж, сэтгэл санааны хувьд доромжлогдож, гутаагдсанаас үүдэн өөртөө итгэлгүй болж, зан үйлд нь өөрчлөлт орох, бусдад өширхөх, амиа хорлох, боловсролоос хөндийрөх, улмаар биеэ үнэлэх, жирэмслэх, бэлгийн замын халдварт өвчин тээх, гэрээсээ болон амьдран суугаа орноосоо дайжих, худалдагдах, дараагийн хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох нь цөөнгүй байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хууль ёсны эрх ашгийг бүрэн  хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа, урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ, гэмт хэрэг үйлдэгдсэн орчноос нь тусгаарлах, тухайн нөхцөл байдлыг мартахад тус болох өөр орчинд хүүхдийг хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хэрэг шийдэгдтэл хүүхдийг түр хамгаалах байр, нөхөн сэргээх төвүүдэд байрлуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн, бие махбод, сэтгэл санааны хохиролыг заавал барагдуулдаг механизмыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажил хийгдэж байгаа боловч ахиц дэвшил бага байна.

-Таны хувьд хэдэн оноос хүүхэд хамгааллын чиглэлд ажиллах болов. Танай хүүхэд хамгааллын “Үжин төв”- өөр үйлчлүүлэх хүсэлтэй гэр бүл, хүүхэд ирдэг гэж байна. Тэдгээр хүүхдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Миний бие боловсрол, нийгмийн хамгааллын салбарт 24 жил ажиллаж байгаа ба 2009 оноос хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тодруулбал “Хүүхдийн эрх хамгаалал төв” ТББ-д гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн, хүүхдэд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ажил мэргэжлийн чиг баримжаа, амьдрах ухааны төрөл бүрийн сургалт, төсөл бичих, бизнес эрхлэх, мэргэжлийн ур чадвар олгох зэрэг сургалтуудыг зохион байгуулж хүчирхийллийг даван туулах, бие даан амьдрах ур чадварт сурган ажиллаж эхэлсэн.

Монгол улсад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг урт хугацаанд нөхөн сэргээх, хариу үйлчилгээ үзүүлэх дагнасан төв байдаггүй. Тиймээс 2018 оноос бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх “Үжин төв” нэртэй хамгаалах байрыг байгуулан ажиллаж эхэлсэн. Манай төвд 4-17 насны бэлгийн хүчирхийллийн хохирогч эрсдэлийн түвшин хамгийн өндөр хүүхдүүд үйлчилгээ авахаар ирдэг. Энэ хугацаанд хамгийн бага үйлчлүүлэгч нь дөрвөн настай ээжтэйгээ ирж үйлчилгээ авч байсан охин байна. Энэ мэт зайлшгүй дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд 15 төрлийн цогц үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Энэ төрлийн үйлчилгээг бий болгохын төлөө дуу хоолой болон шүгэл үлээн ажилласаар ирлээ. Ажилд маань тодорхой үр дүнд хүрч 2020-2024 оны  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх бүсчилсэн төвийг байгуулна гэж орсон боловч өнгөрсөн дөрвөн жилд  Засгийн газар энэ амлалтаа биелүүлээгүй. Үүнээс Засгийн газар хүүхэд хамгааллын чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгааг харж болно.

-Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн талаар мэдээлэл өгөөч?

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1- д заасан хүүхдийн эрхийг хангах талаарх салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс_урьдчилан_сэргийлэх, хүүхэд#хамгаалал, хөгжлийн талаарх төрийн_бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгуулллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажилладаг. Монгол Улсын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажилладаг.

Өнгөрсөн долоо хоногт Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын шинэ сайд Б.Энх-Амгалантай Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн хамт очиж уулзсан.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүний хувьд Л.Энх-Амгалан сайдаас хэд хэдэн асуулт асууж, тодорхой хэдэн санал дэвшүүлснийг та бүхэндээ тодруулбал:

 1. Монгол Улс Гэр бүл-Хүүхдийн мэдээллийн нэгдсэн сантай хэзээ болох вэ? Энэ ажил 2023 оноос яаман дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн ямар шатандаа явж байгаа вэ.

2. Хүүхэд хамгааллын тухай шинэ хууль 2024-01-17 нд батлагдсан. Энэхүү хуульд туссан хүүхдийг Цахим хувийн хэрэгжүүлэх  Цахим хөгжлийн яам, танай яамны ажил ямар шатанд явж байгаа вэ?  9 дүгээр сарын 1 нд хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой энэхүү ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

3. Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтэнд шаталсан арга хэмжээ авах, цахим хувийн хэрэгт бүртгэх бэлтгэл ажил хийгдсэн үү.

4. Хилийн чанадад амьдарч буй 230.000 иргэн 60.000 гаруй мянган гэр бүл, хүүхдийн нэгдсэн үнэн зөв бүртгэл, мэдээллийн сан бий юу? Хилийн чанадад эрх нь зөрчигдсөн хүн, хүүхдийн асуудлыг анхаарах

5. 2024-04 дүгээр сард Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс яамдад өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тайланг үзэх хүсэлтэй байна.

6. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх Улсын ганц төв байгуулах ажлыг хэрхэн шийдвэрлэх вэ? МУЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг урт хугацаанд нөхөн сэргээх бүсчилсэн төв байгуулах тухай заалт огт хэрэгжээгүйд анхаарч ажиллана уу.

7. Хамтарсан багийн санхүүжилтийн асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Үүнд "Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх, аргачлал, үйлчилгээний зардлын норматив" журмын дагуу хичнээн Хамтарсан багт хичнээн кейст Хүүхэд хамгааллын хэдэн төгрөгний зардлыг олгосон бэ?

  • Шуурхай тусламж, үйлчилгээний зардлын нормативаар
  • Гэр бүлийн орчинд хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний нормативаар
  • Хүүхдийг түр гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний нормативаар
  • Урьдчилан сэргийлэх үйлчилгээний зардлын суурь индексээр
  • Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний нормативаар хичнээн кейст санхүүжилт олгоснийг аймаг, дүүрэг, нийслэлээр 2022 оноос хойшхи тайланг сайд та авч үзэн журмын хэрэгжилт ямар байгаад дүн шинжилгээ хийж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, олон нийтэд ил болгох

8. Зуслангийн санхүүжилтийг 2020 оноос хойш аль аймаг, дүүрэг, нийслэлийн ямар зусланд хэдэн төгрөгний санхүүжилт олгоснийг нээлттэй болгох

9. Хүүхдийн эрхийн улсын байцаагчдын эрх хэмжээ, цалин, чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн хамгааллын асуудлыг анхаарах

10. Хувийн бага болон дунд сургуулиуд дахь хүүхдийн эрхийн зөрчил, нийгмийн ажилтан ажилладаг эсэх, нийгэм- сэтгэл зүйн үйлчилгээний өнөөгийн байдалд хяналт үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай байгааг анхаарч хамтран ажиллах

11. Хүүхдийн тусламж утас - 108 төвийн үндсэн чиг үүрэг, зөвлөгөө өгөх арга аргачлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах

12. Хөгжлийн бэрхшээлтэй Төрийн зайлшгүй тусламж шаардлагатай гэртээ байх боломжгүй, асрамж, халамжийн төвд ч байх боломжгүй хүүхдүүдийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? / орчин тойрны хүмүүст аюул учруулах хэмжээнд байгаа яам, агентлаг, аймаг, дүүрэг нь ч шийдэж чадахгүй байгаа тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн асуудлыг анхаарч нааштай шийдвэрлэх тал дээр анхаарах/ 13. Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх Сургалт, судалгаа мэдээллийн төвийн үйл ажиллагаа анхаарах, байгуулагдсан цагаас хойшхи Монголын Гэр бүл, хүүхдийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, тайлан, статистик тоон мэдээлэл ил тод биш, салбарын хүний нөөцийг чадавхжуулах үйл ажиллагаа сул байгааг анхаарах гэх мэт асуулт асууж, асуудал дэвшүүлэн санал бодлоо солилцсон.

Хариуг хэзээ албан бичгээр өгөх эдгээр асуудалд үр дүн гарган хэрхэн ажиллахыг сайн мэдэхгүй байгаа ч шаардсаар л байх болно.

-Хүүхэд хамгааллын зардалд жилд төрөөс хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?

- 2018 онд 5 тэрбум, 2019-2023 онд 8 тэрбум, 2024 онд хүүхэд хамгааллын зардлыг 14.3 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Гэтэл 2024 онд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүүхэд хохирсон гэмт хэрэг  30-40 гаруй хувиар өссөн байгаа боловч урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариуй үйлчилгээ үзүүлсэн байдал нь маш хангалтгүй байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Б.Энх-Амгалан сайдтай уулзаж 2020 оноос хойш анхан шатны нэгжээр дамжуулж хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хэчнээн төгрөгийг хэдэн кейст яаж зарцуулсан бэ гэдгийг 21 аймаг есөн дүүргээр нь, ангилал тус бүрээр нь задалж гаргаж өгөхийг хүссэн.

Монголын Төр зайлшгүй туслалцаа дэмжлэг шаардлагатай гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх цогц арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй боловч үр дүн төдийлөн гарахгүй байна. 2024 оны 1-4 дүгээр сар хүртэл улс орон даяар цас, зудын байдал руу шилжсэн. Тавдугаар сараас сонгуулийн ажил руу орсон. Гэтэл 14.3 тэрбум төгрөгийнх нь 8 тэрбум нь зарцуулагдсан очих ёстой хүүхэддээ хүрээгүй байгаа нь харамсалтай байна.

-Нийслэл болон аймаг дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж байдаг. Хэр үр дүнтэй ажиллаж байна гэж харж байна?

- Хүүхэд хамгааллын хуулиар нийслэл, аймаг, дүүрэг бүрд Засаг даргын орлогчоор ахлуулсан гэмт хэрэг үйлдсэн, оролцсон, хохирогч хүүхэд үйлчилгээ үзүүлэх, ажиллах ёстой дан дарга нараас бүрдсэн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо үнэндээ ажлаа хийхгүй байна, тэнд сэтгэлтэй дарга нар ч цөөхөн байна. Тэр нялх жаахан хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болчихоод байхад дарга гэдэг бодлоо хаяад эх хүн, эцэг хүний үүднээс хандаад сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй байгааг үнэндээ ойлгох ухаан  алга. Зунжингаа сонгуульдсаар байгаад дарга, цэрэг нь солигдоно гээд төрийн ажил явсангүй. Одоо яаралтай гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, архины хамааралтай, дагавар, тавиул, хараа хяналт сул  эрсдэлтэй гэр бүл, хүүхдийн судалгааг гаргах, хүчирхийллийн эрсдэл байгаа эсэхийг судалснаар далд, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

Жишээ нь тус Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нийт хийсэн хурлын тоо, үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо энэ оны 7 дугаар сарын  байдлаар гэмт хэргийн хохирогч болсон 1859 /41% өссөн/ хүүхэд, гэмт хэрэг үйлдсэн 822 /26% өссөн/ хүүхэд, гэмт хэрэгт оролцсон  657 /1% өссөн/ хүүхэд гэмт хэрэгт оролцсон хүүхдийн тоотой харьцуулахад хангалтгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь Монгол улс, нийслэл, аймаг, дүүрэг, сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил ямар байгааг харуулж байна.

Гэмт хэргийг бууруулах ажлыг төр засгаас анхаарах зайлшгүй шаардлага үүсээд байна. Ядаж урьдчилан сэргийлэх гол үүрэгтэй Цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх төсвийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүтэн жилийн хугацааны 50 сая төгрөгөөр үр дүнтэй ямар ажил хийх юм бэ.

Хүүхэд гэмт хэрэгт өртсөн, хохирсон, бэртсэн, гэмтсэн, амь насаа алдсан гэмт хэрэг, хүчирхийлэл буурах биш нэмэгдээд байгаад л бид анхаарал хандуулж, хөрсөндөө буусан бодитой, эдийн засгийн тооцоо судалгаатай ажлуудыг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна.

Эрсдэлт нөхцөл байгаа, хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй ажиллах арга зүй,  кейсийг үр дүнтэй хаах хүртэл нь ажиллахад дутагдаад байгаа хүний нөөц, хөрөнгө, санхүү, эрх мэдэл, цаасан дээр буусан ч хөрсөндөө буух боломжгүй журам, стандартаа биелүүлж болохуйцаар шинэчлэж, мэргэшсэн ажлаа мэддэг хүнээр Хүүхэд хамгааллын салбарын удирдлагаар томилж, анхан шатанд ажиллах хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх, цалин, нийгмийн хамгаалал, ажиллах нөхцөл бололцоог нь хангаж өгөх хэрэгтэй байна.

-Хүүхдүүд хаана илүү их хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөж байна?

-Хүүхдүүд гэр бүлийн орчинд хамгийн их хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөж байна. Үүнийг хүүхдийн тусламжийн 108 утасны жил бүрийн дуудлага, Цагдаагийн газрын статистик мэдээллээс харж болно.

Иймд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  03 дугаар тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуй нэгж байгууллагууд дэргэдээ Эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах, мөн бүхий л байгууллагуудыг Хүүхэд хамгааллын бодлоготой болж хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхэд ээлтэй орчин бүрдүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд, хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, мэдлэг, хандлага, төлөвшүүлэх, нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр “Эцэг эхийн зөвлөл” –үүд ажиллах ёстой болсон.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 43.3. Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ гэж заасан боловч хөрсөн дээрээ хэрэгжихгүй байна.

Аливаа төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт хүүхэд өртөх явдлыг бууруулахын тулд гэр бүл  рүү чиглэсэн төрийн зөв бодлого, хүүхдийг бага наснаас нь эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй, гэр бүлийн, бэлгийн, санхүүгийн боловсрол, амьдрах ухааны, харилцааны, хөдөлмөрийн, үндэсний өв уламжлал, эрх зүйн боловсрол олгох, мэргэжлээ зөв сонгох гээд цогц бодлогыг бий болгох шаардлагатай гэж харж байна. Хүүхэд болгон математик ч болохгүй хүүхэд болгон эцэг, эх болно гэдгийг л санах хэрэгтэй.

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо хамгийн чухал. Иймд хүүхдийнхээ дэргэд хэрэлддэггүй, архидан согтуурдаггүй, үгээрээ биш үйлдлээрээ үлгэрлэдэг эцэг эхчүүд олон болоосой гэж боддог. Миний хүүхэд хүчирхийлэл гэмт хэрэгт өртөөгүй бол болоо гэж боддог аминч үзлээ хаях хэрэгтэй. Ирээдүйн хүргэн бэр чинь ямар амьдралд ямар орчинд өсөж торниж байгааг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор хүн бүр л хүүхдийн асуудалд чин сэтгэлээсээ хандах цаг ирээд байна.

-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийг бууруулах ямар арга зам байна вэ. Ямар ажлыг хийснээр буурах боломжтой вэ?

-Нэг жилийн төлөвлөгөөтэй бол будаа тарь.

Арван жилийн төлөвлөгөөтэй бол мод тарь.

Зуун жилийн төлөвлөгөөтэй бол хүүхдээ зөв хүмүүжүүл гэх үг бий. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжих үед Монголын төр гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн бодлого, гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хөгжил, хамгааллын асуудлыг хөсөр хаясан. Одоогийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж, тоо нь өсөж байгаа нь үүнтэй холбоотой. Гэмт хэрэг үйлдэж буй залуусын насны ангиллыг харвал 15-44 насныхан хамгийн өндөр үзүүлэлттэй байна шүү дээ. Тиймээс Монгол төр гэр бүл, хүүхэд залуучууд аа анхаарч тогтолцооны өөрчлөлт, хүний нөөцийн бодлого, нийгмийн хамгааллын асуудал зэргийг үндсээр нь өөрчилж шинэчлэх хэрэгтэй байна.

Бид энэ цаг үедээ хүүхдийг хайр, халамж, хоол хүнс, орон байр, хувцас, чанаргүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал гээд олон зүйлийг анхаарахгүй бол 2040 онд ч энэ асуудалтайгаа нүүр тулсан хэвээр үүнээс бүр дордсон байх болно гэдгийг хэлмээр байна.

Тиймээс л хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгааллын асуудлыг энэ цаг үед нь анхаараад, бодлоготойгоор хөгжүүлэхгүй бол өнгөрсөн алдаагаа давтах болно.

2025 оны улсын төсвийг хэлэлцэж байгааг харахад яг гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн, ямар ажлууд хийгдэх нь төдийлөн харагдахгүй байна. Ордон, байшин, сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал мянга бариад тэрэн дотор ажиллах хүнээ бэлтгээгүй цагт хөгжил дэвшил яриад хэрэггүй л болов уу.

Зарим сумдаар яваад үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Сумын дотуур байранд хамрагдах боломжтой 70 хүүхэд байхад 150 хүүхдийн багтаамжтай дотуур байр барьсан байх жишээтэй. Дотуур байрны тал нь хоосон дулаан, цахилгаан гээд үргүй зардал гарч байна. Тиймээс төсвөөс санхүүжилт гаргаад барьж байгаа байшин барилга, сургууль цэцэрлэг, дотуур байрыг бариулахдаа тооцоо судалгаа сайн хийж байгаач ээ.

Хүчирхийллийн хохирогчыг хамгаалах 14 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв байгаа боловч эдгээр хамгаалах байранд ажиллах хүний нөөц, цалин, хоол хүнс гээд санхүүжилтийн асуудлыг нь шийдэж өгөөгүй дийлэнх нь Цагдаа, Эрүүл мэнд, ХГБХХГ-ын дэргэд хохирогчид үзүүлж байгаа үйлчилгээ нь төдийлөн үр дүнгүй, хүний нөөц нь мэргэшээгүй, тогтворжихгүй байна.

Одоо л Монгол улсын ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, нийслэл, дүүрэг, аймаг, сумын Засаг дарга нараар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, ИТХ-ын дарга нараар ахлуулсан Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, сум, баг, хорооны Засаг даргаар ахлуулсан Хамтарсан баг, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр ахлуулсан Хүүхэд хамгааллын багууд оновчтой төлөвлөлттэй, шуурхай ажиллаж, зорилтот гэр бүлд амьдарч буй, эрсдэлт нөхцөлд байгаа, хүчирхийлэлд өртсөн, хүүхэд, гэмт хэрэг үйлдсэн, оролцсон, хохирсон хохирогч хүүхдэд эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх,  эрт шатанд илрүүлэх, заавал мэдээлэх, нийгмийн халамжийн туслалцаа дэмжлэг, нийгмийн ажлын цогц үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллах нөхцөл байдал бий болоод байна.

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой цэцэрлэг, сургуулийн “Хүүхэд хамгааллын баг”-ийн үйл ажиллагаа эрчимжүүлэх, цэцэрлэг, сургууль бүр хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд үүрэг хүлээсэн талуудад, ХТУ-108 утсанд заавал мэдээлэх, хүүхэд бүрийг бие махбодийн шийтгэл, дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, суралцагчдыг эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, хүүхэд-гэр бүлийн судалгааг хийх, суралцагчдын  нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг  эвлэрүүлэх, зохицуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц ажиллагаа, арга хэмжээнд оролцуулахгүй байх, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, орчны аюулгүй байдал, гадаад дотоод орчны эрсдлийн үнэлгээ, бүх шатны боловсролын байгууллагын багш, ажиллагсад, нийгмийн ажилтан хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт, бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах,  илрүүлэх, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй тохиолдолд заавал мэдээлэх хуулийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахад боловсролын орчинд ажиллаж байгаа бүх хүн анхаарч ажиллахгүй бол цэцэрлэг, сургуульд сурдаг хүүхдүүд амь насаа алдсан, амиа алдсан, гэмт хэрэг, хүчирхийллийн хохирогч болсон ноцтой кейс гарсныг бид мартах учиргүй.

Гэртээ зодуулдаг, хүчирхийлэлд дунд амьдардаг хүүхдийн нүдийг нь хараад л тухайн анги удирдсан багш мэдрэх, илрүүлэх боломж байдаг боловч ангийн багшийн зүгээс илрүүлсэн кейсийн мэдээлэл хангалтгүй байдаг. Бүх анги удирдсан багш нарт анги даалтын 10%-ийн нэмэгдэл цалин олгодог. Энэ мөнгийг ангийн хүүхдийн ирц бүртгэх, анги цэвэрлүүлэх, хичээл таслалт, улирлын дүнг нэгтгэ гэж өгөөгүй гол нь ангийнхаа 30,40 хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал гээд бүхий л зүйлд анхаарч оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай иргэн болгон бэлтгэж өгөөрэй гээд өгч байгаа урамшуулал юм.

-Аймаг, сумдаар сургалт, судалгаа хийж явахад ямар асуудлууд тулгамдаж байгаа харагдаж байна?

-Өнгөрсөн онд 13 аймгийн 112 сум энэ жилийн хувьд 4 аймгийн 68 суманд ажиллалаа. Бүх л суманд адилхан тулгамдсан асуудал, бэрхшээл байна. Гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл нэмэгдсэн байна.  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа этгээдийн  зан үйлийг засах, архины хамаарлаас гаргах, эмчлэх зэрэг ажлууд нь огт хийхгүйгээр  аян өрнүүлээд сургалт, хэлэлцүүлэг хийгээд эсвэл хоол хүнс, түлээ түлш хангаж өгөөд үр дүнгүй л дээ.

Монгол улсын засгийн газар Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэн ажиллаж байна гэж байгаа боловч хөрсөндөө буухгүй байгаа нь хэдхэн жишээнээс л харагдана л даа.  Архины хамааралтай зорилтот өрхөд амьдардаг хүүхдийн асуудлыг нэг куртик, цүнх өгөөд шийдэхгүй харин ажилгүй байгаа ээжийг нь ажилтай болгох, архи уугаад байгаа аавыг архинаас гаргаж эргэн нийгэмшүүлэх, ажилтай, орлоготой өөртөө итгэл итгэлийг нэмэгдүүлснээр тэр гэр бүлд байгаа хүүхдүүдийн  асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм.

Аймгуудын эрүүл мэндийн газар, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гол ажил бол нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл зан үйл, дадал хэвшил бий болгох, ард иргэдийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажил гэж би хардаг. Гэтэл өвдсөний дараа үзээд эм бичдэг, эмнэлэгт хэвтүүлдэг байж болохгүй л дээ. Жишээ нь: Тэмбүү, бэлгийн замын халдварт өвчин, тураал, өсөлт хөгжлийн хоцрогдол, хүчирхийлэлгүй нэг ч сум, баг, хороо алга. Сум болгон дээр 20-60 гаруй архины гүн хамааралтай хүмүүс, нийт ард иргэдийн 75-85% нь шүдний цооролтой, 53-60% нь таргалттай, хүүхдүүдийн 60-80% шүдний цооролтой, нүдний хараа, сонсголын бэрхшээл, газ үнэрлэх, тамхи татах, дэлгэцийн донтолтонд хүүхдүүд өртсөөр байна. Үүнд сум, хорооны өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд анхаарал хандуулан ажиллах ёстой  хэдий ч энэ ажил руугаа төдийлөн сайн орохгүй байгаа нь ажиглагдсан. Мөн эмч үзлэгийн явцад зодуулсан цохиулсан, бэртэл гэмтлийн шархтай, өсвөр насны хүүхэд жирэмсэн ирсэн тохиолдолд хуулиараа цагдаагийн байгууллага болон нийгмийн ажилтан ХТУ-108 утсанд мэдээлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлдэг анхан шатанд эмч, эмнэлэгийн байгууллага ажилтан бага байгаад үнэхээр харамсаж байна.

Ихэнх аймгуудад салбар хоорондын уялдаа тааруу Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Шүүх, Прокуор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээ, Хөдөлмөр, халамж үйлчилгээ зэрэг чиг үүргийн агентлаг, газар, хэлтэс Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартаа хүүхэд, гэр бүл, залуучуудтай холбоотой статистик тоон мэдээллийг сар, улирал тутам өгдөггүй чирэгдэл ихтэй байдал ажиглагдсан.

ХҮҮХДИЙН ӨМНӨ НАСАНД ХҮРСЭН  БҮХ ХҮН, БҮХ САЛБАР, БҮХИЙ Л АЛБАН ТУШААЛТАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.

ӨНГӨРСӨН БОРООНЫ АРААС ЦУВ НӨМРӨХ БИШ ШҮХЭР ЗАРЧИМ БУЮУ ЭРСДЭЛД ОРОХООС НЬ ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН ХҮҮХДҮҮД ЭЭ ХАМГААЛАХ НЬ БИД БҮГДИЙН ҮҮРЭГ.

ТӨР ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ТОДОРХОЙ ҮР ДҮНТЭЙ АЖИЛ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

 

Санал болгох

Д.Ундраа: Дэлхийн улсуудын номер 1 асуудал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал байдаг

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.

25 өдрийн өмнө
Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

Тамхичин хүн тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад, хавдраар 5-25 дахин илүү өвддөг. Мөн умайн хүзүүний хавдар үүсгэгч хөхөнцөр вирус ам, залгиурын хавдар үүсгэдэг.

2 сарын өмнө
Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Ч.Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм. Монголын спортын түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөгч түүн шиг өвөл, зуны 5 олимпын наадмыг сурвалжилсан гэрэл зурагчин байхгүй. СГЗ Ч.Ганбат өдгөө 6 дахь олимпдоо буюу “Парис 2024” рүү хүлгийн жолоо залах гэж байна.

2 сарын өмнө
Нийслэлийн хэмжээнд тарьж  буй Лили, Алтанзул цэцгийг иргэд хулгайлах болжээ

Хотын менежер Ц.Төрхүү олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлжээ. Тэрээр “Сүхбаатарын талбайд үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна. Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юмаа.

3 сарын өмнө