"Мартахыг мартуулна" гэсэн уриатай сургалт нэг хэсэг гадуур зарлагдаад түүнд чамгүй олон эцэг эхчүүд хүүхдээ аваачиж өгөөд байх шиг. Амьхандаа үр хүүхдийнхээ мартамхай муу занг засах гэсэндээ л тэгдэг байлгүй дээ. Үнэндээ «Мартах» гэдэг тархины хамгийн нарийн үйлдэл, бидний тархи оюуныг гадны хэрэгтэй хэрэггүй мэдээллээс цэвэрлэж байдаг тустай зүйл байдаг ажгуу. Хэрвээ хүн мартдаггүй байсан бол сайндаа л арван нас хүрээд үхнэ гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Ер нь энэ мэт байгалийн жам ёсны үзэгдэлд хатуу ширүүн, муйхар аргаар хандах нь төдийлөн зохистой хэрэг биш юм. Би байгалийн жам, насны эрхээр хараа муудаж байгаадаа баярладаг. Учир нь хараа муудсанаар тархины ачааллыг багасгаж тэр хэрээр тархи оюуныг хамгаалж байгаа ач тустай үйлдэл гэдгийг эрдэмтэд бас тогтоосон болохоор тэр. Энэ утгаар яваандаа сонсгол муудсан ч гэсэн би учиргүй шаналахгүй хэвийн сэтгэлзүйгээр л хандахыг хичээнэ.
Нас ахиж байгаа хүнд шүд унах нь ч гэсэн бас л нэг ходоод гэдсийг хамгаалж байгаа байгалийн зохилдлогоот үзэгдэл болох нь та бүхэнд аяндаа ойлгогдоод ирэх байх аа. Муу нэртэй луу данстай ханиад томуу хүртэл хүний биед тустай өвчин гэдэг шүү. Ханиад тусахын хэрээр бие махбодод хорт хавдрын эс үржихээс сэргийлдэг эсрэг биет үүсэж байдаг гэнэм. Тийм болохоор нас бие гүйцсэн хүн жилдээ 2-3 удаа ханиад тусаж байх нь хэвийн бөгөөд ашигтай үзэгдэл байдаг гэнэ лээ. Харин 2-3 жилийн турш ханиад томуу халдахгүй байвал шинжилгээнд орчихвол зүгээр хэмээн саяхан гадаадын хэвлэл дээрээс уншсан туршлагаа та бүхэнтэйгээ хуваалцая.
Манай зарим шинэ оюутан надаас «Багш аа! Үзсэн үгсээ мартаад байх юм. Яадаг билээ?» гэж асуух нь бий. Түүний хариуд би «Хэн чамайг битгий март гэсэн юм бэ? Уйлсаар уйлсаар хүн болдог. Майлсаар майлсаар мал болдог. Мартсаар мартсаар хэл сурдаг бус уу?» гэж хэлээд орхидог. Хоёр долоо хоногийн дараачаас эхлэн тэр асуулт дахин дуулдахаа больдог нь миний олонтоо дурдсан хэвийн сэтгэлзүй гээч зүйл үүссэн хэрэг юм байлгүй дээ.