17 кг каннабис авч яваад, баригджээ

2024 оны 9 сарын 132024-09-13
17 кг каннабис авч яваад, баригджээ

Машиндаа мансууруулах үйлчилгээтэй ургамал тээвэрлэж явсан залуусыг өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс илрүүлэн, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэн шалгаж байна. 32 болон 33 настай З, Б нар өөрийн эзэмшлийн машиндаа 17 кг каннабис авч явжээ. Уг ургамал сэтгэцэд нөлөөт мансууруулах үйлчилгээтэй бодисын тоонд ордог юм. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өгсөн зөвлөмжийг НҮБ-ын Хар тамхитай тэмцэх хороо 2020 оны 12 дугаар сарын 2-нд хэлэлцээд, каннабис болон түүний ханд, давирхайг Мансууруулах эмийн тухай конвенцын 4-р жагсаалтаас хассан ч 1-р жагсаалтаас хасаагүй юм. 1-р жагсаалтад Олон улсын хяналтад байх хар тамхи, мансууруулах үйлчилгээтэй бодис багтдаг. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар каннабистай холбоотой бүх үйлдэл, хэрэглээ хууль бус. Үүнийг хатуу хянадаг хэвээр байгааг олон нийтэд сануулъя. Тиймээс каннабисыг хар тамхи, мансууруулах бодис гэж үзэхээ больсон гэж андуурахгүй байх хэрэгтэй. 

Сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1043 хэрэгт 1673 хүн холбогдон шалгуулжээ. Тэдний 54 хувь нь 25 хүртэлх насны хүүхэд, залуус байна.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд хүүхэд, залуус яагаад холбогдож буйг судлахад, 67.8 хувь нь сониуч зангаар бусдыг даган дуурайсан, 43.2 нь чөлөөт цаг ихтэй, 41.5 нь найз нөхөд танилдаа уруу татагдсан, 23.6 нь хор уршгийнх нь талаар мэдэхгүй гэсэн дүн гарчээ.

Санал болгох