Криштиано Роналдо 900 дахь гоолоо орууллаа

2024 оны 9 сарын 62024-09-06
Криштиано Роналдо 900 дахь гоолоо орууллаа

Криштиано Роналдо өнгөрсөн шөнө Нуно Мендесийн дамжуулсан бөмбөгийг 6 метрийн холоос өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, Үндэстнүүдийн лигийн эхний тоглолтод хүчирхэг Хорватыг 2:1 харьцаагаар хожлоо. Энэ нь түүний 900 дахь гоол. Харин Португалын шигшээ багт ирснээс хойших 131 дэх гоол юм. Гоолын тоогоороо Роналдо одоогоор Дэлхийд тэргүүлж байна. Түүний дараа 838 гоолтой Месси хоёрдугаарт бичигдэж байна.

Роналдо гоол оруулсныхаа дараа “Энэ гоол маш их утгатай. Миний удаан хүссэн, чухал өдөр өнөөдөр байлаа. Үргэлжлүүлэн тоглоод байвал ийм гоол оруулахаа мэдэж байсан. Бэртэж гэмтэлгүй байж 1000 гоол оруулах зорилгодоо хүрмээр байна” гэж хэлжээ.

Роналдо 2021 оны сүүлчээр “Манчестер-Юнайтед” багт тоглож байхдаа 800 дахь гоолоо оруулсан юм.

Тэрээр:

  • “Спортинг” багт байхдаа 5,
  • “Аль Насср” багт 68, Ювентус багт байхдаа 101,
  • Португалын шигээ багт байхдаа 131,
  • “Манчестер-Юнайтед” багт байхдаа 145,
  • “Реал Мадрид” багт байхдаа 450 гоол оруулжээ.

900 гоол оруулахын тулд аливаа тамирчин 20 жил хөлбөмбөг тоглож, улирал бүр дунджаар 60 гоол оруулах шаардлагатай.

Хөдөлмөр, авьяас, сахилга батын үлгэр жишээ болсон энэ агуу тамирчин Европын аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулж чадаагүй. Гэвч тэрээр шигшээ багийнхаа 131 дэх гоолыг оруулж, эрин үе нь дуусаагүй гэдгээ батлан харууллаа.

 

Санал болгох