Хятадын том сорилт

2014 оны 5 сарын 192014-05-19
82220fc0-e2da-4c5c-977d-4a6057a83550,66731-5a44f560-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgЭнэ дэлхий дээр амьдарч буй долоон хүн тутмын нэг нь хятад хүн. 1,3 тэрбум хятад хүнд дэлхийн хоёр дахь том эдийн засаг ногдоно. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Хятадын эрх баригчид эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгосны үр дүнд эдийн засаг нь жилд дунджаар арван хувиар өсч, эдүгээ долоон триллион долларт хүрчээ. Дэлхийн түүхэн дэх ямар ч гүрэн Хятад шиг эдийн засгийн аварга амжилт үзүүлж чадаагүй. Хятадын эрх баригчид хүмүүст бэлэн мөнгө тараагаагүй. Тэд эсрэгээр худалдааны чөлөөт бүс, хурдны зам, төмөр зам, нисэх буудал барьж, экспортыг дэмжсэн. Дэлхий дээр аль ч хөгжиж буй улс Хятад шиг богино хугацаанд шаналж, урт хугацаанд ашиг олох стратегийг үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй гэдэг. Хятадын эдийн засгийн амжилт бол эрх баригч Коммунист намын статусыг баталгаажуулдаг гол тулгуур. Тийм ч учраас өнгөрсөн гуравдугаар сард засгийн эрхэнд гарсан Си Зиньпин, Ли Кэчян тэргүүтэй Хятадын тав дахь үеийн удирдагч нар эдийн засгийн өсөлтийн эрчмийг сааруулахгүй, бууруулахгүй байх үүрэгтэй. Тэд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд 300 саяд хүрсэн Хятадын нийгмийн дунд давхаргын тоог 800 саяд хүргэх шаардлагагүй. Хэрвээ Хятадын нийгмийн дунд давхаргыг америкчууд шиг том машин, том байшинтай болгох зорилго тавьбал эх дэлхийн нөөц хүрэлцэхгүй бөгөөд хүн төрөлхтөн өөр гараг ертөнц хайхаас өөр аргагүй болно гэдэг үнэний ортой. Хятадын одоогийн эрх баригчдын хувьд нийгмийн дунд давхарга гэдэг статустай 300 сая хүнийг сэтгэл хангалуун амьдрах боломж нөхцлөөр хангах явдал.

Хөгжингүй нийгмийн гол тулгуур нь нийгмийн дунд давхарга. Ажилтай, орлоготой, соёлтой, иргэний эрх чөлөөг эрхэмлэдэг дунд давхаргынхан эрх баригчдад шахалт үзүүлж, ардчилал, хүний эрх, тэгш байдал, шударга ёсыг шаардаж чаддаг аж. Тэд үгээгүй ядуус шиг идэх хоолны төлөө амьдардаггүй. Эдүгээ 300 саяд хүрсэн нийгмийн дунд давхарга бол ирээдүйн Хятад дахь  улстөр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн гол хүч юм байна. Хятад улсад жилд дунджаар 180,000 орчим жагсаал цуглаан болдог гэсэн баримт байна. Хятадын Коммунист нам нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, жагсаал цуглааныг цэрэг, цагдаагийн хүчээр дарж, хэвлэлээр цацахыг хориглодог ч гэсэн цаашид олон нийтийн дургүйцэл, бухимдлыг хүчээр намжаах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа, хүрээлэн буй орчны бохирдол, газрын маргаан, орон нутгийн эрх баригчдын хүнд суртал, авлигын хэргүүд нийгмийн дунд давхаргыг доргиож эхэлсэн. Хятад шиг аварга том улс доргино гэдэг үхлийн аюултай учраас Бээжин улстөр, нийгмийн тогтвортой байдалд онцгой ач холбогдол өгдөг. Эдийн засгийн эрчимтэй өсөлт нь хүрээлэн буй орчинд асар их хөнөөл учруулсныг Хятадын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн. Тэд алдаагаа засахыг ч хичээж байна. Цөлжилтийг хязгаарлах зорилгоор ногоон байгууламж барьж байна. Хятад салхины эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг боллоо. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч энэ гүрэн хүрээлэн буй орчинд хөнөөлгүй эрчим хүчний тухай ярих болов. Зөвхөн ярих биш, үйлдэж чадаж байна.

Хятадын Коммунист намын өмнө тулгарч буй өөр нэг том сорилт бол авлига, хүнд суртал. Си Зиньпин, Ли Кэчян нар авлигын эсрэг тууштай тэмцэж, Коммунист намыг цэвэрлэнэ гэж эрс хатуу мэдэгдэж байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцэл доороос биш дээрээс эхэллээ. Чончин хотын захирагч, Коммунист намын Улстөрийн товчооны гишүүн асан Бо Шилайн шүүх хурал саяхан өндөрлөлөө. Хятадын улстөрд од болон гялалзаж, Си Зиньпин тэргүүтэй тав дахь үеийн удирдагч нарын эгнээнд багтана гэж таамаглаж байсан энэ эрхэм асар өндрөөс хүчтэй газардлаа. 64 настай түүнд дахин улстөрийн оргил өөд мацах боломж байхгүй. Коммунист намд албан тушаал ахина гэдэг бол урт удаан хугацааны шургуу хөдөлмөрийн үр дүн байдаг. Бо Шилайг орлож чадах удирдагч нар хэдэн зуу, хэдэн мянгаараа түүний ард зогсож байдаг учраас улстөрөөс зайлуулагдсан л бол дахиж орох хаалга байхгүй аж.  Хэрвээ Бо Шилайн эхнэр Гу Кайлай Их Британийн бизнес эрхлэгч Нийл Хэйвүүдийг хордуулж алаагүй, хахуулийн мөнгөөр тансаг байшин бариулаагүй бол нөхөр нь улстөрд гялалзсан хэвээр үлдэх байсан биз. Гэвч төрийн өндөр албан тушаалтантай ор дэрээ хуваадаг хүн хэрэгт холбогдсон нь Коммунист намын дотоод хяналтын хорооны анхаарлыг татжээ. Өндөр албан тушаалаас нь огцруулж, прокурорт шилжүүлэв. Жинань хотын шүүх дээр Бо Шилайг 21,79 сая юань буюу 3,56 сая долларын хахууль авсан болохыг Тан Сяолинь, Шу Мин нэртэй гэрчүүд нотолжээ. Хятадын эрүүгийн хуулийн дагуу 100,000 юаниас дээш хэмжээний хахууль авсан хүнд доод тал нь арван жилийн ял оноодог аж. Бо Шилай энэ болзлоо аль хэдийн хангачихсан. Тэр шүүх хурал дээр эхнэрээ сэтгэл мэдрэлийн өвчтэй, гэрчүүдийг худалч, луйварч гэж мэтгэсэн боловч шүүгчид тайлбарыг нь огт хэрэгсээгүй. Удахгүй Жинань хотын шүүх шийдвэрээ танилцуулна. Бо Шилайн улстөрийн амьдрал дууссан. Хятадын талаар бичдэг зарим судлаачид Бо Шилай хэтэрхий эрч хүчтэй, зоримог, зүүний үзэлтэй, ард нийтийн санаа бодлыг үймүүлэх эрсдэлтэй этгээд учраас авлигын хэргээр далимдуулан улстөрөөс зайлуулсан ч гэж тайлбарладаг юм билээ. Ямар ч байсан Хятадын Коммунист нам авлигачдад өршөөл үзүүлэхгүй гэдгээ харууллаа. Хятадын олон нийт ч үүнд сэтгэл хангалуун байх болно.

Бо Шилай авлигын хэргээр Хятадын их улстөрөөс зайлуулагдсан эхний хүн ч биш, сүүлчийн хүн ч биш. Эдүгээ албан тушаал эрхэлж буй хүмүүсээс гадна тэтгэвэрт гарсан ахмад удирдагч нарт ч ширүүн байна. Хятадын Үндэсний Газрын тосны корпорацийн ерөнхий менежер, удирдах зөвлөлийн дарга асан Жян Жиминьд сахилгын арга хэмжээ авах тухай асуудал сөхөгдөж эхэллээ. Эрх мэдлээ урвуулан ашиглаж сэжигтэй гэрээ хэлэлцээр байгуулсан юм байх. Хятадын Эдийн засгийн хөгжил шинэтгэлийн хорооны гишүүн буюу Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх асан Лю Тинань ч авлигын хэргээр шалгагдаж эхэлсэн байна. Улстөрөөс холдож, тэтгэвэрт суусан Хятадын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны сайд асан Жоу Ёнкан ч гэсэн авлигын хэргээр шалгагдаж магадгүй байна. Си Зиньпин, Ли Кэчян нар авлигын эсрэг эрс хатуу тэмцэнэ гэдэг амлалтаа биелүүлж эхэлжээ. Коммунист нам бол Хятадын ард түмний удирдан чиглүүлэгч бахархал нь байх ёстой. Төрийн албан тушаалтнууд авлигын хэрэгт орооцолдож, нийтийн хөрөнгийг зүй бусаар зарцуулах нь шударгаар хөдөлмөрлөж буй олон зуун сая хүнийг бухимдуулах нь гарцаагүй. Эдүгээ Хятадын Коммунист намын хамгийн том сорилт бол өөрөө өөртэйгээ тэмцэх. Бо Шилай шиг Улстөрийн товчооны гишүүн, эсвэл жижиг дүүргийн намын хорооны дарга байсан ч ялгаагүй. Авлигад орооцолдсон бол их улстөрөөс зайлуулах дүрэм үйлчилж эхэлжээ.




Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

9 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

25 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө