Кремлийн хүчтэй эр

2014 оны 6 сарын 92014-06-09
d7c7793d-7062-480f-aa43-451fa83e30f5,66705-571d9db0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgАнгли хэлэнд strongman гэдэг хэллэг бий. Үгчилбэл “хүчтэй эр” гэсэн утгатай. Хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг бадриун эрсийг хүчтэй эр гэж нэрлэнэ. Хүчтэй эрсийг хооронд нь өрсөлдүүлдэг тэмцээн XIX зуунаас эхтэй бөгөөд орчин үед телевизийн цуврал шоу нэвтрүүлэг болтлоо хөгжжээ. Харин улстөрд бол голдуу дарангуйлагч нарыг хүчтэй эр гэж цоллосон байх юм. Иосиф Сталин, Фидель Кастро, Уго Чавес, Муамар Кадафи, Ким Чен Ир, Хосни Мубарак зэрэг хүчтэй эрсийн жишээ олон. Энэ сард Кремльд эргэн ирсэн Владимир Путиныг Барууны ертөнцөд хүчтэй эрсийн жагсаалтанд оруулдаг. Хүчирхэг Орос гүрнийг хүчтэй эр л удирдах ёстой биз.

1999 оны 12-р сарын 31-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин албан тушаалаасаа гэнэт огцорч, Владимир Путиныг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Нас өндөр болсон Ельцин еврей гаралтай олигархиудын улстөрийн ашиг сонирхлыг хязгаарлаж хүчрэхгүй байсан учраас Улсыг Аюулаас хамгаалах хорооны (КГБ) тусгай ажилтан асан Путиныг дээш нь татсан гэж тайлбарладаг нь ортой. Борис Березовский Лондонд, Михаил Ходорковский шоронд . . . бусад нь Путиныг дагажээ. Путин Оросын улстөрийг тогтворжуулсан гэж үнэлэгддэг. 12 жилийн турш Орос орныг Санкт Петербург хотын бүлэглэл тасралтгүй удирдаж байна. Путин – Медведев – Путин. Ерөнхийлөгч – Ерөнхий сайд – Ерөнхийлөгч. Улстөрийн тогтвортой байдал гэж тодорхойлохоос өөр яах юм. Оросын “тогтвортой байдал” ирэх 12 жил, магадгүй цаашаа ч үргэлжилнэ. 2024 онд Путин Зөвлөлт-Оросын түүхэн дэх хамгийн удаан засгийн эрхийг барьсан хүн гэсэн тодотголтойгоор халаагаа өгч магадгүй. Оросын түүхэн дэх хамгийн агуу удирдагч гэсэн тодотгол ч дагалдах магадлалтай.

Геополитикийн салбарт гялалзаж буй Энэтхэг гаралтай Параг Ханна нэртэй Америк судлаач бий. Байгалийн асар их баялагтай Монгол Улсыг Minegolia гэж сурталчилж байсан залуу. Параг Ханна Монголын нэгэн телевизэд өгсөн ярилцлагандаа хүчтэй эрсийн тухай ингэж хэлж байв. “. . . Хүмүүс үр дүнд дуртай. Сингапурын Лий Куань Ю, Казахстаны Нурсултан Назарбаев хүмүүст үр дүн харуулж чадсан. Гэтэл ардчилсан засаглалтай Тайланд улсад долоо хоног алгасахгүй жагсаал цуглаан . . .” Тийм ээ, Путин Орос улсад үр дүн авчирсан. Путиныг засгийн эрхийг барьж байх хугацаанд Оросын эдийн засаг 9 жил дараалан өссөн. Цаашид ч өснө. Путин Орос улсыг дэлхийн тав дахь том эдийн засаг болгоно гэж амалсан. Путины засаг захиргаа макро эдийн засгийн үр дүнтэй бодлого, татварын шинэтгэл, Барууны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар хүчирхэг Оросыг дахин сэргээж чадлаа. Дээр нь Орос улсыг “эрчим хүчний супер гүрэн” гэж цоллож байна. Баруун, Өмнөд, Зүүн Европ тэр чигээрээ Оросын байгалийн хий, газрын тосноос хараат болох цаг ойрхон байна. Нэг удаа Украйн Орос хоёр муудалцав. “Танай байгалийн хий манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг биз гэж Украйнчууд асуув. Та нар манай хийнээс хангалттай хусдаг биз дээ гэж Оросууд хариулав”. Энэ маргааны уршгаар Европчууд дүн өвлийн хүйтнээр хэд хоног халаалтгүй өнжсөн. Оросын хүчтэй эрд энэ дүр зураг таалагдсангүй. Nord Stream буюу Умардын урсгал нэртэй асар том төсөл хэрэгжүүлэв. Балтийн тэнгис доогуур Орос-Германы хооронд байгалийн хий дамжуулах хоолой татчихлаа.

Оросын эдийн засгийн өсөлт, байгалийн баялгийн үр шимийг ард түмэн нь хүртэж чадаж байна. Путиныг засгийн эрхийг барих хугацаанд Оросуудын дундаж цалин 80 доллараас 640 доллар хүртэл буюу зургаа дахин нэмэгдэж, ядуурлыг 50 хувиар бууруулж чаджээ. Хөгжингүй нийгмийг тодорхойлдог нэг үзүүлэлт бол нийгмийн дундаж давхаргад харьяалагддаг хүмүүсийн тоо. Америкийн хөгжлийн гол тулгуур бол дунд давхарга. Эрхэлсэн ажилтай, орлоготой, орон сууцтай, машинтай, гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр хүмүүс л ардчилал, иргэний эрх чөлөөний талаар санаа тавидаг юм байна. Ходоод хоосон үгээгүйчүүдэд ардчилал ямар ч падгүй. Путины засаглалын он жилүүдэд Оросын нийгмийн дунд давхаргад харьяалагддаг хүмүүсийн тоо 5 саяаас 55 сая хүртэл нэмэгджээ. Дээр нь жил бүр Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг тэрбумтнуудын жагсаалтанд нэрлэгддэг Оросуудын тоо улам нэмэгдэж байна. Цаадуул чинь саятнуудаа биш тэрбумтнуудаа тоолдог болжээ.

Хүчтэй эдийн засаг, хүчтэй нийгэм, хүчтэй улс. Хүчтэй эр ийм үр дүнг Оросын ард түмэнд үзүүлж чадсан. Хүчтэй эр өөрөө ч жавхаалаг харагдах ёстой. Чанга эрийн дүр төрх нь түүнийг улам чимжээ. Сөнөөгч онгоцоор ниснэ, уралдааны машин унана, жүдо барилдана. Буу үүрч, морь унасан цээж нүцгэн зураг нь интернет хуудсаар дүүрэн. Манай яруу алдарт пи-арчид хүртэл түүнийг нь хуулбарласан сурагтай. Олны танил нэг эрхмийг “чанга эр” болгож харагдуулах гэсэн санаа нь тэр. Морь нь жаахан жижигхэн болохоос биш манай чанга эр ч сайхан л харагдаж байна билээ. Путин бол гарамгай удирдагч, сайн менежер. Дээр нь хүчтэй эр юм болохоор өөрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Оросын “хүн амын тоог” өсгөх үйлсэд хувь нэмрээ ч оруулж байгаа сурагтай. Хүчтэй, сайхан ч эр шүү.





Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

9 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө