Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

4
2019 оны 3 сарын 142019-03-14

01. Стив Жобс агсаны «Stay hungry, stay foolish!» хэмээх алдартай үгийг шууд орчуулахад амаргүй л дээ. Гэхдээ түүний цаадхи далд нууцыг ойлгосон байхад жинхэнэ төгс сайн орчуулга хийхэд төвөггүй байх аа. Дорнын алдарт гүн ухаантан Лаозы бээр «Их билгүүн номчийн ил дүр тэнэг мэт.» хэмээх сургаал байдгийн сацуу нангиадын өөр нэгэн «Ухаантай байх амаргүй. Тэнэг байх тэрнээс хэцүү.» хэмээх зүйр үгийн үндсэн санаатай өрнөдийн орчин цагийн алдартай бизнесмэний өгүүлсэн дээрхи эшлэл ойр дөхүү утгыг илтгэж байж мэднэ. Японд ч гэсэн «Юуг ч эс мэдэх нь Бурхан болой.» хэмээх зүйр үг байдагтай манай зарим япон хэлтэй хүмүүс дайралдаж л байсан буй за.

02. Эрдэм мэдлэгийг дээдлэх болсон оюуны эрин зуунд юу ч мэдэхгүй, сурахгүй тэнэг мэт байх ёсонгийн талаар яагаад яриад унав? Яахаараа тэр гэгээн мэргэд ийм этгээд сонин зүйл айлдсан байдаг билээ гэж гайхширах уншигч цөөнгүй байгаа буй за! Үүний цаана өөрт болоод бусдад тустай их үйлийг, том зүйлийг барьж авсан хэн нэгэн тууштай хүн амьдралын аар саар асуудлыг огоот таягдан хаяж зөвхөн гол зорилгоо бариад ажиллаж сурч чаддаг нь зарим тал дээр нийгмийн туршлага хомс мэт сэтгэгдлийг цөөнгүй харилцагч этгээдэд төрүүлдэг байж ч мэдэшгүй. Нөгөө талаар тийм хүмүүс жирийн хүмүүсийн бодож сэтгэдгээс гатлуу холыг харж хоёрыг сэтгэснийг хэр баргийн хүн ухан ойлгож чаддаггүй гэсэн утгыг ч дээрхи эшлэл, мэргэн үгс багтаасан байж болох юм.

03. «Хүүхэд гурван наснаас өнгөрвөл сурах чадвар эзэмшихэд оройтно.» гэсэн нэртэй нэг япон хүний бичсэн хүүхдийн хүмүүжлийн талаархи ном байдаг. Тэгвэл «Хүүхэд зургаан нас хүртлээ Да Винчигийн хэмжээний суутангууд байдаг. Зургаа хүрээд сургуулийн ширээний ард суухаараа жирийн хүн болж хувирдаг. Түүний нууцыг хэн ч мэддэггүй.» хэмээх өрнийн нэгэн алдартай сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн эшлэлийг би нүүр номондоо онцлон дурдах дуртай. Хүүхэд бага балчир үедээ сурах чадвар онцгой сайн байдгийг өрнө дорнын эрдэмтэн мэргэд аль эртнээс ажиглаж мэдсэнийг дээр өгүүлсэн хоёр жишээ батлан харуулж байнам бус уу?

04. Өрнийн тэр алдартай эрдэмтэнгийн тайлж чадахгүй байсан нууцын тайллыг харин манай монголын ухаант өвөг дээдэс маш сайн мэддэг байсан бөгөөд өнөө хэр өрнө дорнын хөгжингүй улсуудад там тумхан ойлгож мэдрэх шатандаа байгаа бага балчир хүүхдийн оюуны тэрхүү чадварыг «Сайн оюун», «Төрмөл эрдэм» хэмээн нэрийдээд түүнийг хэрхин нээж таних, дэгжүүлэн хөгжүүлэх онцгой нарийн цогц арга ухаантай байсан байгаа юм шүү. Хэрвээ түүнийг таньж мэдэж чадсан бол учиргүй хөгжүүлж, сургах гээд байх хэрэггүй. Зөнгөөр нь байлгаж тэрхүү онцгой чадварыг алдчихалгүй хадгалж байхад л монгол гэрийн сурган хүмүүжүүлэх ухааны амин сүнс оршдог байжээ. Өөрөөр хэлбэл япон эрдэмтний ажиглаж мэдсэн гурван нас хүртэлхи, өрнөдийн эрдэмтдийн судлаж тогтоосон зургаан нас хүртэлхи тэр л онцгой чадварыг хадгална гэсэн үг юм. Тэгээд тэр чадварыг тогтоосон хойно өөрсдийн өгөхөөр зорьсон мэдлэгээ системтэй зааж эхлэдэг байсан аж.

05. Аль ч орны дийлэнхи эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийг сургачих гээд байгаа нь олонхи хүмүүсийн хувьд «ухаантай сайн» үйлдэл бол Монгол мэргэдийн зааж сургахад тэгтэл яарахгүй нэг хэсэгтээ хадгалж байлгаад байдаг тэр арга нь олон хүмүүсийн хувьд «тэнэг» үйлдэл шиг санагдаж болох л доо. “3 настай хүүхдийг яаж сургах вэ? Та зөвлөлгөө өгөөч!" гэсэн цөөнгүй залуу эцэг эхчүүд над руу ханддаг. Би тэдэнд: «Хүүхдийг хүүхдээр нь байлга! Сайхан тоглуул! Хэрүүл маргаангүй орчинд аясаар зөнгөөр нь байлгавал сайн! Хүүхэдтэйгээ сайн ярьж харилцаж бай!» хэмээн зөвлөдөгийн цаана ийм нарийн учир шалтгаан оршиж байдгийг энэ бичлэгтээ цухас дурдлаа. Дийлэнх хүмүүс надаас «Цагаан толгой заалгаж уншуулж сурга. Би хятад хэл заагаад өгье!» гэсэн зүйл хэлнэ байх гэж хүлээдэг байсан ч байж мэдэх юм.

06. Билл Гейтс, Марк Цукерберг гээд цөөнгүй алдартнууд дэлхийн топ том оюуны уурхай болсон Харвардын их сургуулийг хаяж орхисон нь дийлэнхи хүмүүсийн хувьд мунхаг тэнэгийн дээд илрэл мэт санагдаж болох. Хэрвээ би андуураагүй бол Стив Жобс асан ч тэдний нэг байсан байх шүү. Тэгсэн атлаа тэдгээр «тэнэгүүд» яахаараа тив дэлхийд алдраа дуурсгасан том бизнесмэнүүд болон хувирч чадсан юм бол? Тусгай хөтөлбөрийн дагуу сургаж боловсруулна гэдэг үнэн чанартаа хүний оюун ухааныг баригдмал хүлэгдмэл загварт оруулж тэр хэрээр оюуны хүчин чадлыг алдагдуулж байдгийг тэд бага залуу үедээ там тум ойлгосон болохоор хэр баргийн хүнээс гарахгүй тэнэг том зориг гаргасан хэрэг байж чадна. Тэр хэрээр оюуны хүчин чадлыг 100 хувь биш юмаа гэхэд үе тэнгийн залуусаас хавьгүй их нөөцлөн хадгалж түүнийгээ л бөөцийлөн тордож чадсан нь хожмын амжилтын түлхүүр байсан болов уу даа! Ер нь ч тэгсэн байж таарна. Харин тэгж чадах бөгөөс хэрэгтэй үед хэрэгцээтэй зүйлийг маш хурдан сурч мэдэх боломжтой байж таарна. Хүн бүхнийг сурах албагүй. Харин далай шиг мэдээлэл дунд өөрт хамгийн хэрэгтэй тустай мэдлэг мэдээллийг л олж авч чадах нь ухаант хүмүүний ёсон бөлгөө. Түүний урьдач нөхцөл нь олон зүйлд сатааралгүй оюуны нөөцийг хадгалах явдал байж таарна. 

Мила Богдын нэгэн гүр дуулалд: 
«Үйл олон болвоос гүн нарийн бясалгал алгасармой
Үнэндээ тэгэх л бөгөөс Богдсын номын хувь дутмой.» гэсэн хоёр мөрт байдгийн цаад нарийн санааг энэ бичлэгтэй холбогдуулаад дийлэнх уншигчид лавтайяа сайн ойлгосон байх гэдэгт итгэж байна.

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

7 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

15 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

23 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө