Пакистан ба Талибан

2014 оны 6 сарын 22014-06-02
b9b5ca2b-440e-4934-aadb-8c3fd11b42d9,66715-58595200-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgХималайн нурууны баруун жигүүрт орших Нанга Парбат нэртэй сүрлэг уул бий. Араб хэлээр “уулсын хаан” гэсэн утгатай. 8.126 метр өндөр энэ уулын оргил нь Пакистаны хоёр дахь, дэлхийн ес дэх өндөр оргил юм. 20-р зууны эхээр олон уулчин энэ ууланд амиа өргөсөн түүхтэй учраас “алуурчин уул” гэж албан бусаар нэрлэдэг. Тийм ч учраас дэлхийн хамгийн эрэмгий, туршлагатай уулчид Нанга Парбат уулын оргил өөд зүрхлэн зүтгэдэг аж. Өнгөрсөн Бямба гарагт Нанга Парбат уулын бэлд буюу далайн түвшнээс 4,200 метрийн өндөрт байрладаг уулчдын бааз руу Талибаны босогчид халдаж, гадаадын арван иргэнийг хороосон хэрэг гарлаа. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн Талибууд оройн 22 цагийн орчим бааз руу дайран орж, нэг америк, гурван украин, хоёр словак, хоёр хятад, нэг литва, нэг балба уулчныг автомат буугаар шүршиж хөнөөсөн байна. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын арми нисгэгчгүй автомат удирдлагатай онгоц ашиглан Талибаны зартай толгойлогч Маулви Вали ур-Рехманыг амийг хороосны хариуд гадаадын иргэдийг бай болгон сонгосон гэж Талибууд мэдэгдлээ. Талибууд өшөө хорслоо тайлахын тулд зөвхөн туршлагатай уулчид зорьдог Нанга Парбат уул руу авирсан байна. Амь эрсэдсэн жуулчдын байрлаж байсан бааз руу хүрэхийн тулд дор хаяж хоёроос гурав хоног зарцуулдаг гэж нутгийн оршин суугчид ярьжээ. Гадаадын уулчдын аюулгүй байдлыг хангаж чадаагүй Пакистаны засгийн газар олон улсын нийгэмлэгийн зүгээс хүчтэй шүүмжлэгдсэн бол Талибаны босогчид цэрэг, цагдаагийн байгууллагаас ч илүү өндөр зохион байгуулалттай ажиллаж чадна гэдгээ харууллаа. Тэд гадаадын иргэдийг зэрлэгээр хөнөөхийн тулд өндөр ууланд ч авирдаг болжээ.

Пакистаны шинэ ерөнхий сайд Наваз Шариф гадаадын уулчдын амийг хороосон хэргийг хүний ёсноос гажууд хэрцгий үйлдэл гэж буруутгаад гэмт хэрэгтнүүдийг хуулийн дагуу хатуу цээрлүүлнэ гэж амлалаа. Гэвч Цагаан Ордон болон Талибаны эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Умард Атлантын Гэрээний Байгууллагын гишүүн улс орнууд Пакистаны шинэ засгийн газарт итгэхгүй байна. Гадаадын уулчдын амийг хороосон нь Пакистаны аялал жуулчлалын салбарын бахархал болсон уулын аялалд сөргөөр нөлөөлнө гэж тайлбарлах нь хангалтгүй юм. Учир нь 180 сая хүн амтай, хүчирхэг армитай, цөмийн зэвсэгтэй энэ улс аль-Кайда, Талибаны учрыг олж чадахгүй мунгинаж байна. Хөрш нь Афганистан нь Пакистантай харьцуулахад өчүүхэн жижиг улс ч гэсэн Талибаны босогчдын эсрэг зоригтой тулалдаж байна. Өнгөрсөн сард Кабул хотын нисэх буудлын орчим болсон халдлагыг Афганистаны армийн тусгай хүчин таслан зогсоож, нэг ч энгийн хүний амь гарздалгүй Талибуудыг устгаж чадсан. Гэтэл Пакистаны засгийн газар Талибаны өмнө арга мухардсан бололтой. Ерөнхий сайд Наваз Шариф Талибаны толгойлогч нартай энхийн хэлэлцээ хийх тухай  ч ярьдаг. Шариф бол Пакистаны нөлөө бүхий улстөрч гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүнийг пакистанчууд “Пакистаны бар”, “Пунжабын арслан” гэж хүндэтгэдэг. Тэр Пакистаны хамгийн баян хүмүүсийн нэг. Гэвч түүнд Талибаны эсрэг цогтой тэмцэх зүрх зориг алга. Пакистанд өнөөдөр Первез Мушарраф шиг гарамгай цэргийн удирдагч үгүйлэгдэж байна.

Талибууд Афганистан-Пакистаны хилийн дагуу уулархаг бүс нутагт амьдардаг пуштун үндэстнүүдээс төрөн гарсан. Афганистан дахь Талибаны босогчдын эсрэг цэргийн ажиллагаа амжилт олох эсэх нь Пакистаны оролцооноос шалтгаалдаг учир нь энэ. 1999 онд төрийн эргэлт хийж, улмаар 2001-2008 оны хооронд Пакистаны ерөнхийлөгчөөр ажилласан Генерал Первез Мушарраф есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Жорж Бушийн засгийн газрын эхлүүлсэн терроризмын эсрэг дайнд нэгдсэн билээ. Мушарраф тухайн үед улстөрийн хувьд тун аюултай шийдвэр гаргасан юм. Христийн шашинтнуудтай нэгдэж шашин нэгтнүүдээ хөнөөж буйг Пакистаны шашны хэт үзэлтнүүд хүчтэй эсэргүүцэж байлаа. Мушаррафын амийг хөнөөх оролдлого ч хэд хэдэн удаа гарч байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Лондон хотод нам гүм амьдарсан Мушарраф улстөрөөс холдсон ч гэсэн Талибууд одоог хүртэл түүний амийг хорооно гэж заналхийлдэг хэвээр. Первез Мушаррафын захиргааны үед Пакистаны арми нь аль-Кайда, Талибаны эсрэг цэргийн ажиллагааны гол холбоотон байлаа. 2001-2011 оны хооронд Талибаны босогчдын зохион байгуулсан дэлбэрэлт, зэвсэгт халдлагад Пакистаны 35,000 гаруй иргэн өртөж амь эрсэдсэн гэдэг баримт бий. Пакистаны ард түмэн Талибаны эсрэг тэмцэлд хангалттай цусаа өргөсөн. Гэвч Мушаррафыг улстөрөөс холдсоноос хойш Талибаны эсрэг цэргийн ажиллагааны эрч эрс суларлаа. Баян Наваз Шариф хэрвээ хүчтэй удирдагч гэдгээ харуулахыг хүсвэл улсынхаа аюулгүй байдлыг ч хангаж чаддаг байх ёстой. Наваз Шарифын тэргүүлдэг Пакистаны Исламын Лиг нам Талибуудыг номхотгохгүй бол улстөрд байр сууриа алдана. Цөмийн зэвсэгтэй энэ улсын хувьд Талибуудад найр тавих нь тийм ч оновчтой шийдэл биш. Хэрвээ эрх баригчид зоригтой хөдлөх юм бол Пакистаны арми гэдэг хүчирхэг дайны хэрэгсэл тэдэнд туслахад бэлэн. Эсрэгээр улстөрчид сул дорой байвал Пакистаны арми хэзээ ч төрийн эргэлт хийж магадгүй. Первез Мушарраф 1999 онд улстөрийн хоосон орон зайг ашиглан төрийн эргэлт хийсэн билээ.

Первез Мушарраф албан тушаалаасаа огцорсноос хойш АНУ-ын засаг захиргаа Талибуудын эсрэг тэмцлийн стратегиа өөрчилсөн. Өнөөдөр АНУ-ын засаг захиргаа Тагнуулын төв газрын мэдээлэлд үндэслэн нисгэгчгүй алсын удирдлагатай онгоц ашиглан Талибуудын байрлалд цохилт өгөх хувилбарыг ашигладаг. Тусгай ажиллагааны үеэр тооцоо алдаж, энгийн иргэдийн амийг хөнөөх тохиолдол гардаг учраас Пакистаны олон нийт энэ стратегийг хүчтэй шүүмжилдэг. Гэвч Барак Обамагийн засаг захиргаа энэ хувилбараас өөр үр ашигтай хувилбар байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн тавдугаар сард устгасан Маулви Вали ур-Рехманы толгойг авчирсан хүнд Цагаан Ордон таван сая доллар амлаж байв. Энэ этгээд 2009 онд Афганистан дахь АНУ-ын цэргийн бааз руу халдлага зохион байгуулж, Тагнуулын төв газрын долоон тусгай ажилтныг амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж, эрэн сурвалжлагдаж байсан юм. 2007 оноос хойш Пакистан дахь Талибаны босогчдын үйл ажиллагаа эрс идэвхжсэн. Пакистан дахь Талибаны хамгийн том арми болох Техрик-и-Талибан бүлэглэлийн толгойлогч Байтулла Мехсүдийг 2009 онд нисгэгчгүй онгоц ашиглан устгасан билээ. Түүний халааг авсан Хакимулла Мехсүдийг одоо ч гэсэн идэвхтэй эрэн сурвалжилж байна.

Наваз Шариф Генерал Первер Мушарраф шиг хүчтэй цэргийн удирдагч биш байж болно. Гэвч түүнд Талибуудад найр тавих ямар ч шалтгаан байхгүй. Талибуудын хувьд ардчилал, иргэний эрх чөлөө чухал биш. Шашны харгис хуулинд үндэслэгдсэн энэ бүлэглэл өөрийн замд тээглэсэн ямар ч улстөрчийг хороох чадалтай. Талибуудтай зөвшилцөнө гэдэг бол шашны харгис хуулийг хүлээн зөвшөөрсөнтэй адил. Наваз Шариф Талибуудад бууж өгөхгүй гэдгээ нотлохын тулд улстөрийн хүрээн дэх дарамт шахалтыг тэсвэрлэх шаардлагатай. Холбоотнуудын зүгээс ч түүний үйлдэл болгоныг анхааралтай ажиглах нь дамжиггүй. Хоёр жилийн өмнө аль-Кайда бүлэглэлийн толгойлогч, Америкийн заналт дайсан Осама бин Ладеныг Пакистаны Абботтабад хотод орогнож байхад нь илрүүлэн устгасан нь Цагаан Ордон болон Исламабадын харилцаанд хүйтэн уур амьсгал оруулсан юм. Тийм ч учраас Наваз Шарифын хувьд холбоотнуудынхаа итгэлийг олохын тулд арслан шиг зоригтой, бар шиг хүчтэй байхаас өөр аргагүй.





Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

9 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө