“Go out” бодлого

2014 оны 8 сарын 112014-08-11
0dff5a14-ac0c-4ee0-9da8-fe2d93326047,66639-4fb39340-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgБүгд Найрамдах Хятад Ард Улсын ерөнхийлөгчөөр Жян Зэминь ажиллаж байх үед буюу 1999 онд Бээжин “Go out” нэртэй бодлого боловсруулжээ. Үгчилбэл “гадагшаа гар” гэсэн утгатай уг бодлогыг хэрэгжүүлснээр Хятадын компаниуд хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэлхийн зах зээлийг эзлэх аж. Улмаар социалист зах зээлийн эдийн засагтай Хятад улс өнгөрсөн арван таван жилийн хугацаанд гадагшаа гарах бодлогоо тун амжилттай хэрэгжүүлж явна. Ер нь Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил, гарамгай амжилтанд эргэлзэх шалтгаан алга. Эдийн засгийн нээлттэй бодлогын үр дүнд Хятад улс дэлхийн хоёрдогч том эдийн засаг боллоо. Дэлхийд эдийн засгийн хэмжээгээр тэргүүлэгч Америкийн Нэгдсэн Улсыг гүйцэж түрүүлэх нь цаг хугацааны асуудал. Хятадын хөрөнгө оруулалт Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй улс орнуудад цутгаж, Америк, Европын хүчирхэг зах зээлд ч Хятадын уухай сонсогдох боллоо. Бээжин хямд ажиллах хүчинд тулгуурласан экспортын баримжаатай эдийн засгийн стратеги хэрэгжүүлсний үр дүнд гадаад валютын нөөцөөр дэлхийд тэргүүлж байна. Хятадын гадаад валютын нөөц 3,7 триллион доллар. Япон, Саудын Араб болон Барууны улс орнууд Хятадыг гүйцэхээ өнгөрчээ. Энэ их мөнгийг ухаалаг зарцуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах нь Хятадын эрх баригчдын хувьд дэлхийн зах зээлийг эзлэх зорилгоо хэрэгжүүлэх хамгийн том нөөц аж. 

Эдийн засгийн хувьд дэлхийд нөлөөгөө тогтоох Хятадын бодлогын хамгийн том талбар нь Африк тив. Хар тивийн байгалийн нөөцийг ашиглах, хяналтаа тогтоохын төлөө Бээжин асар их мөнгө цутгаж байна. Бээжин Африкийн улсуудыг тос жижиг гэж ялгасангүй. Өмнөд Африк, Нигери зэрэг хүчирхэг эдийн засагтай улсуудаас гадна Өмнөд Судан, Бурунди гэх мэт жижгүүдийн нэрс дуулдана. Байгалийн нөөц, ашигт малтмал, мод, хөвөн зэрэг стратегийн гол гол нөөцүүдийг хянах нь Хятадын ашиг сонирхол. Африк тив тэрбум гаруй хүн амтай. Нийт эдийн засаг нь 1,2 триллион доллар. Дэлхийн байгалийн нөөцийн 40 хувь, газар тариалан эрхлэх боломжтой газрын 60 хувь нь Африк тивд байдаг. Дээр нь хямд ажиллах хүчнээс гадна зуу зуун сая худалдан авагч. Ийм том зах зээлийг хянахын төлөө Хятадын засгийн газар АНУ, Европын Холбоотой өрсөлдөж байна. Африкийн улс орнууд жилд дунджаар 100 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Хятадаас авч байна. Цаашид ч энэ тоо өснө.

Бээжин Африкт тун ухаалаг бодлого хэрэгжүүлжээ. Африкийн дийлэнх улс орнууд байгалийн баялагтай хэр нь дэд бүтцээ хөгжүүлэх мөнгөгүй. Үүнийг Хятадууд олж харжээ. Бээжин өнгөрсөн хугацаанд Африкийн улс орнуудад “зөөлөн зээл” буюу маш бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгожээ. Олон улсын жишгээс доогуур хүүтэй зээлээс ямар тэнэг нь татгалзах билээ. Хятадын хөрөнгө оруулалт Африкийн дэд бүтцийн салбарт цутгалаа. Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан автозам, төмөр зам, боомт, нисэх буудлуудаар дамжин Африкийн нөөцийг Хятад руу зөөнө. Африк дахь Хятадын хөрөнгө оруулалтын газрын зурагнаас харахад дийлэнх хөрөнгө оруулалт нь усан боомт, төмөр замын төсөлд зарцуулагджээ. Хятадын Экспорт-Импортын Банк Ангол улсад хоёр тэрбум доллар зээлсний хариуд газрын тосны шинэ орд илрүүлэх хайгуулын лиценз авсан байна. Танзанийн Багамоёо нэртэй жижиг боомт хотод 11 тэрбум долларын өртгөөр орчин үеийн нисэх буудал барихаар болсон. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Африкийн улс орнуудад цуврал айлчлал хийлээ. Тэрбээр Кени улсад 3,8 тэрбум долларын өртгөөр төмөр зам барих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Стандарт цариг буюу нарийн царигтай төмөр замын төслийн санхүүжилтийн 90 хувийг Хятадын Экспорт-Импортын банк гаргах бөгөөд үлдсэн 10 хувийг нь Кенийн засгийн санхүүжүүлэх аж. Энэ төмөр зам нь Кенийн Момбаса боомтыг нийслэл Найроби, цаашлаад Угандагийн Кампала, Руандагийн Кигали, Бурундигийн Бужумбуру, Өмнөд Суданы Жуба хотуудыг холбосон сүлжээ болно. Энэ төслийн ачаар Бээжин Зүүн Африкийн зах зээлийг хянах боломжтой болно гэсэн үг. Ашигт малтмалын хайгуул, олборлолтын лицензийг гартаа оруулсан Хятад улс өөрийн хөрөнгөө тавьсан дэд бүтцээр дамжуулан Африкийн баялгийг зөөх юм байна. Барууны зарим хэвлэлүүд Африк дахь Хятадын хөрөнгө оруулалт үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол Бээжин эдгээр төслүүдийг харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж тодорхойлж байна. Хятад ухаан нэгийг бодож буй нь лавтай. 

Африкийн ядуу буурай хөгжилтэй улс орнуудын хувьд Хятадын хөрөнгө оруулалтыг ашиглан, эдийн засгаа сэргээн босгох, дэд бүтцээ хөгжүүлэх боломж байна. Хятадууд Африкийн баялгийг зөөж дуусаад автозамаа эвдэлж, төмөр зам, нисэх буудал, усан боомтоо онгоцонд ачаад явчихгүй нь тодорхой. Ирээдүйд энэ замаар Хятад улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Африкийн хэрэглэгчдэд очино. Африкийн дийлэнх улс орнууд Хятадын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн боломж гэдэг утгаар нь харж байна. Маш хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авч, байгалийн нөөцөө ашиглана гэдэг тийм ч тэнэг сонголт биш. Хятадын ачаар баялагийн хараал гэгчээс ангижирна ч гэж найддаг аж. Африк дахь Хятадын нөлөөнд эргэлзэх хэсэг ч байна. Тэд Барууны колоничлолоос ангижирсан Африк тив эргээд Зүүний колоничлолд орно гэж мэтгэх аж. Гэвч Африк-Хятадын харилцан ашигтай стратегийн хамтын ажиллагаанд энэ мэт тайлбар нөлөөлөх нь юу л бол. Учир нь энэ дэлхийд Хятадын эдийн засгийн гарамгай амжилтыг үгүйсгэх хэн ч алга.  





Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

16 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө