Монгол хэл соёлын түүхэн дэх агуу нэгэн гэр бүл

1
2019 оны 5 сарын 212019-05-21
Монгол хэл соёлын түүхэн дэх агуу нэгэн гэр бүл

 

Монголчууд бичиг зохиолын арвин их өв уламжлалтай, хэдий нүүдлийн ахуйт улс боловч түүхэндээ арав илүү бичиг үсгийг зохион хэрэглэж ном бүтээлээ туурвисаар ирсэн, оюунлаг ард түмэн билээ.

Монголын бичгийн их мэргэдийг эртнээс инагш ард түмнээ гийгүүлэх гэрэлт одод болон, оюун ухааны тэнгэрт гялалзсаар ирсэн хэмээн зүйрлэх аваас 19-р зууны нэгэн гэр бүлд ёстой л оддын чуулган чуулж байсныг өдгөө бид эргэн харахад эгээ л тэнгэрийн заадас мэт цувран ярайх ажгуу.

Энэ бол Зостын чуулганы Түмэд баруун хошууны туслагч тайж Ванчинбалынх юм. Тайж гэхээр Ванчинбал нь Чингис хааны удмынх болох нь тодорхой(Инжаннаши “Хөх судар”-таа “тэнгэрлэг Тэмүжин өвгөөс тайж Инжаннаши миний биед хүртэл 28 үе болов” хэмээсэн байдаг), туслагч нь төрийн ажил бөгөөд одоогийнхоор бол зохион байгуулагч, мэнежер хавьцаа дүйх алба юм.

Ванчинбал ном ухаан, цэргийн эрдэм аль алинд гарамгай, голч шударга төрийн түшээ байжээ. Төрийн их ажлынхаа зэрэгцээ утга зохиол, түүх бичиглэсээр алдарт “Хөх Судар”-ын эхний найман бүлгийг 1840 онд бичиж дуусгасан байна.

Ванчинбал Харчин баруун хошууны нэгэн тавнангийн охин Маюушкатай гэр бүл болж найман хөвгүүн төрүүлснээс тэр үеийн ахуй байдлаас болж, дөрөв нь л эрийн цээнд хүрсэн, Инжаннашийн бичсэнээр бол “их өсч, бие бүтсэн” байна. Гэвч тэр дөрвөн хөвгүүн жирийн нэгний адил хувиа хөөж, довоо шарлуулсан улс болсонгүй, боловсролтой, хүмүүжилтэй гэр бүлд өссөний хувьд, бас угаас заяасан авьяасын хүчинд бүгд бичгийн их мэргэд болон өсчээ. Бичсэн шүлэг найргаа гэртээ уншин хэлэлцдэг, нэгэн маягтийн дугуйлан гэж хэлэхээр гэр бүл байв.

Ванчинбалын ууган хүү Гүлранс (1823-1851)яруу найрагч, орчуулагч хүн байлаа. Гүлранс дөнгөж 29 насалсан ч Монгол хэлний тансаг найруулга бүхий олон сайхан шүлэг бичсэнээс гадна Хятадын алдарт “Шуй ху” буюу “Хүйтэн уулын бичиг” хэмээх романыг монгол хэлнээ орчуулсан байна. Гүлрансын шүлгийн хэл нь үлэмж тансаг, адилтгал зүйрлэл нь өвөрмөц, магадгүй Ванчинбалынхнаас шүлгийн хувьд гэвэл хамгийн шилдэг нь ч байсан гэж дүгнэж болохоор.

Эмэгтэй хүний үзэсгэлэн гоог үнэлэн дүгнэх Монгол ахуйн онцлогийг бичгийн хэлний уламжлалт найруулалтай хослуулан ийн шүлэглэсэн байдаг:

Сайхан хүмүүн

Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт,

Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил,

Үсийн хар эгнэгт бэхийн харыг даран чадаад

Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.

Ванчинбалын тавдугаар хүү Гүнначуг (1833-1866) багаасаа шүлэг бичиж, зураг зурсан авьяаслаг нэгэн байв. Мөн утга зохиолын онолын судалгаа хийж, Монгол шүлгийн онцлогийг шинжилж байжээ. Шүлэг найраг нь байгал хүний ёсыг харьцуулсан, гүн ухааны аяс давамгайлсан байдаг. Түүний нэгэн хос уянгад

Ургамал уул үл өтлөх бөгөөтөл

            Цасны учир толгой цаймуй

Урсан усан зовлон үгүй атал

            Салхины шалтгаанаа царай атирмуй

хэмээсэн байдаг. Гүнначүг нь Гүлранс ахынхаа адил урт насалсангүй, хорвоогийн 35 намрыг үдэн шүлэглээд бие баржээ.

Ванчинбалын зургадугаар хүү Сүнвэйданзан (1834-1898) мөн л авьяаслаг найрагч, орчуулагч, түүхч байв. “Намарт гунив” шүлэгтээ нүүдэлчин монгол ахуйн онцлогоос болж амрагууд холдох болдог, өөрөөр хэлбэл цөвхөн цаг агаарын төдийгүй амьдрал ахуйэ ч талаасаа Монголчуудад уйтай, тэр гунигт улирлыг найрагчийн нүдээр харан шүлэглэсэн байдаг:

Намрын өвс цэнхэр бөгөөд

            намрын өвс хувхай

Намрын зул будангуй болоод

            намрын шөнө урт.

Намрын гэгээвчид өнгийн үзвээс

            намар юунаа төгсөх,

Намрын хур, намрын салхинаа

            үнэхээр юутай гунилтай

Ванчинбалынхнаас хамгийн алдартай нь долдугаар хүү Инжаннаши нь юм. Түүний нэр Монгол утга зохиолын түүхэнд тод үсгээр, тусгайлан тэмдэглэгддэг билээ.

Инжаннаши Төр гэрэлтийн 17 дугаар оны дөрөвдүгээр сарын 16-наа (1837 оны 5-р сарын 15) төржээ (Хаан, төр солигдоход тооллыг тухайн эрх баригчийн нэрээр нэгээс эхлэн тоолдог энэхүү заншлаар бодоход өнөөдөр бол Ардчилсан засгийн 19-р он болох мэт)

Инжаннашийн багын нэрийг Хасчулуу гэнэ. Эцэг, ах нарын нөлөөгөөр бичгийн их боловсролтой болон хүмүүжиж, монгол, хятад, манж, төвд дөрвөн хэлд суралцжээ.

Дэлхийн түүхнээ олон шилдэг найрагчид гарамгай зураачид байсны адил Хасчулуу хүү бас багаас зурах авьяас нь тодорсон байна. Бүр бяцхан жаал байхдаа “Цагаан үүл” хэмээх анхныхаа шүлгийг тэрлэж, монгол бичгээр чадамгай татлан бичээд, үүлний зургийг хавсарган зурсан нь өдгөө бидэнд хадгалагдан иржээ. Бага хүүхдийн шүлэг гэхэд хэл нь нэн тансаг:

Огторгуйн хязгаараа цагаан үүл дэгдэж

Улам шинжихүйеэ тасрашгүй залгалдан

Ороон эвхрэлдэн умраа салхинаа хийсч

Оломгүй хөх далайд шингэвэй

Энэ мэтээр бага насандаа гараар бичсэн арван хоёр шүлгээ хожим дэвтэрлэж, “Инжаннашийн нялхын суралцсан солиу шүлэг” хэмээн нэрлэсэн байдаг.

Ийнхүү бага наснаас уран сэцэн холбож бичиж байсан Инжаннаш бичгийн эрдмийн хувьд эрийн цээнд хүрэх үедээ Монголын утга зохиолын түүхэнд томоохон хувь нэмэр оруулахуйц түүхэн зохиолчийн хэмжээнд нэгэнт очжээ. Инжаннашийн яруу найргийн бадаг мөрүүдээс олон нь нийтийн дунд зүйр сэцэн үг адил тархан яригдсаар байна.

Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч

Хөх үүлэн салхинаа хөрвөх мэт

Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас

Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ?

Энэ бадгийг өнөөгийн Монгол зохиолч, сэтгүүлчид уриа, дагах зарчмаа болгон мөрдсөөр яваа. Инжаннаш төрийн тайжийн хувьд улсын бичиг хэргийн ажилд зүтгэсээр байсан боловч түүнээс илүүтэй энгийн сайхан амьдарч, шүлэг зохиолоо бичихийг илүүд үздэг байсан нь дараах шүлгээс нь харагдана.

Өндөр яамнаа үг өргөхийг байсу

Өрнө уулнаа өвсөн гэр байгуулъя

Өнгө буурваас цэцэг дахин дэлгэрмүй

Үс цайваас дахин харлах үгүй

Инжаннашийн Монголын утга зохиолд оруулсан хамгийн гол гавьяа нь яруу найргаас нь илүү үргэлжилсэн үгийн зохиол юм. Түүний хамгийн алдартай, том хэмжээний бүтээл бол Монгол хүн бүрийн унших ёстой зохиол хэмээн үнэлэгддэг “Их Юань Улсын Мандсан Төрийн Хөх Судар” билээ. Энэхүү зохиолыг Монголын хамгийн анхны роман гэж ч үнэлдэг. Учир нь түүнээс өмнө иймэрхүү түүхт зохиолыг бичих хэв маягийн хувьд түүх, уран зохиолын ялгаа нарийн сайн тодороогүй байсан юм.

Инжаннаш мөн “Улаан үүлэн нулимс”, “Нэгэн давхар асар” хэмээх хос роман туурвисан. Хэдий утга зохиолын хувьд ийм агуу бүтээл туурвин, уран яруу үг хэллэгээрээ бүхэл бүтэн сургууль үүсгэн байсан авч Инжаннашийнхан хувийн амьдралын хувьд эмгэнэлтэй байлаа. 11 настайдаа аавыгаа алдаж, гуч гарч байхад нь эхлээд ах Гүнначуг нь, тун удалгүй эхнэр Саранболор нь бие барж, ганцаардлын зовлонг эдэлж байв. Дараа жил нь ах Сүнвэйданзан нь хааны ордон дахь тушаалаасаа огцорч, 1870 онд гарсан бослогод Инжаннашийнх өртөж юу ч үгүй болон хоосорчээ. Ийм хэцүү бэрх цагт хүртэл Инжаннаш зохиол бүтээлээ туурвисаар “Улаанаа ухилах тэнхим” романаа дуусгаж, нэг хэсэг завсарлаад байсан “Хөх судар” – аа ахин барьж, үргэлжлүүлэн бичиж байлаа.

Ер нь Ванчинбалынхны шүлгэнд яруу сайхан хэл найруулгаас гадна зарим нэг нэг нийтлэг шинж байдаг. Угаас цаг үеэсээ түрүүлсэн их сэтгэгчид ямагт тухайн үедээ гадуурхагдаж ирсэн байдаг. Түүний дээр гэр бүлийн олон гашуун зовлон, тухайн үеийн бурангуй нийгэм зэргээс шалтгаалан тэдний олон шүлэгт хөнгөн гуниг, заримд нь гутрал нэвт шигэсэн байдаг. Гүлранс “Зохиол бичих” шүлэгтээ

Гурван ямхын хулсыг барьж, эндүү ташаа бичих минь

Гутал оймсыг бартал явж нэр ашгийг хөөхөөс дээр

Гунилтай болой, таны олон энэхүү амтыг эс мэдсэн дор

Гутруу үгийг дэмийлэн хэлж, миний зоригийг харин бууруулмуй.

Ванчинбалынхан угаас өрх гэрийн бичгийн уламжлалтай, зохиол бүтээлээ хоорондоо ярилцан, нэгэндээзөвлөдөг, тийм ч учраас бүтээлүүд нь хоорондоо уялдаатай, заримыг нь хамтын бүтээл гэж хэлж болохоор. Нэг нь нөгөөгөө үргэлжлүүлэн гүйцээдэг байсан нь маш чухал байна. Инжаннаш аавынхаа эхлүүлэн 8 бүлэг бичсэн байсан “Хөх судар”-ыг дуусгасан, сүүл хэсэгт нь Сүнвэйданзан ахынх нь зөвлөгөө, шүлэг бас их байдаг бол gh ах Гүлрансыхаа орчуулж эхэлсэн “Хүйтэн уулын бичиг”-ийг дүү Сүнвэйданзан нь дуусгаж байжээ.

Ийнхүү ганцхан гэр бүлийн аав, хүү тавуул Монгол утга зохиолын түүхэнд шинэ хуудас нээн, сонгодог найруулгын хэв маягийг тогтоож өгсөн юм. 

М.Саруул-Эрдэнэ

 

 

 

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

8 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

16 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

24 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө