Носик

3
2019 оны 6 сарын 172019-06-17
Носик


Нүүдэлч монгол хүний бага насны дуртгал чулуун тоглоом, адуу мал, Асар Басар нохойтой нь заавал ч үгүй холбогддог. Гэр хорооллын хүүхдүүд ч бас Банхар, Шаарик дөрвөн хөлт андаа дурсана. Хот газрын боломжтой (боломжтойгоосоо илүү эцэг эх нь зөвшөөрсөн) айлын хүүхдүүд харин угсармал байшиндаа тэжээдэг байсан хав, пүүдэл, герман хоньч хэмээх овчаркаараа бахархах.   

Монгол банхраар харуулах хашаа хороо, хот малгүй  нийслэл хотод өссөн, гэхдээ бас гэртээ нохой тэжээх хэмжээнд тансаг яваагүй мань мэтэд гэхдээ дөрвөн хөлт андын тухай хүүхэд насны сайхан дуртгал бас чиг үлджээ. Нэг байрны хүүхдүүдийн нэлэнхүйн өмч, угсармал байрны золгүй (золгүй гэдгийг нь доор тайлбарласан буй) гөлөгний тухай ярьж байна. Манай байрны тэр хөөрхөн гөлгийг Носик гэдэг байлаа.

Носик хэрхэн манай байранд ирсэн, ямар учраас тийм нэрийг олсон тухай байрны жаалуудын ам дамжсан домог хуучийг сөхвөөс, манай байрны Идэр, Сугар, Идэрийн ангийн Тожгор гурав хоёр хар гөлөг олж, алаг 13-р байрны чердаак хэмээх дээвэр дээр тэжээж эхлэхдээ ямар нэр өгөх вэ хэмээн хэлэлцэхүйд нэг гөлөг нь дух томтой байсанд Лобо, нөгөө нь хамар урттай байсан Носик хэмээн орос үгээр оноосон юм гэдэг.

Удалгүй Носик чердаакаас подвоол руу буусан нь яг үнэндээ доошоо орж байгаа хэрэг биш харин ч тушаал ахиж байгаа хэрэг юм. Харамсалтай нь байрны нохой гээч золбин нохойтой нэг ангилалд ордог байсан цаг, “нохой алуурынхан” гээч эрлэг нь ирээд, эхлээд Лобо, дараа нь Хар Носик маань үгүй болсон доо. Хар Носик хэмээн өнгөөр нь тодотгохын учир нь удалгүй манай байрныхан бас нэгэн нохойтой болсон, хуучин нохойгоо үгүйлж байсан хүүхдүүд бид нэрийг нь бас өгч орхисноор Харыгаа мартагнаж, Шар Носиктой болсонд оршино.  Шар Носикийг чухам хэн хэзээ хаанаас олж ирсэн тухай баттай баримт манай байранд байхгүй, хөөрхөн шар гөлгөө хүүхэд бүр л ээлжлэн эрхлүүлж, гэр орноосоо мах сүү хулгайлан тэжээж эхэлснээ бол санадаг юм. Өнгөц харахад хэнийх ч биш юм шиг атлаа үнэн чанартаа байрны бүх хүүхдийн нохой гэдэг нь тэр.

Носик дорхноо том болж, өчүүхэн тэжээмэл гөлөг гэхээсээ илүү бид хэдийн найз нөхөр шиг болоод ирлээ. Хаа газар дагуулаад л явна. Нэг өдөр Орос хэлний багшийн дээд сургуульд сурч байсан эгч маань хичээлээ давтаж оройтоод, ах бид хоёрыг ирээд аваадах гэсэн юм. Төв шуудангийн дэргэд “баригдаж” хаширсан хоёр, Носикийгоо дагуулаад явж билээ. Нохой дагуулж ирлээ гээд эгч уурлаж байсныг санадаг юм, харанхуй шөнө бол уг нь хамгаалалт шүү дээ. “Баригдана” гэж юу билээ, цагдаад уу, ямар хэрэг хийгээв гэж одоогийн хүүхдүүд гайхаж магадгүй. “Барина, баригдана” гэдэг ойлголт миний үед бол цагдаа гэхээсээ илүү атаман, дээрэмчин хүүхдийн тухайд хэрэглэдэг үг байсан юм л даа. Дээрэмчин гэж арай л муухай хэлчих шиг боллоо, гэхдээ л барьсан бол халаас ухна, эвтэйхэн жинс, пүүз өмсөж явбал тайлаад хүртэл авна, үнэхээр дээрэмддэг байсан юм аа. Хамгаалах ёстой цагдаа нар тэгэхэд ер нь хаа байсныг санадаггүй юм, харин Носик бол үүргээ сайн гүйцэтгэнэ. Учир нь нохой дагуулаад явж байгаа хүүхдийг бол барагтай атаман барьдаггүй байж дээ.

Тийм ч болохоор Зайсан толгой, Баян хошуу гээд аль хол газар тэнэхдээ Носикийг л дагуулаад явна шүү дээ. Угаасаа өөрөө биднийг хүлээж байгаад гараад ирэхээр дагаад гүйдэг байв. Хичээлдээ өглөө 7 цагт гарч алхана, өвөл бол тас харанхуй, заримдаа Носик хажууд явж байхад ханьтай л байдаг сан. Тэгээд хүн гэж муухай амьтан, ангийнхандаа дөхөөд ирэхээрээ ичээд өнөөхөө хөөнө өө. Надад хөөгдөж ирчээд дараачийн хүүхдээ хүлээж байгаад дагаад явдаг байсан юм билээ. Манай орцны Батбилэгийг дагаад өглөө бүр Цэнгэлдэх хүрээлэн хүрдэг байсан гэж байгаа.

Цас бударсан өвлийн нэг өдөр хичээлээ тараад иртэл 2-р орцны Батбаатар намайг тосон яаран гүйж ирж байна.  Тэгтэл Носик тэдний орцонд гөлөглөчихжээ. Ахлах ангийнхан хичээлдээ яваад ирж амжаагүй, өдрийн ээлжний бага ангийнхан арай яваагүй, тэр завсар тийм юм болж. Гадаа цастай, орцны паарны дэргэд, чулуун шалан дээр нүдээ нээгээгүй долоон хөөрхөн юм байна. Яаж ч тийшээ орсон юм бүү мэд, хөөрхий эх амьтны зөнгөөр паартай дулаахан ганцхан газрыг олсон л байгаа юм даа. Юун гэртээ орж дүрэмт хувцсаа солих, шууд л байрныхаа бацаануудыг зохион байгуулалтад оруулан хөдөллөө дөө. Бүгд юуны өмнө нэг нэг гөлөг авч өвөртлөв. Носик их өрөвдөлтэй, хүүхэд хүүхэд рүү яаран давхиж, цоройн өврийг нь үнэрлээд л. Салгаад аваад явчих вий л гэж айж байгаа нь тэр байх. Гэхдээ биднийг бас муу юм хийхгүй, эзэд нь гэж мэдэж байгаа болохоор сүүлээ шарвалзуулаад баяртай байгаа нь бас харагдана. Өнөө хичээлээсээ ирсэн миний бие, хичээлдээ явах гэж байсан хүүхдүүд бүгдээрээ нэг нэг гөлөг тэвэрсэн чигээрээ (формтойгоо) подвоол руу мөлхөн орж явсаар хамгийн захын нэг дулаавтархан мухарт байрлуулж авлаа. Дөрвөн хүүхдийг нэг нэг орц руу илгээж, бүх айлын үүдний гутлын алчуурыг хамж ирүүлээд, дулаахан үүр засав. Бүгд тэгээд гэр гэрээсээ мах сүү олж ирж тавьж билээ. Нохой гөлөглөсөн сургаар хавь ойроос том хүмүүс ирээд бүх гөлгийг нь нэг нэгээр нь аваад явав. Нэг том хүн цээжний гөлөг нь хаа байна гээд л асуугаад байсан санагддаг юм, би ямар эхогоор харсан ч биш, эх барьж авсан биш, аль нь цээжиндээ байсныг яаж мэдэх вэ дээ?

Зун болоод хамаг айлууд зусландаа гарчихаар ганцаараа шахуу үлддэг надад Носик их л хань болдог сон. Бааска Хүрхрээ рүү, Билгээ Гоодойн ам, Жамьян бүр Бага Тэнгэр өөд томроод алга болно, Энхбат бид хоёр л Носиктой үлддэг байж дээ.

Өдөр хоног ийн урссаар Носиктойгоо ижилдэн гурав дөрвөн жил болж байтал өнөө зартай нохой алуурынхан нь ирэх сураг гарлаа шүү. Уг нь өөр албан ёсны эвтэйхэн нэр байдаг л байх, гэхдээ бидний хувьд бол “нохой алуурынхан”. Золбин нохдыг барьдаг, бууддаг, алдаг улс. Байрны хөөрхөн нохой золбиндоо орно.

Носикийгоо хэрхэн аврах билээ хэмээн ухаанаа уралдуулж гарлаа. Бид хэдийн нохойгүй байх дүүрч, Носик л алуулчихгүй бол гэж бодсон учраас хамгийн зөв арга нь хол аваачиж төөрүүлэх гэж шийдлээ. Байрны хүүхдүүд ээлж дараагаараа Носикийг дагуулан, хүрч чадах хамгийн хол газраа аваачиж орхиод автобусанд суугаад ирж үзэв. Зайсан, Төмөр зам, Их тэнгэр, Туулын хөндий гээд очоогүй л газар гэж үгүй, нохой гэж ухаантай амьтан, гэрээ дорхноо эргээд олоод ирдэг юм билээ. Мод чулуугаар шидэж хөөгөөд ч нэмэргүй, үнэнч. Үхэл нь ирж байгааг үл мэдэн, байраа тойрон гүйж, бидэнтэйгээ эрхэлнэ. Нохой явсан газраа үнэрлэж мэдээд эргээд ирдэг юм билээ, галт тэргэнд авч ороод Хонгор дээр хаячихвал хөдөө амьдрах байх гэсэн санал нэгнээс нь гарч байв. Тэгээд бяцхан жаалуудад галт тэрэгний тасалбарын мөнгө, нохой аваад суудлын вагон руу орох боломж хүч яаж л олдоо аж, бүтсэнгүй ээ.  

Тэгж байтал ёстой өнөө нохой алуурынхан нь ирсэн дээ. Манай байрныхнаас яг тэр буудахыг нь харсан хүүхэд үгүй, тэр нь ч дээр биз. Харин яг тэр өдөр 14 А байрны Аско гэж нохойг хэрхсэнийг саяхан тэр байрны Бөмбүүлэй хэмээгдэх Мөнхтүвшин андаасаа сонссон, ижил зүйл л Носикт маань тохиогоо биз дээ гэж одоо би боддог юм. Аског буланд шахаад буудах болоход нэг жаал “Битгий бууд” хэмээн эрэлхгээр урд нь гаран зогссон гэнэ. Нохой алуурын ах “Тэгвэл чамайг буудчихъя” хэмээн наргихад өнөө хүү уйлаад зугтсан гэдэг юм. Дөрвөн хөлт андаа хамгаалах гэсэн бяцхан хүүгийн сэтгэл сайхан ч шагайсан бууны ам хараад, арга ч үгүй биз дээ. Инээх ч юм биш дээ, би бол өрөвдөөд уйлмаар л байна...

Дунд голын усанд сэлж, монументаль чимэглэлийн үйлдвэрийн шинэхэн чулуун толгоомууд дээр үсэрч харайн, циркэд бултан орж, Орос 3-р сургуулийн талбай дээр бөмбөг өшиглөн үдсэн хүүхэд нас минь өдгөө надад аз жаргалдаа цалгисан тод улбар өнгөөр орж ирэх боловч тэр дунд сургууль хүртэл намайг үдээд хөөгдөөд буцдаг байсан Носик маань бүдэг цэнхэр хөндүүр зураас болон эргэн нэгийг асуух мэт...    

Мягмарын Саруул-Эрдэнэ      

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

7 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

15 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

23 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө