Пап, Далай лам ба Талибан

2014 оны 5 сарын 262014-05-26
d9dbd469-7eea-47df-a9fe-e919af3eb96a,66727-597cea70-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgТүвд үндэстэн боловч Монголын тусгаар тогтнолын төлөө хүчин зүтгэж гавьяа байгуулсан Наймдугаар Богд Жавзандамба хутагт Монголын хамгийн сүүлчийн, албан ёсны төр, шашныг хослон баригч байв. Бүр хожуу 21-р зуунд “урт шар дээлтэй” нэг нөхрийг албан бусаар төр шашныг хослон баригч хэмээн тодорхойлсон нь магтсан эсвэл муулсан утгатайг мөхөс би мэдэхгүй юм. Харин орчин үеийн ардчилсан Монгол Улсын үндсэн хуулинд төр шашны харилцааг “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж тодорхойлсныг сайн мэдэх юм. Төр нь шашны дээр залрах бөгөөд шашин нь зөвхөн шашны үйл хэргээ гүйцэтгэж, төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэсэн санаа. Монголчууд бид шашнаас татгалзаж, иргэний ардчилсан засаглалыг сонгосон. Харин дэлхийд шашны зүтгэлтнүүд төр, засгийн үйл ажиллагааг удирддаг цөөн тооны улс үлджээ.

Улстөрийн шинжлэх ухаанд теократ гэдэг ойлголт бий. Шашны бүлэглэл буюу санваартнууд засгийн эрхийг барьдаг тогтолцоог хэлдэг. Хамгийн тод жишээ нь Ватикан буюу Ариун хот. Ватикан гэдэг энэ хот-улс бол дэлхийн хамгийн жижигхэн тусгаар тогтносон улс гэдэг. Хүн амын тоо ба нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ хамгийн бага нь. 44 га талбай дээр 800 орчим хүн оршин суудаг. Өчүүхэн жижиг улс боловч дэлхийн бусад улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, бие даан харилцдаг том этгээд. Ватиканыг том болгодог зүйл бол эртний түүхтэй католик шашин. Дэлхийн 1,1 тэрбум гаруй хүн шүтдэг том шашны урсгал. Гэгээн Петрийн талбайд Ромын Папын айлтгалыг сонсох гэж олон арван сая сүсэгтнүүд цуглардаг. Хэдийгээр орчин үеийн Барууны ертөнцөд шашны байр суурь эрс суларсан ч гэсэн Ватикан нь ариун газар гэдэг утгаараа сүсэгтэн олон ба жуулчдыг татдаг газар хэвээр байна. Барууны ертөнц шашнаас татгалзсан ч гэсэн, шашнаа хүндэтгэдэг. АНУ-ын Ерөнхийлөгч нар христийн шашны Библь судар дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай. Шашин бол Барууны ертөнцийн үнэт зүйлсийн нэг. Төрийн үйл ажиллагаанд оролцохгүй боловч төрийн хүндэтгэлийг хүлээдгийн жишээ. Шашин шүтдэг хүмүүсийн тоо цөөрөхийн хэрээр Ватикан ба Ромын Папын нэр нөлөө сулрах нь дамжиггүй. Католик шашны санваартнууд сүмд шавилан суусан бяцхан хөвгүүдийг оролдож, садар самуун үүсгэсэн хэрэг үе үе дэгдэж Ромын Папын чихийг халууцуулдаг. Саяхан Ромын Католик шашны тэргүүн 16-р Бенедикт албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан. Бие махбодь ба оюун санааны хүч нь суларсан учраас ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан.

Түвдийн Буддын шашны тэргүүн 14-р Далай лам Түвд үндэстнүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө насан туршдаа тэмцсэний төлөө 1989 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн. 1959 онд Түвдийг орхиж, Энэтхэгийн Дарамсала хот руу зугтсан Далай лам одоо ч гэсэн дэлхийн улс орнуудаар тойрон аялж, Хятадын бодлогыг эсэргүүцсэн хэвээр. Хятадууд Далай ламыг хүлээн авсан улс орнуудын эрх баригчдад анхааруулга өгч эсэргүүцдэг. Учир нь Хятадын эрх баригчдын хувьд Далай лам нь шашны тэргүүн биш бөгөөд Түвдийг салан тусгаарлахыг дэмжсэнээр Хятадын нутаг дэвсгэрийн нэгдмэл байдалд аюул учруулдаг зальтай улстөрч аж. Далай лам өөрөө ч дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй уулзаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдгаас нь үзэхэд яах аргагүй улстөрч гэж тодорхойлохоос өөр аргагүй. Тэр Дарамсала дахь Түвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүнээс татгалзаж, Лобсанг Сангай гэгч залууд эрх мэдлээ шилжүүлэн өгсөн. Улстөрөөс татгалзаж, шашны удирдагч хэвээр үлдсэн гэдгээ харуулахыг зорьсон үйлдэл ч гэж хэлж болно. Гэвч Хятадын эрх баригчдын хувьд Далай лам зальтай улстөрч хэвээр байна.

2001 онд АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчин Талибаны дэглэмийг түлхэн унагаж, Афганистаны ард түмэнд эрх чөлөөг нь олгосон. Талибан бол исламын шашны шария гэгч харгис хуулийг баримталдаг, шашинжсан цэрэг-улстөрийн байгууллага юм. 1996-2001 оны хооронд Талибаны босогчид Афганистан улсыг удирдаж байх хугацаанд нийгмийн цөөнхийн эрх ашиг асар их зөрчигдсөн. Монгол угсаатай гэгддэг хазара болон бусад жижиг үндэстнүүдийн сор болсон хүмүүс нь хилийн чанад руу зугтсан гэдэг. Сүүлд Жорж Бушийн арми Талибаныг бут цохисны дараа тэдний зарим эх орондоо эргэж ирсэн. Гэвч нөхцөл байдал одоо ч түгшүүртэй хэвээр байна. 2014 онд АНУ, НАТО тэргүүтэй эвслийн хүчин Афганистаныг орхин гарна. Афганистаны үндэсний арми нэртэй хоолны сав нь эх орноо батлан хамгаалж, ард иргэдээ хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй. Өнөөдөр доллараар цалинжуулахгүй л бол маргааш нь Талибантай нэгдэж энгийн иргэдийн цусыг урсгах улс. Хамид Карзай өөрөө Талибаныг төрүүлсэн пуштун үндэстэн мөн боловч Талибанчууд түүний амийг хороохоос сийхгүй. Өнгөрсөн жил төрсөн ахыг нь Талибаны амиа золиослогч хороочихсон. 2015 оноос Талибанчууд дахин засгийн эрхэнд гарч шашны харгис хуулиа зарлан тунхаглахыг үгүйсгэх аргагүй. Америкчууд Талибаны түлхэн унагасан боловч устгаж чадаагүй. Ер нь Афганистан түүхэндээ олон удаа эзлэгдэж байсан боловч хэзээ ч дийлдэж байгаагүй. Монголчууд эзэлсэн, орхиод явсан. Зөвлөлтийн арми орсон боловч бас орхиод гарсан. Америкчууд удахгүй гарна. Санхүү ба зэр зэвсгээр ивээн тэтгэхгүй л бол Хамид Карзайн Засгийн газар нуран унана.

Ватикан, Түвд ба исламын ертөнцийн цөөн хэдэн теократ маягийн засаглалтай улс орнуудтай харьцуулахад Талибаны дэглэм бол жинхэнэ аймшиг, хар дарсан зүүд. Эр нөхрөө мэхэлсэн эхнэрийг олны нүдэн дээр ташуурдаж шийтгэнэ. Чулуугаар цохиж алдаг харгис уламжлал ч бий. Америкчууд ба харийн эзлэн түрэмгийлэгчидтэй хамтран ажилласан эрчүүдийн хамар, чихийг огтолно. Америкчуудтай дотноссон тосгон, суурины оршин суугчдыг хоморголон хядсан ч түүх бий. Нэгэн цагт Бамиан муж дахь Буддагийн хос хөшөөг дэлбэлж билээ. Исламын шария хуулиас өөр хууль, өөр шашин шүтэх тухай асуудал байх ёсгүй. Буудах, дэлбэлэх бол тэдний тактик. Эмэгтэй хүн зөвхөн гэрийн ажил хийж, эр нөхрөө халамжлах ёстой. Охидууд сургууль суралцах ёсгүй. Ер нь тогоон шанага барьдаг, угааж арчдаг эмэгтэй хүнд боловсрол ямар хэрэгтэй юм? Талибанчууд ингэж сургадаг. Америкийн тусламжаар баригдсан сургуулийн байранд хорт хий цацаж баахан охидыг угаартуулж байв. Жаахан охидын нүүрийг хүчлээр түлж хүн харахын аргагүй муухай болгож байв. Хорлож байгаа царай нь тэр. Ийм л харгис, иргэншсэн ертөнцөд үл хүлээн зөвшөөрөгддөг шашинжсан бүлэглэл цаана чинь Афганистанд байлдсан хэвээр байна.

Иргэншсэн соёлт ертөнц шашнаас огт татгалзаагүй. Шашин өөрөө ариун чанараа хадгалсан чадсан тохиолдолд нийгмийн үнэт зүйлсийн нэг байж чаддаг. Шинжлэх ухаан хариулж тэр орон зайг шашин нөхдөг ч гэлцдэг. Гэвч шашны нэрээр нийгмийн оюун санааг бохирдуулагчдын тоо нэмэгдэх нь орчин үеийн ертөнцөд эрүүл үзэгдэл биш. Лам, бөө, мэргэч төлөгч, зөн билигчдийн тоо олшрох нь эрүүл сэтгэлгээг боомилж, Талибан шиг харгис бүлэглэл төрд заларч, хэт даврах нөхцлийг бүрдүүлэх ч эрсдэлтэй. Төр нь чадварлаг, иргэд нь ухаалаг, орчин үеийн нийгэмд Талибан шиг харгис байгууллага оршин тогтнох нүх сүв байх ёсгүй. 
 



Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

16 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө