Иракийг хэн сэрээв?

2014 оны 7 сарын 72014-07-07
dcf14d3d-61d4-4536-9f2f-5629b855bbee,66673-530e08e0-457f-11e5-bc0a-1314c8008624.png.jpgАмерикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Барак Обама ерөнхий сайд Нури аль-Малики тэргүүтэй шийт шашинт Иракийн эрх баригчдад хандан зүүд нойрноосоо сэрэхийг уриаллаа. Улс орноо сэргээн босгох, үндэсний эв нэгдлийг хангах, үндэстэн угсаатнууд, шашны бүлэглэлүүдийг сэтгэл хангалуун байлгах амлалтаа хэрэгжүүлэхгүй бол Иракийн тогтвортой байдлаар хэн дуртай нь оролдож чаддагийг харууллаа. Ирак болон Сирийн нутаг дэвсгэрийг дамнан исламын улс байгуулах мөрөөдөлтэй суннит шашны зэвсэгт босогчид долоо хоногийн дотор  Самарра, Киркук, Мосул хотуудыг эзэлчихэв. Нийслэл Багдад хот руу хоёр зуу гаруй километр ойртсон суннитуудын давшилтыг арай гэж зогсоолоо. Иракийн хойд нутагт эмх замбараа гэж алга. Хэн нь хэнтэйгээ байлдаад байгаа нь ойлгомжгүй. Суннит шашинт арабын зэвсэгт босогчдод бут цохигдсон Иракийн арми сүүлээ хавчин Багдад руу зугтах зуур нүүдэлчин малчдаас бүрдсэн сайн дурынхан, курд үндэстнүүд ч мөргөлдөөнд татагдан оров. Үймээнийг далимдуулан Сирийн нисэх хүчний онгоцнууд шийт шашинтнуудаа өмөөрөн Иракийн хойд нутагт агаараас цохилт өглөө. Суннитууд Иракт исламын улс, курд үндэстнүүд Курдистан улсаа байгуулах юм гэнэ. Арван таван мянга хүрэхгүй зэвсэгт дайчдыг эгнээндээ нэгтгэсэн суннитын бүлэглэл 800,000 гаруй цэрэгтэй Иракийн армийг тун ичгэвтэр байдалд оруулж чадлаа. Ерөнхий сайд Нури аль-Малики тэргүүтэй эрх баригчдаас улстөрийн хариуцлага хүлээхийг хүссэн хүсээгүй шаардах болно.

2003 онд АНУ-ын ялгуусан арми Саддам Хуссэйний дэглэмийг түлхэн унагаж, Иракийн хүн амын олонх болох шийт шашинтнуудад засаг барих боломж олгосон юм. Шийт шашинтнууд Иракийн хүн амын жар гаруй хувийг бүрдүүлдэг. Гуч гаруй хувь нь суннит шашинт арабууд бөгөөд үлдсэн цөөхөн хувийг нь курд, туркмен зэрэг жижиг үндэстнүүд бүрдүүлдэг. Иракийн дарангуйлагч Саддам Хуссэйн үндэсний цөөнхийн төлөөлөл байсан. Саддам Хуссэйн Иракийг төмөр нударгаар захирч, тогтвортой байдлыг хангадаг байв. Саддам Хуссэйн тэргүүтэй Баат намын өндөр албан тушаалтнуудыг дүүжилснээр улстөрд сул орон зай үүслээ. Засгийн эрхэнд гарсан шийт шашинтнууд эв нэгдлийг хангах нэрийдлээр улстөрийн гол албан тушаалуудыг хуваарилав. Хамгийн их эрх мэдэлтэй ерөнхий сайдын албан тушаалыг шийт, арай эрх мэдэл багатай парламентын даргын албан тушаалыг суннит шашинтнууд авч, бэлгэдлийн шинжтэй ерөнхийлөгчийг суудал курд үндэстнүүдэд ногдов. Ерөнхий сайд Нури аль-Малики Иракийн улстөрөөс суннит шашинт улстөрчдийг шахан зайлуулж, батлан хамгаалах болон сангийн яам, төв банкийг өөрийн мэдэлд авсан нь суннит шашинтнуудын хорслыг төрүүлэв. Засгийн газрын тусламж шийт шашинтнуудад чиглэж, үндэсний цөөнхүүд мартагдаж эхэлсэн. Үнэндээ 2003 онд Саддам Хуссэйний дэглэмийг түлхэн унагасны дараа Иракийн армийг тараасан нь тухайн үеийн эрх баригчид болон АНУ-ын буруу байсан гэдгийг хожим Цагаан Ордон хүлээн зөвшөөрсөн. Саддам Хуссэйн тэргүүтэй томчуудыг нь цаазлаад, тушаалаар ажилладаг мэргэжлийн офицеруудыг нь үлдээх хэрэгтэй байж. Дахин арми босгох гэж зүдрэх хооронд Иракт асар их цус асгарсан. Армиас хөөгдөж ажилгүй болсон офицерууд аль-Кайда тэргүүтэй суннит шашны босогчдын эгнээнд сайн дураараа нэгдэж байв. Цэргийн эрдэм эзэмшсэн офицерууд террорист үзэл санаагаар зэвсэглэвэл ямар аюултай болохыг харуулсан. Америкчууд Иракийн армийг хэдхэн сарын дотор бут цохьсон. Өнөөг хүртэл АНУ-ын армийн 4487 цэргийн албан хаагч Иракт амь эрсэджээ. Тэдний дийлэнх нь 2006-08 онд буюу Иракт суннит шашны босогчдын үйл ажиллагаа ид гаарч байх үед амиа алджээ. Тэр үед Ирак дахь олон улсын эвслийн хүчний ажиллагааг удирдаж байсан америк генералууд ч хожим Саддамын дараах Иракийн нөхцөл байдлыг дутуу үнэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.

Шийт шашинтнуудаар шинэ армиа бүрдүүлсэн Нури аль-Малики 2007-08 онд суннитын босогчдын үйл ажиллагааг арай гэж хязгаарласан. Үнэндээ Иракийн армийн үүрэг оролцоо тун хязгаарлагдмал байсан. Нури аль-Малики тухайн үед Иракт үүрэг гүйцэтгэж байсан АНУ тэргүүтэй холбоотон улсуудын 200,000 гаруй цэргийн хүчээр л нөхцөл байдлыг намжаасан юм. Америкийн генерал Дэйвид Петраус Ирак дахь цэргийн ажиллагааны стратегийг эрс өөрчилж, аядуу үзэл баримтлалтай суннит шашны удирдагч нартай холбоо тогтоож чадсанаар босогчдыг сааруулж чадсан гавьяатай. Улмаар Иракийн дайн цэг тавих амлалт өгч сонгуульд ялалт байгуулсан Барак Обама 2011 оны арван хоёрдугаар сард Иракаас цэргээ бүрэн эргүүлэн татлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ирак харьцангуй нам гүм байсан нь Нури аль-Маликийн ач биш, Цагаан Ордон стратегиа өөрчилсний үр дүн байсан. Үнэндээ Нури аль-Малики АНУ-ын армийг Иракаас гарсны дараа үндэсний эв нэгдлийг хангах үйлсдээ ханцуй шамлан орох ёстой байсан атал эсрэгээр амтат зүүдэндээ умбаж орхив. Суннит шашинтнууд тэрслэн боссон нь Нури аль-Маликийн улстөрийн бодлогын үр дагавар. Аль-Малики Ирак, Сири дэх суннит шашны зэвсэгт босогчдыг Саудын Араб, Катар тэргүүтэй Арабын улс орнууд санхүүжүүлдэг гэж гомдоллох ямар ч шаардлага байхгүй. Тэр Иракийн хамгийн өндөр албан тушаалтан учраас нөхцөл байдлыг хяналтандаа авах боломж байсан. Одоо яах вэ? Түүний засгийн газарт хэн туслах бол?

Ерөнхийлөгч Барак Обама Иракт хуурай замын цэргээ илгээж, дахин дайн хийхгүй юм байна. Цагаан Ордон Иракт зөвхөн 300 цэргийн зөвлөхөө илгээж, Иракийн армид тусална. Бусдыг нь Иракийн арми өөрсдөө шийднэ. Шийт шашинтнуудад туслах нэрийдлээр суннит шашинтнуудын тэмцлийг улам гааруулах нь яав ч ухаалаг үйлдэл биш гэж үзэж байна. АНУ-ын засгийн газар Иракийн хямралыг намжаахын тулд эртний дайсан Ирантайгаа холбоо тогтоох тухай ч яригдаж байна. Цагаан Ордон үүнийг албан ёсоор нотолсон бол Нури аль-Маликийн Засгийн газар одоогоор Ираны Хувьсгалт гвардын тусламжийг авах эсэх нь тодорхойгүй байна. Америкийн зарим судлаачдын бичсэнээр Ойрхи Дорнодын бүс нутагт гол тоглогч болохыг зорьдог Иран улс энэ завшааныг далимдуулан Иракт нөлөөгөө тогтоож яагаад болохгүй гэж? АНУ нэгэнт Иракт цэргээ оруулахгүй учраас Иран тэдний орон зайг эзлэх боломжтой гэнэ. Иракийн шийт шашинтны удирдагч Аятолла Али Систани ч шийт шашинтай Ираны ард түмэн бидний найз нөхөд гэсэн утгатай юм ярина билээ.

Нури аль-Малики цаашид Иракийн улс төр дэх суннит болон бусад үндэстнүүдийн эрх ашгийг хангахгүй бол ийм бослого тэмцэл дахин давтагдана. Гэтэл Нури аль-Малики бараг сая хүнтэй арми байсаар атал шийт шашинт залуусаа сайн дураараа тэмцэлд нэгдэхийг уриалж байх юм. Бараг баруун зүүн хөлөө ялгахгүй, агаар луу хий буудаж дүвчигнэх тэдгээр сайн дурын цэргүүд нь асар өндөр зохион байгуулалттай, орчин үеийн зэвсэгтэй суннитын босогчдын эсрэг тулалдаад амжилт олохгүй. Суннитын босогчид Мосул хотын төв банкнаас 429 сая доллар дээрэмдсэн. Зөвхөн энэ мөнгөөр 6,000 босогчийг сарын 600 долларын цалинтайгаар бүтэн жил ажиллуулж чадна. Дээр нь хилийн чанадаас ирэх тусламжийг нэмбэл суннитын босогчдыг тийм ч амар дийлэхгүй болов уу. Голдуу газрын тос, байгалийн баялагаар үндэсний орлогоо бүрдүүлдэг Арабын ертөнцийн улс орнуудад шийт, суннит шашны хоорондын мөргөлдөөнийг шийдвэрлэнэ гэдэг амаргүй гэдгийг Сири, Иракийн хямрал харуулж байна. Арабын улс орнуудын нийт хүн амын дал гаруй хувь нь гучаас доош насны залуус. Ийм залуусыг шийт эсвэл суннит шашны хэт даврагч үзлээр өдөөж, зэвсэглэвэл Арабын аль ч улс орныг ганхуулах боломжтой аж.

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

9 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө