Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Төрийн хүний зангараг хийгээд ноён нуруу

5
2018 оны 4 сарын 302018-04-30

"Өрнөдийн өндөр хөгжилтэй оронд боловсорчихоод яахаараа өдий залуугаа ийм харгис дарангуйлагч болон хувирсан байдаг билээ?" хэмээн боддог бодол маань өчигдөржин Умард Өмнөдийн дээд хэмжээний уулзалтын тухай нэвтрүүлгийг үзэж байх зуур үндсээрээ эргэв. Өмнөдийн удирдагч Мүүн Жэ Ин хилийн зурвас алхан орж ирсэн Ким Жон Унгийн гарыг барин мэндчилээд "Та манай нутагт тавтай морил. Харин би хэзээ танай нутагт очих юм бол доо?" хэмээн хошигнон асуутал Умардын залуу удирдагч тэр даруй протоколд байгаагүй эрс шийдмэг шийдвэр гаргаж "Одоо ч очиж болно шүү дээ." гэж нөхөрсгөөр хариу өгүүлээд гараас нь хөтлөн хилийн зурвасыг хамтдаа алхан гарч зураг авахуулаад буцан эргэж орсон нь тун сийрэгхэн толгойтой, маш дипломат зантай нэгэн болохыг илтгэн харуулсан хэрэг боллоо.

Ерөнхийдөө хаалттай хөшигний цаанаас л "Арван таван толгойтой атгаалжин хар мангас" шахмаар дүрслэгдсээр ирсэн үзэл суртлын багийг нэг өдрийн идэвхитэй үйл ажиллагаагаар хуулан хаяж дэлхий дахинд умардын удирдагчийн ажил хэрэгч, эрч хүчтэй, дайчин атлаа эвсэгхэн шинэ төрхийг батлан харуулж чадлаа. Умардын тэргүүн хатагтай ч хятадын дарга Си Зиньпинтэй уулзаж байгаа болон өчигдрийн оройн зоог дээр олон нийтэд харуулж байгаа төрх байдлаас нь харахад аргагүй л сайтар бэлтгэгдсэн боловсролтой эмэгтэй болох нь харагдаж байв.

Аль ч улсын телевизийн сувгаар энэ тухай дурьдаагүй боловч Ким Жон Ун залуу улс төрчийн хувьд маш амаргүй хүнд замналыг туулсан байж таарна. Өвөө эцгээс нь уламжлагдаж ирсэн хүнд сурталтны нүсэр тогтолцоог эвдэж Хятадтай төстэй өөрчлөлт шинэчлэлийг зоримог эхлүүлэхийн тулд хүнд ширүүн улс төрийн тэмцэл өнгөрсөн арван нэгэн жилд өрнөөд одоо шувтрав бололтой. Энэ нь саяхан Бээжин хотод гэнэтийн айлчлал хийсний сацуу дээд хэмжээний айлчлалын өмнө эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн зоримог бодлогоо зарласнаас харагдаж байгаа юм. Ийм богино хугацааны дотор атом, ус төрөгчийн бөмбөг үйлдвэрлээд ойрын, дундын болон тив алгасан нисэх чадалтай холын зайн пуужингийн судалгаа үйлдвэрлэлийг амжилттай удирдан зохион байгуулж дэлхий нийтийг гайхшируулж байсан хүний хувьд эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх нь ёстой илбэ жилбэ төдийхөн зүйл байж таарна.

Тэр сайн бэлтгэгдсэн удирдагчийн хувьд өөрийн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх дөрвөн чухал хүчин зүйлийг тооцсон нь лавтай. Юуны өмнө нэг сая хүнтэй арми болон атом цөмийн хөтөлбөр, пуужингийн хөтөлбөрт зарцуулж байсан асар их хөрөнгийн урсгалыг эдийн засгийн бүтээн байгуулалт руу чиглүүлэхээр зориг шулууджээ. Хоёрт: Өөрийн бэлэн зэхээний туршлагатай Хятад улсын хүчтэй дэмжлэгийг авах нь саяын айлчлалаар бараг тодорхой харагдсан. Одоо түүний гар дахь хамгийн том өөр нэг хөзөр бол Трамптай гайгүй сайн тохиролцож чадвал цөмийн хөтөлбөрөөс татгалзсаны хариу болгон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс маш том нөхөн олговрын дэмжлэг олж явах явдал байж таарна. Эцэст нь элэг нэгт өмнөд хөршийн эдийн засаг технологийн хүчтэй дэмжлэг орж ирэхээс гадна хамгийн гол зүйл бол өөрийнх нь төлөө үхэхээс буцахааргүй бэлтгэгдчихсэн, маш хатуу сахилга бат, зохион байгуулалттай 25 сая ард түмнийх нь халуун дэмжлэг болохыг өөрөө лавтай тооцоолсон байж таарна.

Ер нь том үсрэлт, шинэчлэлийг хийх аливаа улс орны бэлтгэгдсэн удирдагч нар иймэрхүү нарийн ширийн зүйлсийг маш сайн тооцоолсон байдаг нь намтар түүхийг уншиж байхад ойлгогдоод ирдэг л дээ.

Дарангуйлагч нэрээрээ алдаршсан Ким Жон Унгийн өчигдөр хэлсэн үгнээс эсрэгээрээ маш эх оронч, элэг нэгт ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэгч, үндэс угсаа, хэл соёлоо дээдлэгч нэгэн болох нь цухалзаад байдаг шүү. Би өөрөө бичиг номын хүн болохоор "Одооноос эхлэн шинэ түүх эхлэж байна" хэмээн хожим түүхэнд үлдэж мэдэхээр түүний бичсэн үгийг хараад бичигийн соёлд гүнзгий нэвтэрсэн хүн юм даа хэмээн бахдан бодож байлаа. "Эх хэлний соёл нь эзэн хүнээ илтгэдэг" хэмээх дорнын мэргэн үг байдгийг энд дурдсу.

Нэвтрүүлгийг үзэж байх зуур "Бид олон намын тогтолцоог халаад зөв сайн бэлтгэгдсэн хүнээ 6-8 найман жил бүх ард түмнээс сонгодог систем рүү шилжин орохсон гэж бодож байв. Тэгээд ард нийтээрээ одоо бараг мартагдах нь халаг болчихоод байгаа хариуцлагын, хяналт бүртгэлийн, эдийн засгийн үр ашгийн, урамшууллын зохистой тогтолцоог сэргээгээд эх орноо өөд татахын тулд зүтгэвэл ч болохгүй зүйл юу байх вэ?" Гол нь сайн улс төрч хүн гэдэг чинь үйл ажиллагаа, үг хэлээрээ өөрийнхөө хэн гэдгийг харуулах хэрэгтэй байдаг аж. Түүнийг л манай ард түмэн эртнээс нааш төрийн хүний ноён нуруу, зангарга хэмээн гоё нэрлэсээр ирсэн бус уу?

Өнөөгийн нийгмийн энэ үл ойлгогдох хаос байдлыг хурдан засах өөр нэг дөт зам бол улс төрчид нүүр ном, твиттер зэрэг нийгмийн сүлжээнд хутгалдан орж тархи угаадаг явдлыг шинэ хууль гаргаад таслан зогсоох хэрэгтэй санагдана. Манай төр засгийн удирдлагууд яам тамгын газрын сайд дарга нар бүгд "Пиарчдын груп" гэсэн гадаад нэртэй томоохон бүтэц ажиллуулж байгаагийн цаана бас л асар их мөнгө эргэлдэж байгаа нь нууц биш ээ. Нийгмээ эрүүлжүүлж хөгжил цэцэглэл рүү хамтдаа дөтлөе гэвэл өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж дээрхи гаж үзэгдлийг зоригтой таягдан хаяасай. Хамгийн гол нь иргэд дор бүрнээ ухамсартай байж тиймэрхүү явуургүй байдалд автахгүй, өөрийн ажиллуулдаг нийгмийн сүлжээнд тиймэрхүү мэдээлэл шургалах орон зайг байхгүй болгочихвол нийгмийн стресс бухимдал тэр хэрээр түрдэн арилаад нийгэм даяараа хичнээн сайхан байх бол доо?

Өчигдрийн үйл явдлыг зурагтаар үзэж байх зуур төрсөн бодол сэтгэгдлийг товч сийрүүлэн та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа нь энэ юм шүү.

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

16 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө