Америкийн эмзэг сэдэв

2014 оны 6 сарын 232014-06-23
2307e499-92a9-4ad9-b9e3-138db5962512,66689-555f24d0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgЭнд тэндгүй сонгууль. Хосни Мубаракийг клиник үхэл гэдэг оноштой эмнэлгийн орон дээр хэвтэж байх зуур египетчүүд залгамжлагчийг нь сонголоо. Антонис Самарас грекчүүдийг аврах үүрэг хүлээв. Монголчууд бид ч сонгуульдав. 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө америкчуудын улстөрийн идэвх ч сэргэжээ. Ардчилсан намын ерөнхийлөгч Барак Обама, Бүгд Найрамдах намын горилогч Митт Ромни хоёр цагаачлалын асуудлаар байр сууриа илэрхийлж, Латин гаралтай испани хэлтэй сонгогчдод тал засав. Барак Обама албан тушаалын давуу талаа ашиглан зарлиг гаргаж, Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандан бичиг баримтгүй хууль бусаар оршин сууж буй залуусыг албадан нутаг буцаахыг хориглолоо. Митт Ромни мөчөөгөө өгсөнгүй. АНУ-ын хууль ёсны иргэн болсон хүмүүсийн гэр бүл, үр хүүхдийг Америкт авчрах амлалт өгч энхрий дотно хүмүүсээсээ тусгаарлагдсан цагаачдын сэтгэлийг уяраалаа. Өнөөдөр 2 сая гаруй латин гаралтай цагаач ядуу амьдарч байна гэсэн баримт дэлгэв. Дөрвөн жилийн өмнө хууль бус цагаачдыг өрөөсөн нүдээрээ ч харахгүй гэж байсан хүн гэнэт зангаа хувиргасан нь гайхалтай. Ер нь Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цагаачлалын асуудал заавал хөндөгддөг уламжлалтай. 2008 оны хавар Жон МакКэйн Митт Ромни хоёр нам дотроо энэ асуудлаар маргалдаж байсан бол намар нь Барак Обама, Жон МакКэйн хоёр ч мэтгэлцэж байв. Америкийн эдийн засгийн уналт, ажилгүйдэл, орон сууцны хямрал, Афганистаны дайн гэх мэттэй харьцуулбал цагаачлал жижиг асуудал боловч маш эмзэг сэдэв. Тийм ч учраас Жорж Бушийн үед ч Барак Обамагийн үед ч Америкчууд цагаачлалын асуудлыг шийдвэрлэх шийдэл олж чадахгүй байна.

Обама Ромни хоёр нэг зүйл дээр санал нэгджээ. Дэлхийн хамгийн хүчирхэг армид алба хааж, Америкийн төлөө амиа өргөхийг зөвшөөрсөн залууст иргэний харьяалал олгох зам нээгдэнэ гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч, горилогч хоёр шинэ зүйл санаачилсан юм биш. 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа Жорж Буш АНУ-ын зэвсэгт хүчинд алба хааж буй 65,000 цагаачдад иргэний харьяалал олгож байв. Тэдний дийлэнхийг Ирак, Афганистан руу илгээсэн бөгөөд дайны талбарт баатарлагаар амь эрсэдсэн цагаач иргэд ч бий. Гэвч зөвхөн цэрэгт явснаар асуудал шийдэгдэхгүй бололтой. Англиар ярьж, уншиж, бичих чадвараа шалгуулах ёстойгоос гадна Америкийн түүхийг сайн мэддэг байх ёстой ажээ. Америкийн Нэгдсэн Улсыг цагаачид байгуулсан. Харин өнөөдөр эрх чөлөөний эх орныг зорин ирсэн хүмүүс Америк ямар хатуу ханатай болохыг мэдэрч байна. Хууль бус цагаачлалыг хязгаарлах гэж Америк-Мексикийн хилийн бүст Афганистан дайнаас дутахгүй анхаарал хандуулж байна. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн аяны үеэр цагаачдын эсрэг харгис, хүнлэг бус гэмээр саналуудыг ч дэвшүүлж байв. Хилийн зурвас дээр гүн шуудуу ухаж дотор нь арзгар шүдтэй мөлхөгч хийх, авираад ч барахгүй өндөр хана босгох, цахилгаан утас татах зэрэг санаачлага гаргаж байлаа. Америкийн цагаачдыг сөрөг дүр төрхийг латин гаралтнуудаар төсөөлдөг болжээ. Англи хэл сурахдаа маруухан, хар тамхи, гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбогддог. Мексикийн эдийн засаг өсч амьдралын нөхцөл сайжрахын хэрээр латин гаралтнууд нуцаг буцаж байгаа сайн мэдээтэй боловч хууль бус цагаачлал толгой өвтгөсөн хэвээр. Саяхан АНУ-д 11 сая гаруй цагаач бичиг баримтгүй хууль бусаар оршин сууж байна гэж тооцоолжээ. Тэдний дийлэнхи нь латин гаралтнууд. Хаа очиж ази гаралтай цагаачид Америкт өндөр үнэлэгдэж байна.

Америк бол дэлхийн хамгийн агуу цагаачдын нийгэм гэж тодорхойлдог. Цагаачдын хүч хөдөлмөр, тархи, оюун ухаан Америкийн гайхамшгийг бүтээжээ. Билл Гэйтс, Уоррен Баффетт зэрэг тэрбумтнууд ч гэсэн засгийн газартаа хандан АНУ-ын виз олгох журмыг хөнгөвчилж өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг саадгүй нэвтрүүлэхийг уриалж байна. Нэгэн цагт АНУ нь цагаачдын хувьд хамгийн таатай орон гэж тодорхойлогддог байсан бол өнөөдөр Канад, Австрали улс Америкийн тархийг хулгайлж байгааг Фарийд Закария халаглан бичжээ. Франц, Герман, Их Британи ч гэсэн Америкаас дутахгүй оюунлаг хүмүүсийг татах гэж хичээдэг болсон байна. Шинжлэх ухаан, техникийн боловсролтой, өндөр ур чадвартай хүмүүсийг гараа тосон угтаж авахыг уриалж байна. Америкийн цагаачдын нэр төрийг өндөрт өргөж буй нь голдуу азиуд. Тэднийг XX зууны хамгийн өндөр ур чадвартай ажиллах хүчин гэж магтжээ. Ази гаралтай 14,5 сая Америкчуудын дунд ядуурлын түвшин 11,9 хувьтай. Гэтэл үндэсний хэмжээнд ажилгүйдлийн түвшин 12,8 хувьтай байна. Азиуд ардчиллыг хайрладаг, гэр бүлийн үнэт зүйлсийг дээдэлдэг, сайн эцэг эх болдог, шургуу ажилладаг, ажлын талбарт амжилт олж албан тушаал ахих чадвартай гэж үнэлэгджээ. АНУ-ын засгийн газар чинээлэг, өндөр боловсролтой хүмүүсийг татах бодлого хэрэгжүүлсний үр дүнд Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгосын хамгийн оюунлагууд нь Америкийн зорьжээ. Дэлхийн том корпорациудад ажилладаг монгол залуус маань ч тэдний дунд багтана. 2010 онд инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан оюутнуудын 45 хувь, математик компьютерын шинжлэх ухааны салбарт 38 хувь, физикийн салбарт 33 хувь нь азиуд байжээ. Тийм ээ, Америкийн эдийн засаг, шинжлэх ухааны ололт амжилт, өндөр технологи тэдний тархины бүтээл.

АНУ-ын үе үеийн засаг захиргааны үед цагаачлал нь улстөрийн эмзэг сэдэв байлаа. Жорж Буш Дэлхийн II дайны дараа хэрэглэж байсан зочин-ажилчин хөтөлбөрийг сэргээх төсөл санаачилсан боловч Конгресс дэмжээгүй. Ардчилсан Нам цагаачлалын асуудлаар арай зөөлөн байр суурьтай боловч Барак Обамагийн засгийн газар энэ асуудлаар дорвитой шийдвэр гаргаж чадахгүй л байна. Бакалавр зэрэгтэй, Америкт дор хаяж 500,000 долларын хөрөнгө оруулсан хүмүүст давуу тал олгоно гэсэн журам байдаг бололтой юм билээ. Митт Ромни Америкт амьдарч буй хүмүүсийн хань ижил, үр хүүхдүүдийг авчирна гэж амлав. 2012 оны байдлаар дэлхийн хэмжээнд 322,000 гаруй хүн Америкт амьдарч буй гэр бүл дээрээ очих мөчийг хүлээж байна. Цагаачлал нь Америкийн улстөрд жижиг боловч эмзэг сэдэв хэвээр байна. Бүгд Найрамдах болон Ардчилсан Нам цагаачлалын асуудлаар үр дүнтэй шийдэл олж чадахгүй байгаа боловч нэг зүйл дээр санал нэгджээ. Бичиг баримтгүй, боловсрол маруухан, барлаг маягийн ажил эрхэлдэг хүмүүст хатуу хандах бололтой. Харин өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай хүмүүст Америк мөрөөдлөө биелүүлэх боломж нээлттэй байна.




Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

9 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

25 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө