Согтуудаа дахин машин жолоодох зөрчил 90 орчим хувиар буурчээ

2024 оны 9 сарын 162024-09-16
Согтуудаа дахин машин жолоодох зөрчил 90 орчим хувиар буурчээ

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулсан хууль энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл өмнө нь согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон юм.

Нийслэлийн Багануур дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан 115 хүн 2023 онд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ. Тэгвэл энэ оны 8 сарын байдлаар ийм 12 хэрэг гараад байна. Энэ нь согтуудаа дахин машин жолоодох зөрчил 90 орчим хувиар буурсан гэсэн үг юм. 

Тус дүүргийн Прокурорын газар дээрх 12 жолоочид яллах дүгнэлт үйлдэж, шүүх тэдний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, торгох, хорих зэрэг ял оноожээ. 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

Санал болгох