ЗУДЫН ХЯМРАЛ: Гамшиг ба Боломж

2024 оны 4 сарын 122024-04-12
ЗУДЫН ХЯМРАЛ: Гамшиг ба Боломж

ОЙЛГОМЖ

Монгол оронд өвлийн улиралд их хэмжээний цас орох мөн зундаа ган гачигтай байснаас үүдэлтэй “Зуд” хэмээх гамшгийн улмаас 2024 оны хавар Монгол Улс дахин томоохон гарз хохиролтой нүүр тулгарлаа. Улс орон даяар үндэсний хэмжээний гамшгийн нөхцөл байдал үүссэн гэж байгаа ч мал аж ахуйн салбар гол хохирлыг амсаж байна. Ган, зуд бол зөвхөн гамшгийг илэрхийлдэг ерөнхий үг биш харин ган гачгийн улмаас бэлчээрийн ургамал ургахгүй байх эсвэл цас олон давтамжтай, их орсны улмаас бэлчээр цасан бүрхүүлээр хучигдах зэргээс үүдэн мал идэш тэжээлийн дутагдалд ордог гамшгийг тодорхойлсон үг юм. Өмнөх жилийн намар, өвлийн хатуу цаг агаар нь төмөр зудын хэмжээнд хүргэлээ. Зудын үр дагаврын хамгийн хүнд нь малын хорогдол, цаашлаад малчдын амьжиргаа, улс орны эдийн засаг, нийгэмд сөргөөр хүчтэй нөлөөлдөг.

Өнгөрсөн зудын тохиолдолтой адил энэ удаад ч улсын онцгой комиссоос онцгой байдал зарласантай адил ажиллаж гаднын улс орнууд, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, болон хотын оршин суугчид ч улс орон даяар өрнөж буй хандив, тусламжийн үйл ажиллагаанд нэгдэж байгаа нь харагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зудыг газар хөдлөлт эсвэл үер усны гамшигтай адил байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн онцгойлон тайлбарлаж, хэдэн сая мал хорогдсон нь түүний нотолгоо болсон гэх хандлага ажиглагдаж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж малчид болон нийт иргэдийн өмнө төр засаг хариуцлагаа хүлээж, төрөөс тодорхой хэмжээний тусламж дэмжлэг хүртээх нь зүй ёсны асуудал юм. Энэ үүднээс “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэх үндсэн хуулийн заалтан дээр тулгуурласан зудад малаа алдсан малчдад дэмжлэг үзүүлж байна. Энэхүү хуулийн заалтад Монгол Улсын үндсэн хуулийн бүрэн эрхт байдлын нэгдүгээр зүйлд багтаан даяар олноо зарлан тунхагласан нь Монгол ард түмний оршихуй, өөрийн орны ондоошлыг илэрхийлэх гэсэн зорилго юм. Тиймээс мал сүрэг хувийн өмчийн мэдэлд очсон ч төр засгаас мал аж ахуйг хамгаалах нь зайлшгүй бөгөөд нэн тэргүүний хариуцлага гэж үзсэн байна. Харин тусламжийн санаачилга, үйл ажиллагаатай зэрэгцээд Улаанбаатар хотын зарим иргэдийн зүгээс мал нь хувийн өмч байсаар байтал яагаад төрөөс хангамж өгч байгааг шүүмжлэх нь “мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалт байна” гэдэг үндсэн хуулийн заалтыг мэдэхгүй байгаатай холбоотой байх. Зарим нь малчдыг байгалийн гамшигт үзэгдэлд өөрсдөө хангалттай сайн бэлтгэл базаагаагүй гэж буруутгах тохиолдол бас гарч байна. Иймэрхүү үзэл санааны зөрчилдөөнтэй байдал нь тусламжийн үйл ажиллагааны өнгө аясыг эвдэх, нийгэмд тархаад байгаа сөргөлдөөнийг тодотгон харуулж байгаагийн илрэл юм.

Энэхүү нийтлэл нь эдгээр үүсээд байгаа маргаанаас сэдэвлэн зудын гамшгийг шинэ өнцгөөс харуулахыг зорилоо. Судлаачдын үүднээс үзэхэд “Зуд” нь цунамитай адил ховор тохиолддог гамшигт үзэгдэл бус давтамжтай тохиолддог, урьдчилан таамаглаж болох гамшигт үзэгдэл гэж үзэж байна. Зудыг давтамжтай тохиолддог хэвийн үзэгдэл гэж үзэн тодорхойлсноор засгийн газраас авах онцгой Зуд ба бэлэн байдал байдлын үеийн хариу арга хэмжээний хэрэгцээ шаардлага нь юу байгаа талаар асуулт үүснэ. Энэ нийтлэлээр төрөөс үзүүлдэг тусламжийг эсэргүүцэх эсвэл гамшгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг үгүйсгэх гэж оролдоогүй бөгөөд онцгой нөхцөл байдал гэж зарладаг дадлын учрыг тайлахад чиглэсэн юм. Үүнд хамгийн эмзэг болоод, ихээр өртдөг талууд болох малчид, мал бүхий иргэд болон үндсэн хуулиараа хамгаалах үүрэг хүлээсэн төр засаг нар дасан зохицох, эрсдэлийг бууруулах арга хэлбэрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх үйлдэл юм. Мөн Монгол Улс онцгой коммисыг байнга, удаа дараалан, удаан хугацаагаар ажиллуулах, үйл ажиллагааг сунжруулахыг сэрэмжлүүлэх, учир нь тусгай арга хэмжээ явуулах нь цаашлаад захиргаадалтын дэглэмийг ч өөгшүүлэх магадлалтайг анхааруулъя. Харин үүний оронд зудын үр дагаврын талаарх ойлголтоо өргөжүүлэх, гамшгийн үр дагавар дахь хүний оролцооны нөлөөг онцолж хараасай гэж хүсэж байна. Судлаач бидний зүгээс, мал аж ахуйн салбарын гол цөм нь гамшгийн бэлэн байдлыг эн тэргүүнд тавьж, суурь шинэчлэл хийж, өөрчлөн хөгжүүлэхийг санал болгож байна. Энэхүү өөрчлөлт нь бэлчээрийн даац хэтрэхээс урьдчилан сэргийлэхэд чухалчлан анхаарахаас гадна их хэмжээний цас, өргөн цар хүрээтэй ган гамшгаас үүдэлтэй малчдын нүүдэллэж чадахгүй байдалд байхыг ойлгож, зудаас урьдчилан сэргийлэх уламжлалт болон шинэ аргуудыг дахин бодолцох шаардлагатай. Гэнэтийн эсвэл удаан үргэлжлэх зудын нөхцөл байдал үүсэхэд малаа өлдүүлэхгүй байлгах, тарга хүчийг хадгалах, өвс тэжээлийг хангалттай базааж, бэлтгэл ажлыг хангах малчид болон төр захиргааны байгууллагын зүгээс асуудалд анхаарах нь чухал. Энэ нь малчид болон төр засаг, байгаль цаг уурын хэвийн үед ч бэлчээрийн арга болон эрчимтэй тэжээх аргыг хослуулах шаардлагатай. Зудын сөрөг үр дагаврыг бууруулахын тулд малчдын эдийн засгийн болон бэлэн байдлыг хангах, дасан зохицох арга хэмжээний ач холбогдлыг таньж мэддэг болгоход шаардлагатай байгааг сануулж байна.

Зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад бэлэн байх нь дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байгаагаар нотлогдох ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө дэлхий даяар улам бүр мэдрэгдэж буй цаг үед бид амьдарч байгааг хүлээн зөвшөөрөхөд үндэслэсэн болно. Монгол Улс эдгээр нөлөөллөөс ангид биш билээ. Тиймээс бидний зөвлөмж нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн гамшиг онцгой тохиолдлоос илүү энгийн үзэгдэл болж байгаа бодит байдалд дасан зохицоход чиглэсэн дэлхийн хүчин чармайлттай нийцэж байна. Монгол Улс ирээдүйд ийм цаг үед дасан зохицсон, даван туулах чадвартай байх, иргэд болон төрийн байгууллагууд, ялангуяа мал аж ахуйн салбарынхан гамшгийн үед үр дүнтэй хариу арга хэмжээг удирдлага зохион байгуулалт төдийгүй материал техникийн хангамжтай байвал зохистой.

Бидний үзэж байгаагаар зуд бол давтамжтай тохиол ч гэсэн аюулт үзэгдэл мөн онцгой байдал юм. Тус нийтлэлд аюулт үзэгдлийг боломж гэж харах, мөн онцгой байдлын үеийн арга хэмжээг онцгой тохиолдолд л хариу арга хэмжээ авахаар дайчилдаг болохыг ухаарах явдал юм.

ЗУД БА БЭЛЭН БАЙДАЛ

Цас, зудын гамшиг нь мал амьтныг чөлөөтэй нүүдэллэн оторлох боломжийг боогдуулдаг ба ойрын бэлчээрт ч гарах боломжгүй болгодог. Иймэрхүү байдлаар хөдөлгөөн хумигдах нь зөвхөн захиргаадалтын хил хязгаарлалтаас шалтгаа лаагүй нь ойлгомжтой. Бэлчээрийн гарц даган газар нутагт чөлөөтэй нүүж, оторлох боломжийг Монголчууд эдэлдэг билээ. Гэхдээ, газар хөлдөж, өвс ногоог зузаан цасаар хучин, хүйтэн шуурга шуурч, малыг байгаа газраас нь бэлчээрлэх,нүүдэллэх боломжийг боогдуулдаг зудын онцлог мөн чанарыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Малын тоо толгойн хэт өсөлт, дэд бүтцийн хөгжлийн дутмаг, цасанд боогдсон замыг нээх техникийн бэлэн бус байдал нь өнтэй нутаг руу сэлгэн нүүдэллэхэд бэрхшээл дагуулж байна. Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 279-р тогтоол  баталсан боловч аймаг сумдын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн хэрэгжилт нь харилцан адилгүй байсан ба улсын хэмжээнд ердөө дал гаруй хувьтайгаар харин зүүн аймгуудад хувийн аж ахуйн нэгжүүд экспортод зориулан хангалттай сайн бэлдсэнээр зудын хүнд нөхцөл байдалтай золгожээ. Монгол Улсын засгийн газраас, өвөлжилт хүндэрч зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтээс хамааран тэжээлийн экспортыг зогсоож дотоодын хэрэгцээг хангах шийдвэр гаргачихаад тэрхүү өвс тэжээлийг зудад өртсөн малчдад хүргэх зохион байгуулалтын ажлыг системтэй хийсэнгүй. Үүний үр дагаварт аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр экспортод зориулан зүүн аймгуудаас маш их хэмжээний хадлангийн өвс бэлтгэсэн  боловч өнөөдрийг хүртэл экспортод гаргаж чадсангүй, бас улс дотоодоо ч хангалттай борлуулж чадaaгүй. Үнэндээ аж ахуйн нэгжүүд нь борлуулах хүсэлтэй гэх боловч малчид мал бүхий иргэд тэдгээр өвсийг худалдаж авах чадваргүй байна. Малчид бэлэн мөнгөөр худалдан авч болох хэдий ч өвөлжөөндөө хүргэх зам нь их цасаар хучигдсан байлаа. Харамсалтай нь тэдгээр экспортлохоор бэлтгэсэн өвс нь дээрх Засгийн газрын 279-ээр тогтоолын дагуу аймаг, сум, нийслэлийн хэмжээнд нийт бэлтгэвэл зохих хэмжээнээс олон арав дахин их хэмжээний өвс хэнд ч хэрэггүй хог болон салхинд хийссэн байна. Өвс тэжээлийн нөөц, хуваарилалтыг оновчтой тооцож, маш сайн зохион байгуулах шаардлагатайг төр засаг ч, аж ахуйн нэгжүүд ч анхааралдаа аваагүй бололтой. Засгийн газрын үйл ажиллагаа нь ч дунд болон анхан түвшиндээ уялдаагүй нь зудад их хохирол амсах нэг үндэслэл юм.

Нэг хэсэг газар өвс илүүдэж экспортлох гэж байхад нөгөө хэсэг газар нь өвсний дутагдалд орж мал хорогдож байгааг бодолцох нь зүйтэй. Тиймээс оторлох боломжгүй цас, шуурганд боогдсон малыг бэлчээр сайтай нутагт шилжүүлэх гэснээс тухайн газарт нь өвс тэжээлээр хангах нь илүү оновчтой байдаг. Дэд бүтцийн дутагдалтайзам гаргах техник төхөөрөмжгүй өнөөгийн байдал ба хамрах хүрээгээс болж өртөг зардал өндөр байдаг. Орон нутгаасаа өвс тэжээлийг базаах нь гадаадаас импортлох эсвэл хэдэн зуун километрийн цаанаас тээвэрлэж авчрахаас илүү ач холбогдолтой байхыг ухаарах ёстой юм. Энэ арга зам гамшигт нэрвэгдсэн малчид болон малд тусламж хүргэх хамгийн оновчтой бөгөөд үр өгөөжтэй хувилбар болох нь батлагддаг. Монгол Улс газар хөдлөлт, далайн хар шуурга зэрэг давтамжит аюулт үзэгдэлтэй тулж байдаг Япон Улсын гамшгийн бэлэн байдлын туршлага, менежментээс суралцах цаг ирсэн юм.

ОНЦГОЙ БАЙДАЛ, ОНЦГОЙ БОЛОМЖ БА ТӨРИЙН ХАРИУЦЛАГА

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зудын давтамж, хор уршиг нэмэгдэж байгаа нь онцгой байдлын одоогийн хүчин чадлын хүрээн дэх хариу арга хэмжээгээр шийдэж, даван туулах боломж хумигдсаар байна. Иймээс энэ сорилтыг даван туулах онцгой байдлын хариу арга хэмжээний менежментийг чадваржуулах хэрэгтэй байна. Энэ нь гамшгийн хоёрдмол шинж чанарыг онцолж, бэрхшээлүүд, эсрэгээрээ боломжуудыг авчирдгийн илрэл юм. Нэг талаар Засгийн газраас улсын онцгой комисс томилж энгийн үед хэрэгжүүлэх боломжгүй арга хэмжээнүүдийг гүйцэлдүүлэх нь яаралтай үед үүссэн хэрэгцээ шаардлагыг хангах үр дүнтэй арга хэлбэр мэт боловч, эдгээр онцгой нөхцөл байдал сунжирвал авлига, дарангуйллын тогтолцоог бий болгох, нөгөөтээгүүр малчдын хариуцлага суларч болзошгүй юм. Улсын онцгой коммис нь шийдвэр гаргадаггүй ба хууль тогтоомжийг санаачлах, ажлыг эмх цэгтэй, түргэн шуурхай зохион байгуулах үндсэн үүрэгтэй. Хүлээсэн үүрэг, журмын дагуу тодорхой хугацаанд үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавин ажиллахад оршино.

Улсын онцгой комисс зудын хүндрэлийг шууд удирдан зохион байгуулан ажиллаж байгаа гээд мэргэжлийн бусад байгууллага нь ард хоцрох бус харин ч санаачлагатай, хамтарч ажиллах, мэдээллээр хангах, бодлого, стратеги боловсруулж энэ комиссоор дамжуулан баталгаажуулж үлдэх, цаашдын тогтвортой үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах чухал юм. Зудын хямрал нь бас ашиг хонжоо хайсан хүмүүст, аж ахуйн нэгжүүдэд, мөн улс төрийн намуудад сайн үйлсийн зорилгыг гуйвуулж, тусламж үйлчилгээг хувийн ашиг сонирхолдоо ашиглах боломжийг олгодог. Тиймээс энэ гамшигболомж гэсэн огтлолцлыг сайтар анхаарч, үүнээс ашиг хонжоо ологчдыг зайлшгүй илрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн гамшгийг эерэг өөрчлөлийн хөшүүрэг болгож, суурь асуудлыг шийдэх, урт хугацааны дасан зохицох чадварыг дээшлүүлэх ажилд чиглүүлэх зүйтэй юм. Говийн бүсийг ч ялгахгүйгээр малчин өрх бүрийг заавал өвс тэжээлээ бэлтгэдэг байх бодлого хэрэгжүүлэх. Малчдад өвс тэжээлээ бэлтгэх эсэхээ сонгох эрхтэй ч, нөгөө талаар үндэсний баялаг төрийн хамгаалалт авсан мал сүргийг маллаж байгаа шүү гэсэн эх орон ч үзлийг малчид өөрсдөө ухамсарлах хэрэгтэй. Тиймээс малчид төрийн царай хараад тусламж дэмжлэг хүлээгээд суух биш өөрсдөө үүргээ ухамсарлах ёстой. Энэ нь хувь хүний сонголтыг хүндэтгэхийн зэрэгцээ гамшгийн бэлэн байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй ёс суртахууны асуудал юм. Ийм арга хэмжээг албажуулснаар хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, гамшгийн менежментийн тогтвортой байдлыг хангах боломжтой болно. Энэ зудын сургамжид үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйд тохиолдож болох зудыг хохирол багатай даван туулах, гамшгийн менежментийн тогтолцоог  боловсронгуй болгон сайжруулах хэрэгтэй. Зудын онцгой байдлаас зудыг эрсдэл багатай давах ямар боломж, сургамж байгаа түүнийг даван туулах арга зам юу байхыг авч үзэцгээе. Засгийн газар сөрөг үр дагаврыг тооцолгүйгээр зудын нөхцөл байдлыг урьдчилсан тооцоолон мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг сайжруулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор импортлох малын тэжээл болон тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай Улсын их хурлын тогтоол гаргахаа мэдэгдлээ. Улсын онцгой комиссоос санаачилсан энэхүү мэдэгдлийн дараанаас тэжээлийн импорт мэдэгдэхүйц багассан байна. Импортын татварын талаарх мэдэгдлээс үүдэн өвс тэжээлийн эрэлт ихсэж, нийлүүлэлт багасаж байгаа нь ажиглагдлаа. Гэвч тэрхүү мэдэгдлээс хойш гурван сар өнгөрсөн ч тэжээлийн гаалийн татварын хөнгөлөлтийн асуудал дөрөвдүгээр сартай золгож байхад шийдэгдээгүй хэвээр байсаар. Тэр нөлөөнд тэжээл импортын хэвийн урсгал багасаж, зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлсэн байж болох юм. Үүний зэрэгцээ онцгой комисс өвс тэжээлийн хомсдлоо экспортыг зогсоогүйн улмаас үүссэн гэж үзэн дотоодын хэрэгцээг хангатлаа экспортыг түр хугацаанд зогсон ч малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг зэрэгцүүлэн зохион байгуулсангүй. Өнөөдөр Монгол Улс тэжээлийн импорттой хавсарган гурилын импортын татварыг тэглэх гэж үйлээ үзэхэд хүрлээ. Гадаад улсаас гурил квотгүй, гаалийн татваргүй оруулж ирэх шийдвэр гаргаж байгаа нь өнөөдөр бидэнд ашигтай ч дотоодын гурил тэжээл үйлдвэрлэгчид, цаашлаад газар тариалан эрхлэгчдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх талаар олон эдийн засагч, бизнесийнхэн эсрэг байр суурьтай байна. Гурилын импортын татварыг чөлөөлөх нь хэнд ашигтай вэ? Малчид, ард иргэд хямд үнэтэй гурил идэх боломж бүрдэж байгаа ч нөгөө талдаа дотоодын бизнес эрхлэгчдийг баллах том асуудал болж хувирах эрсдэлтэй. Энгийн үед хийж чадаагүй энэ ажлаа зудын хямралыг далимдуулан онцгой шийдвэртэй уялдуулан гаргуулж байгаа нь хэн үүнийг сайн боломж болгож байгааг тэмдэглэх нь зүйтэй. Гурилын үйлдвэрлэл багасах нь эргээд тэжээлийн үйлдвэрлэл багасах нэг шалтгаан болохыг санах хэрэгтэй.

Салбарын яамны зүгээс өөр нэг ажлыг санаачилсан нь хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулах ажил эхлээд байна. Энэхүү ажилд үндэслэн малчдын гар дээрээс мал худалдан авах ажил зохион байгуулж, онцгой комиссын дэмжлэгтэйгээр эрчимжлээ. Энэ ажлыг цаг хугацаагаа тооцолгүй оройтож эхлүүлсэн нь малчид болон худалдан авч байгаа тал аль алинд нь ч ашиггүй болж байна. Үүний хүрээнд засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох төлөвлөгөөтэй байсан ч мөн одоогоор зөвхөн мэдээллээр хангах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх түвшинд явагдаж байна.

Малыг зах зээлийн эргэлтэд оруулах нь тулгамдсан асуудлын нэг бөгөөд мал тарга хүчээ алдахаас, зудын гамшигт өртөхөөс өмнө худалдан авах, борлуулах ажлыг зохион байгуулж, эрчимжүүлэх байж. Гэсэн хэдий ч энэхүү ажлаа цаашид зайлшгүй тогтмолжуулах шаардлагатай юм. Үүгээр дамжуулан тайван цагт амьд малын экспортын хориглосон тухай хууль тогтоомжуудыг сөхөж харахыг сануулж байна. Энэ төрлийн амьд малын экспортыг гамшгийн өндөржүүлсэн байдлын үед зөвшөөрөх, онцгой байдлын үеийн тусламжийн чухал хэсэгт тооцох нь тайван цагт хориглож байгаагийн ялгаа, учир шалтгаан нь юундаа байгааг олж тогтоох, дахин нягталж судлах хэрэгтэй. Эдгээр хоорондоо зөрчилдөөнтэй асуудлуудыг ойлгож, нягталж мэдэх нь гамшгийн менежмент болон тусламжийн арга хэмжээний ерөнхий зорилтууд, мөн мал аж ахуйн салбарын ашиг сонирхолд нийцсэн үр дүнтэй, тогтвортой бодло гоор хангахад чухал ач холбогдолтой. Мөн малчдын орлогыг дээшлүүлэх, махны чанарыг сайжруулах, дүрэм журмын дагуу зохицуу лалт тайгаар зах зээлд нийлүүлж, экспортлох, мах бэлтгэх үйлд вэ рүүдийг дэмжих ажлыг гүйцэтгэх нь чухал. Малчид ч мөн малаа ангилан борлуулж тоо толгойд анхаарахын зэрэг цээ эдийн засгийн чадавхаа бэхжүүлэх нь зүйтэй. 

БОЛОМЖ

Зудын хүндрэл бэрхшээ лийг бид зөвхөн гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйл мэтээр ойлгох бус эерэг боломжуудыг зэрэгцүүлэн агуулж байдгийг харуулахыг хичээлээ. Өнөөдрийн бидэнд нүүрлээд буй зуд болон түүнтэй төстэй аливаа эрсдэлийг даван туулахад бэлэн биш байгаа нь хөдөө аж ахуйн салбарт тогтвортой хөгжлийн бодлого, стратеги дутагдалтай байгааг харуулж байна. Цаашид эрсдэлээс сэргийлэх, хямралаас зайлсхийх арга замыг тодорхойлохгүй, өмнөх зудын алдаагаа дахин давтсаар байвал үндэсний баялаг маань багасаж, малчдын амьдрал ахуй доройтож, хүн амын махны бүтээгдэхүүний хангалт муудаж, экспортоос олох орлого буурч балран доройтно. Улсын онцгой комисс шийдвэр гаргах эрхзүйн зохицуулалтгүй ч ажлыг хурдан шуурхай, цэгцтэй зохион байгуулах, гацаанд орсон асуудлын гогцоог тайлахад гол хөдөлгөгч хүч болдог. Харин ямар шийдвэрүүдийг санаачлуулах, гүйцэлдүүлэх вэ гэдэгт ихэд анхаарах шаардлагатай бөгөөд цаашид санал санаачилгуудыг тасралгүй дэвшүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь зөв ажил санаачилж, зөв боломжоо бүрдүүлж, асуудлын суурь шалтгааныг өөрчилж чадаж байгаа эсэхээ дахин эргэцүүлж, хэрэгжүүлэх нь зүйтэй. Бидний дэвшүүлсэн энэхүү асуудлыг авч үзэн уншигчид та бүхэн тунгаан бодож, дараагийн зудын эсрэг илүү хэрсүү хандаж, асуудлыг өөр өнцгөөс нь харж саарын хажуугаар сайн боломжууд байдгийг олж хараасай гэж хүсэж байна. талархал Тус нийтлэгийг Кембриджийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхим дэх Монгол, дотоод Ази судлалын төвд хэрэгжүүлж буй ESRC-аас санхүүжсэн “Trading Mongolia’s Sovereign Meat” (2022–2025) төслийн хүрээнд бичсэн юм. Үүнийг бичихэд мэргэн зөвлөгөөгөө харамгүй хайрлаж, утга зүйн уялдаа холбоо, логик дараалал зэргийг хянан тохиолдуулж биднийг дэмжиж ажилласан төслийн ахлах зөвлөх Нүрзэдийн Дугарт гүн талархал илэрхийлье!

Кембриджийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхим дэх Монгол, дотоод ази судлалын төвийн судлаач Сайнбаярын Энхбат,

Кембриджийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн профессор урадын Э.Булаг

Санал болгох

Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

1 өдрийн өмнө
Монгол Улстай Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс олон оронтой байгуулаагүй

Монгол Улстай “стратегийн хамтын ажиллагаа”-г тохиролцон байгуулсан, үүнийг манай улс дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй

1 өдрийн өмнө
Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

1 өдрийн өмнө
Нэг кг хуванцрыг 400 төгрөгөөр авч байна

Нэг кг хуванцарыг 400 төгрөгөөр авч байна

1 өдрийн өмнө