Цагаачлал ба ижилсэл

2014 оны 4 сарын 142014-04-14
2b605ee6-72cc-4da7-bab8-37238d66c2c2,66768-5e1473f0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgШведийн Стокхолм хотод үймээн дэгдэв. Цагаач голдуу дэггүй залуус автомашин, барилга байшин шатааж, цагдаа нарын эсрэг чулуу шидэв. Шведийн хэвлэлүүд олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдэх болсон шалтгааныг тодруулах гэж оролдлоо. Нэг хэсэг нь нийгмийн тэгш бус байдал газар авсантай холбоотой гэв. Ажилтай шведчүүд, ажилгүй цагаачдаас хамаагүй өндөр орлоготой, элбэг хангалуун амьдардаг нь нийгмийн бухимдлыг өдөөсөн гэж тайлбарлаж байна. Нөгөө хэсэг нь бослого үймээн дэгдээсэн хүмүүсийг гэмт хэрэгтнүүд гэж тодорхойлов. Хамгийн гол асуулт хариултгүй үлдлээ. Цагаачид Шведийн нийгэмд дасан зохицож, нийгэмшиж, ижилсэж чадах болов уу? Швед бол цагаачид, улстөрийн орогнол хүсэгчдийн хувьд диваажин. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, улстөрийн хавчлага, ядуурлын улмаас эх орноосоо дүрвэж, аз жаргалын эрэлд мордсон олон цагаачдыг Шведийн ард түмэн угтан авчээ. Харамсалтай нь тэд гал тавьж, чулуу шидэж хариу барилаа. Зөвхөн Швед ч биш, Францад ч гэсэн лалууд, харууд үймээн дэгдээдэг. Цагаачдын бослогыг зөвхөн ажилгүйдэл, орлогын тэгш бус байдалтай холбож тайлбарлах нь өрөөсгөл болжээ. Америкийн зарим судлаачид Европ тивийн улс орнуудад амьдарч буй цагаачид тухайн улс орны соёлыг хүлээн зөвшөөрч, нийгэмшиж, ижилсэхдээ тун тааруухан гэдгийг олж харжээ. Тэд Хөгшин тивийн улс орнуудыг Америкаас суралцахыг зөвлөж байна.

Цагаачлал бол хүн төрөлхтний түүхтэй холбоотой эртний үзэгдэл. Аз жаргал, сайхан амьдралын төлөө далайг гаталсан европчууд Америкийг бий болгосон. Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн хамгийн том цагаачдын улс гэж тодорхойлсон ч буруудахгүй. АНУ-ын ерөнхийлөгч асан Роналд Рейган “Америкчуудад чиний гарал үүсэл сонин биш. Харин чиний зорилго чухал” гэж хэлсэн нь Америкийн цагаачлалын бодлогыг хамгийн оновчтой тодорхойлсон юм. Америк хүн шиг аж төрж, америк хүн шиг сэтгэж, Америкийн төлөө зүрх нь цохилж байвал тэр америк хүн. Хятад, араб, хар, будда, христ, аллах шүтдэг эсэх нь огт хамаагүй. Тэд Америкийн нийгмийн эд эс болж, ижилсэж чадсан учраас өөрсдийгөө америкчууд гэж бардам хэлдэг аж. Америк мөрөөдөл тэдэнд боломж олгодог учраас африк гаралтай хүн төрийн тэргүүн нь болж чадаж байна. Жилд дунджаар хилийн чанадад төрсөн гурван сая гаруй хүн Америкийн нийгмийн гишүүн болж байна. Америкчууд цагаачдыг гар тосон угтаж авдаг, бас нийгэмшүүлж, ижилсүүлж чаддаг аж. Америкчууд тооцоотой, ухаалаг ард түмэн. Тэдэнд зөвхөн хүнд хүчир, бохир, аюултай ажил хийдэг хар ажилчид хэрэггүй. Тэдэнд оюуны чадамж өндөртэй, сэтгэдэг, бүтээдэг сэхээтнүүд хэрэгтэй аж. Оюунлаг цагаачдын ачаар Америкийн Нэгдсэн Улс гэдэг энэ их гүрэн тархиа тогтмол цэнэглэдэг. Дэлхийн хамгийн мундаг их сургуулиуд, судалгааны төвүүдийн ачаар Америк дэлхийн тархийг цуглуулдаг. 9-р сарын 11-ний халдлагын дараа Жорж Бушийн засаг захиргаа хилийн хяналт шалгалт, цагаачлалын бодлогыг чангатгасан. Гэвч Бушийн засгийн газрын хатуу бодлого Америкийн тархийг боомилж байгааг Билл Гэйтс, Уоррен Баффетт нарын тэрбумтнууд шүүмжилж, террорист илрүүлэх нэрийн доор оюунлаг хүмүүсийг үргээж байгааг буруутгасан билээ.

Өнөөдөр Америкийн улстөр, олон нийтийн дунд бичиг баримтгүй хууль бусаар ажиллаж амьдарч буй 11 сая гаруй хүнд иргэний харьяалал олгох эсэх асуудал яригдаж байна. Pew судалгааны агентлагийн явуулсан санал асуулгад оролцогчдыг 51 хувь нь цагаачдад иргэний харьяалал олгохыг дэмжсэн байна. Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын найман сенатор хамтран цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачиллаа. Олон нийтийн дунд ч, улстөрийн хүрээнд ч цагаачдад иргэний харьяалал олгох асуудлыг дэмжих хандлагатай болж байна. Тооцоотой америкчууд 11 сая хүнд иргэний харьяалал олгох нь эдийн засгийн ямар давуу талтайг ч тооцож үзсэн байна. Хууль бус цагаачдыг бичиг баримттай болгосноор нийгмийн халамж ба эрүүл мэндийн тогтолцоонд дарамт учруулахгүй, харин ч эсрэгээр цагаач иргэд илүү аюулгүй, илүү эрүүл болж, урам зоригтой үр бүтээлтэй ажиллах аж. Мөн цагаачдын мэдлэг, ноу хауг ашиглаж, тэдний хөдөлмөрөөр олсон мөнгөөр капитал хуримтлуулж, хадгаламж үүсгэх давуу талтай. Хэрвээ өнөөдөр 11 сая гаруй цагаачдыг АНУ-ын иргэн болговол ирэх арван жилийн хугацаанд үндэсний нийт бүтээгдэхүүн 1,4 триллион доллараар, татварын орлого 184 тэрбум доллараар нэмэгдэж, 203,000 ажлын байр бий болно гэж тооцоолсон байна.

АНУ-ын засгийн газар анх дайны дараа мексик ажилчдад зориулсан зочин-ажилчин хөтөлбөрийг хэрэгжүүлж байжээ. Америкийн туршлагаас суралцсан Канад, Австрали улсууд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн боловсролтой, мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүсийг татаж байна. Гэтэл Европ тивийн улс орнууд цагаачдад ээлтэй боловч Америк, Канад, Австрали шиг цагаачдын тархийг ашиглах тал дээр тааруухан бололтой. Өнөөдөр Европын Холбооны нийт хүн амын 9,4 хувь нь цагаач бөгөөд 48 сая гаруй хүн Хөгшин тивийн улс орнуудад амьдарч байна. Европын улс орнууд цагаачлалын бодлогоо эргэн харах цаг болсон гэдгийг Америкчууд анхааруулаа. Их Британи, Герман, Франц, Испани, Нидерланд, Швед зэрэг Европын том улсууд цагаачдад эрх чөлөөтэй, хүн шиг амьдрах боломж олгосон. Гэвч цагаачид нь эргээд автомашин шатааж, чулуу шидэж хариу барилаа. Цагаачдыг европ хүн шиг нийгэмшүүлж, ижилсүүлнэ гэдэг тун амаргүй бололтой. Америк мөрөөдөл шиг хүчтэй сэдэл европчуудад дутагдаж байна. Европ тивийн улс орнууд цагаачид бол асар том ажиллах хүч гэдгийг дутуу үнэлдэг ч юм шиг. Цагаачид зөвхөн тэтгэмж авдаг, тусламж горьдож суудаг хүмүүс биш аж. 2014 онд дэлхийн хэмжээнд хилийн чанад руу дүрвэсэн цагаачдын эх нутаг руугаа гуйвуулах мөнгөний тоо хагас триллион долларт хүрнэ гэж тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, баян чинээлэг улс орнуудаас ядуу буурай улс орнуудад өгдөг хөгжлийн тусламжаас бараг дөрөв дахин их мөнгийг цагаачид өөрийн гараар олж, эх орон руугаа илгээх аж. 




Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

9 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө