Хиймэл оюуны олимпиадаас 1 алт, 1 хүрэл медаль хүртлээ

2024 оны 9 сарын 132024-09-13
Хиймэл оюуны олимпиадаас 1 алт, 1 хүрэл медаль хүртлээ

ЮНЕСКО-ийн дэргэдэх Хиймэл оюун ухааны олон улсын судалгааны төв “IRCAI” болон Олон улсын хиймэл оюун ухааны ёс зүй, зохицуулалтын төв (ICAIRE) нь Саудын Арабын Их өгөгдөл, хиймэл оюун ухааны газартай  (SDAIA) хамтран Олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадыг (IAIO) 9 дүгээр сарын 8-12-нд Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияд хотод зохион байгуулж байна. 

Энэхүү олимпиадад 25 улсын 90 орчим сурагч оролцлоо. Монгол Улсаа төлөөлөн, Болгар улсын Бургас хотод болсон хиймэл оюуны олимпиадад оролцсон баг нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ. Алтан медалийг "Оюунлаг" сургуулийн сурагч Н.Батсүх, хүрэл медалийг "Хобби" сургуулийн сурагч Э.Тэнүүн авсан байна.
Багийн бусад хоёр гишүүн болох "Эрхэт эрдэм" сургуулийн сурагч Ч.Ирмүүн, "Сант" сургуулийн сурагч Т.Энгүүн нар хүрэл медаль авахад нэг оноо дутаж, шагналт байрт орлоо.

Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажиллалаа. 

Тус олимпиад нь хиймэл оюун ухааны салбарт онцгой авьяастай залуусыг илрүүлэх, урамшуулах, нэгтгэх, тэднийг таниулах, мөн компьютер, хиймэл оюун ухааны салбарын эрдэмтэд болон багш нарын хооронд олон улсын найрсаг харилцааг бий болгох зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.

Санал болгох