Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

3
2024 оны 4 сарын 122024-04-12
Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

Сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос хоёр долоо хоногийн өмнө энэ хэргийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр уг хэргийг “...Улс төрийн аллага” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг нь тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Том агуулгаараа системийн авлигатай холбоотой” гэж ярьсан.

Л.Оюун-Эрдэнийн “...Захиалагч нь бараг тодорхой С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “...Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой. Шүүх гэм буруутай гэж тооцоод, Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад ийм зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдгийг Б.Хурц болон зарим прокурор үнэнээр нь хэлэх өдөр ирэх байх гэж итгэдэг. Би тэднийг буруутгадаггүй. Учир нь тэд “...Мэдлээ, гүйцэтгэе" гэдэг хүмүүс. Х.Баттулга Ерөнхийлөгч ч бас үнэнээ хэлэх байх” гэсэн нь анхаарал татсаар байгаа юм.

Түүний энэ ярилцлагад хамгийн олон нэр дурдагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараахан нь цахим сүлжээгээр Л.Оюун-Эрдэнэд хандаж “хариу тайлбар” хийсэн.

Тэрбээр “...Л.Оюун-Эрдэнэ ээ, чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж хэлнэ. Өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж бодсон. Монголоо харахаар элэг эмтрээд байх юм. Чи эх орноо шорон шиг, социализмын үеийн уурын зуух шиг болголоо. Хүмүүс эндээс гарч зугтахын түүс болж байна.

С.Зоригийг алсан хүмүүсийг мөрдөгчид илрүүлсэн. Хууль, шүүх тогтоосон. Тэр хүмүүс одоо ч сэжигтэн хэвээрээ. Чи Ерөнхий сайд болоод эхний уулзсан хүнээсээ эмээж байна. Нэг л өдөр чи шалгагдана. С.Зоригийг алсан этгээдүүд, алуурчинтай хамсаатан болсон хүмүүс үргэлж сандарч яваа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилалд юу тохиолдсоныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж байсныг би мэднэ.

Аллагын хэрэг илрэхгүй хугацаа алдахад би АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчид ирүүлэх хүсэлт тавьж байлаа. Ажлын хэсгийг хаана байгуулж, хэн өөрчилдгийг хуульчид хэлнэ. Үүнд Ерөнхий сайд оролцох боломжгүй. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар туслахыг хичээж ирсэн.

Би энэ талаар хэзээ ч хэнтэй ч ярилцахаас цааргалж байсангүй. Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сарын 18-ны орой клабхауст болсон дэлгэрэнгүй яриа одоо ч миний цахим хуудсанд бий.

Манай хууль шүүхийн ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд хүмүүс биш. Тэд тусгайлан тэр мэргэжлээрээ сурсан, тусдаа хууль барьж ажилладаг. Хуульчийн мэргэжил бол өөрийн арга барил, дэс дараалалтай байдаг.

Энэ хэрэг дээр зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй. Чамд тодорхой хэлье. Уг хэрэгтэй ҮАБЗ дэлгэрэнгүй танилцсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан. Бүгдийг нь цаасаар болон аудио бичлэгээр баримтжуулсан. Тэд мэднэ, түүнийг ил болгох хэрэгтэй. Харин чи алуурчдыг нь ивээлдээ авсан. Бүгд үүнийг харж буй.

...1998 онд амь насаа алдсан С.Зориг, 2016 онд Монголын мэдэлд ирсэн “Эрдэнэтийн 49 хувь” холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. “Эрдэнэтийн 49 хувь” зөв цагтаа бидэнд ирсэн. Би тэр 49 хувийн хэрэгт бүтэн шалгагдаж, хавтас хэрэгтэй нь танилцсан. Хэргийн материал нь ялынх биш шагналыг тодорхойлно.

...Л.Оюун-Эрдэнэ ээ, чи үнэхээр үнэнийг хүсэж байвал олны өмнө ил ярилцъя. Оюутнуудын төгсөлт, лекц, диплом гээд зав бага байгаа ч чамтай ярилцахад бол цаг гаргана. Газрын хол ойр ялгаагүй, цахимаар ярилцлага хийхэд татгалзах зүйл надад үгүй. Технологийн дэвшилтийг ашиглаад чиний дуртай телевизээр чинь ч ярилцлага хийж болно. Би чамайг дуудна, чи ч бас урилгаа хэлээрэй.

...Л.Оюун-Эрдэнэ ээ, би чиний тархинд удаан оршино, түрээсгүйгээр, чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн, чи үхсэн карьераа миний нэрээр хадгалж байгаа” гэсэн юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-нд захирамж гаргаж “...С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах” үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж, бүрэлдэхүүнд нь ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн, ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, УЕП-ын орлогч М.Чинбат, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, ЦЕГ-ын ЗУГ-ын дарга Л.Нямдаваа нар багтжээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХЗДХЯ-ны ХЗБГ-ын дарга Г.Эрдэнэбулган ажиллах юм байна. Уг асуудлыг Засгийн газрын уржигдрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Тэр хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг танилцуулах үеэрээ “...Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Ц.Элбэгдорж хүн эрүүдэн шүүвэл “...Шударга ёс”, тэр нь илэрвэл “...Ц.Элбэгдорж хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой. Би тэр хүнтэй шоу тоглолтод дуу дуулах гээгүй. Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй. Миний хувьд үнэнийг олох нь ирээдүйд илүү тустай гэж бодож байна. Монгол Улсад хувьсгалын хэмжээний гурван үйл явдал л сүүлийн 100 жилд болсон. Ардчилсан хувьсгалын үзэл санааны бэлгэдэл болсон С.Зоригийн хөшөөг нь хүртэл зарчихаад, алс холоос надад ардчиллын үнэт зүйл зааж байхаас илүү ардчилсан үнэт зүйлээсээ ухарч араатан болсон шуналт алхам бүрээ эргэн бодож, өөрт чинь итгэж байсан хүн бүхнээсээ уучлалт гуй. Өөрийн чинь шуналаас болж өчнөөн зовлон үзсэн, өөрт чинь итгэсэн журмын нөхдөөсөө уучлалт гуй. Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Энэ цагийг хүлээсэн олон гэрч үнэнийг удахгүй ярина. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэжээ.

Дашрамд хэлэхэд, Т.Чимгээ Монголын төрөөс хохирол нэхэмжилж, 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Харин шүүх 2024 оны гуравдугаар сарын 13-нд хуралдаад “...Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах” шийдвэрийг гаргасан байна. Нэхэмжлэлийг хянасан шүүгч Б.Ундраа “...Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн тооцоолол, үндэслэл, эрүүл мэндэд ямар хохирол учирсан нь нэхэмжлэлд тодорхойгүй, орон сууцны түрээсийн төлбөр, зээлийн үлдэгдэл, машин тээвэр, бензин шатахууны зардал, Т.Чимгээгийн охины оршуулгын зардал, амьдарч байсан байшинг дахин барих зардлыг төр хариуцна хэмээн, төрөөс шаардаж байгаа үндэслэл, тооцоолол ойлгомжгүй хэвээр байна”, “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй хүний амь нас, гэр бүлийн гишүүдэд хамаарах гүтгэлэг доромжлолын төлөөс хэмээн шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна”, “...Нэхэмжлэгч өөрт нь хохирлл учруулсан хэмээн хариуцагчаар татаж буй этгээдийг нэхэмжлэлд тодорхой тусгаж, дээр дурьдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Санал болгох

АН-ын “асуудал” алга таших явдал мөн үү?!

Эх сурвалжуудын мэдээлэл, нийтийн сүлжээнд тавиад байгаа АН-ынхны мэдэгдлээс харвал АН-ын нэр дэвшигчдийн “багц” задарч болзошгүй нөхцөл үүсжээ. Магадгүй, сонгуулийн үе, өдөр байтугай цаг, минут үнэтэй байгаа болохоор учраа олоод цаашаа явж мэдэх юм. Тэгвэл сайн. Гэхдээ нэр дэвшигчид тодорсон шөнөөс эхэлсэн АН дахь гомдол тунирхал явсаар зөрчил тэмцлийн шинжтэй болж ирж байна

3 өдрийн өмнө
С.Мөнхбат: Өгөхийг хүсдэг хүний сэтгэл нь цагаан, юмыг зөв өнцгөөс хардаг

Сайн дурын ажилтнууд. Сайн дураараа бусдын сайн сайхны төлөө өөрийн хөлс хүч, хөдөлмөрөө зориулдаг сайхан сэтгэлтнүүдийг ингэж нэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Японд амьдарч тэнд болж байгаа аливаа хэцүү бэрх бүхэнд гар бие оролцож, бусдад туслахыг уриалж байдаг Amtsagaan Muugii гэсэн хаягтай нэгэн идэвхтэн залуу бий. Фэйсбүүкийн нэрээр нь олон монголчууд эчнээ таних болсон түүнтэй сайн дурын ажлуудынх нь талаар онлайнаар цөөн хором ярилцлаа.

3 өдрийн өмнө
Хүн төрөлхтөн жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргадаг

Бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх зэрэг хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргаж байна. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү?

3 өдрийн өмнө
Дүйчин өдөр буюу бие, хэл, сэтгэлээ шинжих нь...

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр гэдэг. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

4 өдрийн өмнө