Ванчигийн Ганзориг
Эдийн засагч

Энэтхэг улсад зорчсон тэмдэглэл

2
2017 оны 9 сарын 222017-09-22

Аав, ээж, эмээ, өвөөгийн минь хувьд Энэтхэг улс бурхны орон гэж төсөөлөгддөг. Шашны аялал жуулчлал Монголоос Энэтхэг руу ил тод, зохион байгуулалттай биш боловч нилээд байдаг сурагтай. 

Хэдэн зуун монгол залуус тэнд бурхны ном үзэн шавилан сууж байна. 

Түүнчлэн далай ламыг Хятад, Төвд рүү оруулахыг хориглосноос Энэтхэгийн Дарамсала хотод суурин амьдардаг болсон тул тийшээ Монголчууд нилээд явдаг юм байна. Зарим хүн 600 монгол залуус энэтхэгт шавилан сууж байгаа байх шүү гэж дуугарна билээ.

Шинэ Дели хотын замын хөдөлгөөн, оргил цагийн түгжрэл гэдэг бол аймшиг. Улаанбаатар хотын замын түгжрээ хажууд нь бүр өхөөрдөм. Бүр өхөөрдөм шүү! Өдөр бүр 17 хүн зам тээврийн ослоор нас бардаг гээд статистик нь байна лээ

Хоёр дугуйт, гурван дугуйт бол томоохон хотуудын гол тээврийн хэрэгсэл.

Нялх хүүхдээ ингэж тэврээд, ямар ч барих юмгүй тэнцвэрээ олоод суугаад цагт 30 кмийн хурдтай сүнгэнүүлэх юм

Энэтхэг рүү бид визтай зорчино оо. Хуучин Орчлон сургуулийн зэргэлдээ байрлах элчин сайдын яаманд материал бүрдүүлж өгөх ба виз олгох стандарт хугацаа нь бараг 2 долоо хоног буюу асар удаан. Ачаалал гээд байх юм бараг байхгүй харагдах боловч ажилтай мэт царайлах гээд яддаг юм болов уу гэсэн бодол төрснийг нуух юун. Харин яаралтайгаар авна гээд мөнгийг нь төлбөл хэдхэн минутын дотор яралзуулдаг дуулдсан. Хүнд сурталтай, залхуудуу, хүний арга эв олж хялбар ажиллаж амьдрах гээд байдаг нөхдүүд үү дээ гэж элчингийн хүмүүсийг нь хараад бодсон бодол Дели хотод буугаад батлагдсан даг. Мэдээж сайн, мундаг хүмүүс зөндөө байлгүй яах вэ бас.

Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал

Хэдхэн хоноод буцахын хооронд англиар ярихдаа толгойгоо бөнжигнүүлж, алгаа сэгсрэн ярьдаг зуршилтай болов. Тэгж ярьж байгаа хүмүүсийн дунд тэгэхээс ч аргагүй юм билээ. Бас намастэ гээд алгаа хавсран бөхийж мэндэлнэ. Гэхдээ тэр нь голцуу настайдуу хүмүүс нь хэрэглээд байх шиг байсан.

Толгойгоо бөнжигнүүлэх нь бас учиртай. 

Удаандуу бөнжигнүүлж байвал чамд дургүй, ярьж байгаа юмыг чинь дэмжихгүй байна гэсэн үг. Хурдандуу темптэй бол дэмжиж буй, чамайг таалж буйн илрэл. 

Дели хотын алдартай Khan Market-ийн үүдэнд. Энэ нь манайхаар бол арай ахисан түвшний жуулчдад зориулсан зах

Нийтийн тээврийн нэг гол хэрэгсэл нь энэ түк түк. 2-3 км газар 50 орчим рупигээр явна. Тохиролцож суухгүй бол бас л аманд орсон үнээ хэлнэ. Анх мэдэхгүй соёлтой царайлж байгаад сүүлдээ ч загнаад загнаад аваад явдаг болсон. Анх суухад эвгүй гэж. Ийм хариугүй юмаар том замаар могой шиг мурилзаад л зогсоо зайгүй сигнаалдаад давхиж өгнө дөө. 

Эдгээр хүмүүсийн амьжиргааны цорын ганц эх үүсвэр нь энэхүү гурван дугуйт

Сигналыг бол хайр найргүй дарна. Тэгэхгүй бол замын хөдөлгөөнд оролцоход ч хүнд юм билээ. Асар их бухимдал түгжрэл дунд явах боловч хаа очиж хоорондоо хэрэлдэх, жолооч нар нь бууж ирж зодолдох явдал бараг байдаггүй бололтой харагдсан

Зав зай гайгүй бол хүн тэргэн дээр нь нэг суугаад үзчих хэрэгтэй. Халуун нартай, өгсүүр уруу газар бол чирж яваа хүнээ бодоод тухгүй л юм билээ.

Хүн тэрэг. Үнэ хөлс нь түк түкээс дутахгүй гээд л үзнэ шүү дээ

Бүр болохгүй, яарсан сандарсан үедээ Уберээ сайхан ашиглаад явахад ямар ч асуудал байхгүй. Гэхдээ замын түгжрэл ихтэй, хөдөлгөөн нь замбараагүй тул барууны улсууд шиг цагтаа ирэх, очих зэрэг дээр 100 хувь найдах хэрэгггүй.

Баян, ядуугийн ялгаа асар өндөр улс юм. Гудамжинд амьдардаг өчнөөн хүмүүс ба тансаг хаусыг хэдэн арваар эзэмшдэг баячууд нь бие биетэйгээ зэрэгцэн амьдарна.


Модны холтос, мөчрөөс ам, шүдээ угаагаад, жорлонгийн усаар нүүрээ цэвэрлээд өглөөний ажилдаа гарах гэж буй нэгэн

Гудамжинд нь нас барсан жаахан хүүхдээ үүрээд гуйлга гуйж байгаа хүнтэй таарч байхад орой нь уулзсан эрхэм унтлагын өрөөндөө бассейнтай гэдгээ ярьж гайхуулж байв. 

Таж Махал зочид буудлын лоббид нэг иймэрхүү урлаг уран сайхан орой бүр тасрахгүй

Хятадтай адил 1.3 тэрбум хүнтэй энэ улс хүн амын тоогоороо хэдхэн жилийн дараа Хятадыг гүйцэж түрүүлнэ гэж олон хүмүүс хэлж байв. Олон хүнтэй тул ажлын байраар тэднийгээ хангахын тулд засаг нь нилээд зовч байгаа бололтой. 

Дели хотын гудамжны нийтлэг төрх нэг иймэрхүү

Үйлчилгээний газар нэг хүн нэг л төрлийн ажлыг робот шиг хийнэ. Зэрэг олон ажил хийж ажил олгогчдоо оноо авах шаардлага байхгүй. Учир нь бусаддаа ажлын байр бий болгох ёстой.

Манайхаар бол Бөмбөгөр маягийн зах. Байхгүй юм байхгүй. Монголоос хаа очиж хямдхан гэж. Гэвч рупигийн ханш сүүлийн 2 жил тогтмол чангарч байгаа юм байна

Эдийн засгийн хувьд ид л бужигнуулж байгаа улс байна. Дэлхийн бүхий л том компаниудын салбар, үйлдвэрүүд нь байна. Миний анзаарснаар Монголд алдартай, мэддэг бизнесийн салбарууд нь даавуу, торго, зэс эдлэл, эм, эмнэлгийн үйлчилгээ, арьсан эдлэлүүд байв. Торго, даавууг бол аль 13-р зууны үеэс л эндээс Монгол руу зөөж байсан бололтой юм. 

Энэ нөхөр яг маргааш нь Монгол руу чингэлэг дүүрэн торго, дурдан, даавуу ачуулах гэж байв. Далайгаар яваад бараг 2 сар болоод хүрдэг гэнэ. Энэ ачилт нь Монголчуудын ирэх цагаан сарын дээлний гоёл болно гэнэ ээ. Монголоор ойр зуур хөөрхөн ярьчихна аа бас.

Харин зэс эдлэлийн талаар өмнө нь дуулж байгаагүй ч чанар, үзэмж, хэрэглээ талаасаа асар хөгжсөн нь илт мэдэгдэж байв. Зэсийг утгаар нь энэ улсын иргэд өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байна. Жишээ нь, зэс саванд ус хийж уухад хэр баргийн бактери, нянг устгадаг гэх агаад тэр ч утгаараа усны чанар муутай энэ газрын үндсэн хэрэглээ болсон бололтой. Гэртээ нэг сав авч ирээд ус хийгээд хонуулаад уухад амтыг нь бол өөр л болгож байна билээ.

Зэс хэрэглэлүүд нь үнэ нь маш боломжийн, чанартай, зузаан, гоёмсог. ОТ-той Монгол гэж хэлүүлэхээсээ бид ичмээр л юм билээ дээ үнэхээр.

Оюу толгой зэрэг том ордуудаас гаргаж байгаа металуудаа ашиглан ахуйн хэрэглээний иймэрхүү сав суулга хийж ашиглаж хэвшвэл манай говь шиг ус муутай газар машид хэрэгтэй зүйл санагдав. Бараг Оюу Толгой төслийн нийгмийн хариуцлагын гоё төсөл ч байж болохоор санаа санагдсан шүү. 


Би энэ сав суулгуудын хараа ингэж баярлаж гайхаж байхад эмэгтэйчүүд энэ зах дээр очсон бол Монгол руу бүх лангууг нь нүүлгэх байсан байх аа ккк

Хагас өдрийн зав гармагц нэгэнт энэ хол газар ирсний хэрэг юу билээ Таж Махал руу ухасхийгээд ирэв. Хямд, цогц өдрийн хоногийн аялалууд зөндөө байх боловч зав муутай очсон надад гудамжнаас такси бариад тохироод ухасхийгээд явах нь хурдан бөгөөд уян хатан байв. Таксины жолоочтой ярихад даргатай уулзахыг зөвлөв. Даргатай нь ярьж тохироод хоёр талдаа бараг 400 км гаруй газар 85 орчим ам.доллараар бүх замын татвар зэргийг нь оруулаад явахаар тохирч өглөөний ургахын улаан нарнаар Агра хотыг зорьсон бөлгөө.

Дели хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлнэ. Өглөө мандаж буй энэ нарыг хараад манай жолооч надаас илүү баярлаж гайхаж зургийг нь тасралгүй авч байлаа.

Замдаа таксины жолоочтой жаал буу халав. Сарын 120 орчим долларын цалинтай ажилладаг түүнд Дели хотын амьжиргааны өртөг асар өндөр. Иймээс байр өрөө түрээслэхгүй, гудамжинд саравч, майхан шиг юманд унтаж мөнгөө хэмнэдэг гэнэ. Хоолоо дандаа гаднаас авч иднэ, угаасаа хийх газар ч байхгүй. Харин хот хооронд явж байхад таксины жолоочийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй жолооч нар үнэгүй хоол иддэг юм билээ үйлчилгээний газруудаар нь. Хэд ч нэмүүлж болж байсан. Бүр намайг дайлах гээд золиг чинь :))) Харин яаж ус цасанд орж, хөнгөрч хүндэрдгийг нь арай асууж зүрхлээгүй. Бодвол гудамж ашигладаг байх. 

Элчингийн хүмүүсийн яриагаар бол 80-аад оны Шинэ Дели хотынхон гудамжиндаа л шууд хөнгөрөөд хүндэрчихдэг байсан гэж байв. 

Тэр нь бараг тэр үедээ “стандарт” шахуу байсан юм уу даа. Цаг агаар халуун учир углааш, майк, шорттой байхад л жилийг ажрахгүй давна. Жолоочтой дэлхий ертөнц ярих гэж оролдоход энэ яваа насандаа хэзээ ч хил давж, гадаад улс руу явж чадахгүй гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч, амьдралдаа бууж өгсөн нэгэн байв. 20000 орчим доллароор ченжүүд Энэтхэгүүдийг Сингапур, Араб зэрэг улсууд руу хар ажлаар гаргадаг юм байна. Хинди шашныхаа янз бүрийн урсгалыг айхтар шүтнэ. Нэг хараал хэлээд л уучлаарай гээд машины тольноосоо өлгөсөн нэг багшийнхаа зурагнаас адис авч үнсээд л явна. Энэ хэн бэ гэхээр миний багш, миний бурхан гээд халгаахгүй. Учрыг нь асуугаад, яагаад шүтэж байгааг нь асуухаар дургүй талдаа. 

Дэлхий бөөрөнхий бас эргэдэг гэж хэлбэл бүр уурлах янзтай. 

Хот хооронд ганцаараа шөнө явах аюултай. Тосгоны атаманууд чулуу тавьж зам хаагаад машинтай хүмүүсийг дээрэмдэх хэрэг бишгүй гарна. Дээрмээс гадна эмэгтэй зорчигч байвал найдвартай хүчиндүүлнэ. Хууль бус буу эзэмшиж хэрэглэх явдал их гэнэм.

Агра хотод орших ертөнцийн долоон гайхамшигийн нэг Таж Махал бол үнэхээр үзэсгэлэнтэй. Хайрын билэг тэмдэг гэдэг юм байна. Асар их хайртай байсан хатандаа зориулж барьсан 400 гаруй жилийн настай байгууламж. Монгол удмын хаадууд, хатдуудын толгой эргүүлсэн янз бүрийн түүх зөндөө байх юм билээ. Хөтөч гээд ёстой луйварчин хэдэн залуус байна. Өгч байгаа гарын мөнгөнд нь тааруулж түүх ярина. Мөнгөө нэмээд өгвөл яг жинхэнэ түүхийг нь хэлж өгнө шүү гэж уур хүргэнэ. Миний авсан хөтөч залуу гэхэд гэр бүлийнхээ удам дамжсан 3 дахь үеийн хөтөч, Агра хотын уугуул залуу. Яаж 3 үе ингэж луйвар хийж, таван цаас олохын төлөө улайрч амьдарч байгааг нь ухаад ухаад ойлгоогүй. Гарын мөнгө авахгүй гэж анх үйлчилсэн энэ залуу сүүлдээ надаас 100 доллар нэхээд 10 доллар өгч байж муудалцалгүй салав шүү дээ. 

Дөрвөн талд нь байх цамхагууд руу саяханыг хүртэл жуулчид гарч үзэж болдог байжээ. Гэтэл хаягдсан, хайр нь бүтээгүй залуус очиж дээр нь гараад үсэрч амиа хорлоод байсан тул дээшээ хэнбугайг ч гаргахыг байсан байна.

Таж махалын ур хийц, материал, дизайн гэдэг бол үнэхээр гайхамшиг. Яг голд нь хайртай хос хаан, хатны бунхан нь байна. Гэвч тэнд нь зураг авах хориотой. Битүү цагаан гантигаар бүтсэн энэ агуу байгууламжийн хуулбар нь Станбулд байдаг хөх сүм гэж ярьдаг юм байна. Цэвэр алтаар бүрсэн, хийсэн асар олон байгууламжийн чимэглэл, хээ хуар байсныг бүгдийг нь англичууд цөлмөн дээрэмдэж, хулгайлаад аваад явсан түүхтэй. Одоо зарим түүхийн үнэт зүйлсээ Энэтхэгүүд өөрсдөө Лондон явж музейгээсээ үздэг.

Таж Махалын гаднах чимэглэл үнэн тансаг. 400 жилийн өмнө ямар ч вкустай байсан юм тэр хүмүүс.

Энэ чимэглэл, технологи нь 400 гаруй жил өвлөгдөөд одоо хүртэл хийгдэж байна гээд та бүхэн бод доо!


Таж махалыг анх барьж байсан гар урчуудын 17 дахь үеийн залуу. Одоо хүртэл Таж махалыг барьсан технологийг ашиглан гар урлалын зүйл хийж зарж голоо зогоодог. Өөрийн гэр бүлийн амьдралын хувь заяагаа энэ гээд итгэчихсэн бүр. Энэ залуугийн толгойг нь эргүүлж ингэж ядуу амьдруулж буй дэлгүүрийн эзэн нь гэж зэвүүн гар байна лээ дээ.

Исламын шашны элемент асар их энэ байгууламж болон нийгэмд нь ариун цэвэр гэдэг зүйл чухалд тооцогдоно. Сүм, ордон руу орохдоо исламын шашинтай хүмүүс нь заавал гутлаа тайлж хөл нүцгэн орно. Харин мань мэт нь гутлынхаа гадуур өмсгөл өмсөнө дөө.


Таж Махал руу гуталтай оруулна гэж гонж.

Таж Махалаас ойролцоо хааны ордон нь гээд бас заавал үзэх ёстой гайхалтай байгууламж бий. Бас л Монголын алтан ургийн хаадуудтай холбоотой зөндөө түүхүүдтэй энд тааралдана. 

Mughal гэж бичнэ. Монгол гэж хөтөч нь тайлбарлана.

Индра Гандигийн өвөө нь Монгол цустай хүн байсан гэдэг яриа түүх хүртэл тааралддаг юм билээ. 

Монгол үгтэй адил хэдэн үгтэй таараад зөндөө баярлав. Жишээ нь: хайч (кайч), саван (саван), архи (аррак) гэх мэт. 


Хааны ордон. Ямар ч том ордонтой, хэдэн ч хатантай мундаг хаадуудтай байсан юм бэ дээ.

Эмийн үйлдвэрлэл сайн хөгжсөн болоод ч тэр үү, энэ улсын жоргүй эм олгодог болоод ч тэр үү, хууль дүрэм нь сул болоод ч тэр үү монголчууд эм нилээд зөөдөг юм байна. Би хүртэл гуйлгаар тэндээс эх нялхасын бөөрний тасагт, элэгний тэрхүү эмээр л амь зогоож буй нэг хүний хэдэн сарын эмийг нь дайж авч ирэв. Эмийн сан дээр нь очоод хэлэхээр тэр хэд нь ч андахгүй юм Монголчуудыг, юу захиж авдагийг нь. Монголоор бас хөөрхөн хэдэн үг хэлнэ. Юу ч байсан захь, хоногийн дотор олоод байгаа газар чинь хүргээд өгнө өө л гээд байх юм билээ. 

Биотехнологи, генийн инженерчлэл талаараа бас л бужигнуулж байгаа улс байна. Үүдэл эсийн түвшинд эдгээхгүй өвчин байхгүй боллоо гээд нь хэсэг эмч нар шуугиад барууны ертөнцөд бөөн маргаан болж байна.

Интернэт дээр шуугиулаад байгаа энэ эмнэлгийг нь зорьж очиж уулзахад үүдэл эс ашиглан даун синдром, чихрийн шижин, арьсны түлэгдэлт, бүх төрлийн үе мөчний өвчин, тархины үхжилт гээд бүгдийг нь эдгээж байгаа тухайгаа эмнэлгийн дарга нь хүүрнэж нүд орой дээр гаргав.

Биотехнологи, генийн инженерчлэлийн өмнөх том давалгаа нь нүдний лазерийн хагалаа бас нуруу нугасны мэс засал нь байсан болов уу. Үүнийг ч Монголчууд нилээд сайн мэддэг, олноороо энэтхэг орныг зорьж хагалгаа хийлгэдэг байсан. Одоо ч гэсэн явж л байгаа байх.

Үүдэл эс гэдэг зүйлээр эдгээхгүй анагаахгүй өвчин бараг байхгүй болж байгаа юм уу даа. Маш сонирхолтой. Гэхдээ шинжлэх ухааны хувьд бүрэн батлагдаагүй л байна
Гэмт хэрэг асар ихтэй улс юм. Илрүүлэлт нь тийм сайн юм уу, эсвэл .... 

Сонин нь гэж цагдаагийн газрын тайлан шиг л нэлээд контент нь гэмт хэргийн тухай сөрөг мэдээллүүд

Хэдэн өглөө өдөр тутмын сонинг нь авч гарчиглахад бараг нийт контентийн 50 хувь нь гэмт хэргийн тухай.

Тэрийг тэгж хөнөөж, хэдэн хүн тэр бүсгүйг тэгж хүчиндэж, гадаадын тэр иргэнийг тэгж дээрэмдэж гээд л үнэн депресстэй. Намайг яг байх долоо хоногт 7 настай хүүхдийг сургууль дээр нь хоолойг нь хэрчиж хөнөөсөн хэрэг гарч шуугиан айдас дэгдээв. Сүүлдээ сургуулийн автобусны жолооч нь хэрэг хийсэн болж хэвлэлээр гараад дууссан боловч таксины жолоочтой ярихад өөр түүх ярьж байв. Сургуулийн жорлондоо үүл борооны ажил хийж байсан хоёр багшийг санаангүй харсан хүүг багш нь хөнөөсөн бөгөөд хэргээ хаахын тулд автобусны жолоочдоо хангалттай мөнгө амалж хэрэг үүрэхийг санал болгосон гэх мэт. 

Сонин, уламжлалт медиагаас гадна сошиал медиа Монголтой адил сайн хөгжиж бужигнуулж байгаа газар. Ерөнхий сайд Моди нь сошиал медиаг маш идэвхтэй хэрэглэдэг. Гэхдээ өглөө бүр сэрээд сэрээд булзуухайнуудаа гэдэггүй юм билээ. Мань эр 34.5 сая дагагчидтайгаараа жиргээний ертөнцөд тэргүүлдэг. Ерөнхий сайдаа буруу бас муухай хүн жиргээ дээр дагасан тул блоклох ёстой гэдэг хөдөлгөөн хүртэл Энэтхэгийн жиргээ дээр үүссэн үр дүн нь яг эсрэгээрээ буюу даже дагагчдын тоог нь нилээдээр нэмсэн гэнэ ээ.

Харин хаа очиж номын диваажин улс байна билээ дээ. Английн колони байсан тул хэлний асуудал байхгүйгээс гадна англи хэл бараг шахуу төрөлх нь хэл ч болчихсон тул англи хэл дээрх барууны сайхан номнууд ёооз ёоозоороо байна.

Сонин гэснээс ном харьцангүй хямд үнэтэйг нь мэдээд гайхаж баярлав. Учир нь НӨАТ-с хэвлэл, номын бизнесийг чөлөөлсөн байдаг юм байна. Ямартаа ч европ, америк, азийн улсуудын номын дэлгүүрээс даруй 20-40 хувийн хямд байж чадаж байсан тул баахан номдов.

Гэмт хэрэг ихтэй гэж би дээр дурдсан. Гэхдээ иймэрхүү хүмүүс буюу настайдуу, чалма өмссөн, хинди шашиндаа үнэнч хүмүүс нь бол уриалгахан бөгөөд сайхан. Аан зарим залууст нь бол нүүр өгөх тусам л давраад, сав л хийвэл хулхидаж хулгай хийчих гээд байх юм билээ.
Заа Энэтхэг хоол гэж гайхамшиг байна аа. Карри, чили, тандүүри гээд л явж өгнө. Үнэтэй ресторанд таваг хоол авах мөнгөөр гудамжинд амьдардаг нэгэн бараг хагас сар хооллоно. 

Хэрэг болгож зах орж хоолны амтлагчууд сонирхов.

омоохон зочид буудал, ресторанууд нь хатуу чанд хамгаалалттай. Ямар ч машин орсон мотор, тээшээ үүдэнд заавал шалгуулна. Хил гарч байгаа юм шиг цүнх сав, хормой хотоо шалгуулж, рентгэнээр нэвтэрч байж иймэрхүү газар нь орно. Ороод сууж байхад сайхан цэвэрхэн цагаан аяганд лимонтой ус ирээд. Ам цангаж явсныг хэлэх үү хариугүй аваад уухын даваан дээр хажуугийн ширээний хүн хоолоо гараараа идэж дуусаад нөгөө аягатай усанд гараа сайхан угаахыг нь хараад амиа хорлох шахав. Бинтэй, будаатай ямар ч хоол авсан уугуул иргэд халбага, сэрээ, хутга хэрэглэхгүй. Гар, хуруугаараа сайхан хамаад, чимхээд, шахаад, базаад, арзаад иднэ дээ. Савх хэрэглэж сурахаас илүү чадвар миний хувь шаардахаас байсан даг.

Тансаг газраа дэндүү тансаг өө.

Английн колони байсан улс учраас тэр талын соёл нилээд ихтэй. Колони улс байсны давуу ба сул тал гэж ямар байдгийн энэ улсын түүхээс, одоо байгаа байдлаас нь маш тодорхой харж болно.


Явж байгаад гэнэт диваажин мэт газрууд руу ингээд л орчихно

Монголд хайгаад олдоггүй пиклс гээд янзын дарсан халуун ногоо бүхий жимс, ногоонууд байна. Японд сурч байхдаа Энэтхэг оюутнуудтай цуг хүнсээ цуглуулж байхдаа анх мэдэж амсаж амтанд нь орсон миний хувьд тэнгэрийн умдаг атгасан мэт болсон дог.

Pickles гээд Энэтхэгийн алдартай, бас миний дуртай амтлагч дарсан ногоо, жимснүүд байна аа. Чемоданы талыг нь эд нартаа зориулсан даа буцахдаа.

Баахан амтлагчууд авсан. Сайхан гүүгэлдэж байгаад энэтхэг хоол хийж өгнө дөө гэртээ.

Карри, тандүүри, чилиний эх оронд очсон хүн байна даа энэ чинь одоо.

Дулаан орон болохоор шөнө өдөргүй гудамжинд нь янз бүрийн хоолууд байна. Гэхдээ махан хоол ховор талдаа. 

Хиндү шашны улмаас олон хүмүүс цагаан хоолтон. 

Анх шашны талаар нь анзаараагүй мартаад сайхан бургер кинг оръя гэж яаж ч хайгаад олооогүй. Сүүлдээ үхрийн махаар бургер хийдэг энэ сүлжээ яаж үхрийг бурхан гэж шүтдэг энэ улсад байх вэ дээ гэж ойлгосон. Намайг яг байх хооронд Энэтхэгийн аялал жуулчлалын яамны сайд нь хэвлэлээр мэдэгдэл хийж таарсан. Агуулга нь гадаадын жуулчдын тоо цөөрөөд байна. Нэг том шалтгаан үхрийн махаар хийсэн хоол байхгүй тул. Бидний шашинг хүндэтгээд Энэтхэгт ирэхээсээ өмнө гэртээ үхрийн махаа сайн идэж аваад манай улсаад зочлооч ээ гээд гуйх аргадахын хооронд мэдэгдэл хийсэн байна билээ зайлуул.

Очсон улс болгондоо гудамжны хоолыг нь авч идэхийг зорьдог боловч энэ удаад арай л тухгүй байлаа.

Алкохоль их чухал гэж ойлгоод явсан анхаасаа л Монголоос гарахдаа:)

Өмнө нь Энэтхэгт зочлоод хоолноос нь, уснаас нь хордлого аваад баларч байсан түүхүүдийг бишгүй сонсож, болбол оройдоо 50 гр татаад байгаарай гэдэг зөвлөгөөг авч явсан миний бие оройдоо бас далимдуулаад 50, 100 грамм татчих гээд л. Магадгүй ингэсэн тулдаа гэдэс ходоод яагаад ч үгүй ирсэн байж болох талтай:)

Үхэр нь бас том биетэй гэж. Манайхаар бол адуу шиг л нутагтаа нэр хүндтэй. Хурдны замын голоор, хотын гудамжинд гээд хаа сайгүй тааваараа хэлхэлдэж байна. 

Манайхаар бол энхтайвны өргөн чөлөө нь гэж хэлж болох байх аа бараг.

Шашинд хэт орсон, мухар сүсэгт автсан ядуус нь үхрийн өтгөн, шингэнийг хүртэл идэж уудаг гэж дуулсан. Энэ нөхдүүдэд нүүр өгч болохгүй золигнууд. Жаахан аятайхан харьцахаар л даврана, мөнгө нэхнэ, дагаад салахгүй. Үхрийн эзэн энэ өвөө үхэртэйгээ зургаа авахуул, тэгээд төлбөрөө төл гээд чаргууцалдаад. Ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг бол шууд л элэг барьж мөнгийг нь бараг шахуу дээрэмдэнэ.

Үхэр бол энэ улсын нэг амьд бурхан. Хэт шашинлаг хүмүүс нь бараг баас, шээсийг нь тосож уух нь холгүй байдаг гэсэн. Гэсэн би мартаад нэг сайхан бургер кинг идье гэж хайгаад олохгүй хэсэг гайхаж явав:)

Харин манай муу морь, луус, илжигний төрлийн амьтад ингэс гээд л гудамжинд өөрсдөө довоо шарлуулаад гудамжны золбин нохой шиг л амьтад явна.

Энэ муу хөөрхий амьтны гөлөөг ч гэж харж тоож байгаа хүн энэ түм түжигнэсэн гудамжинд байхгүй шүү.

Нутгийн алдартай шар айргийг нь ууж амжаагүй явсан би бээр яаж хил давж чадах билээ:) Онгоцны буудал руу таксидах замдаа таксины жолоочоо гуйж ТҮЦ-нээс лонх шар айраг авахуулж замдаа ууж нэг санаа амарсан даа.


Энэ шар айраг нь хамгийн алдартай нь юм гэсэн. Жаахан хатуу талдаа шүү бас.
Ямар ч улсад зочилж байсан өөрийн улсынхаа элчин сайдын яаманд дээр очих шиг сайхан мэдрэмж байхгүй шүү. Яг л гэртээ орж байгаа мэт тухтай гэж...


Өлзий хээгээр чимсэн энэ хаалга Дели хотын гудамжийг давхар чимнэ.

Элчингийнхэний маань амьдардаг газар ингээд л алтан соёмбот далбаа маань намирч байдаг.
Ялангуяа аархуу, омогшуу, онгироо, хөмөрсөн тогооноосоо гараагүй, жирэмсэн эхийн шээх газраас ч цааш бараг явж үзээгүй айхтар айхтар “Монголшиж” туйлширдаг залуусын заавал очих үзэх ёстой газар. Монгол гээд ямар сайхан улсад төрсөн, ямар их аз жаргалтай байж чадах газраа бид аз жаргалгүй өөрсдөө болж амьдарч байгаагаа машид сайн ойлгоно доо. 

Сайхан, бахархмаар, сүрдмээр түүхүүд, улс орны хөгжлийн гайхам жишээнүүд зөндөө олон байна аа. Гэхдээ л ...

Гэрийн номын сандаа нэг сайхан ориг кама сутра авч ирнэ гээд таг мартааский:)

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

7 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

15 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

23 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө