Терроризмын шинэ дүр төрх

2014 оны 4 сарын 102014-04-10
ad84b9c4-b1d1-4690-9c2e-10998b9f3af2,66770-5e4288d0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg2001 оны есдүгээр сарын 11-нд Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн цуврал халдлагууд хүн төрөлхтөнд терроризмын аюул заналхийллийг гашуунаар мэдрүүлсэн билээ. Аль-Кайда бүлэглэлийн амиа золиослогчид иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг барьцаалан аймшигтай террорист халдлага үйлдэж, 2977 хүний амийг хороосон. Амь эрсэдсэн хүмүүсийн дунд АНУ-ын иргэдээс гадна дэлхийн 60 улсын иргэд байсан юм. Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш “терроризмын эсрэг дайн” нэртэй олон улсын цэргийн ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн. Өмнө нь хүн төрөлхтөн терроризм гэгч аюулын эсрэг ийм өргөн хүрээтэй, олон тоглогчтой, зохион байгуулалттай ажиллагаа явуулсан түүхгүй. Терроризмын эсрэг дайны хүрээнд Америк тэргүүтэй холбоотны цэргүүд Ирак дахь Саддам Хуссэйн, Афганистан дахь Талибаны дэглэмийг түлхэн унагасан. Осама бин Ладен тэргүүтэй Аль Кайда бүлэглэлийн толгойлогч нарыг олон улс даяар идэвхтэй эрэн сурвалжилж, ангуучилж эхэлсэн. Есдүгээр сарын 11-ний халдлагын арван жилийн ойн өмнө Барак Обамагийн илгээсэн тэнгисийн цэргийн хүчний тусгай салаа Пакистанд орогнож байсан Осама бин Ладеныг устгасан билээ. Гэвч терроризмын эсрэг дайн үүгээр дуусаагүй. Умард Африк, Ойрхи Дорнодын бүс нутагт Аль-Кайда, Аль-Шабааб нэрийн доор террорист бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.

Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Жорж Бушийн засаг захиргаа АНУ-ын хилийн харуул хамгаалалт, цагаачлалын бодлогыг онцгой чангатгав. Дэлхийн Худалдааны Төв, Пентагоны барилгыг дэлбэлсэн амиа золиослогчид АНУ-ын нутаг дэвсгэр дээр нисгэгчийн дамжааг дүүргэсэн болох нь хожим нотлогдсон. Америкчууд террористуудыг өөрсдөө бэлтгэсэн болж таарлаа. Кубын Гуантанамо булан дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад террористуудад зориулсан тусгай шорон байгуулав. Терроризмын улмаас АНУ-ын хүн амын 0,8 хувийг эзэлдэг, үндэсний цөөнх болох исламын шашинтнуудыг алагчлах бурангуй хандлага ч ажиглагдах болжээ. Терроризмын эсрэг бодлогын хүрээнд араб нэртэй, монхор хамартай, сахал үс болсон эрчүүдийг хил гааль дээр шалгадаг болсон. Ирак, Афганистан руу цэргээ илгээсэн Барууны улс орнууд ч терроризмын бай болох өндөр эрсдэлтэй байсан учраас Европ дахь исламын шашинтнууд ч хяналтанд орлоо. Афганистан, Пакистан дахь Талибаны зэвсэгт босогчдын эсрэг явуулсан ажиллагааны үр дүнд Аль-Кайда бүлэглэлийн үйл ажиллагааг сулруулж чадсан юм. Гэвч Аль-Кайда дүр төрхөө өөрчилсөн. Исламын жихадист үзэл санаанд тууштай итгэдэг исламын бус шашинтнууд, хар бэлэвсэн эхнэрүүд, орон нутгийн террористууд Аль-Кайдагийн шинэ дүр төрх болжээ. Цагаан арьстай шинэ үеийн террористууд исламын террористуудаас дутахгүй аюул учруулдаг болов. Исламын шашинт эртэй гэрлэсэн хүүхнүүд эр нөхрийнхөө өшөөг авах зорилгоор террорист халдлага үйлдэх болов. Ирак, Афганистан, Пакистан, ОХУ-д хар бэлэвсэн эхнэрүүд удаа дараа террорист халдлага үйлдсэн. Жихадистууд эр нөхөр, үр хүүхдээ алдсан буюу сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүдийг амиа золиослогч болгон сонгодог. Исламын шашинд эмэгтэй хүний биед эрээ цээргүй хүрэхийг хориглодог учраас шалган өнгөрүүлэх цэгт эмэгтэйчүүдийн бараг нэгждэггүй байж. Хожим нь Ирак, Афганистан дахь АНУ-ын армийн захиргаа хилийн шалган өнгөрүүлэх цэг бүрт майхан барьж, эмэгтэйчүүдийг эмэгтэй цэргүүдээр нэгжүүлдэг шинэ журам баталсан. Эмэгтэйчүүдийн урт хэлхгэр хувцасны цаана тэсрэх бөмбөг бүсэлчихдэг учраас тийм журам баталжээ.  
      
Исламын шашинд орсон Саманта Льютвэйт гэгч цагаан арьст англи эмэгтэй террористуудын дунд нэртэй болжээ. Гэр бүлээрээ террорист. Ямайка гаралтай нөхөр нь 2005 онд Лондон хотын метронд бөмбөг дэлбэлж, амиа золиослосон. Саманта нөхрөө амь эрсэдсэнээс хойш исламын шашны жихадист үзэл санаанд бүр ч тууштай итгэдэг болжээ. Хуурамч иргэний пасспорттой Самантаг Льютвэйтийг Африк, Ойрхи Дорнод даяар эрэн сурвалжилж байна. Бельгийн иргэн 38 настай Муриэл Дегок гэгч эмэгтэй 2005 онд Багдад хотод Америк цэргүүдийг хөнөөх зорилгоор өөрийгөө дэлбэлснээр террорист халдлага үйлдсэн исламын шашинтай анхны европ эмэгтэй болжээ. Азаар тэр зөвхөн өөрийгөө дэлбэлсэн. Исламын шашинтай нөхөр нь ч тусгай ажиллагааны үеэр Америк цэргүүдэд алагджээ. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд АНУ, Франц, Австрали, Итали, Нидерланд, Их Британи зэрэг Барууны өндөр хөгжилтэй улс орнуудад тодорсон цагаан арьс террористуудыг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, шорон луу илгээсэн байна. Абу Талхах аль-Амрики нэрээр жихадистуудын дунд алдаршсан Закари Адам Чессер гэгч залууд 25 жил, Иллиной мужид халдлага үйлдэхийг завдсан Майкл Финтонд 28 жил оноосон. 2002 оны аравдугаар сард Мэрилэнд муж, Вашингтон хотод 10 хүнийг буудан хороож, хэдэн арван хүнийг шархдуулсан Жон Аллен Мухаммад гэгч исламын шашинд орсон африк гаралтай Америк байлаа. Түүнийг 2009 онд хортой тариа хийж цаазалсан.  Австралийн Канберра хот дахь Израйлийн элчин сайдын яамыг дэлбэлэх хуйвалдаанд оролцсон Жек Роше, ОХУ-ын Беслан хотод халдлага үйлдсэн Владимир Ходов зэрэг жихадистууд ч цагаан арьстнууд байв. Цагаан арьстнууд бол жихадистуудын хамгийн сайн өнгөлөн далдлалт юм байна. Тэд исламын шашинтнуудтай адил заавал сүмд мөргөх албагүй, архи уудаг, тамхи татдаг учраас хэн ч сэжиглэдэггүй аж. Барууны нэгэн улсын тагнуулын албадын хурааж авсан терроризмын зааварчилгаан дээр цагаан арьст жихадистууд жинс өмсөж, хайрсан боов идэж, чихэвчтэй хөгжим сонсож явбал хэн ч сэжиглэхгүй гэж зөвлөсөн байсан гэдэг.

Цагаан арьстнууд ямар учраас исламын шашинд дурлан тэмүүлэх болсон талаар шашин судлаачид, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнөж, олон нийтийн дунд санал асуулга ч явуулж үзжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд Христийн шашинд орсон Америкчуудын дундаж нас 16 байв. Гэтэл исламын шашинтнуудын эгнээнд нэгдсэн хүмүүсийн дундаж нас 31 аж. Харьцангуй өндөр боловсролтой, нийгэмд байр сууриа олсон дунд насны хүмүүс исламын шашинд ордог аж. Исламын шашин маш энгийн, рациональ, бүх хүмүүс тэгш гэдгийг мэдрүүлдэг, практик шашин гэж хариулжээ. Исламын шашны ариун Рамадан сар нь хорвоо дээр төрсөн хүн бүрийг адил тэгш гэдгийг мэдрүүлдэг гэдэг. Учир нь Рамадан сарын турш гуйлгачин ч бай, тэрбумтан ч бай хамаагүй өглөөнөөс үдшийн бүрий хүртэл өлсөх ёстой. Бурханы өмнө бүгд адилхан хүн гэдгийг сануулдаг. Судалгаанд оролцсон зарим хүмүүс нь арьс өнгөөр алагчлах хандлагаас залхсан, исламын шашин хүнийг илүү сахилга баттай болгодог зэрэг шалтгаанаар энэ шашныг сонгосон гэж хариулсан байна. Голдуу африк гаралтай Америкчууд исламын шашинд орох нь нийтлэг боловч цагаан арьстнууд ч гэсэн ийм сонголт хийдэг болжээ. Америкийн хэсэг эрдэмтэд исламын шашны ариун Коран судар нь террорист халдлага үйлдэхийг өөгшүүлдэг эсэх талаар мэтгэлцжээ. Тэд Коран сударт бичигдсэн зүйлсийг харилцан адилгүй тайлбарлажээ. Коран сударт эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, ядуу дорой хүмүүсийн амийг хөнөөхийг зөвтгөсөн ямар ч сургааль байхгүй гэж нэг хэсэг нь үзсэн бол нөгөө хэсэг нь Коран судар нь ямар ч хамаагүй аргаар бүх дэлхийг исламын хуулийн дор нэгтгэхийг уриалдаг гэж тайлбарласан байна. Коран судар ба исламын терроризм нь хоорондоо ямар холбоотой вэ гэдэг асуулт төгс хариулт олоогүй л байна. Харин нэг зүйл л тодорхой. Цагаан арьстай террористууд жихадист дайны шинэ дүр төрхүүд болжээ.




Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

9 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

17 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө