О.Ганхуяг: Дүнжингаравын хийн дэлбэрэлтийн дүгнэлт одоо болтол гараагүй байгаа нь хачирхалтай

2024 оны 4 сарын 122024-04-12

Таван сар хүрэхгүй хугацаанд таван гал сөнөөгч ажил үүргээ гүйцэтгэж байгаад алтан амиа алдаад байна. Энэ нь Онцгой байдлын байгууллагын түүхэнд байгаагүй ноцтой үзэгдэл гэдгийг албаныхан төдийгүй улс даяар хэлэлцэж байна. Эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө хамгаалах үүрэг хүлээсэн баатрууд өөрсдөө ээлж дараалан эрсдэх болсон нөхцөл байдал юунаас үүдэлтэй вэ, хэрхэн засах вэ гэдэг нэн чухал асуудал болоод байгаа юм. Тиймээс энэ тухай ний нуугүй ярилцах, алдаа оноогоо зоригтой дуугарчих эрхмийг олсон нь Гал түймэртэй тэмцэх газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга асан, хурандаа О.Ганхуяг. Тэрээр Гал түймэртэй тэмцэх албанд насаараа зүтгэсэн, чансаатай цөөхөн мэргэжилтний нэг юм.

 

Capture.PNG

---------------------------------------------------------------------------------------------------

-Таван гал сөнөөгч цэл залуугаараа амь эрсэдлээ. Онцгой байдлын байгууллага юу болов гэж дээр доргүй гайхаж бас бухимдаж байна. Ер нь энэ алба дотроо нэлээд асуудалтай, алдаа оноотой, алба хаагчид гал, ус руу ороход гар нүцгэн байдаг тухай мэр сэр яригдаж эхэллээ. Ард түмнийг хамгаалдаг хүмүүс өөрсдөө эрсдээд байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг ний нуугүй ярьж өгөөч гэж  таниас хүсмээр байна?

-Маш харамсалтай байлгүй яахав. Гал усны гашуун зовлон гэж ярьдаг. Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюул осол бол гал. Би нэг зүйл дээр их гайхсан. Нэгдүгээр сард болсон хийн дэлбэрэлтийн талаар мэргэжлийн гэж байгаа Онцгой байдал хариуцсан дарга нь “Газ, газ” гэж яриад байгаа. Газ гэж юу байдгийг ойлгохгүй байна шүү дээ. Газ маш олон төрөл. Метан газ, эмнэлэгт хэрэглэдэг нүүрсхүчлийн хийн газ, азатон газ гэх мэт. Энэ яриад байгаа газ бол хүн битгий хэл улс оронд аюултай зэвсэг. Галынхан бид тусгай хими, физик үздэг. Үүнийг үзээгүй, мэргэшээгүй байж “Би энэ байгууллагыг удирдана” гэж ичихгүй орж ирж байгаа улсуудад хэлэх үг олддоггүй. Тэднийг томилж байдаг улс төрийн ажилтнууд ч хэцүү. Яахав, одоогийн удирдлагуудыг муулах шалтгаан байхгүй. Энэ хүмүүс бол улс төрийн  талаас үүрэг өгчихсөн учраас бодлого явуулж байгаа. Түүнийхээ төлөө ажиллаж ч байгаа. Харин бодлого явуулахад гуйланч царай гаргаад хэрэггүй. Нэг улсад очдог, хөнгөлөлттэй зээлээр техник хэрэгсэл авдаг. Бод доо, Монгол Улс баян биш. Гэтэл Онцгой байдлын байгууллагад 13 орны машин байна. Эдийн засгийн хувьд маш их алдагдалтай. Бид 13 улстай харьцах болох нь ээ. Нэг нь эвдрэхэд тэгээд л зогсоно.

-Нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан машин дэлбэрч нэг дор гурван гал сөнөөгч амиа алдсан. тэр ослын талаар одоо ч нэгдсэн ойлголтыг олон нийт аваагүй. Гал юунаас болж гарав, гал сөнөөгчид амь аврагдах боломжтой байсан уу гээд асуултууд хөвөрдөг. Та хариулаач?

-Хий дотроо олон төрөл. Метан, пропан, бутан гэх мэт. Метан гэхээр байгалийн хий. Би Налайхын уурхайн дэлбэрэлтэд гурав, дөрвөн удаа очиж ажилласан хүн. Метан бол дэлбэрээд зогсчихдог. Хамгийн аюултай нь пропан. Би галын мэргэжлийн хүний хувьд дотооддоо цэргүүддээ нэг өөр ярина, гадагшаа арай өөрөөр ярина.

-Яагаад?

-Хүчний, цэргийн байгууллагын дотоод асуудал гэж нарийн юм бий, ойлгоорой. Мэргэжлийн хүний хувьд хэлэ хэд энд тактикийн алдаа байгаа. Бид галыг техникийн болон тактикийн алдаагүй гал унтраана гэж ярьдаг. Манайд галын байгууллага үүсч хөгжөөд 100 гаруй жил болж байна. 60, 70 жил нь сул хөгжилтэй, сүүлд үсрэнгүй явсан. Оросын галын байгууллага бол 760 жилийн түүхтэй.

Энэ хугацаанд ямар гашуун зовлон амсч байсан, хэдэн хүнээ алдаж, яаж буруу унтрааж байсан, яаж дэлбэрч байсныг нэгтгэсэн цусаар бичсэн алтан дүрэм байдаг юм. Энэ дүрмийг хамаагүй өөрчлөх эрх байхгүй. Гэтэл хийн талаар манайх туршлагагүй гээд байгаа. Худлаа. Бид нар дүрэмдээ багтаачихсан.

-Ямар нэртэй дүрэм юм бэ?

-Гал унтраах дүрэмд. Нефтийн шатах тэсрэх бодис материалыг хэрхэн унтраах вэ, яаж хайгуул хийх талаар заачихсан. Үүн дээр мэргэжлийн хүний хувьд харахад юм бий л дээ, бий. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Мэргэжлийн удирдлага хүн ажил хийж байхад би яаж буруу ажилласан гэж хэлэх вэ дээ. Монголчуудын ганц дутагдал тэр шүү дээ. Хэзээ ч өөрийнхөө алдааг хүлээдэггүй.

Хийн дээр тэгж сул хайгуул хийдэггүй юм. Г.Ариунбуян генерал “Манайх тандалт хийж байсан” гэж ярина лээ. Бид байлдааны хэллэгээр хайгуул гэдэг юм. Хайгуулыг хэзээ ч хуурай хийдэггүй. Урдаа заавал хөшигтэй хийдэг. Энэ гал дээр нэг нууц зүйл бий. Одоо болтол ийм шалтгаанаас боллоо гэж гараагүй байгаа нь хачирхалтай.

Нөгөө талд үүн дээр дуудлага авсан эхний хүн асар их үүрэгтэй байдаг. Энэ галын хувьд Шуурхай удирдлагын төвөөр дуудлага ирсэн байх. Түүнийг сонсох хэрэгтэй. Дуудлагыг юу гэж өгсөн бэ. Газтай машин явж байна гэсэн үү, зүгээр машины осол уу, эсвэл хий алдаж байна гэв үү, дэлбэрч байна гэв үү. Эндээс дуудлага авсан анги бэлтгэлээ хангадаг. Ийм гал гарч байгаа юм байна, усан хөшиг татах ёстой, тэндээс нь очих ёстой юм байна гэж төлөвлөдөг. Хамгийн гол тактикийн асуудал эндээс эхэлдэг. Үүнийг шалгаж байгаа хүмүүс зөв тогтоох хэрэгтэй. Ц.Нямдорж сайд байхдаа буруу юм хийсэн юм. Бүх дуудлага хүлээн авагчийг Шуурхай удирдлагын төв гэдэг дээр нэгтгэчихсэн. Яагаад 101 гэж эхэлдэг чинь учиртай шүү дээ. Гал усны зовлонд анхаарч байгаагийн тэмдэг. Манайх өөрөө Төв диспетчертэй байв. Тэр үед диспетчерийг өндөр шалгуураар авдаг. Маш хурдан уншлага сонсгоно. Тэндээс хэдэн үг тэмдэглэж авсныг шалгадаг. Дараа нь дуу хоолойг нь сонсоно. Төв диспетчерт А-1 буюу хүн амьтай дуудлага, А нь автомат дуудлага гэж ангилдаг байлаа. Улсын онц чухал обьект буюу цахилгаан станц, төрийн ордонд гал гарахад А-1 гэхэд ямар ч хаяг авахгүй шууд гарна. Гэтэл одоо тийм дуудлага байхгүй.

-Анхны дуудлага ямар байдлаар ирсэн бэ гэдэг анхаарал татаж байна. Энэ тухай амь эрсэдсэн гал сөнөөгч нарын ар гэр ч онцолж байсан. Дуудлагаас шалтгаалж яаж аюулгүй ажиллах вэ гэдэг шийдэгдэнэ гэж, тийм үү?

-Тухайн тасаг салааны тактикийн ур чадвар муугийнх. Тийм дуудлагаар ирж байгаа хүмүүс шал өөр тактиктай байдаг. Гал сөнөөгч юм уу, гал унтраах удирдагч хүний гүйлгээ ухаан, ур чадвар, авхаалж самбаа их шаарддаг. Ийм хүмүүс ямар ч аюулаас мултардаг. Эхний дуудлага юу гэж ирэв. Хэрэв аргагүй хий тээвэрлэж явсан машин аваарт орчихлоо гэсэн бол нөхдийн тактикийн сонголт өөр байх ёстой. Явганаар хайгуул хийх ч хэрэггүй. Задаргаагаа хийгээд усан хөшиг татчих ёстой байсан. Усан хөшиг бол үүлийг нүүлгэхгүй, аль болох хортой химийн бодисыг саармагжуулж аюулыг бууруулж өгдөг. Одоо ярихад амархан л даа. Тухайн үед хүнд асуудал.

Хий зүгээр байж байгаад өөрөө дэлбэрдэг зүйл. Заагтай. Тухайн орчны агаар дотор хамгийн доод зааг нь нэг куб метр газар таван хувьд хүрэх юм бол доод заагийн тэсрэлт болдог. Тэгээд зогсчихдог. Явж, явж куб метрт эзлэх агаарын хий ихсээд ирнэ дээ. 15 хувьд хүрэхээр дахиад тэсэрнэ. Давтан тэсрэлтийн шалтгаан энэ. Очтой, очгүй тэсэрнэ. Харин энэ дэлбэрэлт азтай гэх юм уу, талбай бага хамарсан шүү. Хий хуралдаад үүлэнцэр үүсдэг. Тэр үед салхигүй ч байж. Салхитай байсан бол үүл нь борооны үүл шиг нүүж яваад өөр газар очиж дэлбэрнэ.

-Хан-Уул дүүрэгт арванхоёрдугаар сард гарсан галд нэг гал сөнөөгч амиа алдсан. Багтай орсон ч угаартчихдаг. Ийм байж болох уу?

-Багтай хүн хордоно гэж байдаггүй юм. Бидний үед урал гээд баг хэрэглэж байсан. Хоцрогдсон ч гэсэн битүүмжлэл сайтай маш сайн баг. Тиймээс багийг судлах хэрэгтэй. Иргэний хамгаалалтын үеэр нүүрэндээ угладаг баг өмсдөг байлаа. Сүүлийн үед агаараас шахсан хийтэй баг хэрэглэдэг. Завсар зай хэр вэ. Маш сайн битүүмжлэлтэй байх ёстой. Хэрэв багтай орсон л бол ямар нэгэн завсар зайтай байсан байж таарна. Битүүмжлэл сайтай бол агаар дуусахаас өмнө замаа тооцож байгаад “Чи гарах болсон шүү. Агаар чинь дуусч байна. Эргээд буцах зам чинь энэ” гээд гардаг.

-Хэдхэн хоногийн өмнөх ослыг та анхаарсан байх. Супермаркетэд гал гарч унтраахаар очсон гал сөнөөгч эндчихсэн. Онцгойгийнхон тактикийн алдаа байхгүй гэж мэдэгдэж байгаа?

-Байгаа. Байхдаа хэний алдаа вэ гэдэг сонин. Тухайн гал сөнөөгчийн ч алдаа гарч болно. Багаж хэрэгслийг бид шалгадаг. Хувцсаа өмсчихөөд бүсээрээ хоорондоо холбочихоод бие биенээ түлхэж шалгадаг. Энэ ажиллагаа байхгүй болчихсон. Утаатай орчинд багтай орлоо ч олсоор өөрсдийгөө уячихдаг. Явж болох нь уу, үгүй юу гэдгийг гурав татахад, хоёр татахад, нэг татахад ийм гээд дуугүй дохио нэгэндээ дамжуулдаг. Энэ бүхэн байхгүй болсон. Сая дөрвөн хүн орчихоод яагаад гурав нь гарч ирээд нэг нь үлдэв. Энэ чинь гал унтраах цусаар бичсэн дүрмийн зөрчил. Үүнийг чинь тактикийн алдаа гээд байгаа юм.

-Тодруулж болох уу?

-Гурав, тав, долоо гэсэн дүрэм бий. Нэг хүн унахад хоёр нь аваад гардаг, хоёр нь гурав уналаа, нэг нь урдаа замчлаад, нөгөө нь ардаа цоожлогч хийгээд явдаг. Ийм хатуу дүрэмтэй. Сургалт байнга хийгдэх ёстой. Өдөр тутамд хоёр цаг хичээллэдэг сургалт байдаг. Энэ байхгүй. Сар бүр гал унтраах тархалтын сургалт гэж байсан, байхгүй. Улирал тутамд нэг удаа байгууллага гарц сургууль хийдэг. Тэгтэл зарим дарга нар “Ингэж бензин үрээд байхдаа яадаг юм” гэдэг гэсэн. Бид мөнгө үрж байж үр дүн гаргана. Ардчиллын эхэн үед бензин олдохгүй байхад энэ сургуулиа тасралтгүй явуулж л байсан.

Энэ сүүлийн галд өртсөн залуу бол миний шавийн хүүхэд юм. Аав нь насаараа галд ажиллачихсан. Тэр хүүхэд гэндэх учиргүй. Салаан даргын хэмжээнд ажилладаг бага дарга. Гол нь хамт явж байгаад нэгнээ хаядаг л аюултай. Ухарч гарч ирээд галаа цэгнэж болдог. Ер нь мэргэжлийн туршлагажсан гал сөнөөгч, удирдлага бол гаднаас нь бүгдийг дүгнэчихдэг.

-Гал сөнөөгч бэлтгэж байгаа хөтөлбөр, сургалт хэр чанартай байна вэ. Яагаад дүрэм стандарт мөрдөгдөхгүй байна вэ гэдэг шүүмжлэл нэлээд гарч байгаа. Үүний шалтгаан юу юм бол?

-Манай Галын газрын дарга Хишигбаатар 1990 онд “Ер нь галын мэргэжилтэн байх хэрэгтэй юм байна” гээд Цагдаагийн дээд сургуульд галын тэнхим гэж нээсэн юм. Ингээд гурван жил сураад галын мэргэжлийн техникч гарах ёстой. Тэд гал сөнөөгч нартай тулж ажилладаг салаан дарга нарыг бэлтгэж байсан юм. Сүүлд урсгалын дунд Хууль сахиулахын их сургууль болоод галын техникчийн хичээлд 80 хувь нь хууль л үздэг болж. Асуухаар “Манай зарчим, сургалт ийм ээ. Нэгэнт та нар Хууль сахиулахын харьяа бол үүнийг мөрдөхөөс өөр аргагүй” гэдэг. Бод доо, миний дүү. Онцгой байдлын ахмадын хорооноос зөвлөх баг гаргаж би тэр бүрэлдэхүүнд орж Онцгой байдлын сургуулийнханд зөвлөгөө өгөх гэж очлоо. Галын жолооч бэлдэж байгаа 45 хоногийн курсийн хичээлд нь суув.  Багш нь Төв гал командад олон жил ажилласан хүн юм гэнэ. Гэхдээ ямар ч мэдлэггүй, хар практикаар хүүхдүүдэд хичээл зааж байна. Би “Насос секундэд 40 литр ус гардаг гэлээ. Ямар үед ингэж гаргадаг юм бэ” гэж асуутал хариулж чадаагүй. Сүүлд намайг “Та одоо хурандаа хүн байж олны дунд миний нэр хүндийг гутаалаа. Ийм зүйлийг асууж байхдаа яадаг юм” гэж ширвэсэн. Сургалт яаж явж байна гэдэг эндээс харагдана. Хамгийн гол нь галын албанд “Сургалт, сургалт, бас дахин сургалт” л байх ёстой. Гал сөнөөгч хүн сургалтгүйгээр, дадлагажихгүйгээр ямар ч галд ажиллана гэдэг хэцүү. Яахав, 70, 80-аад оны үед гал харьцангуй гайгүй байсан. Гарлаа ч төвлөрчихсөн байдаг. Хүнсний дэлгүүр гэвэл хүнсний бараа л байна. Хувцас, аж ахуй гэвэл тус тусдаа. Одоо бол нэг супермаркетэд галын аюултай тэсэрч, дэлбэрдэг хий, химийн бодистой вок саван нэг дороо байрлачихсан. Тэнд нэг гал гарвал тэсэрч дэлбэрдэг үйлдвэрээс долоон дор юм болно.

-Ослын хувьд хувьд тийм байж. Тэгвэл энэ осол эндэгдэл гараад байгаа шалтгаан нөхцөл юунаас эхтэй болж таарч байна вэ?

-Гал сөнөөгч нар сэтгэл зүйн бэлтгэл их сайтай хүмүүс. Ерөөсөө сэтгэл зүй, бие бялдарын хүжүүжил шаарддаг. Би нэг сонин түүх хэлье. Би Ленинградад сурч байхад Оросын гал командад дадлага хийлээ л дээ. Таван монгол сурдаг байв. Бидний дунд Хөвсгөлийн Жадамбаа гэж сайхан алаг нүдтэй залуу байлаа. Гал дээр дуудлагаар очлоо. Оросууд гал унтраахдаа их муу. Хаалга нь түгжээтэй гээд техник багажаа л нухаад байна. Манай Жадамбаа ганц мөрлөөд л хаалгыг нь онгойлгочихсон. Галын байгууллага яагаад тэр үед 170 см-ээс дээш өндөртэй, спортлог боловсон хүчин шилж сонгож авдаг байсан нь учиртай. Гэхдээ одоогийнх шиг биш. Одоо Баян-Өлгийд гал сөнөөгч болох гэж байгаа хүнийг ОБЕГ-ын дарга томилдог байж болохгүй. Яаж мэдэж томилох юм бэ. Бидний үед ажилд авах гэж байгаа хүнээ салаа тасгийн хурлаар оруулдаг. Хурлаар орж байгаа хүн хөлсөө арчаад л гарч ирдэг. Асуухгүй ч юм байхгүй. Тэгж нарийн судалдаг байсан.

-Хүний нөөцдөө сайн анхаардаг байжээ?

-Гэтэл Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдаад эхэн үед дандаа хилийн цэргийн хүмүүс ирсэн юм. Ирээд шууд л хугацаат цэрэг шиг жагсаагаад гүйлгээд л. Шууд бэлтгэлгүй хүнийг гүйлгээд спортын мастер гал сөнөөгч нас барж байсан түүхтэй. Түүн дээр бид хэлээд дийлээгүй. Улирсан албан хаагч хугацаат цэрэгтэй адил биш. Огцом гүйлт, огцом хөдөлгөөн хийх боломжгүй. “Бид цэргийн хүмүүс, тангараг өргөсөн” гэж л ам тагладаг. Тиймээс бид албаныхнаа “мэргэжлийн зэрэгтэй” болгож эхэлсэн. “Чи аврах хувцас оёход хэдэн секунд болох вэ. Норм нормативдаа хүрэх нь үү. Өөрөө өөрийгөө аварч чадах нь уу. Хоёр тоосго тавьчихаад тоосгон дундуур гарч чадаж байна уу. Тэр үеийн бага дарга нар сайн ч байлаа. Галын байгууллагад яагаад хүн эндээд байгаа вэ гэвэл сургалт гэдэг зүйлийг тэр чигээр нь хаячихсантай холбоотой.

Өнөөдөр гал сөнөөгч нар шүлхийд очиж үхэр тарина. Зуд турхан болбол аврах ажиллагаанд явна. Ус үеэрт явж байна. Эд нарын хийх аижл. ОБЕГ-т Аврагч гээд бүтэн арми бий. Одоо сүүлийн үед эмэгтэйчүүдийг галын дарга болгоод байгаа. Эндээс болж гал сөнөөгчид их эндэнэ шүү. Учир нь эр хүн гэдэг өөр. Галын дуудлагад явлаа гэхэд эрчүүд нь түрүүлж орж таарна. Дарга удирдлагууд охиноо салаан даргаар тавихгүй шүү дээ. Ядаж л командлах ур чадвар гэдэг өөр зүйл. Харин эмэгтэйчүүдийг гамшгийн, гал түймрийн хяналтын байцаагчаар томилоод хороо айл өрхүүдээр явуулж болно. Хэлээд дийлэхгүй байгаа. Манай галын аюулгүй байдлын хууль болоод гал унтраах албаны дүрэмд гал сөнөөгч нарыг мэргэжлийн бус ажилд дайчлахыг хатуу хориглоно гэдэг.

-Албан хаагчдын баг маш үнэтэй. Хэрэглээд эвдэж гэмтээвэл өөрөө төлж таардаг. Тиймээс гал руу баггүй орчихдог. Хувцас хэрэглэл хомсдолтой гээд асуудлууд хөвөрч байна?

-Бид хүүхдэдээ тоглоом авч өгчихөөд эвдчихлээ гэж загнадаггүй биз дээ. Бид багийг задлуулаад өөрсдөөр нь угсруулдаг юм.

-Таны үед тийм байсан байж. Одоо нөхцөл байдал өөр болсон байх магадлалтай?

-Үүнийг л шалгах ёстой. Захын гал сөнөөгчөөс багийг яаж задалдгийг асуух хэрэгтэй. Мэдэхгүй байвал ашигладаггүй л болж таарна.

-Онцгой байдлын байгууллагад хамаатан садан төрлийн хүмүүсээр дүүрсэн гэдэг яриа бий. Эхнээсээ хэвлэлүүдээр гарч л байдаг. Хэр бодитой вэ?

-Онцгой байдлыг упдирдаж байгаа хүмүүсийн дунд мэргэжлийн улс ховор. Цагдаагаас ирсэн хүн ч байна, Сүүлийн үед Батлан хамгаалахын хүмүүсээр дүүрсэн. Найз, танил, ойр дотныхоо хүнд хурандаа цол өгч тэтгэвэрт гаргахын тулд дэд хурандаагаар тавьчихаад тэтгэвэрт гаргахад нь хурандаа өгдөг болсон. Төрлийн ах дүү, жалга довны асуудал энэ албанд байж болохгүй. Энд аавын эрэлхэг хөвгүүд шударгаар ажиллах ёстой. Үүнийг маш хатуу галын дүрэм цусаар бичигдсэнтэй адилхан дахиж хүний амь төлөөсөнд орохгүйн тулд сургалт хийхгүйгээр явахгүй.

-Дарга нар нь гал сөнөөгчдөө хувийнхаа ажилд ихээхэн дайчилдаг гэв үү?

-Магадгүй. Дуулдаж л байсан. Хамгийн аюултай зүйл бол сургуульд сургачихаад томилдоггүй асуудал байдаг тухай манай шавь нар ярьдаг. Хэдэн сараар хүлээлгэдэг. Учрыг нь лавлабал, гар хардаг бололтой. Ер нь онцгой байдалд хахууль нүүрлэсэн гэхэд хилсдэхгүй. Энэ бол гаднаас ирсэн хүмүүсийн гай.  Өөр нэг зүйл гэвэл хяналтын алба, гал унтраах алба хоёрын харьцаа алдагдчихсан. Обьектыг байцаагч нар авдаг. Тэд дүүргийн гал командад танилцуулдаг. Ийм холбоо байхгүй болсон. Бид өмнө нь цагдаа, тагнуултай хамт шалгадаг байлаа. Тэгэхэд нөгөө газрууд ухаан алддаг, биелүүлэхгүй бол болохгүй гэдэг байлаа шүү дээ. Энэ их осол гараад, цаг алдалгүй унтрааж чадахгүй байгаа бас нэг шалтгаан бол зураг проектыг гаргуунд нь гаргачихсан. Дуртай нэг дарга, УИХ-ын гишүүний барилгыг ямар нэгэн хяналтгүй, эсвэл хээл хахуулиар хүлээж авсаар эмх замбараагүй барилгууд босчихсон. Гал гарлаа, гал сөнөөгчид очлоо гэхэд орж, ойртож чадахгүй байна. Сүүлийн том дэлбэрэлтээс харагдлаа шүү дээ.

Ер нь ингээд харахад социализмын үеийн биднийг хариуцаж байсан сайд дарга нар хүнлэг ухаалаг хүмүүс байсан юм. Том гал гарахад өөрсдөө очдог. Улс төрийн товчооны орлогч Дэжид генерал, ЦЕГ-ын орлогч Бүдрагчаа гуай гал дээр оччихсон, дунд ороод гүйж явсан. Харин би Бадрал, Даш, Ариунбуян, Дуламхорлоо нарыг гал дээр очиж байгааг нэг ч үзээгүй. Сонин зүйл их бий. Жишээ нь, өнгөрсөн зун үеэр боллоо. Бүх юм усанд автаад гайхлаа. Манайд секундэд 110 литр ус сордог “Зил 131” байх ёстой. Тэр тухай албаны удирдлагуудаас асуулаа. Мэддэг хүн байдаггүй. Сүүлд сонсох нь ээ аваачаад төмөрт тушаачихсан байдаг юм. Секундэд 110 литр ус соруулна гээд бод доо. Юун помп вэ. Эртхэн Заамарын алтны уурхайд хэдэн хүн дарагдсан. Түүн дээр л энэ машин байх ёстой. Бүтэн улс байна даа. Ийм машинтай болчих ёстой. Гэтэл сая Батлан хамгаалах яамны ашиглагдахаа байчихсан 30, 31 уралуудыг угсарч байна гэнэ. Ингэж бие биенээ хуурч, муур хулгана болоод хэрэггүй. Үүний гайгаар л гал сөнөөгчдөө эрсдэлд оруулж байгаа юм.

-Мэргэжлийн бус хүмүүс энэ албанд томилогдсоноос бодлогын алдаа явсаар хүний амь нас  эрсдэхэд хүрсэн гэж дүгнэж байна гэж ойлголоо?

-Би хуульч, цэрэг стратегийн онолч биш. Гэхдээ би нэг зүйлийг мэдэрч байна. Хууль тогтоох байгууллагыг буруутгах шаардлагагүй. Гол нь мэргэжлийн ахмад үеэсээ юм асуудаггүй, тулгаж юм хийдгийн хар гай. Үүн дээр Ж.Энхбаярыг хэлмээр байгаа юм. Шинэчилсэн хууль батлагдаад хүчний байгууллагуудыг нэгтгэсэн тогтолцоонд оруулчихсан. Шүүхийн шийдвэр, онцгой байдал гээд Батлан хамгаалах яамны харьяанд орчихсон. Хурандаа цол олгохын тулд БХЯ, ЗХЖШ-аас шийдвэр гарахыг хүлээдэг зэрэг олон завхралын үүдийг нээсэн. Тогтолцоо өөрчлөгдөөд нийтлэг үүргийн дотор мэдэх, мэдэхгүй хүмүүстээ ажлын байр гаргаж өгсөн. Сонссон байлгүй. Энэ байгууллагад ажиллаж байсны хувьд хаана нь хуйвалдаан, мэргэжлийн бус хүн байна тэнд л бүх зөрчил дутагдал гарч байдгийг хамгийн сайн мэднэ. Түүний төлбөр хүний амь насаар хэмжигдэж байна.

Түүнээс гадна хуучин Иргэний хамгаалалтын газар байхад Үржин генерал тусгай комисс томилоод энэ албыг нэгтгэх ёстой гэж үзсэн. Ингээд Гамшгаас хамгаалах алба гэж үүсгэсэн. Ингэж нэгтгэсэн тогтолцоонд орох шаардлагагүй байсан юм. Гамшиг гэдэг нь нэр нь ч зохиогүй. Нэг хэсэг бүлэг хүмүүс өөрсдөдөө ажлын байр, албан тушаал гаргахын тулд бий болгож ирсэн алба болгочихоод байгаа.

Тиймээс ерөөсөө хэрэг бүртгэлтийг буцаагаад галын байгууллагыг ХЗДХЯ-нд буцаах хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд галын байгууллага өөрсдөө галын шалтгаан нөхцөлөө тогтоодог байсан. Түүнийг ЦЕГ-ын дарга Пүрэв генерал цагдаа руу шилжүүлчихсэн. Галын хэрэг бүртгэгч үнс нурмыг ухаж, имэрч үнэрлэж байж шалтгааныг олдог. Галын байгууллаага байгуулагдаад 100 гаруй жил болж байхад гуравхан хүн ял эдэлсэн байдаг. Эхнийх нь Чойрт хээрийн түймэр тавьсан нөхөр 1.5 жил авсан. Хоёр дахь нь Амгалангийн дэлгүүрт манаачийг хөнөөгөөд гал тавьсан Жутнайгийн хэрэгт ял оноосон. Сүүлийнх нь 90 хэдэн оны Өнөрмаагийн хэрэг гэж бий. Түүнээс хойш нэг ч удаа хариуцлага хүлээгээгүй. Цагдаад энэ алба очсоноос хойш хэргээ илрүүлж чадахгүй ял завшуулсаар байна.  

-Онцгой байдлын албанд улсын нөөц гэдэг том ашиг сонирхлын эх үүсвэр байдаг юм уу даа?

-Үүний эх суурийг тавьсан хүн бол Даш генерал гээд л эхэлнэ. Монгол Улсын бүх зүйл, бензин, будаа гээд энэ албаны мэдэлд байна шүү дээ. Улсын нөөцийн газрыг ХААЯ-д нь өгөх ёстой. Үүгээр их яривал аюултай. Хоёулаа шоронд орж мэднэ.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Б.ЭНХЗАЯА

Санал болгох

АН-ын “асуудал” алга таших явдал мөн үү?!

Эх сурвалжуудын мэдээлэл, нийтийн сүлжээнд тавиад байгаа АН-ынхны мэдэгдлээс харвал АН-ын нэр дэвшигчдийн “багц” задарч болзошгүй нөхцөл үүсжээ. Магадгүй, сонгуулийн үе, өдөр байтугай цаг, минут үнэтэй байгаа болохоор учраа олоод цаашаа явж мэдэх юм. Тэгвэл сайн. Гэхдээ нэр дэвшигчид тодорсон шөнөөс эхэлсэн АН дахь гомдол тунирхал явсаар зөрчил тэмцлийн шинжтэй болж ирж байна

3 өдрийн өмнө
С.Мөнхбат: Өгөхийг хүсдэг хүний сэтгэл нь цагаан, юмыг зөв өнцгөөс хардаг

Сайн дурын ажилтнууд. Сайн дураараа бусдын сайн сайхны төлөө өөрийн хөлс хүч, хөдөлмөрөө зориулдаг сайхан сэтгэлтнүүдийг ингэж нэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Японд амьдарч тэнд болж байгаа аливаа хэцүү бэрх бүхэнд гар бие оролцож, бусдад туслахыг уриалж байдаг Amtsagaan Muugii гэсэн хаягтай нэгэн идэвхтэн залуу бий. Фэйсбүүкийн нэрээр нь олон монголчууд эчнээ таних болсон түүнтэй сайн дурын ажлуудынх нь талаар онлайнаар цөөн хором ярилцлаа.

3 өдрийн өмнө
Хүн төрөлхтөн жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргадаг

Бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх зэрэг хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргаж байна. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү?

3 өдрийн өмнө
Дүйчин өдөр буюу бие, хэл, сэтгэлээ шинжих нь...

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр гэдэг. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

4 өдрийн өмнө