Б.Дайчинбаатар: Шаргын говьд явж байхад цай, боорцог өгсөн хөвгүүдэд үнэхээр баярласан

2024 оны 8 сарын 162024-08-16
Б.Дайчинбаатар: Шаргын говьд явж байхад цай, боорцог өгсөн хөвгүүдэд үнэхээр баярласан

 

Б.Дайчинбаатар өдгөө 42 настай. Нийслэлийн 79-р сургуульд газарзүйн багшаар ажилладаг. Тэр 2021 оноос эхлэн дугуйтай аялах болжээ. Энэ удаад 22 хоногийн турш 1900 км газрыг туулж Алтайн Таванбогд хүртэл аялжээ. Энэ аялал ямар байсан талаар Б. Дайчинбатартай ярилцлaa

------------------------------------------------------------------------------------

-Та сайн явж ирэв үү. 1700 километрийг 17 хоногт туулж, Баян-Өлгий аймагт очсон. Түүнээс цааш дахин 200 километрийг таван хоногт туулжээ. Нийтдээ 22 хоногийн энэ аялал хэр сонирхолтой байв. Та анх удаа унадаг дугуйтай аялж байна уу?

-Би 2022 оноос эхлэн дугуйтай аялах болсон. Өмнө нь би Хэнтий, Өмнөговь зэрэг аймгаар дугуйтай аялж байсан туршлагатай. Энэ удаагийн аяллыг нэг жилийн өмнө төлөвлөсөн. Өмнөхөөсөө илүү хол, олон хоног аялснаараа онцлогтой. Мөн очих газрын минь зам их элстэй, дугуйгаар явахад их хүндрэл гарсан. Гэсэн хэдий ч хэцүүг үл ажран, байгалийн сайхан, сэтгэлийн амар амгаланг мэдэрч явсаар ирлээ.  

-Аялахад санхүү бас чухал. Үүнийг хэрхэн яаж шийдэв. Энэ аялалдаа зориулан мөнгө хуримтлуулж байв уу?

-Тийм. Нэг жилийн өмнөөс цалингаасаа тодорхой хувийг нь хуримтлуулж байсан. Амралтын мөнгөн дээрээ хуримтлуулсан мөнгөө нэмээд, аялсан.

-Явсны эцэст зорьсон газартаа хүрч, хэргээ бүтээх тэр агшин ямар байв. Танд нэг тийм өөрөөрөө бахархах омогших мэдрэмж төрсөн биз?

 -Мэдээж. Ерөнхийлөгчийн овоон дээр гарч, сургуулийнхаа тугийг мандуулж байхдаа догдолж байсан.

-Та унадаг дугуйгаа хаанаас хэдэн төгрөгөөр авч байсан бэ?

-Холын аялалд бол хятад унадаг дугуй төдийлөн зохидоггүй гэдгийг аялагчид хэлдэг юм байна лээ. Би өмнөх аяллаа хятад дугуйтай хийж байсан. Куба унадаг дугуй аялагчдын хамгийн сайн нөхөр гэдгээрээ алдартай. Тийм учраас энэ удаагийн аяллалдаа Кубын дугуй сонгосон. Унадаг дугуйгаа “Хаан” банкны ногоон зээлээр авсан. 3 сая 500 зуун мянган төгрөгийн үнэтэй. Аяллын туршид янзлахааргүй айхтар эвдрээгүй. Дугуй хагарсан төдий л байсан. Кубын унадаг дугуй хөнгөн, ачааны даац 20 килограмм, олон цацруулагчтай, аюулгүй байдал сайн хангасан юм байна.

 -Замын нөхцөл ямар байв. Жолооч нар хэр хандаж байна?

-Хүсэл мөрөөдлийг минь хүндэтгээд, зөрөхдөө эрхий хуруугаа гозойлгох хүмүүс байхад зарим нь хажуунаас шахаж, дайрах шахам хурдтай явж байсан. Унадаг дугуйтай аялагчийг хүндэтгэх соёл жолооч нарт дутмаг санагдсан. Орон нутгийн автозам үнэхээр нарийхан гэдгийг энэ аяллаар мэдэрсэн. Тэгэхээр унадаг дугуйтай аялагчид маань өглөө эрт гарч, орой гэгээтэйд амарч байх хэрэгтэй. Харанхуйд явах нь эрсдэл өндөр.

-Аяллын туршид цаг агаар ямар байв?

-Би тохиромжтой үед аялсан гэж бодож байгаа. Учиргүй их үер буугаагүй. Шиврээ бороо, шившээ салхитай, Нартай өдрүүд байлаа. Аялагч хүн аялсаар байгаад, халуунд халж хүйтэнд хөрч, байгалийнхаа аястай дасан зохицоод, илүү ойр болчихдог.

-Та ер нь яагаад газарзүйн багш болсон юм. Таны сонирхол, хоббитой холбоотой юу?

-Ер нь тийм. Намайг бага байхдаа уул их ширтэж, бодлогоширдог байсан гэж ээж ярьдаг. Тухайн үед би тэр уулын цаана юу байгаа бол гээд их сониуч зантай байсан. Ингээд илүү ихийг таньж мэдэх, үзээгүй газартаа заавал очих хүсэл тэмүүлэлтэй байсан. Тэр нь газарзүйн багш болж, аялах замд хөтөлсөн гэж боддог.

-Унадаг дугуйтай ганцаараа аялах тухайгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд, хэрхэн хүлээн авч байв?

-Би ганц бие. Ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Унадаг дугуйтай 1700 километр аялна гэдгээ тэдэнд хэлээгүй. Ирээд хэлэхэд, ээж маань уйлсан.  

-Замын туршид ямар ямар хүмүүстэй тааралдав. Тусалж, дэмжих хүмүүс хэр олон байв?

-Би Ховд аймгийн Дарви сум орчимд нутгаасаа гараад, нэг жил таван сар болсон Испанийн аялагчтай таарсан. Дэлхийг тойрон аялж яваа юм байна лээ. Надаар бахархаж байна гээд зургаа хамт даруулсан. Мөн Говь-Алтай аймгийн Шаргын говьд айхтар халуун байсан. Нэлээн ядарсан. Элсэнд унадаг дугуйтай явах нь их тэсвэр тэвчээр шаарддаг юм байна лээ.

Тэр үед хэдэн хүүхэд над дээр ирж, цай боорцог өгчхөөд явсан. Тэдэнд үнэхээр их баярласан. Миний аяллын нэг сайхан дурсамж болсон. Үнэхээр хайр хүрэм.

-Дараагийн удаад хаашаа аялах гэж байна. Төлөвлөсөн зүйл байна уу?

-Монгол орноороо аялчхаад, Дэлхийг унадаг дугуйгаар тойрно. Ойрын хэдэн жилдээ багтаад, энэ аяллаа эхлэхээр төлөвлөсөн.

СЭТГҮҮЛЧ  Б.ОЮУНЖАРГАЛ  

Санал болгох

1 дүгээр эмнэлгийн газраас эрх мэдэлтнүүд авч, 20 давхар барилга босгох гэж байна

Ш.Энхбат 2005 онд Эрүүл мэндийн дэд сайд байхдаа Ламжавын Саранцэцэгийг Улсын 1 дүгээр төв эмнэлгийн дарга болгосон байх магадлалтай. Л.Саранцэцэг тус эмнэлгийн дарга болсон, Ш.Энхбат 1 дүгээр эмнэлгийн дэргэд газар авсан хугацаа хоорондоо таарч байгаа юм. Гүндалай болоод түүний эхнэр Аззаяатай овог нэг Ламжавын Саранцэцэг 2005-2006 онд 1 дүгээр эмнэлгийн даргаар ажиллажээ. Л.Гүндалай 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан удаатай. Ингээд 2006 онд Л.Гүндалай хүссэн суудлаа авсан юм.

1 өдрийн өмнө