Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

2024 оны 7 сарын 242024-07-24
Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

Д.Сарантуяа

Дэлхий нийтийн толгой, хүзүүний хавдрын эсрэг нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо жил бүрийн 7 дугаар сарын 27-ны өдрийг толгой, хүзүүний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Толгой хүзүүний хорт хавдраар жилд 900 гаруй мянган хүн өвчилж, 500 гаруй мянган хүн нас бардаг гэсэн судалгааг Олон улсын хавдрын эсрэг агентлаг гаргасан байна. Уг өвчний талаар ХСҮТ-ийн Толгой, хүзүү ба нөхөн сэргээх мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Одонтунгалагтай ярилцлаа.

- Би анх удаа толгой, хүзүүний хорт хавдрын талаар сонсож байна. Иргэд энэ хавдрын талаар төдийлөн мэддэггүй байх. Тиймээс толгой, хүзүүний хорт хавдар гэж ямар өвчин байдаг талаар ярилцлагаа эхлүүлье.

Толгой хүзүүний хорт хавдар гэдэг нь эгмээс хүзүү, гавлын сууриас доод хэсэг хүртэл амны хөндий болон залгиур эрхтэнд хамаарах өвчин юм. Үүнд тархи, мэдрэл ордоггүй. Толгой, хүзүү гэхээр хүмүүс тархи, мэдрэлийг оролцуулж андуурдаг. Дэлхий нийтээр толгой, хүзүүний хавдар гэж нэрлэдэг. Хүзүүнээс эхлээд амны хөндий, залгиур эрхтэн, гавлын суурь хүртэл 10 гаруй эрхтэнд хамаардаг хорт хавдар юм.

- Толгой, хүзүүний хорт хавдар үүсгэгч шалтгаан, нөхцөл юу байна вэ. Жилд хэдэн хүн уг хавдраар оношлогддог вэ?

Олон улсын хавдрын эсрэг агентлагаас жилд 900 гаруй мянган хүн уг хорт хавдраар өвчилж, 500 гаруй мянган хүн нас барж байна гэсэн судалгааг гаргасан. Энэ тоогоороо Дэлхийд 6-7 байрт жагсдаг өвчин. Манай Монгол Улсад мөн ялгаагүй 6-7 байрт ордог өвчин. Хүзүүнээс гавлын суурь хүртэл 10 гаруй эрхтнээс амны хөндийн хавдар зонхилон тохиолдож байна.

 Хавдрын үндсэн шалтгаан нь тамхи. Тамхи, архи хоёр нийлэхээрээ хавдрын эрсдэлийг хэд дахин нэмдэг. Тамхичин хүн тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад, хавдраар 5-25 дахин илүү өвддөг. Мөн умайн хүзүүний хавдар үүсгэгч хөхөнцөр вирус ам, залгиурын хавдар үүсгэдэг юм.

Түүнчлэн манайхны сайн мэдэх хомхойн вирус хүртэл уг хавдраар өвчлөхөд нөлөөтэй гэсэн судалгаа гарч буй. Сүүлийн үед эрэгтэй эмэгтэй, хөгшин залуугүй электрон тамхи /vape/ татаж байна. Энэ шингэн тамхи, хамрын тамхи хүртэл хамрын хөндийн ам, залгиурын хавдар үүсгэдэг нь судалгаагаар нотлогдож байна. 

- Хэд орчим насны хүмүүс голчлон толгой, хүзүүний хавдраар өвчилдөг юм бол?

Толгой, хүзүүний хорт хавдраар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1/1 ½ ¼ хүртэл өвддөг. Энэ нь тухайн хүмүүсийн хорт зуршилтай холбоотой. Олон жил тамхи татаж, архи, тамхи зэрэгцүүлэн хэрэглэснээс ийм хавдраар өвчлөх нь их байгаа юм. Ямар нэгэн эрсдэлт хүчин зүйлийн нөлөө удаан хугацаагаар давтагдвал хавдар үүсдэг. Хавдар ганцхан зүйлээс болж, хурдан үүсдэг өвчин биш. Олон жил тамхи татах, янз бүрийн хорт зуршил байна. Мөн ажил, мэргэжлийн байдлаас шалтгаалан эрэг шураг, бал харандаа, хурц үзүүртэй юм амандаа зуух зуршил ч нөлөөлдөг. Түүнчлэн эрэгтэй хүмүүс амны хөндийгөө шалгуулж, мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт бага ордог. Ер нь 50-иас дээш насны эрчүүдэд ихэвчлэн тохиолдож байна. Гэхдээ сүүлийн үед нас хэлэхэд хэцүү болсон. Хавдар залууст тусдаг болсон гэж яриад байгаа шүү дээ.

- Энэ хорт хавдраар өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хорт хавдар эхэн үедээ шинж тэмдэггүй байдаг. Тухайн хүнд мэдрэгдэх өвдөлт байхгүй гэсэн үг. Хавдар үүсэнгүүтээ өвдөхгүй байж болно. Тиймээс хүн анзаардаггүй, тоохгүй яваад байдаг. Жишээлбэл: Амны хөндийн архаг шарх байна. Шүд нь эсвэл ломбо нь эмтэрч унаад, хурц ирмэг үүсчихсэн байдаг. Тэр хурц ирмэгт байнга хэлээ үрж шархлуулдаг бол хэлний хавдар үүсэх жишээтэй. Амны хөндийн салстад ямар нэгэн байдлаар шарх үүсэх, өнгө нь хувирч өөрчлөгдөхгүй байгаа тохиолдолд заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.  Хэлээ жижиг жижиг ураад яваад байдаг, өөрсдөө анзаардаггүй хэдэн сар, жил болно. Ингээд нэлээн томорчихсон, ийш тийшээ үсэрхийлсэн хойно нь ирж байх жишээтэй. Тэгэхээр иргэд маань өөрсдөө тэмтэрч, харж, шалгаж адаглаад шүдний эмчээс хүртэл асууж байх хэрэгтэй.

- ХСҮТ-ийн Толгой, хүзүү ба нөхөн сэргээх мэс заслын тасаг энэ өвчнийг ямар шинжилгээгээр оношилж байна вэ?

ХСҮТ-д Толгой, хүзүүний кабинет нэг л байдаг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хүн ам өсөхийн зэрэгцээ эмнэлгийн ачаалал нэмэгдэж буй. Тиймээс манай эмнэлэг энэ хавдрын чиглэлээр сургалтын хөтөлбөртэй болсон. Нарийн мэргэжлийн толгой, хүзүүний мэс заслын эмч сургаж байна. Мөн эрүү, нүүр, чих хамар хоолойн эмч мэргэжлээр төгссөн эмч нар ч уг хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн сурч байгаа юм. Өөрөөр хэлбэл: Энэ эмч нар тус тусынхаа ажлын байран дээр толгой, хүзүүний үзлэг хийж байгаа. Одоо 4 кабинет ажиллаж байна. Ингэснээр үзлэгийн ачаалал, хүлээлт их байсныг бууруулж чадсан. Хагалгааны өрөөний тоо нэмэгдээгүй учраас хагалгаанд орох өвчтөнүүдийг хүлээлгэж байгаа. Гэхдээ бид өвчтөний биеийн байдал, нас, өвчний үе шатнаас нь хамаараад, яаралтай хагалгаа хийх, өвчтөнтэй ярилцах зэргээр зохицуулан ажиллаж байна. Өнгөрсөн жил 15.000 гаруй хүнд үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж, 550 хүнийг хагалгаанд оруулсан.  

- Толгой, хүзүүний хорт хавдрын үед ямар төрлийн эмчилгээ хийж байна вэ?

-Хортой хавдрын эсрэг мэс засал, хими, туяа гэсэн 3 эмчилгээ хийдэг. Хорт хавдрын хагалгаа онцлогтой. Зүгээр нэг буглаа цэвэрлээд, түүнийг аваад орхидоггүй. Дэлхий даяар тухайн өвчилсөн эрхтнийг хадгалах зарчмаар мэс засал хийдэг. Гэхдээ тухайн хүний амь насыг аврах үүднээс хийж буй хагалгаа учраас эрүүл эдийг нь оролцуулаад том хэмжээтэй тайрдаг. Яагаад гэвэл хортой хавдар ургасан бол хавдрын эс нь арьс, салстан доогуур мөлхөн, нэвчээд идээд явдаг. Тиймээс тэгж нэвчиж, идэж байгаа хавдрыг аль болох өргөн хүрээтэй, эрүүл эдийг оролцуулан авч байж, эмгэг судлалын лаборатори руу илгээдэг. Ингэснээр мэс засалчийн хагалгаа хийж авсан эдийг эмгэг судлаач эмч дахин шинжилж, эцсийн онош тавьдаг. Ингэхдээ хэддүгээр үе шатны тийм эсийн гаралтай хавдар байна. Судал, мэдрэл рүү орсон байна уу, ороогүй байна уу, тайрсан хэсэгт хавдрын эс байна уу, бүрэн авагдсан, авагдаагүй эсэхийг гаргадаг гэсэн үг юм. Энэ шинжилгээний дараа хагалгаа хийсэн хүнд цаашдаа туяа эмчилгээ хийх үү, эсвэл хими эмчилгээ хийх үү гэдгийг шийддэг. 

Бичлэг үзэх:

Санал болгох

Д.Ундраа: Дэлхийн улсуудын номер 1 асуудал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал байдаг

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.

16 өдрийн өмнө
Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

Тамхичин хүн тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад, хавдраар 5-25 дахин илүү өвддөг. Мөн умайн хүзүүний хавдар үүсгэгч хөхөнцөр вирус ам, залгиурын хавдар үүсгэдэг.

1 сарын өмнө
Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Ч.Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм. Монголын спортын түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөгч түүн шиг өвөл, зуны 5 олимпын наадмыг сурвалжилсан гэрэл зурагчин байхгүй. СГЗ Ч.Ганбат өдгөө 6 дахь олимпдоо буюу “Парис 2024” рүү хүлгийн жолоо залах гэж байна.

2 сарын өмнө
Нийслэлийн хэмжээнд тарьж  буй Лили, Алтанзул цэцгийг иргэд хулгайлах болжээ

Хотын менежер Ц.Төрхүү олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлжээ. Тэрээр “Сүхбаатарын талбайд үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна. Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юмаа.

3 сарын өмнө