ПАК ба КИМ

2015 оны 5 сарын 232015-05-23

258b6d71-5554-4268-8988-09fc6a7d23f2,66182-1e9c48b0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg

Умард Солонгос бол манай гараг дээр коммунист тогтолцоонд үнэнч үлдсэн цорын ганц цайз. Эдийн засгийн нээлттэй, чөлөөт бодлого хэрэгжүүлж, гарамгай амжилт олсон Хятад, Вьетнамыг хэн ч социалист гэж адлахаа больсон. Карибын тэнгист орших жижиг Куба хүртэл АНУ-тай харилцаагаа сэргээх төлөвтэй. Тун удахгүй Хавана хотод АНУ-ын элчин сайдын яам нээгдэх гэж байна. Куба аралд шинэчлэлийн салхи үнэртэж эхэллээ. Гэтэл Умард Солонгос яг хэвээрээ. Ким Ир Сений өөрийн чадлаар хөгжих чучхе үзлийн дагуу замнаж буй энэ үндэстэн дэлхий ертөнцөөс улам тусгаарлагдлаа. 2009 онд Ким Чен Ир зургаан талт хэлэлцээнээс гарснаас хойш Умард Солонгос улам ганцаардлаа. Аюулгүйн Зөвлөл дээр Умардыг өмгөөлдөг байсан Хятад, ОХУ ч Умард Солонгосын этгээд, тааварлашгүй, аюултай үг, үйлдлээс залхаж байх шиг. Умардын албан ёсны нэршил нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс боловч ардчилал гэдэг үг энэ улсад яав ч тохирохгүй. Бүгд Найрамдах Солонгос Улс хэмээх даруухан нэртэй, цус нэгтэй Өмнөд хөрш нь Умардаас хамаагүй илүү хөгжилтэй, хүнлэг нийгмийг байгуулжээ. Дэлхийн хамгийн хаалттай, нууцлаг дэглэмийн талаарх бидний төсөөлөл Умард Солонгосын төрийн мэдлийн телевиз, сонин ба Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагуудын олж авсан мэдээллээр хязгаарлагдана. АНУ-ын тагнуулын байгууллагууд хиймэл дагуулаас хааяа нэг зураг татаж, цөмийн ба пуужингийн хөтөлбөрийнх нь талаар мэдэх гэж оролдохоос цаашгүй. Хаа очиж Монголчууд хуучин тогтолцооны үеэс Умард Солонгостой сайн харилцаатай учраас Пхеньян руу хэд хэдэн жуулчдын баг илгээж байсан. Гэвч хүлээж авсан тал нь зохион байгуулалттайгаар музей, концерт, хөшөө дурсгал үзүүлэх учраас жирийн солонгосчууд чухам яаж амь зуудгийг мэдэх боломжгүй, мэдэхийг ч зөвшөөрөхгүй. Улстөр бол бүр хаалттай. Манай ерөнхийлөгч Ким Чен Унтай биечлэн уулзсан эсэх нь ч тодорхойгүй. Миний бие 2011 оны зун Умард Солонгост очиж үзсэн. Зөвхөн төлөвлөсөн хуваарийн дагуу аялал үргэлжлэх учраас хөндлөн гулд зорчиж, хүн ардтай уулзах ямар ч боломж байхгүй. Мэдээлэл хязгаарлагдмал ийм нөхцөлд Умард Солонгосын дотоод амьдралыг тандах хамгийн бодитой эх сурвалж нь тэндээс зугтаж гарсан иргэд. Умард Солонгосын засгийн газар гадаадын улс орнууд руу элчин сайд, дипломат ажилтнуудаа гэр бүлтэй нь хамт явуулдаггүй гэх яриа бий. Үнэний ортой ч бололтой юм билээ. Ухаандаа нөхөр нь зугтахаас сэргийлж, эхнэр, хүүхдийг нь барьцаалж буй санаатай. Умард Солонгост хоригдож байсан, армид алба хааж байсан эсвэл төрийн албанд ажиллаж байсан тэдгээр нөхөд гэрэл гэгээтэй зүйл лав ярьдаггүй. Гэрэл зураг, дүрс бичлэгээр нотлох боломжгүй ч гэсэн Умард Солонгосоос зугтагсад тэнд үйлдэгдэж буй харгислалыг нэгэн дуугаар ярих аж. Өнгөрсөн долоо хоногт СNN телевизийн сурвалжлагч Пола Ханкокс Умард Солонгосоос зугтсан Пак гэгч эрхэмтэй яриа өрнүүлжээ. Сэтгүүлч Мөнхбаясгалан шиг баг зүүлгээгүй боловч нүүр, дуу хоолойг нь нууцалжээ. Учир нь Умард Солонгост түүний гэр бүл нь байгаа аж. Пак Умард Солонгосын талаар чухам юу ярив? 

Гурван жилийн дотор Умард Солонгост ямар нэгэн үйл явдал болж магадгүй гэж Пак ярив. Ямар нэгэн үйл явдал гэдэг нь Умардын залуу удирдагч Ким Чен Уны эсрэг бослого, төрийн эргэлт магадгүй түүний амийг хороох оролдлого гарч болзошгүй гэж Пак хэлсэн. 1948 онд үүсгэн байгуулагдсан дал орчим жилийн түүхтэй энэ улсыг ердөө гурван хүн угсаа залгамжлан удирдсан. Гуч гаруй настай залуу Ким Чен Уны өвөө, аав нь энэ улсыг хорин нэгдүгээр зуун гартал жолоодон залсан. Тэгвэл цэрэг улстөрийн нүсэр аппаратын тусламжтайгаар тогтоон барьдаг энэ дэглэмд өөрчлөлт гарна гэж Пак хэллээ. Пакийн тайлбарласнаар Ким Чен Уны эсрэг төрийн эргэлт гарах хэд хэдэн үндэслэл байгаа аж. Нэгдүгээрт, Ким Чен Ун маш балмад харгис үйл ажиллагаа явуулдаг. Өвөө, аав нь эрх баригч дэглэмийг эсэргүүцсэн дайснуудаа албан тушаалаас нь зайлуулах, хорих, цөлөх аргаар шийтгэдэг байсан бол Ким Чен Ун ямар ч өршөөлгүйгээр цаазалдаг аж. Тэр эрх мэдлээ бэхжүүлэх, өөртөө үнэнч хүмүүсийн хүрээлэл үүсгэхийн тулд өөрийг нь эсэргүүцсэн, шүүмжилсэн ямар ч этгээдийг цээрлүүлдэг аж. Хамгийн анхны хохирогч нь түүний хүргэн ах буюу их удирдагч Ким Ир Сений ганц охин Ким Кён Хуйн нөхөр Жан Сун Тэк байлаа. Ким Чен Ирийг таалал төгссөний дараа Умард Солонгосын нөлөө бүхий хүнээр тодорч, олон нийтийн өмнө Ким Чен Унтай хамт үзэгддэг байсан энэ хүн 2013 оны арван хоёрдугаар сард цаазлагдсан. Ким Чен Уны харгислал үүгээр дууссангүй. Төрд тэрслэгчдээс гадна тэдний эхнэр, хүүхдүүд, төрөл төрөгсдийг ч цаазалдаг тухай ноцтой баримтыг Пак дэлгэсэн. Авга эгч Ким Кен Хуй нь ч нас барсан байж магадгүй гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд хэлдэг. Зөвхөн 2015 оны эхний таван сарын байдлаар Өмнөд Солонгосын 15 төрийн өндөр албан тушаалтан Ким Чен Уны зарлигаар цаазлагдсан байж магадгүй тухай Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд парламентдаа мэдээлсэн. Олон нийтийн өмнө ил үзэгддэг байсан төрийн албан тушаалтнуудаас сураг тасрах нь ямар нэгэн байдлаар золгүй үйл явдал тохиолдсоныг нотолно гэж тайлбарлах юм билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд батлан хамгаалахын сайд Хён Ён Чол гэгчийг хэдэн зууны өмнө нисэх онгоц эсэргүүцэгч пуужин ашиглаж харгисаар цаазалсан тухай Өмнөд Солонгос даяар шуугиж байна. Пуужингаар цаазын ял гүйцэтгэдэг улс Умард Солонгосоос өөр байхгүй байх. Залуу удирдагч Ким Чен Уны зэрлэг балмад үйлдлүүд түүнийг эсэргүүцэх хандлагыг улам нэмэгдүүлнэ гэж Пак ярьсан. Хоёрдугаарт, Ким Чен Ун Умард Солонгосыг удирдах эрхтэй эсэх тухай цуурхал Умардын элит хүрээнд яригдаж байгаа бололтой. Тухайлбал, Ким Чен Ун өөрийн өвөг эцэг Ким Ир Сентэй хэзээ ч хамт зургаа татуулж байгаагүй аж. Ким Ир Сен одоогийн Ким Чен Уныг хэзээ ч өөрийн залгамжлагч гэж үзэж байгаагүй гэсэн агуулгатай цуурхал тарсан байж магадгүй гэнэ. Учир нь Ким Чен Уны ээж нь Умард Солонгосын эртний дайсан Японд төрсөн аж. Үзэл суртал талаасаа Японд төрсөн ээжтэй Ким Чен Ун Умардыг удирдах эрхтэй юу? Гуравдугаарт, Ким Чен Ун Умард Солонгосын гол холбоотон, өмгөөлөн хамгаалагч нь болсон Хятадтай учраа олж чадахгүй байгаа аж. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Ким Чен Ун 2013 оны хавар Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш Хятадтай харилцахаа больсон аж. Хятадын Шиньхуа агентлагийн вебсайтад ч Умард Солонгосын талаар сүүлийн нэг жил бараг мэдээлэхээ больсон нь үүний нотолгоо байж болох уу? Америкийн зарим шинжээчдийн тайлбарласнаар Ши Жиньпин Хятад-Солонгосын харилцаанд илүү прагматик хандах болсон аж. Хэрвээ Ким Чен Ун цөмийн зэвсэглэл, пуужингаар хөөцөлдөөд байвал цаашид улстөрийн дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж Ши Жиньпин анхааруулга өгсөн гэж ярьж байна. Яг тодорхой эх сурвалж олоогүй. Гэхдээ л Ши Жиньпин Умардыг биш Өмнөд Солонгосыг стратегийн түншээр зарласан нь нэгийг хэлэх мэт. СNN телевизэд ярилцлага өгсөн мань Пак ч Умардын залуу удирдагчийг улстөр, эдийн засаг, санхүү, соёл, дипломат ёс огт мэдэхгүй балай амьтан гэж тодорхойлсон. Хятад маягийн нээлттэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх нь гарамгай төлөвлөгөө нь балран нурсан ч гэж ярьж байна. Хятадын эдийн засгийн гарамгай амжилт чөлөөт эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологиос шууд хамаарсан гэдгийг мань эр эрхбиш ойлгодог байлгүй дээ. 

Хэдийгээр CNN агентлаг иргэн Пакийн ярьсан зүйлсийг нотлох боломжгүй гэж тайлбарласан ч гэсэн Умардаас зугтаж гарсан хэн ч өөрийн эх орон, удирдагчийн талаар сайн зүйл ярьж байгаагүй. Солонгосын хойг, магадгүй бүс нутаг, дэлхийн аюулгүй байдал гуч гаруйхан настай энэ нялх удирдагчаас хамаарч байна. Дээр нь энэ залуугийн гарт хорь гаруй цөмийн хошуутай пуужин байгаа тухай Хятадын засгийн газар мэдээлсэн. 2020 он гэхэд Умард Солонгос 200 гаруй цөмийн пуужинтай болох боломжтой аж. Одоогоор Вашингтон, Сөүл Хятадуудын гаргаж тавьсан баримтыг нотлох боломжгүй гэсэн байр суурьтай байгаа ч Умардын цөмийн хөтөлбөрийн бүрэн хүчин чадлыг тооцоолох боломж алга. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, дэлхийн хүчирхэг гүрнүүд ятгаж үзлээ, хориг тавьж дарамталж үзлээ. Харамсалтай нь 2009 оноос хойш яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарсангүй. Үе үе Бээжин, Улаанбаатарт Умард Солонгос-Японы төлөөлөгчид уулзаж, барьцаалагдсан Японы иргэдийн талаар ярилцахаас өөр идэвхтэй үйл ажиллагаа харагдсангүй. Москва хотод болсон аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн жагсаалын үеэр Ким Чен Уныг гэгээн дүрээр нь харах боломж байсан. Харамсалтай нь мань эр дотоод ажилтай учраас гэж тайлбарлаад айлчлалаа цуцалсан юм. Ким Чен Ун гурван жил Умард Солонгосыг удирдах хугацаандаа ганц ч удаа хилийн чанад руу аялсангүй. Гол холбоотон Хятадтайгаа эв түнжин муудсан учраас хаашаа ч явах билээ.  

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө