Татарын бахархал

2014 оны 7 сарын 12014-07-01
886324a0-26f7-4953-b766-c2fb33f577c6,66678-545974a0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg1944 оны тавдугаар сарын 18-ны өглөө Зөвлөлт Холбоот Улсын Дотоод хэргийн ардын комиссариатын дарга Лаврентий Бериягийн тушаалаар нэгэн золгүй үндэстнийг арван тавдугаар зуунаас хойш оршин суусан эх нутгаас нь нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Тэд бол Крымын хойг дахь үндэстний цөөнх болох татар үндэстнүүд байлаа. Гурав хоногийн дотор 238,500 татар үндэстнийг мал зөөдөг ачааны галт тэргэнд ачиж, нутаг заан цөлсөн бөгөөд тэдний бараг тэн хагас нь өлсгөлөн болон өвчний улмаас хорвоог орхисон билээ. Татарууд эх орон, Зөвлөлт засгаасаа урваж, нацистын армид алба хаасны төлөө Иосиф Сталины төмөр нударгыг хүртсэн нь энэ байв.

Эх орны дайны үед Германы дайны машинаас гадна суртал ухуулгын машин нь ч сайн ажиллаж байсан. 1941-1944 оны хооронд Крым нутаг нацистуудад эзлэгдсэн байв. Германы суртал ухуулгын машин үүргээ сайн гүйцэтгэж, татар үндэстнүүдийг эгнээндээ нэгтгэж чадсанаас гадна татар шиг жижиг үндэстэн тухайн үед аль хүчирхэг үндэстнийг нь дагахаас өөр аргагүй байдалд орсон ч байж магадгүй. Хоёр дахь хүчин зүйл нь арай бодит үндэслэлтэй байсан байж магадгүй юм. Том, хүчирхэг үндэстнийг дагаж, нөлөөний хүрээнд нь багтаж амь зуух нь аль ч жижиг үндэстний амьдрах арга мэт. Эх орны дайны үед 9,200 орчим татар үндэстэн Германы армид элсэж, Зөвлөлтийн эсрэг тулалджээ. Улмаар 1944 онд Зөвлөлтийн ялгуусан Улаан арми Крымыг чөлөөлснөөр татар үндэстнүүдийн хар дарсан зүүд шиг амьдрал эхэлсэн байна. Харийн дайсантай сүлбэлдэж, эх орноосоо урвасан татаруудтай тооцоо бодох нь зайлшгүй байлаа. Хожим нь татар үндэстний удирдагч нар өвөг дээдсийг нь цөлсөн нь геноцид байсан гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон ч амжилт олоогүй. Кремль Катыний ойд польш үндэстнүүдийг хоморголон устгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Крымын татарууд цөллөгт илгээснээ геноцид гэж үзэхгүй байна. Сталины зарлигаар Крымын хүн амын арван хоёр хувийг бүрдүүлж байсан 238,500 татар үндэстнийг Дотоод хэргийн ардын комиссариатын газрын 32,000 цагдаагийн харуул хамгаалалтын дор Төв Ази руу цөлсөн бөгөөд бараг 110,000 орчим нь өлсгөлөн ба өвчний улмаас нас барсан.

Эдүгээ Украины иргэн гэж бүртгэгдсэн 248,000 гаруй татар үндэстний 98 хувь нь Крымд амьдарч байна. Хилийн чанад дахь татаруудын дийлэнх нь Узбекистан, Турк, АНУ, Румынь, Болгар зэрэг улс орнуудад тархан суурьшжээ. Мэдээж хэрэг суннит шашинтай энэ үндэстний өлгий нутаг нь Крым. Тэндээ курултай нэртэй парламент маягийн юм байгуулж, татар үндэстнийхээ эрх ашгийг төлөөлдөг юм билээ. Тэд үндэстний ба нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, автономит статустай болох сонирхолтой боловч Орос, Украин шиг том улсууд энэ асуудлыг нь тоож хүлээн авах эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ Украин-Оросын сөргөлдөөн Крымын татаруудыг ацан шалаанд оруулжээ. Украинд үнэнч үлдэх үү? Эсвэл Оросын талыг баримтлагчдыг дагах уу? Мэдээж хэрэг татар үндэстнүүд орчин үеийн иргэншсэн нийгэмд гаргасан шийдвэрийнхээ төлөө далан жилийн өмнө өвөг дээдэс шигээ цөлөгдөх аюулгүй боловч өнөөгийн Крымын татаруудын удирдагч нар жижиг үндэстнээ авч үлдэхийн тулд толгойгоо багагүй гашилгах шаардлагатай биз. Аль нэг талд нь тал тохой таталгүйгээр том үндэстнүүдийн хоорондын мөргөлдөөнөөс мултрах зайлгүй шаардлага тулгарчээ. Хэрвээ Украиныг дагавал Оросын талыг дэмжигч зэвсэгт босогчид, Оросын талыг баримталбал Украины үндсэрхэг үзэлтнүүдийн бай болно. Крым Украинаас салан тусгаарлаж, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтахаас өмнө яг энэ асуултыг татар үндэстнүүдээс асууж байлаа. Азаар Крымын жижиг үндэстнүүд харьцангуй гайгүй өнгөрлөө. Тэд Украин, Оросын аль нэг тал руу нь хазайхгүй төвийг сахиж чадсаны хүчинд эх нутагтаа үлдэж чадлаа.  

Татар үндэстнүүдийн бахархал болсон нэг эрхэм бий. Тэр хүн бол дэлхийн 101 дэх баян хүн болох тэрбумтан Ринат Ахметов. 15,4 тэрбум долларын хөрөнгөтэй Ахметов Украины мэргэжлийн хөлбөмбөгийн Шахтар Донецк клубын эзэн. Шахтар Украины мэргэжлийн хөлбөмбөг дэх Динамо Киев клубын ноёрхлыг зогсоож, хүчээ авсан нь Ринатын хөрөнгө оруулалтын үр дүн. Ахметовын зуун хувь эзэмшдэг Систем Капитал Менеджмент компани нь 23 тэрбум долларын эргэлтийн хөрөнгөтэй бөгөөд уул уурхай, төмөрлөг, санхүүгийн салбарт хөрөнгө оруулж, 300,000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Ринат Ахметовын хөрөнгө оруулалт, буяны үйлсийн ачаар Крымын татар үндэстнүүдийн аюулгүй байдал хангагдаж байна. Ахметов өөрийн татар үндэстнүүдээс гадна Украинд ч буяны үйлсэд их мөнгө зарцуулдаг сайн үйлстэн. Дээр нь бизнесийн шугамаар Орос, Украины төрийн өндөр албан тушаалтнуудтай дотно холбоо тогтоожээ. Украины үндсэрхэг үзэлтнүүд түүнийг Оросын талыг дэмжигч зэвсэгт босогчдыг мөнгөөр тэтгэдэг гэж буруутгасан. Гэвч Украины иргэний пасспорттой Ринат Ахметов би бээр нэгдмэл Украин, энх тайвны төлөө бат зогсоно гэж улстөрч маягийн хариулт өгнө билээ.

Улстөрчид ирж л байдаг, явж л байдаг. Харин бюрократууд үлддэг гэдэг хэлц бий. Бизнес эрхлэгчид ч ялгаагүй. Тэд бизнесийн үйл хэргээ амжилттай явуулахын тулд эрх баригч, сөрөг хүчний аль алинд нь тал засахаас өөр аргагүй аж. Ринат Ахметов саяхан Донекц, Луганьск дахь Оросын талыг баримтлагч дэмжигч зэвсэгт босогчдод хандан тэмцлээ зогсоож, Киевтэй тохиролцохыг уриалсан. Цаашид зэвсэгт тэмцлээр амжилт олохгүй гэдгийг сануулсан хэрэг. Украины шинэ ерөнхийлөгч Петро Порошенко салан тусгаарлагчдад найр тавихгүй гэж мэдэгдсэн учраас Ринат Ахметов цаашдаа Украинд амжилттай бизнес эрхлэхийн тулд Киевийг дагахаас өөр аргагүй. Оросыг талыг дэмжигчидтэй сүлбэлдвэл өөрөө л хохирно. Зүүн Украин дахь Ринат Ахметовын бизнес 100,000 хүнийг ажлын байраар хангадаг аж. Гэтэл Донекц ба Луганьскийн Ардын Бүгд Найрамдах Улс гэгчийг нь олон улсын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй учраас Зүүн Украин дахь хөрөнгө оруулалт нь тун эрсдэлтэй байдалд оржээ. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Зүүн Украин дахь үйлдвэрүүдийн борлуулалт бараг дөчин хувиар буурчээ. Энэ бол маш том тоо. ОХУ нь өөрөө уул уурхайн орон учраас Зүүн Украины бүтээгдэхүүнийг байнга бэлэн мөнгөөр худалдан авах шаардлагагүй аж. Тийм ч учраас Ринат Ахметов бизнесээ хэвийн явуулахын тулд баруун тийш экспортлох шаардлагатай.  Тэр зүүн зүгт Москваг, баруун зүгт Киевийн аргадаж байж тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалтаа эрсдэлээс сэргийлэх боломжтой.  


 

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

16 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө