Өмнөд Судан

2014 оны 6 сарын 242014-06-24
baa31a20-78db-45c2-aeb2-7a28fc4d25bf,66684-54eab820-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgНийгмийн тогтвортой байдал тухайн үндэстэн нь хэл, соёл, шашны хувьд хэр нэгдмэл байхаас хамаарна гэдэг. Улстөрийн шинжлэх ухааны сурах бичгүүдэд голдуу тааралдах эдгээр ойлголт тийм ч дэмий үгс биш шүү. Нийгмийн тогтвортой байдал нь эдийн засаг, улстөрийн тогтвортой байдал, цэрэг зэвсгийн хүчээс гадна тухайн үндэстэн хэр нэгдмэл байхаас хамаардаг. Ялангуяа, ядуу буурай, жижиг улс орнуудад нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудал бүр ч хамаатай. Жижиг улс орнуудын хувьд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, дэлхийн томчуудтай зэрэгцэн бүрэн эрхт улс гэж цоллуулах нь бахархал боловч улсаа эмхлэн байгуулна, нийгмийн тогтвортой байдлаа хангана гэдэг тун амаргүй бололтой. Үндэстэн угсаатан, хэл соёл, шашны хувьд олон хуваагдсан Африк тивд ийм жишээ их олон. Тусгаар тогтнолоо зарлаад тун удаагүй Өмнөд Суданы жишээ байна. 

2011 онд Өмнөд Судан нэртэй жижиг улс Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу хүн төрөлхтний гэр бүлд нэмэгдсэн билээ. Өмнөд Суданы ард түмэн тусгаар тогтнолоо зарлаж, Суданаас салахын тулд хоёр ч удаа иргэний дайн дэгдээжээ. 1955-1972 онд үргэлжилсэн Суданы Нэгдүгээр иргэний дайнд хагас сая гаруй хүн амиа зольсон. Дайны үр дүнд Өмнөд Судан нь Өмнөд Суданы Автономит муж статустай болсон бөгөөд 1983 онд Суданы Хоёрдугаар иргэний дайн дэгдэх хүртэл уг статусаа хадгалсан юм. Суданчууд 1983-2005 оны хооронд дахин хорь гаруй жил цус урсган байлдав. 2005 оны энхийн хэлэлцээр хийснээр цуст иргэний дайн дууссан боловч тусгаар тогтнолоо олж авахын тулд дахин зургаан жил хүлээсэн билээ. Суданы иргэний дайн, Судан улс хоёр салсан зэрэг нь хэл, соёл, шашны ялгаатай холбоотой. Эвлэршгүй тэмцэл, сөргөлдөөн, үзэн ядалт. Судан нь исламын шашинтай, Өмнөд Судан нь христийн шашинтай. Ислам, христийн шашин нэг дор энхтайвнаар зэрэгцэн оршино гэдэг тун амаргүй бололтой. Африк тивдээ л бар, арслан гэж тооцогддог хүчирхэг Нигери хүртэл шашин хоорондын мөргөлдөөнөө зохицуулж чадахгүй зүдэрч л байна.

Өмнөд Судан тусгаар тогтносон үйл явдлыг миний бие сайн санаж байна. Өмнөд Суданыг гэрэлт ирээдүй угтана гэж гуравхан жилийн өмнө сурталчилж байлаа. Хойд Суданаасаа дөрөв дахин их газрын тосны нөөцтэй, ашигт малтмалтай Өмнөд Судан тун удахгүй цэцэглэнэ гэж таамаглаж байлаа. Харамсалтай нь гурван жилийн хугацаанд Өмнөд Суданд гэрэлт ирээдүй харагдсангүй. Дэд бүтцийн хөгжил тааруу, хөрөнгө оруулалт, технологи дутмаг учраас байгалийн баялгаа ч олборлож, үр ашигтай зарцуулж чадсангүй. Хойд Суданаа аргадах гэж газрын тос зарж олсон орлогоо хуваах аяддаг юм билээ. Хэрвээ энэ чигээрээ үргэлжлэх буюу шинэ технологи, хөрөнгө оруулалт татаж, шинэ нөөц нээхгүй бол 2020 онд газрын тосны нөөц нь бараг тавин хувиар дундрах аж. Өмнөд Судан гэдэг нэр нь шинэ боловч тийм ч залуу улс биш. Албан ёсоор тусгаар тогтнолоо зарлаагүй гэсэн ч өмнө нь Өмнөд Судан байж л байсан. Хөөрхий Өмнөд Суданы ард түмэн хөдөө аж ахуйд тулгуурласан эдийн засагтай хэвээр үлдэж. Хөдөө аж ахуй ч юу байхав. Мал ба малчдад суурилсан аж ахуй шүү дээ. 

Арай гэж исламын шашинт Умардаас ангижирсан Өмнөд Суданд дотоодын зөрчил мөргөлдөөн дэгдлээ. Нуэр болон Мурле угсаатнуудын хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн малын хулгайтай холбоотой аж. Малын хулгай, бэлчээрээ булаацалдах гэдэг үгс тун танил сонсогдож байгаа биз. Мэдээж хэрэг мал сүрэг нь амьжиргаагаа залгуулдаг гол хэрэгсэл учраас зэвсэг барин босохоос өөр аргагүй. 2011 оноос хойш өнөөг хүртэл албан бус тоогоор 5,000 гаруй хүн амь эрсдэж, 50,000 гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ.

Тусгаар тогтнол гэдэг чинь ийм үнэ цэнэтэй байсан юм уу? Өмнөд Суданы нийгэмд учир их байна. Энэ улс 11 сая орчим хүн амтай. Гэтэл хүн ам нь 60 гаруй угсаатны бүлгээс бүрддэг бөгөөд омог, угсаатнууд нь 80 гаруй хэлээр ярьдаг гэх. Албан ёсны хэл нь англи хэл боловч отог омгуудын хэл нь илүү ач холбогдолтой бололтой. Энэ олон угсаатны бүлгүүдийг нэгтгэдэг ганц зүйл нь христийн шашин. Гол угсаатнууд нь Динка, Бари, Нуэр, Азанде нар. Цаашлаад Шиллик, Топоса, Дидинга, Теннет, Мурле, Баггара гэх мэтчилэн үргэлжилнэ. Арга ядсан Өмнөд Суданы эрх баригчид нийслэл хотоо өөрчлөх мэргэн санаа сэдсэн гэнэ. Тэр нь өмнө зүгт байрладаг Жуба хотыг өөрчилж, төв нутагт байрладаг Рамсель хотыг нийслэл болгох төлөвлөгөө. Рамсель нь зүүн, баруун, төвийн мужуудын заагт байрладаг учраас үндэстний эв нэгдлийг хангах юм байх. Хэцүү дээ хэцүү. Нийгмийн тогтвортой байдлаа хангаж чадахгүй улсад хөрөнгө оруулалт хийнэ гэдэг найдвар муутай. Өмнөд Суданаас бараг дөрөв дахин цөөн хүн амтай Монгол Улс хүртэл тийш нь энхийг сахиулагчдаа илгээсэн. Жижиг улс нь жижиг улсдаа тусалж байна шүү дээ.

Өмнөд Суданы хамгийн алдартай иргэн бол Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглож буй Луол Денг. Яагаав, саяхан Монголд ирсэн өндөр хар залуу. Өмнө нь бас мэргэжлийн сагсан бөмбөг тоглодог байсан Манут Бол нэртэй 231 сантиметр өндөр залуу ч Өмнөд Суданаас гаралтай. Африк тивийн бусад үндэстнүүдийн адилаар дэлхийд танигдсан мундагчууд нь голдуу эх нутгаа орхисон дүрвэгсэд. Эх нутагтаа үлдэгсдийн хувьд ирээдүй тун ч ярвигтай байна даа. Шашин, хэл, соёлын нэгдмэл байдал гэдэг ойлголт тухайн улс орны хувь заяатай ч холбогддог гэдгийг Өмнөд Судан харуулж байна. Зарим онолчид шашин, хэл, соёлын ялгаралтай ч гайхамшигтай хөгжсөн улс бол Америкийн Нэгдсэн Улс гэж тунхагладаг. Үнэндээ Америкийн нийгэм тийм ч ялгарч, төрөлжсөн биш шүү дээ. Хүн амын дал гаруй хувь нь христийн шашинт цагаан арьстнууд. Харууд, латинууд, азиуд бол үндэстний цөөнх. Тэнд нийгмийн тогтвортой байдал нь нийгмийн дунд давхарга буюу цагаан арьст гэр бүлүүдээс хамаардаг юм. Хар, шар, цагаанаараа талцаж зодолдоод, буудалцаад, алалцаад байдаг юм биш. Нийгмийн тогтвортой байдал гэдэг нь тухайн улсын хүн амын дийлэнх хэсгийг нэг үндэстэн бүрдүүлдэг, хэл, соёлын хувьд нэгдмэл байсан нөхцөлд яригдах бололтой. Шашин өөр бол соёл нь ч дагаад өөр байна биз. Нутаг нугаараа талцдаг, жалга довны үзэл гаргадаг, учиргүй их шашин шүтдэг ярьдаг монголчууд бид нийгмийн тогтвортой байдал гэгчийг нухацтай л тунгаах ёстой юм.




Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

16 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө