Телеграммаар 20 даалгавар биелүүлэн, 32 сая төгрөгөө залилуулжээ

2024 оны 9 сарын 172024-09-17
Телеграммаар 20 даалгавар биелүүлэн, 32 сая төгрөгөө залилуулжээ

Олон нийтийн сүлжээн дэх гадаад хүний нэртэй хаягнаас танд онлайнаар цагийн ажил хийж, мөнгөө өсгөх санал ирвэл бүү тоогоорой. Хэрвээ ирсэн холбоос, зар дээр дарвал танд ямар нэг банкны данс өгч, мөнгө хийхийг санал болгон, хийсэн мөнгөө 1.5-100 дахин үржүүлж авахыг ятгадаг. Энэ бол луйвар юм. Эхлээд мөнгө байршуулдаг ажил хаана ч байдаггүйг сануулъя. Хүн эхэлж ажлаа хийгээд, дараа нь хөлсөө авдаг билээ.

Сүүлийн үед телеграмаар монголчуудыг ингэж залилах нь олширчээ. "Зураг дээр заасан алхмуудыг дагаж хийн, даалгавар гүйцэтгээд, шимтгэл аваарай" гэж ятгадаг. Ингээд мөнгө хийсний дараа танд 5 оронтой тоо харуулж, "Энэ мөнгийг авахын тулд дахин мөнгө шилжүүлэх шаардлагатай" гэж ятгадаг. Тухайлбал: Иргэн Д телеграммаар ирсэн "Цагийн ажил хийгээд, өдөрт 200 мянган төгрөг олоорой. Бараа захиалаад, 20 хувийг нь ав" гэсэн саналын дагуу Константин гэх хуурамч хаягтай харилцаж, нийт 22 удаа мөнгө шилжүүлэн, 32 сая төгрөгөө залилуулсан байна. 

Түүнд энэ оны 7-р сард анх ийм өгөөш ирсэн байна. Зар дээр нь "Велл март" гэдэг дэлгүүр байсан гэнэ. Тэр анх 60 мянган төгрөг "Хаан" банкны дансанд шилжүүлжээ. Мөнгө шилжүүлэх бүрт нэмж даалгавар гарч ирэн, нэхэх мөнгөний хэмжээ нь нэмэгдээд байсан аж. 5 дахь даалгавар гарч ирсний дараа тэр эргэлзэж, Константинаас учрыг асуухад, түүнийг мөнгөө хийтэл ятгажээ. 20 дахь даалгаврыг биелүүлэхийн тулд тэр 2.6 сая төгрөг шилжүүлсэн байна. Тэгтэл "Даалгавар биелсэн" гэх бичиг гарч ирсэн хэрнээ дахиад "20 дахь даалгавар" гарч иржээ. Ингээд тэр залилуулснаа ухаарч, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандсан байна.  

Санал болгох