Тейлор Свифт “MTV Video Music Awards 2024”-өөс 7 цом хүртлээ

2024 оны 9 сарын 122024-09-12
Тейлор Свифт “MTV Video Music Awards 2024”-өөс 7 цом хүртлээ

2024 оны “MTV Video Music Awards” буюу Америкийн хөгжмийн наадам энэ жилийн хамгийн шилдэг дуу, шилдэг оддыг тодруулж дууслаа. Тейлор Свифт энэ наадмын 7 төрөлд түрүүлж, оны шилдэг видео шагналыг хүртэж, дээд амжилтаа эвдэв. Тэр “Moon Person” цом гардан авахдаа "Энэ дууны видеог үзэхэд маш гунигтай санагдаж байгаа ч үнэндээ хийхэд хамгийн хөгжилтэй бичлэг байсан. Зураг авалт болгоны дараа хэн нэгэн надад урам зориг хайрладаг байсан. Тэр  хүн бол миний найз залуу Травис. Энэ хүний гар хүрсэн бүхэн аз жаргал, хөгжилтэй, ид шид болж хувирдаг. Би түүнд баярлалаа гэж хэлмээр байна” гэжээ.

34 настай тэрээр карьерынхаа турш MTV цомыг нийт 30 удаа хүртэж, хип хоп, R&B уран бүтээлч Бейонсетэй эн зэрэгцэв. Тейлор Свифт энэ жил оны шилдэг уран бүтээлч, оны шилдэг дуу, оны шилдэг поп дуучин, шилдэг засварласан дуу, шилдэг зуны дуу, шилдэг хамтын ажиллагааны шагналыг авсан байна.

“Blackpink” хамтлагийн дуучин Лалиса Манобал бие даасан хит “Rockstar” дуугаараа К-поп урсгалын шилдэг видеоны шагналыг хоёр жил дараалан хүртлээ. Өмнөд Африкийн уран бүтээлч Тайла "Water"-аар "Afrobeats" шагналыг, харин Бразилийн дуучин Анитта “Mil Veces” дуугаараа латин дууны төрөлд тэргүүлэв. Шилдэг рок дууны төрөлд Ленни Кравицын “Human”, шилдэг хип хоп урсгалын төрөлд Эминэм “Houdini” дуугаараа шалгарлаа. Харин шинэ уран бүтээлчийн төрөлд АНУ-ын дуучин, дуу зохиогч 26 настай Чаппел Роин шагнагдсан юм.

Б.Мөнхзул

Санал болгох