1 дүгээр эмнэлгийн газраас эрх мэдэлтнүүд авч, 20 давхар барилга босгох гэж байна

1
2024 оны 9 сарын 202024-09-20
1 дүгээр эмнэлгийн газраас эрх мэдэлтнүүд авч, 20 давхар барилга босгох гэж байна

Б.ОЮУНЖАРГАЛ 

Хотын А зэрэглэлийн бүс гэдэг утгаараа бизнес эрхлэгчид болон барилгын томоохон компаниудын хараанд өртдөг байршлуудын нэг нь Багшийн дээд, 1 дүгээр эмнэлэг  орчим. Энэ хэсэгт УНТЭ болон Яаралтай тусламжийн 103 төв байрладаг. Эмнэлгээр үйлчлүүлэх иргэд машинаа багтааж шингээх газаргүй, эмнэлгийн машин ч аятайхан зөрөх зайгүй.

Гэтэл 1 дүгээр эмнэлгийн хашаан дотор 2005 оноос эхлэн газар ухаж, барилгын суурь цутгаад байна. Анх нийслэлийн засаг дарга М.Энхболдын захирамжаар 2005 онд энд “Жамомед” ХХК-д 450 ам.метр газар олгожээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигч солигдон, газар эзэмших хугацааг хоёр удаа сунгасан байна. Хамгийн сүүлд 2018 онд “Мөргөл-Уул” ХХК-ийн нэр дээр уг газар шилжиж ирэхдээ хэмжээ нь 1360 ам.метр болж нэмэгджээ.

“Жамомед” компани 2005 онд байгуулагдан, Монгол-Японы хамтарсан эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. АН-ын угшилтай Ш.Энхбат гээчийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй уг компанийг 2016 онд татан буулгасан байна.

Ш.Энхбат гэж хэн бэ?

Т.Гандийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед 2004-2006 онд Ш.Энхбат дэд сайдаар нь ажиллаж байв. Тэр 2005 онд буюу Эрүүл мэндийн дэд сайд байх хугацаандаа “Жамомед” компанийг байгуулжээ. 2008-2012 онд Эрүүл мэндийн яаманд Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Эрүүл мэндийн газрын даргаар ажилласан байна. 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн газрыг татан буулгахын өмнө  Ш.Энхбат “Саблет медиком”, “Лаб тех” гэх мэт хэд хэдэн хамаарал бүхий компанидаа тусгай зөвшөөрөл олгосон гэнэ. Үүнээсээ болоод, АТГ-ын хаалгыг татахад хүрчээ.

 

ЭМЯ-наас 2012 онд зарласан, 3 дугаар эмнэлэгт MRI оношилгооны аппарат нийлүүлэх тендерийг “Лабтех” компаниар дамжуулан авч, 1.7 тэрбум төгрөгийн асуудал үүсгэжээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл хууль хяналтын байгууллагад шалгагдсан байдаг.

Ингээд 2014-2016 онд Ш.Энхбат нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдож, “Жамомед” компанийнхаа нэрээр тендер авах болжээ. Тендерийнхээ хүрээнд улсын эмнэлгүүдэд чанаргүй бараа, материал нийлүүлдэг байсан нь С.Удвалыг Эрүүл мэндийн сайд байх үед илэрч, “Жамомед” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Ш.Энхбат нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга болохдоо “Жамомед” компанийг эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн аж.

                    1 дүгээр эмнэлгийн хашаан дахь газрын эзэн 4 удаа солигджээ

Ш.Энхбат 2005 онд Эрүүл мэндийн дэд сайд байхдаа Ламжавын Саранцэцэгийг Улсын 1 дүгээр төв эмнэлгийн дарга болгосон байх магадлалтай. Л.Саранцэцэг тус эмнэлгийн дарга болсон, Ш.Энхбат 1 дүгээр эмнэлгийн дэргэд газар авсан хугацаа хоорондоо таарч байгаа юм.

 

af5a180f-0bd3-48bf-b809-d9d0158bafbf.jpg

Гүндалай болоод түүний эхнэр Аззаяатай овог нэг Ламжавын Саранцэцэг 2005-2006 онд 1 дүгээр эмнэлгийн даргаар ажиллажээ. Л.Гүндалай 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан удаатай. Ингээд 2006 онд Л.Гүндалай хүссэн суудлаа авсан юм. Ш.Энхбатыг дэд сайдын албан тушаалаас буумагц Л.Гүндалай сайд болсон байдаг. Тэд сайдын суудлыг газраар наймаалцсан байх магадлалтай. Учир нь “Жамомед”-ын анх авсан газрын хэмжээ томорсоор, хамгийн сүүлийн эзэндээ очихдоо 3 дахин том болсон байдаг.

“Жамомед” ХХК анх 450 ам метр газар авснаас хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Хамгийн сүүлд буюу 2018 онд уг газрыг нэр дээрээ шилжүүлж авсан “Мөргөл-Уул” ХХК 1360 ам метр газар дээрээ 20 давхар оффис-үйлчилгээний зориулалттай барилга барихаар сууриа тавьжээ.  

1-р эмнэлгийн дэргэд газартай, тэндээ барилга барих компанитай С.Дэмчиг гэж хэн бэ

“Мөргөл-Уул” компани барилга барих тусгай зөвшөөрөлгүй. Бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор тус компанийг 2011 онд байгуулж, 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тус компанийн  гүйцэтгэх захирал Сүхбаатарын Дэмчиг мөн л АН-ын угшилтай. Тэр 1986 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, эрхзүйч мэргэжилтэй. Ардчилсан намын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Өвөрхангай аймгийн Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан, 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хүн.

f1e1089f-824c-4277-a152-3b4d19d12c19.jpg

 

“Мөргөл-Уул” компанийн хувь эзэмшигчээр “Хан хөгшин интернэйшнл” хуулийн этгээд бүртгэлтэй. Бөөний худалдаа эрхэлдэг энэ компанийн нэрийн “Хан хөгшин” гэдэг нь С.Дэмчигийн ургийн овог юм.

Тэрээр “Эй Ар Би Монголия”, “Даймонд констракшн” ХХК-ийн хувьцааг  Жамбалдоржийн Дамдинсүрэнтэй хамтран эзэмшиж байгаад, “Эй Ар Би Монголия” -гаас нэрээ хасуулжээ. Барилгын засвар, засал чимэглэл, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “Даймонд констракшн” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь С.Дэмчиг. Энэ компани 2018 онд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас захиалсан “Ундрам” СӨХ-ны дээврийг засах тендерт 45.2 сая төгрөгийн саналаар шалгарч байжээ. “Даймонд констракшн” ХХК барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн жагсаалтад бүртгэлтэй байна. “Мөргөл-Уул”-ын нэр дээрх, 1 дүгээр эмнэлгийн дэргэдэх газар дээрээ С.Дэмчиг “Даймонд констракшн” ХХК-ийнхаа нэр дээр барилга бариулахаар туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлажээ.

1-р эмнэлгийн газартай Шадар сайд С.Амарсайхан холбоотой юу?

С.Дэмчигийн “Мөргөл-Уул” компанид О.Тэнүүн хувь эзэмшигчээр бүртгэлтэй. О.Тэнүүн бол Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаярын хүү. Тэднийг “Оюуны-Ундраа” группээр нь хүмүүс андахгүй. “Мөргөл-Уул” компанийг хамтран эзэмшигч С.Дэмчиг, О.Тэнүүн нар “Ханхөгшин интернэйшл” ХХК-ийг мөн хамтран эзэмшдэг.

2018 онд Су.Батболд хотын дарга, С.Амарсайхан НИТХ-ын дарга байв. Энэ үед 1 дүгээр эмнэлгийн хашаан доторх газрын гэрчилгээ “Мөргөл-Уул” компанийн нэр дээр 1359 ам метр хэмжээтэйгээр шилжсэн байна. Үүний дараа буюу 2019 онд С.Амарсайхан нийслэлийн засаг дарга болжээ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ.PNG

С.Амарсайханыг хотын дарга байх үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 2-нд “Мөргөл-Уул” компани 1 дүгээр эмнэлгийн дэргэдэх газар дээрээ барилга барихаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяраар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна.

Open photo

 

Б.Ууганбаярын эхнэр, АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан нэгэн үе “Оюуны-Ундраа” группт бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг.

 

48ca83b9-8a84-4f2c-993b-e9e98b4dd8c9.jpg

“Мөргөл-Уул” компани уг газар дээр 450 мянган ам метр талбайтай барилга барих нь. Уг газрын 30 хувьд нь ногоон байгууламж бий болгож, тохижуулан, авто зогсоол хийх гэнэ. Харин хэдэн давхар барилга барихыг уг даалгаварт тусгасангүй. Ямартай нь 20 давхар барилга барина гэсэн мэдээлэл бий.  2019 онд С.Амарсайхан 1 дүгээр эмнэлгийнхний хүсэлтээр уг газартай танилцаад, “Мөргөл-Уул” компанийн газрын зөвшөөрлийг цуцална гэж олны нүдэн дээр ам гарсан ч биелүүлээгүй. Бодит байдал дээр энэ газартай тэр өөрөө хамааралтай болоод явчихлаа. Тийм ч учраас цуцалж чадаагүй биз.

2023 оны 10 дугаар сард Х.Нямбаатар дарга 1 дүгээр эмнэлгийн хашаан дахь барилгын ажлыг зогсоож, газрыг нь улсад буцааж авна гэж мэдэгдсэн гэх боловч одоо болтол тодорхой шийдвэр гаргаагүй байгаа аж. Одоо энд барилгын суурь цутгачихсан байгаа юм.

Өдөрт 3000-4000 өвчтөн үйлчлүүлдэг 1 дүгээр эмнэлгийн хашаанд үйлчлүүлэгчдийн машин багталцахгүй, өвчтөнүүд таарсан газраа машинаа хаяад, машинаа ачуулах вий гэхээс айж, яарч сандран, эмнэлгээр үйлчлүүлсэн болж байхад зогсоолын газрыг нь хувьдаа авсан эрхэм төрийн түшээд ичиг. Улсын эмнэлгийн авто зогсоолын газрыг буцаан авч, албан ёсоор авто зогсоол байгуулж өгнө үү, Х.Нямбаатар дарга аа!

Санал болгох

1 дүгээр эмнэлгийн газраас эрх мэдэлтнүүд авч, 20 давхар барилга босгох гэж байна

Ш.Энхбат 2005 онд Эрүүл мэндийн дэд сайд байхдаа Ламжавын Саранцэцэгийг Улсын 1 дүгээр төв эмнэлгийн дарга болгосон байх магадлалтай. Л.Саранцэцэг тус эмнэлгийн дарга болсон, Ш.Энхбат 1 дүгээр эмнэлгийн дэргэд газар авсан хугацаа хоорондоо таарч байгаа юм. Гүндалай болоод түүний эхнэр Аззаяатай овог нэг Ламжавын Саранцэцэг 2005-2006 онд 1 дүгээр эмнэлгийн даргаар ажиллажээ. Л.Гүндалай 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан удаатай. Ингээд 2006 онд Л.Гүндалай хүссэн суудлаа авсан юм.

1 өдрийн өмнө