Дүйчин өдөр буюу бие, хэл, сэтгэлээ шинжих нь...

2024 оны 5 сарын 232024-05-23
Дүйчин өдөр буюу бие, хэл, сэтгэлээ шинжих нь...

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, нирваан дүрийг олсон өдөр гэдэг. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

НҮБ-ын Ерөнхий ассемблей 1999 оноос тус өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурхны шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ГУРВАН ТОМ ТЭМДЭГЛЭЛТ ЯВДАЛ ДАВХАЦДАГ

Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг. Тодруулбал:

  • Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
  • Номоо номлож хутгийг олсон,
  • Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас их дүйчин хэмээн нэрлэдэг. 

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

ЭНЭ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ҮЙЛ БОЛОН ХИЙЖ БОЛОХ ҮЙЛ

Бурхан багшийн их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буян хийх учиртай. Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас жаргалтай амьдралын төлөв төвшин байдал алдагддаг. 10 хар нүгэл дотор уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлох, гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үг хэлж байх учиртай. Энэ өдөр ядаж эдгээр үйлүүдийг тэвчиж, бусад үед ч уг өдрөөр жишээлж, сайхан амьдарцгаая гэсэн гэгээлэг бодлыг л тээх хэрэгтэй" хэмээдэг байна.

САХИЛ САХИХ НЬ БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН МУУ ҮЙЛИЙГ НОМХТГОХ НЭГ АРГА

Бурхан багшийн их дүйчин өдөр муу үйл хийхгүйн тулд нэг өдрийн сахил сахидаг. Ингэхдээ өглөөнөөс эхлээд орой болтол 10 хар нүгэл хийхгүй хэмээн сэтгэлдээ амлан, цагаан хоол идэх, мацаг барих зэрэг олон аргаар сахиж болдог аж. Сахил сахих нь бидний амьдралыг доройтуулах бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхтгож, буяны зүгт хандуулах аргын нэг хэлбэр.

Мөн энэ нь бурхан багшийн үйл, намтрыг өөрийн бие дээр хэрэгжүүлж, бусдад хөнөөлгүй байхад суралцаж буй үйл хэрэг хэмээн ойлгож болох юм. Сахил сахихын цаана төгс гэгээрэлд хүрч, бурхны хутгийг ч олж болох гүн гүнзгий утга оршин байдаг тухай тэргүүн хамба Д.Чойжамц тайлбарлаж байлаа.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭ ШИНЖИХ БОЛОМЖ ОЛГОДОГ

Сэтгэл гэдэг зүйл дээр л хүмүүний аливаа үйл хэрэг тогтож байдаг. Тэр дундаа бусдыг хорлох гэсэн хомхой санаа, буруу үзэл нь сэтгэлээс гарч буй нүгэл бөгөөд хомхой сэтгэл үүсэн бий болж, хүчээ авснаар л бие, хэлийг хөдөлгөж, болохгүй бүх муу муухайг хийн, гэгээлгийг унтраахад хүргэдэг аж.

Харин Бурхан багшийн их дүйчин өдөр ийм муу үйлийг тэвчиж, сайн үйл хийх нь өөрийгөө бусармаг зүйлд холилдсон эсэх, бузар нүгэл үйлдэж байгаа эсэхээ ажиглах боломж олгож байна. Тиймээс сүм, хийдүүд Бурхан багшийн дүйчин өдрийг зориулалтын дагуу тэмдэглэх уриатай юм. Иймд иргэддээ ч энэ өдрийг ямба ёсоор нь буюу нүглийг тэвчиж, буян хурааж тэмдэглээрэй гэж уриалдаг байна.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Б.Болор

Санал болгох

Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

1 өдрийн өмнө
Монгол Улстай Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс олон оронтой байгуулаагүй

Монгол Улстай “стратегийн хамтын ажиллагаа”-г тохиролцон байгуулсан, үүнийг манай улс дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй

1 өдрийн өмнө
Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

1 өдрийн өмнө
Нэг кг хуванцрыг 400 төгрөгөөр авч байна

Нэг кг хуванцарыг 400 төгрөгөөр авч байна

1 өдрийн өмнө