Ахлагч нарын 28 хувь нь түрээсийн байр, айлд амьдарч байна

2024 оны 9 сарын 62024-09-06
Ахлагч нарын 28 хувь нь түрээсийн байр, айлд амьдарч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт  “Найрамдал" зусланд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх уг чуулга уулзалтад оролцож,  өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай албаны нэр хүндийг өндөрт өргөн, ахлагчийн манлайллыг ямагт дээдлэх, мэргэшсэн, төрийн чадварлаг тусгай албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байхыг захилаа.

Уг уулзалтад 20 мянга гаруй ахлагчийн төлөөлөл болсон 1000 гаруй ахлагч оролцож байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний мотобуудлагын 111 ахлагч энэ уулзалтад цахимаар оролцов.

Өнгөрсөн гурван жилд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа сайжирсан байна. Гэхдээ тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудал цөөнгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэлж, сайд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

Юуны өмнө ахлагч нарын 28 хувь нь түрээсийн байр, айлд амьдарч, албан тушаалын орон сууцны хангалт хилийн цэргээс бусад байгууллагад дөнгөж долоон хувьтай байгаад онцгой анхаарах ёстойг сануулав.

Ахлагч нар ид хийж бүтээх насандаа буюу дунджаар 41 насандаа цэргийн тэтгэвэр тогтоолгодог.

Мэдлэг, ур чадвар, туршлагыг бүрэн ашиглах, үйлдвэр, бүтээн байгуулалт, аж ахуйн салбарт шилжин ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.

Шинэ болон сайжруулсан зэвсэг, техник, дрон, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн-ахлагч бэлтгэх, зэвсэглэл, техникийн нарийн мэргэжилтэй болон гадаад хэл, бие бялдрын өндөр бэлтгэлжилтэй алба хаагчдад цалингийн нэмэгдэл олгох талаар судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт чиглэл болгов. Ялангуяа алба хаах орчин нөхцөл, удирдах бүрэлдэхүүний арга барил, цалин хангамжийн ялгаатай байдлаас шалтгаалан туршлагатай, мэргэшсэн ахлагч нар албаа орхих ёсгүйг онцгой анхаарууллаа.

ахлагч.jpg

Дараа нь Ерөнхийлөгч шилдэг ахлагч нарт шагнал гардууллаа. Үүнд:

 “Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн”:

  1. Тэргүүн ахлагч Н.Баттөмөр дасгалжуулагчтай, ахлах ахлагч Х.Анхбаяр даргатай Зэвсэгт хүчний бүлэг,
  2. Тэргүүн ахлагч М.Гансүх дасгалжуулагчтай, ахлах ахлагч О.Гантулга даргатай Батлан хамгаалах яамны бүлэг,
  3. Ахмад Б.Жаргалсайхан дасгалжуулагчтай, ахлах ахлагч Э.Батням даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүлэг шалгарчээ.

“Шинийг санаачлагч-бүтээлч ахлагч” шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан:

  1. ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Наранбаатарын “Смарт чип” төхөөрөмж,
  2. ОБЕГ-ын 18 дугаар ангийн ахлагч Г.Өсөхбаярын “Автомашин зөөвөрлөн холдуулах төхөөрөмж”,
  3. Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах ахлагч Ц.Баярхүүгийн “Далдлалт араас буудлага хийх төхөөрөмж” шалгарсан байна.

Монгол Улс ахлагч цолыг 1942 оноос олгож эхэлсэн юм.

Санал болгох