Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

"Хөгжлийн бэрхшээлгүй" хүүхдийн эрх

1
2018 оны 5 сарын 12018-05-01

Бид сүүлийн үед хүүхэд хүчирхийллийн тухай дээр доргүй маш их ярьцгаадаг болов. "Хөгжлийн бэрхшээлтэй" хүүхдийн эрхийн тухайд бол бүр ч урт удаан хугацаанд ярьж чамгүй их ажил хийсэн байх аа. Энэ тухай анхаарах нь туйлын зөв зүйтэй асуудал мөөн.

Харин миний сэтгэлд сүүлийн үед "Хөгжлийн бэрхшээлгүй" хүүхдийн эрх орхигдчихсоныг анхаарах хэрэгтэй мэт санагдах болов. Өнөөдөр гэртээ орж явтал гуравдугаар ангийн болов уу гэмээр нэг хүүхдийг аав нь ардаа үүрчихсэн явж байгааг хараад энэ тухай бичихээр өөрийн эрхгүй "үзгээ шүүрэн" авлаа. Нөгөө хүүхдийг машинаас буулгаад нуруун дээрээ үүрээд орцны үүд хүртэл нэлээд хол зайг туултал огт сэрэх шинж алга аа.

25-30 хүүхэд суралцах стандарттай жижиг ангид 40-50-аараа чихэлдээд суучихын дээр манай улсын дунд боловсролын стандарт хөтөлбөр, даалгавар давтлага гээд хүүхэд багачууддаа ирж байгаа ачааллыг томчууд бид тэр болгон бодож үздэг бил үү? Заримдаа хүүхэд насны эрч хүчинд л тэр болгоныг даван гардаг байж мэдэх юм шүү.

Би өнөөдөр нэг сургуулийн нэлээд уужим танхимд 36 багшид яриа таниулга хийгээд гарахын хооронд агаар дутагдаад толгой ангалзаад гарч байдаг шүү. Мөртлөө сүүдэр талын ангид шүү дээ. Гэтэл дээр дурдсан тооны сурагчид наран талын ангид хаалгаа онгойлгочихсон хичээл хийгээд сууцгааж л байх юм. Агааргүй бөгчим ангид хаврын халуун нар төөнөөд хичнээн амаргүй байгаа бол? Гэтэл хөгжингүй орнуудын сургуулиудад бол нарнаас халхлах хөшиг энэ тэрийг ямар сайхан бодолцон шийдсэн байдаг билээ дээ? Гэхдээ л өдийд бас ч гэж гайгүй.

Өвлийн агаарын бохирдолтой үед цонх бин битүү нөхцөлд ямар байдгийг та нар мэдэх үү? Би нэг удаа захиралтай нь цуг нэг анги руу яваад ортол 3-4 хүүхэд ширээ дэрлээд унтчихсан байх бөгөөд биднийг явж ороход арайхийн толгойгоо өндийлгөмөр аядаж байсан шүү. Унтах ч юу байхав зарим нь бүр муужирсан ч байсан байж мэдэх юм.

Дээгүүр "Хүүхдийн мөнгийг баян хоосонгүй олгох ёстой" хэмээн цэцэрхэж суудаг нөхөд "Хөгжлийн бэрхшээлгүй" хүүхдүүдийнхээ энэ мэт хөөрхийлөлтэй байдлыг цэгнэн харж анги танхимын дүүргэлтийг стандартын хэмжээнд зохион байгуулж багш нарын цалинг дэлхийн хэмжээнд байг гэхэд ядаж хоёр хөршийнхөө дундаж төвшинд аваачих талаас нь бодмоорсон доо. Бүх хүүхдэд халамжийн мөнгийг тэгшитгэн олгох чухал л байх. Гэхдээ халамж тарааж суух нь дээр суугаа эрхмүүдийн сонгуулийн сурталчилгааны хар пиарт илүүтэй үйлчлээд байгаа нь бас нууц бус аа. Гэтэл үр хүүхдэд маань амьдрах эрүүл таатай аюулгүй орчин ус агаар шиг хэрэгтэй баймаарсан.

"Хөгжлийн бэрхшээлгүй" нийт хүүхдүүдийн энэ мэт наад захын эрхийн төлөө эцэг эх болгон нэгийг бодож хоёрыг санах цаг болсон мэт. "Хөгжлийн бэрхшээлтэй" хэмээх гадаад үгийн муухан хуулбар хувилбарыг шүүмжилж ийм этгээд ёжтой гарчиг өгснийг эрхэм уншигчид эрхбиш болгооно буй за. Өвөрлөгч нар шиг шууд "эрэмдэгчүүд" гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ аялгуу сайхан монгол хэлэнд маань аливаа утгыг эеэрүүлэн чихэнд чимэгтэй, оновчтой илэрхийлэх үгс захаас аван хаана мундах билээ?

Санал болгох

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж байгаа гэдэгт итгэлтэй байна.

9 өдрийн өмнө
ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭВЭЛ Улаанбаатар аяндаа 20 МИНУТЫН ХОТ БОЛНО

Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” гэж үлгэр зохиохын оронд их сургуулиудыг нүүлгэчихвэл Улаанбаатар аяндаа 20 минутын хот болох юм шүү дээ, уг нь.

3 сарын өмнө
Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

4 сарын өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

4 сарын өмнө