Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Зохистой хуваарилалт

2018 оны 5 сарын 282018-05-28

Ордос аймгийн Эзнээ Хороо хошуу бол манай жирийн нэг сумтай тэнцэх засаг захиргааны нэгж аж. Гэсэн атал тэр сумын төв гэж манай өнөө жилийн "Улсын тэргүүний хот өргөмжлөлт" Улаанбаатар нийслэлд маань үлгэр болохоор сайхан хөгжиж чаджээ. Чингисийн онгоноос хурдны замаар давхисаар уг сумын төв рүү ороход хааш хаашаа сунайсан өндөр хурдны замууд, завсар чөлөөгөөр нь төгөл ой, халиурсан цэцэг ногоог хүний гараар арчлан ургуулсан нь нүд баясгах бөгөөд 3-5 км-ийн зайтай болов уу жижиг хотхон хорооллууд нь өөр өөрийн өнгө төрхийг илтгэсэн гоёмсог байшин барилгуудтай агаад манайхан шиг шавааруулдуулж барьсан зүйл огт алга аа.

Энэ хол зайтай барилга барихаар сантехник, кабелийн шугам зэргийг тавихад асар их хөрөнгө шаардмаар юм. Эсвэл дор бүрт нь цогц шийдэх арга байдаг болов уу гэдэг дээр бид хэд "Тийм, үгүй." гэж хөөрхөн маргалдаад авсан. Ордос хотод болсон оройн хүлээн авалт дээр би хятадын талын даргаас хэрэг болгож "Эзнээ Хорооны" хот байгуулалтын хөрөнгө оруулалтыг хэрхин шийддэг талаар асуулаа л даа.

Тэгтэл ер нь хятадын хотуудын авто, төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станц, дамжуулах шугам сүлжээ зэрэг нь улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжчихдэг. Таны сонирхоод байгаа сантехникийн шугам зэрэг хотын дэд бүтэцтэй холбогдох асуудлыг орон нутаг өөрөө шийдэх үүрэгтэй. Бас хотуудад зайлшгүй байх номын сан, соёлын төв зэрэг байгууламжуудыг хотын захиргаа өөрийн үндсэн хөрөнгөөр санхүүжүүлж хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгуулна. Харин орон сууцны хорооллууд барих ажил банк, барилгын компаниудын хамтын ажиллагаагаар гүйцэтгэгдээд ипотекийн зээл маягаар иргэдийн гар дээр оччихож байгаа болохоор аль аль талдаа маш ашигтай тусдаг." хэмээн сонирхуулан ярив.

"Тэгвэл орон нутаг буюу Эзнээ хорооны засаг захиргаанд тийм их мөнгө хаанаас гардаг вэ?" хэмээн асуухад "Байхаар барах уу? Ордос аймаг Хятаддаа томд орох нүүрсний уурхайтай, дээр нь саяхнаас байгалийн хийн том нөөц олдсон. Ордосын ноолуур гэж дэлхийд алдаршсан том брэнд байна. Тэгээд та аялал жуулчлалын хөгжлийг харж байгаа биз дээ? Улсаас орон нутгийн гарааны эхэн үед эдгээр салбарын ашиг орлогын татварын дийлэнх хэсгийг орон нутгийн бүтээн байгуулалтанд гар татахгүй зориулж байна. Тэгэхдээ мэдээж хэрэг ашиг орлого цаашдаа байнга оруулах салбарын бүтээн байгуулалтыг дэмжих нь ойлгомжтой. Тэгээд тэд нар гайгүй хөл дээрээ босоод хөгжлийн голдрилдоо ороод явчихаар улс арай их хувийн татварыг авч улсын чанартай бусад салбар руу хөрөнгө оруулж байгаа юм." гэх ажээ.

Тэрбум хол давсан хүн амтай Хятад улс 27 мужтай. Гэтэл гуравхан сая хүн амтай манайх шиг жижиг улс 21 аймагтай 300-500 хүрэхгүй хүн амтай сумын төвүүд цөөнгүй байдаг нь засаг захиргааны нэгжийн бүтэц зохион байгуулалтаа эргэж харах болсныг илтгэдэг. Түүний оронд таван аймагтай болчихоод өмнөд хөршийн жишгээр хөрөнгө оруулалтын зохистой, үр ашигтай хэлбэрийг хэрэгжүүлж эхлэвэл улс орны ерөнхий хөгжил эрчтэй урагшлахад дэмтэй санагдана.

Хэрвээ тэгж чадах бөгөөс юуны өмнө Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн арвин нөөцтэй Өмнөговь аймаг, түүний сумдууд Эзнээ Хорооноос дутахгүй хөгжин дэгжээд гадаад дотоодын жуулчдыг өөртөө татдаг, нүдийг хужирладаг газар болох боломж бий. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгуулийн амлалтандаа дөрлүүлсэн энэ сонин тогтолцоогоо нэг журамлаад бусдын жишгээр арай холыг харж сурахсан даа. "Хүүхдийн мөнгө өгнө. Өгөхгүй." гэдэг хоёр үгээр л тархи нь кодлогдчихсон манай улс төрчид.

Санал болгох

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж байгаа гэдэгт итгэлтэй байна.

9 өдрийн өмнө
ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭВЭЛ Улаанбаатар аяндаа 20 МИНУТЫН ХОТ БОЛНО

Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” гэж үлгэр зохиохын оронд их сургуулиудыг нүүлгэчихвэл Улаанбаатар аяндаа 20 минутын хот болох юм шүү дээ, уг нь.

3 сарын өмнө
Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

4 сарын өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

4 сарын өмнө