Африк дахь исламын терроризм

2014 оны 6 сарын 172014-06-17
d430c8ae-cfd5-49b2-bacd-b035c1240864,66697-56322c40-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgУмард Африкийг чиглэсэн араб үндэстнүүдийн нүүдэл долоодугаар зуунд эхэлжээ. Тэд араб хэл, араб соёл, исламын шашныг Умард Африкт авчирсан. Үүнээс хойш хэдэн зууны турш Африкийн хүн амын дунд арабын соёл иргэншил түгэн дэлгэрсэн бөгөөд эдүгээ Умард Африкийн улс үндэстнүүдийн нийтлэг хэл нь араб болжээ. Умард Африкчууд исламын соёл иргэншлээс гадна исламын жихад, исламын терроризмыг ч импортолжээ. Өмнө нь АНУ тэргүүтэй Барууны улс орнуудын хувьд орон нутгийн зэвсэгт бүлэглэл төдий гэж тооцогддог байсан Сомалийн аль-Шабаб Хар тивд аль-Кайда бүлэглэлийн дүр үүргийг гүйцэтгэхийг эрмэлзэх болов. Аль-Кайда бүлэглэлийг үүсгэн байгуулагч Осама бин Ладен Пакистанд алагдсанаас хойш тус бүлэглэлийн зэвсэгт босогчид Сомали руу нүүсэн гэдэг таамаглал үнэний ортой бололтой. Аль-Шабаб 2010 онд Уганда улсын нийслэл Кампала хотод террорист халдлага үйлдэж, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг шимтэн үзэж байсан 76 хүн харамсалтайгаар хорвоог орхисон. Өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвийг аль-Шабаб бүлэглэлийн босогчид барьцаалан 68 хүний амийг хороолоо. Тэднийг орон нутгийн шинж чанартай жижиг зэвсэгт бүлэглэл гэж үзэх аргагүй болжээ. Терроризмын голомт Африк тивд асч эхэллээ.

Аль-Шабаб бүлэглэлийг төрүүлсэн хөрс нь иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сомали улс. Дэлхийн түүхэнд ийм дампуу улс ховор байсан биз. Хорин жилийн турш хоорондоо байлдсан. Хорин жилийн хугацаанд засгийн газар гэж байсангүй. Дайны хөлд нэрвэгдэж, хүмүүнлэгийн гүн гүнзгий хямрал нүүрлэсэн Сомалийг олон улсын нийгэмлэг анхаарлын гадна орхих нь ёс суртахууны хувьд ичгэвтэр хэрэг байлаа. Улмаар олон улсын нийгэмлэгийн хүчтэй шахалтын доор Африкийн Холбоо олон улсын цэргийн багийг илгээсэн байна. Гадаадын цэргийн хүчний гол даалгавар нь орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг нухчин дарж, том хотуудыг чөлөөлөх явдал байлаа. Тэдний хамгийн том дайсан нь аль-Шабаб байв. Африкийн Холбооны цэргүүд 2011 онд нийслэл Могадишу, 2012 онд Кисмэйо хотыг чөлөөлж, хяналтаа тогтоов.  Эрдэмтэн Хассан Шэйх Мохамуд гэгч нөхөр 2012 онд Сомалийн ерөнхийлөгч болов. Өмнөх ерөнхийлөгч Шэйх Шариф Шэйх Ахмед нь зэвсэгт босогчдын эсрэг тэмцдэггүй, жирийн нэг авлигач болж таарсан учраас НҮБ түүнийг албан тушаалаас нь зайлуулсан юм байх.  Гэвч Сомалийн ирээдүй одоо ч гэсэн бүрхэг харагдаж байна. Хорин жилийн дайн энэ улсыг бүрэн сүйтгэжээ. Аль өнгөтэй өөдтэй, мэдлэг ур чадвартай хүмүүс нь эх орноосоо дүрвэж, эмэгтэйчүүд хүүхдүүд голдуу эмзэг хэсэг нь үлдсэн байна. Ерөнхийлөгч Хассан Шэйх Мохамудын хувьд Сомали улсыг дахин бүтээн босгох үйлс нь хилийн чанадыг зорьсон дүрвэгсэд эх нутагтаа эргэн ирэхээс шалтгаална гэнэ. Дээр нь Африкийн Холбооны улс орнууд цэргээ эргүүлэн татвал Сомалийн засгийн газарт үхлийн ял оноосонтой адил.

Иргэний дайн, засаг төргүй анархист хөрсөн дээр аль-Шабаб байгуулагджээ. Аль-Шабаб гэдэг нь араб хэлээр залуус гэсэн утгатай. Шария хуульд үндэслэсэн агуу исламын улс байгуулах эрхэм зорилготой. АНУ тэргүүтэй Барууны улс орнуудын хар дансанд бүртгэгдсэн энэ бүлэглэлийн эгнээнд исламын үзэл суртлаар хүмүүжсэн 7,000-9,000 орчим босогч бий. Тэд өмнө нь Сомалийн өмнөд ба төвийн нутгийг хянаж байжээ. Хяналтаа тогтоосон нутаг дэвсгэрт шууд Шария хуулийг хэрэгжүүлсэн байна. Хулгайч нарын гарыг огтолж, эр нөхрөөсөө өөр хүнтэй завхайрсан эмэгтэйчүүдийг чулуугаар цохиж алдаг байв. 2011-12 оны хооронд Африкийн Холбооны цэргүүд өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулсны үр дүнд аль-Шабаб бүлэглэлийн хүчийг нэлээд сулруулжээ. Гэвч Сомали улсын хилийн харуул хамгаалалт сул учраас аль-Шабабын босогчид хүссэн үедээ хилээр чөлөөтэй орж гардаг бололтой. Хөрш улс орнуудын эмнэлгүүдэд аль-Шабабын толгойлогч нар чөлөөтэй хэвтэж эмчлүүлдэг ч гэсэн баримт бий. 2010 онд Угандад, өнгөрсөн сард Кенид халдлага үйлдсэн нь эдгээр улс орнууд Африкийн Холбооны эвслийн хүчний бүрэлдэхүүнтэй хамт цэргээ Сомали руу илгээсэнтэй холбоотой аж. Хил дамнан өөр улсад зохион байгуулалттай халдлага үйлдэж буй тэднийг орон нутгийн чанартай зэвсэгт бүлэглэл гэж тодорхойлох нь тохиромжгүй болжээ. Уг нь Африкийн орон нутгийн шинж чанартай зэвсэгт бүлэглэлүүдийн гол бизнес нь хар тамхи, зэвсэг, хүний наймаа, хүн барьцаалах гэмт хэрэг. Гэвч аль-Шабабын үйл ажиллагаа орон нутгийн гэдэг тодотголоос хальсан байна.

2008 онд аль-Шабаб бүлэглэлийн толгойлогч Моалим Аден Хаши Эйро гэгч АНУ-ын армийн агаарын довтолгоонд өртөн алагдсан байна. Түүний үхэл аль-Шабабын үзэл суртал, үйл ажиллагааны чиг хандлагыг бүрэн өөрчилсөн аж. Бүлэглэлийн хүрээнд толгойлогчийн суудлын төлөө эрх мэдлийн тэмцэл өрнөв.  Шэйх Хассан Дахир Авэйс нь аль-Шабабыг Сомалийн засгийн газрын эсрэг тэмцэх зорилготой орон нутгийн бүлэглэл гэж үзэж байв. Харин түүний хүчтэй өрсөлдөгч Ахмед Абди Годане өөрийн бүлэглэлийн үзэл суртлыг илүү өргөн хүрээнд харж байв. Тэр аль-Кайда шиг исламын шашинд тулгуурласан дэлхийн улс байгуулахыг мөрөөдөж байв. Исламын шашинд тэрсэлсэн хүмүүс бол тэдний дайснууд. Эрх мэдлийн төлөө бүлэглэлийн дотоод өрсөлдөөнд Годане ялсан байна. Харин Шэйх Хассан Сомалийн армийн цэргүүдэд баривчлагдаж, шоронд хоригдсон. Годане 2012 онд аль-Шабаб бүлэглэлийг аль-Кайда бүлэглэлтэй албан ёсоор нэгдсэн гэдгийг зарлалаа. Өндөр зохион байгуулалттай террорист халдлага үйлдэж эхэлсэн нь Афганистан, Пакистанд орогнож байсан аль-Кайда бүлэглэлийн босогчид Сомали руу нүүсний үр дүн аж. Эдүгээ аль-Шабаб исламын жихадистуудын дунд нэртэй бүлэглэл болжээ.

Аль-Кайда бол дэлхийг хамарсан өргөн сүлжээтэй, асар өндөр зохион байгуулалттай, санхүүжилттэй террорист бүлэглэл. Тэд исламын шашинд орсон гадаадын иргэдийг ч террористуудыг эгнээндээ элсүүлдэг. Кенийн Найроби хотод болсон террорист халдлагад Их Британийн иргэн Саманта Льютвэйт нэртэй цагаан арьст хүүхнийг ч холбоотой сэжиглэж байна. Кенийн цагдаагийн газар Самантаг хуурамч ашиглан Африкийн улс орнуудаар хэрэн тэнүүчилж, исламын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлдэг гэж буруутгаж байна. Саманта Льютвэйт “цагаан бэлэвсэн эхнэр” гэдэг хочоороо зэвсэгт босогчдын дунд ч нэрд гарчээ. Цагаан арьстай британи эмэгтэй исламын шашны жихадист үзэл суртлын төлөө тууштай зүтгэгч болж хувирсан байна. Түүний нөхөр асан Жермэйн Морис Линдсэй буюу Абдулла Шахийд Жамал гэгч нь 2005 оны долоодугаар сарын 7-нд Лондон хотын метронд өөрийгөө дэлбэлж, 56 хүний амийг хөнөөсөн дөрвөн террористын нэг байжээ. Исламын шашинд орсон Саманта ч нөхрийнхөө ариун дайныг үргэлжлүүлэхээр шийдсэн аж. 




Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

9 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

25 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө