Гэр бүлээ хүчирхийлсэн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирчээ

15 цагийн өмнө
Гэр бүлээ хүчирхийлсэн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирчээ

Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн 5043 зөрчил бүртгэгджээ. Үүний 87 буюу 1.7 хувь нь Багануур дүүрэгт гарсан байна. Тус дүүрэгт бүртгэгдсэн гэр бүлээ хүчирхийлсэн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирчээ. Ялангуяа бие махбодид нь халдсан, үл хайхарсан, дэргэд нь архидан согтуурсан зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Ийм зөрчил өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд 23, танхайрах, хүний биед халдах, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчилд тус бүр 1 хүүхэд холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн байна.

Багануур дүүргийн Прокурорын газраас үүнд дүгнэлт хийж, хүүхдийн эрх зөрчих явдлыг багасгах, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор дүүргийнхээ Цагдаагийн болон Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн байгууллагын оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тус уулзалтаар дүүргийн хэмжээнд гарсан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцөл, хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний чанар, үр дүнг хэлэлцэж солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.

Тухайлбал, тус дүүргийн Прокурорын газраас санаачлан зохион байгуулж буй “Эв эе” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж, үр дүнг тооцож ажиллахаар болжээ.

 

Санал болгох