2979 суралцагч гагнуурчин мэргэжлээр суралцаж байна

2024 оны 9 сарын 182024-09-18
2979 суралцагч гагнуурчин мэргэжлээр суралцаж байна

Дэлхийн ур чадварын уралдааны гагнуурын төрөлд 39 оролцогч 42 багштайгаа оролцжээ. Нийт 4 модуль даалгаврыг 18 цагийн хугацаанд буюу 4 өдөр гүйцэтгэсэн байна. Тэмцээн эхлэхээс 6 сарын өмнө уг даалгаврыг оролцогчдод өгч, бэлтгүүлдэг аж. Ингээд уралдаан эхлэхээс 3-4 хоногийн өмнө уг даалгаврын 30%-ийг өөрчилдөг юм байна. Эдгээр 4 модуль даалгавар оролцогчоос маш өндөр ур чадвар шаарддаг агаад гагнуурын 4 төрлийг маш олон арга, хэлбэрээр ашиглах ёстой болдог аж. 

1 дүгээр модуль

Стандарт гагнуурын сорьц буюу ган хавтан болон шугам хоолойг орон зайн сонгогдсон байрлалд гагнуурын 4 төрөл ашиглан гагнах даалгавар байв. Энэхүү даалгавар нь гагнуурын төрөл болон гагнах байрлалаас хамааран 100 гаруй төрлийн гагналтыг гүйцэтгэх ур чадвартай байхыг шаарддаг юм. Нийт даалгаврын 42%-ийг зөвхөн 1 дүгээр модуль эзэлдэг.

2 дугаар модуль

Нүүрстөрөгчит ган сорьц материалуудыг ашиглан, даралтат сав гагнаж, угсрах ажил байв. Ингэхдээ гагнуурын 4 төрлийг хослуулан ашигладгаараа онцлогтой. Нийт онооны 38%-ийг энэхүү даалгавар дангаараа эзэлдэг. Өндөр оноотой, ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан хүнд ажил байдаг.

3 дугаар модуль

Хөнгөнцагаанаар тусгай хийц, зориулалттай бүтээцийг аргон гагнуураар гагнаж, угсрах даалгавар байв.

4 дүгээр модуль

Бүтээцийг нерж буюу зэвэрдэггүй ган ашиглан, гагнаж угсарна. Сүүлийн 2 модуль тус бүр 10 оноотой, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан өвөрмөц хийц байдаг.

гагнуурчин.jpg

Манай оролцогч Б.Чухал энэ жил даалгавраа харьцангуй сайн гүйцэтгэжээ. Гэвч даралтат савны усан шахалтын тест дээр алдсан байна. Гадаадын зарим улс 4-5 жил бэлтгэсэн гагнуурчнаа энэ тэмцээнд илгээдэг аж. Тиймээс бэлтгэлийн хугацааг хамгийн багадаа 2 жил байлгах хэрэгтэйг багш нар онцолж байна. Мөн монгол гагнуурчдын дунд мэргэжлийн өрсөлдөөн бий болгох хэрэгтэй ажээ. Учир нь 2023 онд зохион байгуулсан дотоодын тэмцээний 1 дүгээр шатанд нийт оролцогчдоор стандарт 1 дүгээр модулийн 1/3 даалгавар гүйцэтгүүлэхэд, хамгийн сайн оролцогч ердөө 30%-ийг нь л гүйцэтгэжээ. 

Дэлхийн ур чадварын уралдаан улс орнуудын мэргэжлийн боловсролын түвшин, хөгжлийг тодорхойлдог гол шалгуур болж байна. Иймд манай улс гагнуурчдаа сууриас нь эхлээд, илүү сайжруулах шаардлагатай байгааг энэ тэмцээн харууллаа.

Одоо Монгол Улсын төрийн өмчийн 32, хувийн 8 сургууль, политехник коллеж, ШШГЕГ-ын харьяа "Амгалан" МБС гэсэн нийт 41 байгууллага гагнуурчин бэлтгэдэг. 2024-2025 оны хичээлийн жилд нийт 33 сургалтын байгууллагад энэ мэргэжлээр 1485 суралцагч элсжээ. Нийтдээ 2979 суралцагч гагнуурчин мэргэжлээр суралцаж байна.

Санал болгох