Мөнгө ба зэвсэг

2014 оны 5 сарын 62014-05-06
9c6997d5-4b5f-4067-944b-3147fe826250,66747-5bcec9b0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgНэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблэй энэ долоо хоногт түүхэн ач холбогдолтой нэгэн гэрээг баталлаа. Жилд далан тэрбум долларын орлого олдог зэвсгийн худалдааг хязгаарлах тухай гэрээний төслийг НҮБ-ын гишүүн 154 улс дэмжиж баталлаа. Зэвсгийн худалдаагаар дэлхийд толгой цохидог Орос, Хятад тэргүүтэй 23 улс санал хураалтад оролцохоос түдгэлзсэн бол Сири, Иран, Умард Солонгос гурав эсрэг санал өгсөн.  Энэ гэрээг Дэлхийн II дайнаас хойш НҮБ-ын баталсан хамгийн өндөр ач холбогдолтой гэрээ гэж дүгнэж байна. Хүн төрөлхтөн байлдааны зэвсэг худалдан авч бие биеэ хөнөөхийн төлөө жилд далан тэрбум доллар зарцуулдаг юм байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд энэ тоо зуун тэрбум долларт хүрнэ. Олон улсын нийгэмлэг үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Дипломатчдын  арав гаруй жилийн хүчин зүтгэл, судалгааны үр дүнд хүн төрөлхтөн байлдааны зэвсгийг хязгаарлах тухай гэрээг баталж чадлаа. Гэрээг дэмжиж гарын үсэг зурсан улс орнууд энгийн номхон иргэдийн цусыг урсгадаг, хүн төрөлхтний эсрэг буюу цэргийн гэмт хэрэг үйлддэг, террорист халдлага үйлддэг этгээдүүдийн гарт зэвсэг өгөхөөс сэргийлэх, хар зах дээрээс биш албан ёсны зөвшөөрлийн дагуу зэвсэг худалддаг буюу худалдан авдаг байх үүрэг хүлээж байна.

1966 онд Швед улсад Стокгольмын Олон Улсын Энхтайвны Судалгааны Хүрээлэн (SIPRI) нэртэй судалгааны байгууллага үүсгэн байгуулагджээ. Тус байгууллага дэлхийн энхтайван, тогтвортой байдалд заналхийлдэг гол хэрэгсэл бол зэвсэг гэж үзсэн байна. Улмаар 1950 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд хүн төрөлхтний түүхэнд зэвсэг ямар үүрэг гүйцэтгэсэн, ямар байр суурь эзэлдэг талаар судалгаа явуулдаг дэлхийн хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллагуудын нэг болжээ. Тус байгууллага таван жил тутамд нэг судалгааны тайлан хэвлүүлдэг бөгөөд судалгаа нь удаан хугацаанд үргэлжилдэг, баримт нотолгоо сайтай учраас их өндөр үнэлэгддэг юм байна. Саяхан тус байгууллагын 2003-07, 2008-12 онд явуулсан судалгааны үр дүнг харьцуулсан тайлан гарсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зэвсгийн худалдааны дүр зураг, тойм гэсэн үг. Тайланд дурдагдсан зарим сонирхолтой баримтуудыг сонирхуулья. Дэлхийн зэвсгийн экспортыг АНУ, ОХУ хоёр илт тасархай хошуучилж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Франц, Хятад, Их Британи улсууд тэдний ард хол хоцорчээ.  2008-12 оны хооронд дэлхийн зэвсгийн экспортын 30 хувийг нь АНУ, 26 хувийг нь ОХУ, 7 хувийг нь Герман, 6 хувийг нь Франц, 5 хувийг нь Хятад хангажээ. Дэлхийн II дайнаас хойш Их Британи улс анх удаа айргийн таваас хасагдаж Хятадад байраа алджээ. Америк, Орос хоёр дэлхийн нийт зэвсгийн тэн хагасыг нийлүүлдэг супер гүрнүүд хэвээр байна. Дээр нь дэлхийн цөмийн зэвсгийн 90 гаруй хувийг энэ хоёр гүрэн эзэмшдэг. Хятадууд зэвсгийн наймаанд онцгой ач холбогдол өгч байгаа боловч Америк, Оросын дэргэд балчир жаал хэвээр аж.  

Стокгольмын Олон Улсын Энхтайвны Судалгааны Хүрээлэн дэлхийн зэвсгийн худалдааг бүс нутгаар нь ангилсан байна. Ази Номхон далайн бүс нутагт дэлхийн зэвсгийн худалдааны 47 хувь нь ногдож байна. Ази тивийн улс орнууд тэнгисийн цэргийн хүчний хүчин чадлыг бэхжүүлэх хөтөлбөрт онцгой анхаарал хандуулжээ. Ирээдүйд Ази Номхон далайн бүс нутагт усан дээр дайн мөргөлдөөн болно гэж таамагладаг нь үнэний ортой ч бололтой юм. Ази тивийн зэвсгийн худалдааг Энэтхэг /12 хувь/, Хятад /6 хувь/, Пакистан /5 хувь/, Өмнөд Солонгос /5 хувь/, Сингапур /4 хувь/ хошуучилжээ. Дэлхийн эдийн засгийн шинэ хүч гэж тооцогдож буй улс орнуудын нэг болох Энэтхэг улс тэнгисийн болон нисэх хүчний хүчин чадлаа бэхжүүлэх маш том зорилго тавьжээ. Энэтхэгчүүд батлан хамгаалах салбарт Орос улстай хамтран ажилладаг бөгөөд хамтран алсын тусгалтай пуужин зохион бүтээснээс гадна саяхан Оросоос цөмийн шумбагч онгоц худалдаж авлаа. Энэтхэгийн арми гэдэг том зах зээлийг алдахгүйн төлөө Орос, Америк, Европ гурав алалцаж эхэллээ.  

Энэ хооронд Хятад улс Ляонин нэртэй нисэх онгоц тээвэрлэгч аварга том хөлөг онгоц бүтээлээ. Америк, Орос, Барууны улс орнуудаас дутахгүй гэдгээ харууллаа. Хятадын шинэ үеийн удирдагч Ши Жиньпин тэнгисийн цэргийн хүчнээ бэхжүүлэхийн төлөө маш их мөнгө зарна гэж амласан. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Зүүн ба Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаан дэгдэх болсон нь ч үүнтэй холбоотой гэх. Хятадтай газар нутгийн маргаан дэгдээдэг Вьетнам, Бруней, Япон, Тайвань, Филиппин зэрэг бүс нутгийн улс орнууд ч зэвсгийн наймаанд хүч түрэн орох бололтой. Дэлхийн II дайнд гутамшигт ялагдал хүлээснээсээ хойш энхтайванч бодлого баримтлах болсон Япон улс хүртэл үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, үндэсний ашиг сонирхол, газар нутгаа хамгаалах ёстой гэж мэдэгдэж эхэлсэн. Ази Номхон далайн бүс нутагт ирээдүйд ямар нэгэн юм болно шүү. Цагаан Ордон Ирак, Афганистаны дайнд цэг тавьж, Номхон далайд анхаарал хандуулна гэдгээ аль хоёр жилийн өмнө тодорхойлчихсон. Байгалийн баялагтай, стратегийн ач холбогдолтой энэ бүс нутгийг Орос, Хятадад алдахыг Америк зөвшөөрөхгүй.

Нэгэн цагт эдийн засаг, улстөрийн том хүч байсан Европын байр суурь суларсан. Хуучин тивд дэлгэрч буй бүсээ чангалах бодлого зэвсгийн наймаанд ч нөлөөлжээ.  Итали, Нидерланд улсууд Ф-35 загварын орчин үеийн байлдааны нисэх онгоц худалдаж авах гэрээгээ цуцалжээ. Шалтгаан нь мөнгө. Болгар, Румынь, Хорват улсууд ойрын хугацаанд зэвсэг худалдаж авахгүй гэж мэдэгдлээ. Испани, Португал улсууд зөвхөн шинэ онгоц худалдан авна гэж байна. Хуучин онгоцыг засч сэлбэх нь шинийг худалдан авснаас илүү зардалтай учраас тэр. Хилийн чанад дахь хүчин зүйл ч нөлөөлжээ. Иракийн дайн дууссан. АНУ, НАТО 2014 онд багтаан Афганистанаас цэргээ эргүүлэн татна. Европчууд хилийн чанадад байлдах биш, хоолны ширээн дээрх талхны төлөө ажиллах шаардлагатай болжээ. Дампуурлаа зарласан Грек хүртэл зэвсгийн том хэрэглэж байжээ. Эдийн засгийн уналтын улмаас импорт нь 61 хувиар буурсан аж. Зөвлөлт Холбоот Улсын үеэс зартай зэвсгийн наймаачин байсан манай хойд хөрш одоо ч гэсэн сүйхээтэй хэвээр байна. 2008-12 оны хооронд Сирийн зэвсгийн импортын 71 хувь, Венесуэлийн зэвсгийн импортын 66 хувийг Орос дангаараа нийлүүлжээ. Сирийн сөрөг хүчний босогчдын эсрэг орос зэвсгээр тулалдаж байна. Умард Африкийн улс орнууд дахь зэвсгийн импорт бараг гурав дахин нэмэгджээ. Умард Африк өрнөсөн бослого, төрийн эргэлтийн шалтгаан нь бараг тодорхой. Газрын тосны арвин нөөцтэй Булангийн улс орнуудын зэвсгийн импорт харьцангуй даруухан үзүүлэлттэй байна. Арабчуудын импорт 2008-12 онд 7 хувиар нэмэгдсэн байна.

Дэлхийн ба Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадсан тухай шуугих боллоо. Пхеньян хотын төв талбайд цэргүүд жагсаж, залуу удирдагч Ким Чен Ун Америк, Өмнөд Солонгосын эзлэн түрэмгийлэгчдэд үхлийн цохилт өгөх тухай тэчьяадан хашгирч байна. Гэвч Умардын эрэлхэг дайчид ямар зэвсгээр байлдах бол? Дэлхийн зэвсгийн худалдаанд Умард Солонгос ямар ч байр суурь эзэлдэггүй. Харин эсрэгээр цус нэгтэй Өмнөд Хөршийнх нь зэвсгийн импорт өнгөрсөн таван жилийн хугацаанд таван хувиар нэмэгджээ. Дээр нь дэлхийд худалдаж буй гурван зэвсгийн нэгийг нь үйлдвэрлэдэг Америкчууд тэдний талд зогсож байна. Зөвхөн зэвсгийн тоо, хүчин чадлаар нь харьцуулбал Сөүл, Вашингтон хоёр Умардын түрэмгийллийг өдөөн хатгалга, сүржигнэл гэж тодорхойлохоос өөр аргагүй биз.    



Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

16 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө