Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Өвөрлөгч андын зөвлөгөө

2019 оны 4 сарын 12019-04-01
Өвөрлөгч андын зөвлөгөө

Өнгөрсөн зун Өвөрмонголоос ирсэн нэг эрдэмтэнтэй нэлээд удаан хамт сууж хууч хөөрөх боломж тохиосон юм. Монголоо гэх сэтгэлтэй тэр эрхмийн ярианаас гүн сэтгэгдэл үлдээсэн цөөн хэдэн зүйлийг энд сийрүүлэн өгүүлсү.

01. Монгол улсын нутаг дэвсгэрийн 15 хувийг ой мод эзлэдэг гэж дээхнэ үед ярьж бичдэг байсан. Одоо 7 хүрэхгүй хувь үлдсэн нь маш том хохиролтой хэрэг юм. Танай улс хэрвээ ойжуулах бодлого хэрэгжүүлэх бөгөөс талхлагдан сүйрсэн 8 хувийн ой бүрхэвч байсан тэр газраа мод нөхөн үржүүлбэл сайн ургах магадлал маш их. Хаана мод ургах учиртайг байгаль эх өөрөө андахгүй заагаад өгнө гэсэн үг. Ийм ажлыг тууштай, бодлоготой хэрэгжүүлж чадвал 25 жилийн хугацаанд нутаг дэвсгэрийнхээ 15 хувьтай тэнцдэг байсан ойн бүрхэвчийг бүрэн нөхөн сэргээх боломжтой. Гэхдээ эцсийн үр дүн 100-гаас дээш жилээр тооцогдох учиртай шүү. 

Харин түүнээс өөр газар ойжуулах гээд мод замбараагүй тарьвал хөрсний чийгийг гадагшлуулж алдах аюултай.  Мод ургах учиртай газраа л ургана. Энэ нь хөмсөг нүдний дээр л ургадаг лугаа адил ёс бөлгөө.

02. Хүүхдийн зулай мэт эмзэг Монгол нутгийн тачир хөрсний гүн дэхь хөрсний чийгийг нүдний цөцгий мэт арвилан хайрлаж байх учиртай юм. Ийм эмзэг эко тогтоцтой газар оронд усан сан байгуулах, гүний усыг уул уурхайд ашиглах нь түүнийг ууршуулан алдах том хор уршигтай. Монголын гол мөрөнгүүд бүгдээрээ чухал. Тэр дундаа гурван аймгийн нутгаар хээр талын энг дамнан урсдаг Хэрлэн гол онцгой чухал ач холбогдолтой юм шүү дээ. Хэрлэн голын усыг говь руу татна гэдэг төсөл чих дэлсээд байдаг. Хэрвээ үнэхээр тэгэх юм бол экологийн маш том хямрал нүүрлэж болох талтайг бодолцож байхад гэмгүй. Түүний гороор Хэрлэн мөрөн ч үгүй, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт тал цөлжиж хоцорж мэдэх аюултай. Энэ үүднээс авч үзвэл хөрсний гүний усаар нүүрс угааж экспортонд гаргаснаас угаалгүй бохироор нь гаргаж байсан нь байгальдаа ээлтэй, алсдаа эдийн засгийн ашиг угааснаас хавьгүй давах вий.

03. Нэг сантиметр үржил шимт хөрс байгалийн жамаар бүрэлдэхэд 400 жил хэрэгтэй байдаг. Монголын хувьд тэр нандин баялаг болсон үржил шимт хөрсийг хадгалж, тогтоон баригч нь "монгол өвс" юм. Монгол өвс гэдэг ойлголтод нийт 683 төрлийн шимт өвс ургамал багтаж байгаа. Хангайн зарим нутагт очоод хааш хаашаа тохой хэрийн зайтай газар ажиглаж үзэхэд 80 гаруй төрлийн өвс ургамал нягтран ургасан байхыг тогтоож билээ. Монгол өвсөн бүрхэвч 5-6 жил дараалан ган гачиг тохиолоо ч үндсэндээ халуун амиа тээгээд тэсэн гарах чадалтай байдаг. Тэгээд ганц удаагийн бороо хуртай учрах төдийд урган соёолдог шүү дээ. Тэр дундаа ямар ч их ган гачигтай жил Монголын өдөр шөнийн агаарын хэмийн зөрүүнээс болоод үүр цүүрээр чамгүй их шүүдэр тогтсон байдаг нь өвсөн бүрхэвчээ услаж тордох таатай нөхцөл болдог. Тэрхүү шүүдрийн усыг зээрийн сүрэг зэрэг ан амьтны гүйдэл ууршуулалгүй хөрсөнд нь шингээдэг бөгөөд тэр үе нь чонын ан автай давхацдаг нь байгалийн их нарийн зохилдлогоо юм шүү. Өөрөөр хэлбэл нар мандаж шүүдэр ууршихаас өмнө ан амьтад хөөцөлдөн давхихдаа хөлөөрөө шүүдрийн усыг хөрсөнд шингээж өвс ургамлаа услаж байдагийг бид Монголд хэдэн жил дараалан явуулсан судалгааны явцад олж тогтоосон юм.

04. Төмөр зам барина гэхээр шороо овоолж, шороон далан барьдаг үе хоцрогджээ. Том тулгуурт гүүрэн зам барих нь шороон далангаас илүү найдвартай, эдэлгээтэй, эдийн засгийн хувьд хямд төсөр гэж хятадууд ярих юм билээ. Танай улс Улаанбаатарыг дайрсан төмөр замаа гүүрэн зам хэлбэрт шилжүүлчихвэл энэ айхтар түгжрэл ердөө ганц жилийн дотор шийдэгдчих боломжтой мэт харагддаг.

05. Ер нь энэ мэт олон чухал санаа оноог хэлж байсан нь эргээд бодоход эртний нангиадын "听君一席话胜读十年书" буюу "Авгай лугаа хэсэг ярилцан суухуй нь арван жил ном үзсэнээс илүү" хэмээх үгийг санагдуулж байсныг өгүүлэх юун. Түүний ярьсан санаанууд дундаас гүүрэн төмөр замыг Улаанбаатар хотын дундуур байгуулчихвал түгжрээний асуудал маш хялбар шийдэгдэж болох талтай юм. Энэ санааг 2020, 2021 оны сонгуульд хүч үзэхээр завдаж байгаа төрийн түшээд анхаараасай билээ.

06. Ердөө 1995 онд Шанхай хотод анх очиход замын түгжрэл гэж одоогийн Улаанбаатараас дутуугүй хэцүү газар санагдаж байсан даа. Гэтэл ердөө 10 жилийн дараа очиход төмөр зам гэлтгүй, авто замын сүлжээг ч тэнгэрт гаргаад орхисон байсан. Тэр асуудлыг хэрхин шийдэх аргыг Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Югээс тухайн үеийн хятадын ерөнхий сайд байсан Жу Рунзи асууж шийдвэрлэсэн гэж Шанхайн хүмүүс ярих юм билээ. Казахстаны ерөнхийлөгч Назарбаев ч ерээд оны эхээр тэтгэвэртээ суучихаад байсан Ли Куан Юг зөвлөхөөрөө ажиллуулж тэр "том, ховор, хосгүй тархийг" овоо сааж чадсан нь өнөөгийн Казахстаны хөгжлийн нууцтай холбоо бүхий ч байж мэднэ.

Төрийг төвхнүүлж улсыг засахуй дор энэ мэт санаа оноо жижиг гэлтгүй хэрэг болдогийг төрийн түшээд минь гэгээндээ болгоодог болоосой доо.

Доржсүрэнгийн БОЛДБААТАР

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

16 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө